Жорж Оруэллийн “Амьтны ферм” зохиолоос сэдэвлэсэн ижил нэрт мета драмын жүжиг яг одоо үзэгчдийн хүртээл болж буй. “Dolma” театрын тус уран бүтээлийг залуу нэгэн залуу найруулагч Т.Цэнд-Аюуш найруулсан юм.
Монголын еатрын урлагийн ноён оргил, Ардын жүжигчин, нэрт найруулагч Б.Мөнхдорж шавь Т.Цэнд-Аюушийг театрын урлагт шимтэгсэд “Тусгал”, “Playback”, “Хүүхэлдэй” зэрэг жүжгүүдийг тайзнаа найруулан тавьж, олны хүртээл болгож байснаар андахгүй.
Тэгвэл энэ удаа олонд хүргэж буй “Амьтны ферм” мета драмын жүжгийнхээ талаар тэрбээр “”Амьтны ферм” бол миний оюутан байхаасаа мөрөөдсөн мөрөөдлийн минь зохиол. Энэ зохиолыг сонгож авахад надад нэгт тулгарсан асуудал нь “өнөөдөр юуг дуугарах вэ” гэх асуулт байсан. Дэлхий даяар 80 гаруй театрууд “Амьтны ферм”-ийг сонгохдоо зохиолоос үргэлж “гахай”-г голлон онцолж тавьж байсан юм байна л даа. Эрх мэдлийг гэсэн үг. Манай жүжигт бид эрх мэдлийг гэхээсээ илүү олонх болсон хонины тухай ярих гэж байгаа. Хоёрт яаж хүргэх вэ. Би зохиолын үргэлжилсэн драмалаг бүтэцийг хадгалж үлдэх ёстой юм байна гээд метадрама жанрыг сонгосон. Метадрама нь жүжиг доторх жүжиг буюу жүжиг гэдгээ үзэгчид үргэлж сануулж байх ёстой театрын нэг хэлбэр юм. Жүжигт орж ирэхдээ “Амьтны ферм” гэх жүжгийн “нэг хэсэг” болно. Жүжиг дотор өөрөө маш олон жүжиг өрнөж байгаа. Бид бүгд цогцоороо нэгэн жүжгийн гол дүр шүү гэдгийг сануулах үүднээс бас энэ жанрыг барьж авсан гэж болно” гэжээ.
Ташрамд дурдахад, “Амьтны ферм” жүжгийг тайзнаа тавьж буй “Dolma” театрыг хүсэл сонирхол нийлсэн залуу уран бүтээлчид байгуулжээ. “Dolma” гэдэг нь Ногоон Дарь эх гэсэн утгатай, өөрчлөлт шинэчлэлтийг бэлгэдэж театраа ийн нэрлэсэн бөгөөд өөрсдийгөө “нүүдэлчин театр” гэж тодорхойлж буй аж.

