Монгол орны байгалийн үзэсгэлэнт газар нутаг, онгон дагшин байгаль, түүх соёлыг уран бүтээлээр дамжуулан баримтжуулан үлдээх зорилготой “Хонин нуга” байгалийн судалбар уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн Монголын уран зургийн галерейн хоёрдугаар давхрын үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.
Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй энэхүү үйл ажиллагаа нь Монгол орны байгалийн үзэсгэлэнт, дархан цаазат газруудын өвөрмөц тогтоц, намрын өнгө төрх, байгалийн унаган төрхийг уран бүтээлээр мөнхлөх, тухайн газар нутгийн нэршил, үүх түүх, уламжлалт мэдлэгийг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чиглэдэг.
Байгалийн судалбар, судалгааны аяллыг намрын улиралд зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жил гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Өмнөх жилүүдэд уран бүтээлчид Мөнгөнморьт сумын Цагаан арал, Бурхан Халдун уулын энгэр, Хэнтий аймгийн Биндэр сум, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Хонин Нуга зэрэг байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газруудаар аялж, газар дээр нь судалбар зураг, уран бүтээл туурвижээ. Мөн ирэх онд Хэнтий аймгийн дархан цаазат Хангал нуурыг зорин байгалийн судалбар, судалгааны аяллыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.
“Хонин нуга” үзэсгэлэнд Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар, Б.Хонгорзул, Д.Соёлмаа, Б.Мөнхцэцэг, Б.Бадрал, М.Болортуяа, Ж.Буд нарын уран бүтээлчдийн байгалийн судалбар бүтээлүүд дэлгэж буй бөгөөд үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 3-ныг дуустал үргэлжилнэ.


