Морин хуурын Батчулуун гэхээр Монгол бүү хэл дэлхий тэр чигээрээ танина. Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдагч, Ардын жүжигчин, профессор Цэндийн Батчулуунаар Монголыг, Монголын соёл урлагийг дуурсдаг олон мянган үзэгч хилийн чанадад бий. Тиймээс ч Ардын жүжигчин Н.Жанцанноров “Ц.Батчулуун бол соёлын том зүтгэлтнээс гадна Монголоо монголоор нь авч үлдэх гэж яваа эх оронч” гэж тодорхойлжээ. Ийн эх орныхоо нэрийн хуудас болон дарцаглаж яваа эх оронч хүү өвчин гэх аюулт дайсны өмнө өвдөг сөгджээ.
Б.Шаравын “Сэрсэн тал”, Н.Жанцанноровын “Цагаан суварга”, “Сэцэн Мандухай” гээд сонсох бүрий сэтгэл догдлон дэнслэх сайхан аялгууг амилуулсан Морин хуур чуулгын удирдаач Ц.Батчулуун бол дэлхийд данстай цөөхөн монгол хүний нэгэн билээ. Хэдий бид чуулга гэж бид нэрлэж заншсан ч “Морин хуур” бол хаан хөгжмийн симфони оркестр юм. Монгол үндэстний илэрхийлэл болсон хаан хөгжмийн чуулгын тухай АНУ-ын нэгэн алдарт удирдаач “Энэ бол гайхамшигтай оркестр. Дэлхийн өөр хаана ч байхгүй. Монголчуудаас өөр хүмүүс үндэсний хөгжмөө ингэж дэлхийн сонгодогтой нийлүүлж чадахгүй. Энэ оркестр Монголын ард түмний бүтээл” гэж тодотгосон байдаг. Энэхүү гайхамшигт бүтээл болсон хосгүй сайхан чуулгыг 1992 онд санаачлан байгуулснаас хойш өдгөөг хүртэл Ц.Батчулуун амьдралаа бүхэлд нь морин хуурт зориулсан билээ.
Алдарт хуурч Г.Жамъян багшдаа шавь орсон цагаасаа морин хуур хэмээн хөгжмөөс огтхон ч холдоогүй энэ агуу авьяастан “Морин хуур бол амьд хөгжим. Тиймээс ч морин хуур тоглодог хүн их өрөвчхөн, зөөлөн хүн болон төлөвшдөг. Морин хуурч хүн бусадтай хэрэлдэж, зодолдож байхыг ер үзээгүй” хэмээн өгүүлсэн юм. Дэлхийн сонорыг монгол аялгуугаар мялаан баясгасаар өдгөөтэй золгосон Ардын жүжигчин Ц.Батчулууны хөдөлмөр, зүтгэлийг спортод хөрвүүлэн үнэлбээс хэдийнээ олимп, дэлхийн аваргыг хэдэнтээ давтсан дайтай санагдана. Гэвч тэрбээр цээжээ дэлдэн бардамнаж яваагүй. Дэндүү эгэл монгол зантай хүн билээ. “Хаан хөгжмийнхөө буянаар дэлхийн дайдад зөндөө л аяллаа. Буянтай сайхан хөгжим шүү” хэмээн даруухан өгүүлэх нь аргадан, аргадан уянгалах морин хууртай нь холбоотой биз ээ.
Хүн гэдэг урмын амьтан. Тэр дундаа урлагийнхан хүн хүнээс илүүтэй урмаар хөглөгддөг, сонин хүмүүс. Уран бүтээлчийн урам хугарна гэдэг жигүүртнээр бол даль жигүүргүй болсонтой агаар нэгэн. Тиймээс ч Морин хуур чуулгын удирдаачдаа урам хайрлах “Эгшгэн өргөл” хандивын тоглолтыг Морин хуур чуулгын шавь нар нь аравдугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Ардын жүжигчин Ц.Батчулууныг гадаад улсад яаралтай хийлгэх эмчилгээний зардал 250-300 сая төгрөг. Өчигдөр болсон хандивын тоглолтын нээлтийн үеэр MCS компани 25 сая төгрөг хандивлаж байснаас түүчээлэх үндэсний компаниуд цөөнгүй гэдэгт найднам. Монголыг Монголоор нь дэлхийд дуурсгасан гавьяатнаа аюулт өвчнөөс аврахад төр, засгийн зүгээс ч гар сунгах цаг ирснийг сануулахад илүүдэх юун.
Д.ЦЭЭНЭ
Ардын жүжигчин Ц.Батчулууны эмчилгээнд зориулсан уриалгыг дэмжиж
М-Си-Эс групп 25 сая төгрөг хандивлажээ
Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдагч, Ардын жүжигчин, профессор Цэндийн Батчулууны талаар Ардын жүжигчин Н.Жанцанноров гуай “Ц.Батчулуун бол соёлын том зүтгэлтнээс гадна Монголоо монголоор нь авч үлдэх гэж яваа эх оронч” гэж тодорхойлжээ. Манай үндэсний хаан хөгжим болох морин хуур хөгжмийн хөгжлийн төлөө насаараа зүтгэж яваа Эрхэм хүндээ монголчууд туслах цаг нэгэнт иржээ.
Ардын жүжигчин Ц.Батчулууны гадаад улсад яаралтай хийлгэх эмчилгээний зардал болох 250-300 сая төгрөгийг бүрдүүлэх аяны уриалгыг урлагийнхан гаргаж ард түмэндээ хандаад байгаа билээ. Нэрт соёлын зүтгэлтэнд туслах хөдөлгөөн Монголд төдийгүй гадаадад суугаа Монголчуудын дунд өрнөж өргөжиж байна. Энэхүү чин сэтгэлийн аяны уриалгад М-Си-Эс групп дэмжлэг үзүүлж хандивын дансанд 25 сая төгрөг шилжүүлсэн баримтыг Ц.Батчулууны гэргий Б.Алтантуул болон хандивын аяныг зохион байгуулагчдад гардуулж өгчээ.
Б.САЙХАНЧИМЭГ