Дуучин Наагий буюу Н.Наранбаатар Монголын сор болсон бүтээлүүдийг жазз хөгжмийн шинэ өнгө аясаар амилуулсан пянз гаргажээ. “Khuree Jazz Vol.1” хэмээх эл пянзанд Монголын хөгжмийн урлагийн алтан фондод багтсан, үе үеийн сонсогчдын сэтгэлд хоногшсон дуунууд багтжээ.
“Khuree Jazz Vol.1” пянзны А талд “Мандах нар”, “Ийм нэгэн сэтгэл”, “Дөрвөн цагийн тал”, “Шүүдэр цэцэг”, “Нарт тэнгэрийн доор”, Б талд “Орь залуу нас”, “Би чамд хайртай”, “Оргилуун залуу нас”, “Аяны шувууд” зэрэг уран бүтээл багтсан байна.
Жазз хөгжмийн хэв маягаар шинэчлэн найруулсан эдгээр уран бүтээлийг Монголын жазз хөгжмийн нэрийн хуудас болсон “Баянмонгол” чуулгатай хамтран бүтээсэн бөгөөд хуучны танил аялгууг орчин үеийн хөгжмийн шийдэлтэй хослуулж, залуу үеийн сонсогчдод шинэлэг, сонирхолтой хэлбэрээр хүргэхийг зорьжээ.
Түүнчлэн Монголын хөгжмийн өв соёлыг хадгалан үлдээхийн зэрэгцээ цаг үеийн хөгжмийн чиг хандлагатай уялдуулан шинэ үеийн сонсогчдод хүргэх энэхүү бүтээл нь дуучин Наагийгийн уран бүтээлийн нэгэн шинэ алхам болж байна.
“Khuree Jazz Vol.1” шинэ уран бүтээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, пянз бүтсэн түүх, хөгжмийн найруулга, хамтын ажиллагааны онцлогийг танилцуулах хэвлэлийн бага хурал Монгол улсын филармонид маргааш буюу арваннэгдүгээр сарын 6-нд 12.00 цагаас зохион байгуулагдана.

