Анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа дуучин Л.Насанбуянтай ярилцлаа.
–Тоглолтын бэлтгэл ажил хэр явж байна даа?
-Бүх дуулах дуунуудаа тодорхой болгоод, дарааллыг нь гаргаад хөгжимчид, бүжигчидтэйгээ нэгдсэн бэлтгэлээ хийж байна. Тоглолтод өмсөх хувцсаа “Урлах эрдэм” дээд сургуульд захиалаад хүлээж байна. Тоглолт маань энэ сарын 28, 29-нд Улсын филармонийн концертын танхимд болно. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байгаа.
–Ямар дуунууд сонгосон бэ?
-Миний анхны “Хэзээ ч мартагдашгүй” цомог 2011 онд гарсан. Цомогт орсон уран бүтээлүүдээс гадна өөрийн шүтдэг гадны дуучдын дуунуудаас сонгож оруулахаар болсон. Уитни Хьюстон, Алиша Кис, Адель, Келли Кларксон зэрэг дуучдын хит дуунуудаас дуулбал үзэгчдэд сонирхолтой байх болов уу гэж бодсон. Мөн Улсын ардын дуу бүжгийн чуулгын бүжигчид маань миний тоглолтонд бүжиглэх юм. Би өөрөө ч бас дуулахын зэрэгцээ бүжиглэнэ. Зуун хувь амьд тоглолт болно гэж хэлэхэд буруудахгүй байх. Мэргэжлийн урлагийн байгууллагад ажилладаг мэргэжлийн дуучин хүний хувьд энэ нөөц бололцоогоо ашиглахгүй бол харамсалтай шүү дээ. Панаграммтай дуу цөөн дуулагдана. Бараг ихэнх дуугаа “Баянмонгол” чуулгынхаа оркестр, симфони оркестртойгоо дуулна. Нийтдээ 40 гаруй уран бүтээлч оролцохоор байна. Амьд тоглолт, амьд дуулалтыг үзэгчдэд мэдрүүлэхийг хүсч байна.
–Филармонид ороод хэдэн жил болж байгаа билээ?
-Би 2010 оны сүүлээс дагалдан дуучнаар явж эхэлсэн. Тэгээд 2011 онд үндсэн ажилтан болох тушаал гарч байсан гэхээр бараг дөрвөн жил болж байна. Ер нь уран бүтээлч хүн гэдэг үргэлж өөрийгөө хөгжүүлж байхын тулд тасралтгүй шинэ уран бүтээл төрүүлж, тайлан тоглолтоо тавих хэрэгтэй болдог. Миний хувьд тоглолт хийх цаг минь болжээ гэж үзээд нэгдүгээр сараас эхлээд л ерөнхийдөө тоглолтдоо бэлтгэж эхэлсэн. Нэг их сайхан бүрэн хэмжээний мюзикл тоглолт тавихыг мөрөөддөг л дөө. Энэ удаад арай л амжсангүй. Гэхдээ дуу бүхнээ хооронд нь уялдаатай байлгаж, бяцхан зохиомжтой хийхийг хичээлээ.
–Бүрэн хэмжээний тоглолт хийнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Тэгэхээр филармонийн зүгээс залуу дуучнаа нэлээд сайн дэмжиж ажиллаж байгаа бололтой?
-Тэгэлгүй яахав. Манай филармонид дууны анги гэж нээгдээд удаагүй байгаа. Нээгдээд бүрэлдэхүүн солигдоод олон шинэ дуучинтай болсон. Бүгд өөр өөрсдийн гэсэн стил, жанраар дуулдаг. Филармони маань гурван оркестортой шүү дээ. Залуу уран бүтээлч тоглолтоо тавина гэдэг тухайн дуучиндаа өгөөжтэй байхаас гадна байгууллагын нэр ч давхар гарах учраас аль аль талдаа өндөр үүрэг хариуцлагатай ажиллаж байна. Мэдээж тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар манай филармони ажиллахаас гадна “Saraa,s music” продакшн давхар оролцож байгаа. Ер нь тэгээд маш олон хүний дэмжлэгээр л тоглолт маань тавигдах гэж байна даа.
–Техник технологи эрчимтэй хөгжиж байгаа нь чанаргүй дуучдын тоог эрс ихэсгэсэн. Жинхэнэ амьд хөгжимтэй, амьдаар дуулж байгаа дуучны хувьд энэ талаар юу гэж боддог вэ?
-Амьд тоглолт хийх болсон шалтгаан л энэ шүү дээ.Би бусад дуучдаас юугаараа ялгарах ёстой юм. Амьдаар дуулж л ялгарах ёстой. Энэ миний хэв маяг болох юм.
Юуны төлөө бүхэл бүтэн улсын филармонид ажиллаж байгаа билээ дээ.
