Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотноо арваннэгдүгээр сарын 16–20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Türkiye International Museology Congress 2026” олон улсын конгресст Монголын үндэсний музейн захирал, доктор Д.Отгонсүрэн оролцлоо.

БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын яам, Соёлын өв, музейн ерөнхий газар, Олон улсын музейн зөвлөл (ICOM) болон бусад байгууллагын хамтран зохион байгуулсан тус конгресс нь дэлхийн музейн салбарын хөгжил, шинэ чиг хандлага, олон улсын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэн онцлог арга хэмжээ боллоо.
Конгрессын хүрээнд музейн дижитал шилжилт, хиймэл оюун ухааны хэрэглээ, үзмэрийн бүртгэл, баримтжуулалт, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, гамшгийн эрсдэлийн менежмент, музейн хүртээмж болон үзэгчдийн оролцоо зэрэг өргөн хүрээний сэдвээр эрдэм шинжилгээний илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Мөн Анкара хотын Анатолийн соёл иргэншлийн музей болон “Таш Тепелер” тусгай үзэсгэлэнтэй танилцаж, Туркийн музейн үзмэр дэглэлт, менежмент, дижитал технологийн хэрэглээ, соёлын өвийг хамгаалах туршлагаас судаллаа.


