“Blackpink” хамтлагийн гишүүн, дуучин Лиса дэлхийн хөгжмийн ертөнцөд дахин нэгэн том амжилт гаргалаа. Тэрбээр АНУ-ын Лас Вегас хотын алдарт “Caesars Palace” ордны “The Colosseum” тайзнаа бие даасан тоглолт хийх анхны к-поп уран бүтээлч болж байна.
“Viva La Lisa” нэртэй энэхүү тоглолтыг 2026 оны арваннэгдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөжээ. Анх дөрвөн өдрийн хуваарь зарласан боловч тасалбарын эрэлт өндөр байсантай холбоотойгоор нэмэлт хоёр өдрийн тоглолт нэмж, нийт зургаан удаа үзэгчидтэй уулзахаар болсон байна.
Тоглолтууд арваннэгдүгээр сарын 12, 13, 14, 27, 28, 29-ний өдрүүдэд “The Colosseum” танхимд болохоор товлогджээ. Эхний дөрвөн тоглолтын тасалбар богино хугацаанд бүрэн зарагдсан нь дуучны олон улсын нэр хүнд, үзэгчдийн сонирхлыг харуулсан үйл явдал болов.
“Caesars Entertainment”-ийн мэдээлснээр, Лисагийн энэхүү резиденс тоглолт нь к-поп уран бүтээлчийн хувьд Лас Вегасын алдарт тайзнаа бие даан тоглох анхны тохиолдол юм.
Лиса сүүлийн жилүүдэд “Blackpink” хамтлагийн үйл ажиллагаанаас гадна бие даасан уран бүтээлээ эрчимтэй хөгжүүлж, олон улсын хөгжмийн зах зээлд амжилт гаргаж байгаа билээ. Түүний “Lalisa”, “Money” зэрэг дуунууд дэлхий даяар сонсогчдын анхаарлыг татсан бол “Rockstar”, “New Woman” зэрэг бүтээлүүд нь соло уран бүтээлийнх нь шинэ үеийг тодорхойлсон юм.

