Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржийн 1985 онд бүтээсэн “Улаанбаатарын үдэш” дуу хил хязгаарыг давж, олон сая сонсогчийн сэтгэлд хүрснийг бид мэднэ. Хятадын хөгжмийн зах зээлд эл дуу 2023 онд цахим орчинд 600 сая үзэлттэй болсон нь энэ бүтээл хэр өргөн түгсэнийг харуулна.
Төрсөн хотдоо зориулан бүтээсэн аялгуугаараа Улаанбаатарыг олон улсад таниулсан түүний хувь нэмрийг үнэлж, нийслэлийн ойн энэ өдөр хотын дарга Б.Пүрэвдагва хоёр өрөө орон сууц гардууллаа.
Ташрамд дурдахад, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржийг Монгол Улсын соёл урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, нийслэлийн иргэдийг соён гэгээрүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж 2014 онд нийслэлийн 15 дахь “Хүндэт иргэн”-ээр өргөмжилж байв.

