Найруулагч, МУСТА Ц.Хүсэлбаатар дэлгэцийн шинэ уран бүтээл дээрээ ажиллаад тун ч завгүй явна. Түүний удирддаг “Хас энтертаймент” нь“Аюултай харилцаа” нэртэй мистик, триллир чиглэлийн цоо шинэ уран сайхны кино хийж байгаа аж. “Аюултай харилцаа” уран сайхны киноны гол агуулга нь “ Хүн нэгэнт гэр бүл зохиосон бол үнэнч байх шаардлагатайг харуулахыг зорьж , гэр бүлээс гадуурх харилцааг зугаа цэнгэл мэт хөнгөн хүлээн авдаг хүмүүст нэгийг бодогдуулах. Хэрэв чи хэн нэгний зүрх сэтгэлээр наадаад өнгөрчихнө гэж бодсон бол тэр нь өөрөө асар том алдаа байж болох юм шүү. Зугаа цэнгэл гэж бодсон нэг удаагийн алдааны хариуд өөрийнх нь амьдралд нөхөж баршгүй гарз хохирол ч тохиолдож болно” гэдгийг харуулах аж.
Тус киноны гол дүрд УДЭТ-ын жүжигчин, СТА Г.Отгонцэцэг , А-Саppella хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр, СТА С.Ариунбямба, залуу жүжигчин Х.Баярмаа, П.Шүүдэрцэцэг нар тоглож байгаа юм байна.
Сонирхуулахад "Жижиг" Өлзийхүү буюу мисс, жүжигчин Х.Баярмаа ээж, аавынхаа авьяасыг залгамжлан яваа. "Шилдэг өнгө" продакшнд харьяалагддаг тэрээр дэлхийн мисст эх төлөөлөн оролцож байсан билээ. Дэлгэцийн бүтээлд төдийлөн тоглоод байдаггүй тэрээр "Аюултай харилцаа" хэмээх шинэ кинонд тоглож байна. Цогоо гуай буюу МУГЖ Ё.Цог, аав Ц.Хүсэлбаатартайгаа хамтран тоглож байгаа ажээ.
Та бүхэндээ "Аюултай харилцаа" киноны зураг авалтын үеийн зурагнаас хүргэж байна.
www.URLAG.mn