2018 оны хит бүтээл “Crazy Rich Asians” буюу “Галзуу баян Азиуд” киноны үргэлжлэл болох HBO телевизийн найман ангит цувралын талаар жүжигчин Констанс Ву шинэ мэдээлэл хуваалцлаа. Тэрбээр уг цувралд анхны киноны танил дүрүүдээс гадна үзэгчдийн сайн мэдэх өөр олон жүжигчин эргэн ирэхийг мэдэгдсэн байна.
Констанс Ву энэ тухайгаа Нью-Йорк хотын “Vivian Beaumont” театрт болсон “A Few Good Men” жүжгийн нээлтийн үеэр ярьжээ.
Тэрбээр цувралын зохиолын эхний хувилбартай танилцсан бөгөөд өмнөх киноны зарим дүрүүд шинэ бүтээлийн зохиолд аль хэдийн багтсан байгааг хэлсэн байна.
Одоогоор Констанс Ву, Хенри Голдинг, Ронни Чиенг нар үндсэн дүрээр эргэн тоглох нь батлагдсан бол “Оскар”-ын шагналт Мишель Ёо цувралд мөн оролцохоор болжээ. Харин бусад жүжигчдийн нэрийг хараахан албан ёсоор зарлаагүй байна.
“Crazy Rich Asians” кино 2018 онд нээлтээ хийж, дэлхий даяар ойролцоогоор 239 сая ам.долларын орлого олсон төдийгүй Азийн гаралтай жүжигчдийг Холливудын гол дүрд түлхүү гаргасан соёлын чухал бүтээлүүдийн нэг болсон юм.
Найман ангитай цувралын зураг авалтыг 2027 онд Нью-Йорк хотод хийхээр төлөвлөж байгаа ч нээлтийн тов одоогоор зарлагдаагүй байна.

