Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт сэтгүүлч, яруу найрагч, цаасан урлаач Цээнзэнгийн Галбадрахын уран хайчилбарын “Үзэсгэлэнт Монгол” цомог номын нээлт өнгөрсөн баасан гараг /2026.11.1/-т Монголын театрын музейд боллоо.
Энэ бол Ц.Галбадрахын цаасан хайчилбараар урласан бүтээлүүдээ эмхэтгэсэн хоёр дахь ном бөгөөд эхнийх нь “Цаасан хөрөг” нэртэйгээр 2015 онд хэвлэгдсэн. Тэрбээр сэтгүүл зүй, уран зохиолд билэг авьяасаа сорин үгээр урлахын зэрэгцээ урлагийн өвөрмөц нандин төрөл болох цаасан бар буюу уран хайчилбараар Монгол орны үзэсгэлэнт байгаль, ан амьтан, адуу мал, нүүдэлчин ахуй, соёл, уламжлалт зан заншил, эргэх дөрвөн цагт ээлжлэн хувирах эх дэлхийн өнгө аясыг харуулсан дахин давтагдашгүй бүтээлүүдээсээ дээжлэн хүргэж буй юм.
Урлагийн энэхүү өвөрмөц төрлийг бусдад таниулах, түгээн дэлгэрүүлэхэд өгөөж тусаа өгөх шинэ цомог номдоо 30 шахам жил хар цаас, хайчтай нөхөрлөн бүтээсэн хэдэн зуун бүтээлээсээ сорчлон 80 хайчилбарыг багтаажээ.


