Өмнөд Солонгосын алдарт “BTS” хамтлагийн Тайвань, Индонезод хийх хоёр тоглолтыг дэлхийн 80 гаруй улс, бүс нутгийн кино театруудаар шууд дамжуулахаар болсон тухай тус хамтлагийн харьяалагддаг “Big Hit Music” агентлаг мэдээлжээ.
Хамтлагийн шүтэн бишрэгчдэд зориулсан “Weverse” цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, 11 дүгээр сарын 21-нд Тайванийн Гаошюн хотод болох хоёр дахь өдрийн тоглолт болон 12 дугаар сарын 29-нд Индонезын Жакарта хотод хийх гурав дахь өдрийн тоглолтыг кино театруудаар дамжуулах ажээ.
Гаошюн хотод болох тоглолтыг дэлхийн хэмжээнд 3300 орчим, Жакартагийн тоглолтыг 2800 орчим кино театрын дэлгэцээр үзүүлэхээр төлөвлөжээ. БНСУ-ын үзэгчид эдгээр тоглолтыг “CGV”, “Lotte Cinema”, “Megabox” зэрэг кино театрын гурван томоохон сүлжээгээр үзэх боломжтой байна.
“Big Hit Music” агентлагийн мэдээлснээр, улс орнуудын цагийн бүсийн ялгааг харгалзан үзвэрийн хуваарийг зохицуулах бөгөөд зарим бүс нутагт тоглолтын бичлэгийг нэгээс хоёр хоногийн дараа үзүүлнэ.
Эдгээр тоглолтыг “BTS” хамтлаг дэлхийг тойрох аялан тоглолтынхоо хүрээнд Ази тивд хийж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 19-нд Тайванийн Гаошюн хотоос эхэлнэ. Долоон гишүүнтэй тус хамтлаг Бангкок, Куала-Лампур, Сингапур зэрэг таван хотод нийт 15 удаа уран бүтээлээ толилуулна.
BTS хамтлаг өнгөрсөн сарын сүүлчээр Бразилын Сан-Паулу хотод Латин Америк дахь аялан тоглолтоо өндөрлүүлсэн юм. Тус бүс нутгийн таван хотод хийсэн 14 тоглолтын тасалбар бүрэн зарагдаж, нийт 853 мянга орчим шүтэн бишрэгч нь үзжээ.
“Big Hit Music” агентлагийн мэдээлснээр, энэхүү аялан тоглолт нь тухайн хотуудын аялал жуулчлал, тээвэр, зочид буудал зэрэг үйлчилгээний салбарын үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлсэн байна.


