Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, продюсер Д.Болд 2006 онд “В” продашныг үүсгэн байгуулж, өдгөө 20 жилийн ойтойгоо золгож буй.
Тус продакшн дэлхийн А зэрэглэлийн “440 Hz records” дуу бичлэгийн студийг нээж, Монголын хөгжмийн урлагийг шат ахиулж байсан бол энэ удаа Монгол хөгжим дэлхийн түвшинд, цоо шинэ орон зайд гарах боломжтойг харуулах гэж байна. Тодруулбал, тус продакшн Монголд анх удаа долби атмос студийг нээжээ.
Энэ талаар Д.Болд цахим хуудсандаа “Монгол хөгжим дэлхийн сонорт хүрэх ёстой гэж би үргэлж итгэсээр ирсэн. Харин одоо бидэнд Монгол аялгууг цоо шинэ хэмжээст, огт өөр түвшинд сонсох боломж нээгдлээ. Энэ бол долби атмос.
Долби атмос технологийн тусламжтайгаар дуу авиа орон зайд өөрийн гэсэн байршилтай, бие даасан объект болдог. Хөгжмийн эгшиг таны урд, ард, хажуу талд, бүр яг толгой дээгүүр ч эгшиглэх болно.
Бид энэхүү хувьсгалыг Монголд авчрахын тулд “B” продакшндаа долби атмос лабораторийг бүтээн байгуулж, долби компани албан ёсоор баталгаажуулсан. Ингэснээр Монголын хамгийн анхны албан ёсны долби атмос студи мэндэлсэн юм. Мөн дууны инженерээ ХБНГУ-д тусгайлан сургаснаар Монголын анхны долби атмос сертификаттай инженертэй боллоо.
Яг энэ студиэс, яг л энэ багийн ур ухаанаас “В” продакшны “Volume 3” цомог төрөн гарсан юм. Цомгийн 16 дуу бүгд шууд, амьд бичигдсэн гэдгээрээ онцлог. Монголын үндэсний их найрал хөгжмөөс авахуулаад поп, хип хоп хүртэл бүх уран бүтээлийг долби атмос форматаар микс хийж боловсруулсан. Бид хамгийн анхны долби атмос цомгоо сонсоод асар том найрал хөгжмийн яг голд нь очоод зогсчихсон мэт гайхалтай мэдрэмжийг авсан.
Хамгийн гайхалтай нь, та энэхүү амьд орон зайн мэдрэмжийг зөвхөн студид бус, өөрийн чихэвч, гар утас, гэрийн спикер болон машин дотроо ч бүрэн мэдрэх боломжтой.
Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Монголын хөгжмийн урлагийн цоо шинэ бүлэг яг эндээс эхэлж байна” хэмээн нийтэлжээ.

