“Тагтаа Паблишинг” монголын яруу найргийн ерээд оны төлөөлөл зургаан яруу найрагчийг танилцуулж байна. Энэ удаад бидний оролдлого зургаан яруу найрагч, цөөн шүлгээр хязгаарлагдаж буй нь үгийн их далайгаас сувд шүүрдэн атгахан ч хүрэхгүйг гарган таны өмнө дэлгэж байгаагаас өөрцгүй боловч мэргэн уншигчид яруу сайхан эх хэлнийхээ баялаг далайгаас өөрсдөө ч энэ мэтээр сорлон шүүрдэж эсвээс умбан шумбаж оюун, мэдрэмжийн сайханыг хүртэх нь чөлөөтэйг нурших нь илүүц биз ээ.
Батжаргалын Одгэрэл шиг тунгалаг шүлэгч монгол найргийн ертөнцөд урьд өмнө нь мэндэлсэнгүй, хойшид ч ховор төрөх нь дамжиггүй. Ерээд оны цухал тэмцэлт өдрүүд дундаас хувь ертөнцөө хамгаалан гарч чадсан нь түүний хувьд томоохон ялалт билээ. Үүн дээр нэмээд цөөвтөр шүлгээс бүтэх ганц номоо хэвлүүлсэн нь уншигчдын хувьд үгийн урлаг дахь шижир алт шиг олз юм. Шүлгүүдээс нь зэрэгцэн сонсогддог өршөөлгүй, нигүүлсэнгүй хоёр дуу хоолойг сэтгэлдээ нэгтгэж, нэгэн зүгт хандуулаад "Би үхсэн хүн" гэж нэгэнтээ хэлсэн удаатай. Үгийн урлаг, ертөнцийн хуран үймээнээс сэтгэлээ нэгэнт татсан тэрээр алс Жагарын орноо ном үзэж буй.
* * *
Тагтааны нисэх чимээнд
Тэнгэрийн орны эгэл сайхан бий
Сахил хүртсэн юм шиг энэ шувууны
Салхиных шиг амьдралд гэгээн төрх бий
Дугуйнд дайруулан газарт ирэх
Дуугүйхэн үхлийг нь гайхахаас илүү
Бишрэх, хайрлахын сэтгэл төрөх нь бий
Би шувууны цогцосноос сэжиглэхийг үзсэнгүй
Шувуу шиг амьдрах хүмүүний нүд тунгалаг байдаг
Сумны шарх мэт үгийн шарх цээжинд нь онги байдаг
Сумны шархыг хүсэх нь тэдэнд эр зориг биш байдаг
Шувуу мэт гэгээн, ангид, хөөрхий улс байдаг
Тийм хүмүүсийн үхэл нь нууцлаг, амтлаг байдаг
Тэнгэрийн оронд мордох шиг энгүүн болоод далд баяртай байдаг
Доромж бус, гашуудалтай бус, харамсалтай бус байдаг
Дэргэдэх нь хийгээд тэрслэгчид нь биширч үдэх нь байдаг
Шувуу хийгээд хүмүүний явдал онд ондоо боловч
Чухам үзэл сэтгэл нь өөр өөр хэдий ч
Нэгэн мөрийг үзэхийн цагт ижил санагддаг
Нүгэлт газраас одох нь нэг л янз байдаг
* * *
Ангаж, хатаж явахад амсуулсан
Аяга хүйтэн ус шиг
Цаг зуурханд зөрөөд өнгөрдөг
Царайлаг хүүхнүүдэд би талархдаг
Түрхэн зуурын гутрал, уналтыг минь тэд
Түргэн тусламжийн тэрэг шиг аваад оддог
Амьдралд дурлахад, хатуужихад, дуртгал сэргэхэд
Анзаарагдамгүй, тийм л учралууд замын дэнлүү шиг гийгээд
Санах, мартах, цэнгэх, зовохтой зэрэгцэн
Санаандгүй, харамгүй ээлжлэн байдаг
Сүмийн хандмаа, номын зураг шиг
Сүйт хүүхний тухай гэгээн төсөөлөл шиг
Тэр хүүхнүүд хэзээ ч зовлон амладаггүй
Тэгээд ч бид эхлээд шаналлын тухай боддоггүй.
* * *
Хамаг сайхныг чинь арччихаж мэдэх үнсэлтээс
Халгасаар би зугтаж явна
Халуун сэтгэлээр чи гомдоод
Харах бүр улам гоо болоод байна
Хүршгүй сайхныг чинь эвдчихэж мэдэх тэврэлтээс
Хүчээр би зугтаж явна
Хүнээс далдуур чи уйлаад
Хүлцэх бүр улам гоо болоод байна
Гэрэл гэгээг чинь халхалчихаж мэдэх шөнөөс
Гэлэмсээр би зугтаж явна
Гэнэт тодорсон гэрэлдээ цэцгийн үр боловсроод
Гэм нүглийн алтан жимсийг бусдад тэсгэлгүй хазуулсан байна.
* * *
Энгийн байх, гунигтай, хатуу, бардам явахын учрыг
Энэ үеийнхээ цэцэрхэгчдээс илүү би мэднэ
Өдөр бүрийн амьдралыг өвдөж, өвчнөөн давж мэдрэхэд
Өндөр утга, эгэл үнэн оршдогийн учрыг мэднэ
Ердийн хямд зугаанд бид сохорч, зовлонд тэнцэхээн больдог
Ертөнцийн гэгээрэх, мунхрахын үл үзэгдэх хуулийг үзэгдэх болтол
жижгэрдэг
Адгуусан дунд ч байдаг амгалан, цэцэн, жинхэнэ зохирол
Анд нөхөд, тамхины утаан дунд алга байгааг мэднэ
* * *
Би сайхан охидыг ширтэх өвчтэй
Хацрын ганц илбэлт, тэврэлт, vнсэлтэд арилж мэдэх
Харин бvр өвдөж мэдэх сайхан өвчтэй
Сайхан охидыг ширтэхэд гуниг төрөх
Ширтэхгvй байхад бас гуниг төрөх
Сайхан охидыг ширтэхэд баяр төрөх сайхан өвчтэй, би
Гялалзсан хар нvд, шилбэ, цээж хараад
Галзуурсан мэт сэтгэл хөдлөн явдаг
Yзэсгэлэнт охид өмнvvр хойгуур эргэлдэхэд
Yзэх,сонсох, амтлах, хvрэх эрхтэн минь өвдөж
Yймрэн зогсохдоо би салхинд чичрэх өвс мэт болдог
Өвчнөөсөө салахыг би vнэхээр тэгэхэд хvсдэггvй
Өвдөж шаналахаа дарах гэж бус, vгдрээх гэж
Өрнө зvгийн дарсанд өдөржин халамцуу явдаг
Алуурч намайг зовоож, анд нөхөд холдлоо ч
Амиа хорлож, буудаж, боож би нөгчихгvй
Залуу насны минь өвчин эдгэхэд би vхнэ
Залуу нас минь тэгэхэд хэдийн өнгөрсөн байна.