Яахав сүүлийн үед хүмүүс амьд дуулалт, дуугаралттай тоглолт үзэхийг их хүсдэг болсон нь мэдрэгдэж байна. Мэргэжлийн дуучид бид л энэ ялгааг үзэгчдэд илүү сайн таниулж, мэдрүүлж чадна. Тийм ч болохоор зориглоод энэ тоглолтыг хийх гэж байна. Миний хувьд хоёр дахь цомог дээрээ ажиллаж эхэлсэн.
Гэхдээ хэн нэг дуучныг энд муулж, шүүмжлэхийг хүсэхгүй байна. Өөрийнхөө зүгээс амьдаар дуулдаг гэдгээрээ ялгараад явахыг л хүсч байна.
–Насааг “Оддын эрэлд” тэмцээнээс анх гарч ирсэн гэдгийг хүмүүс мэднэ. Тухайн үеэ өнөөдөр дурсвал?
-СУИС-д дөнгөж оюутан болж орсон жилээ “Оддын эрэлд” тэмцээнд орж байлаа. Би чинь “Оддын эрэлд 2” тэмцээнд орсон шүү дээ. Анхны тэмцээнийг нь үзэж байхдаа оролцох юмсан гэж дотроо хүсээд, атаархаад л зурагтаараа үздэг байсан юм. Мэдээж энэ тэмцээнд оролцсондоо баярлаж явдаг. Хожим нь орчихдог л байж дээ гэж харамсахгүйн тулд хүссэн зүйлдээ хүн өөрийгөө ямар ч тохиолдолд сориод үзэх нь буруудахгүй шүү дээ. Ялагдсан ч гэсэн хамаагүй.
Тэмцээнд орлоо. Тэгээд шат ахиад яваад л байсан. Нөгөө “даварсаар даварсаар…” гэдэг шиг явсаар шилдэг дөрөвт үлдчихлээ. Ингээд үлдчихсэн хүн чинь түрүүлчих юмсан л гэж бодно. Тэгээд түрүүлсэн. Тухайн үедээ шоконд ороод, маш их баярласан.
Ер нь л би бага байхын л уралдаан тэмцээнүүдэд их оролцож, өөрийгөө сорьдог хүүхэд байсан.
–Хэдэн настайгаасаа дуулж, дуунд дурлах болсон бэ?
-Өө, би чинь их багаасаа дуулсан. Цэцэрлэгт ороод л мандалин, ятга тоглож эхэлсэн. Цэцэрлэгт байхдаа өдөр унтах их дургүй хүүхэд байсан. Тэгээд л унтахгүйн тулд цэцэрлэгээс явагдаж байгаа урлагийн гэсэн бүхэнд нь орчихдог. Яахав унтлагын цагаар бэлтгэл хийж хөгжим, бүжиг, дуугаа бэлддэг байсан болохоор тэр л дээ. Ер нь бол мэдээ орсон цагаасаа л урлагт их хайртай байсан. Арван жилдээ ч гэсэн урлагийн тэмцээн алгасаж үзээгүй.
Би чинь Баянхонгор аймагт төрж өссөн хүн шүү дээ. Багадаа аймгийнхаа хүүхдийн “Тэмүүжин” театрт суралцдаг байсан. Дуулах, бүжиглэх, жүжиглэх гээд бараг бүх төрлийг сонирхож, өөрийгөө хөгжүүлэх гэж хичээж ирсэн. Бага насныхаа хүсэл мөрөөдлөөр л амьдарч яваа гэж боддог.
–Танай гэр бүлд урлагийн хүн байгаа юу?
-Байхгүй. Манай өвөө л их төрөл бүрийн авьяастай лам хүн байсан гэсэн. Их сайхан дуулдаг байсан гэж хүмүүс ярьдаг юм.
–Хэдийгээр урлагийн хүмүүс биш ч гэлээ эцэг эх тань охиныхоо хүсэл мөрөөдлийг ойлгож, маш сайн дэмждэг байж ээ дээ?
-Тийм ээ. Би ч их азтай охин шүү. Анх намайг жаахан байхад Сараа эгч манай аймагт ирж “Хайрын бурхан” тоглолтоо хийсэн юм. 1996 он байсан байх аа. Тэгэхэд эгч маань намайг тоглолтод дагуулж явсан. Сараа эгчийг анх хараад л “Ямар гоё юм бэ гэж бодоод, бишрээд яг л ийм дуучин болно” гэж өөртөө амласан. Тэр тоглолтоос хойш Сараа эгчийн дуутай кассетуудыг худалдаж аваад бүгдийг нь ар өвөргүй сонсоод, дууных нь үгийг дэвтэр дээрээ бичиж авч, дагаж дуулдаг ажилтай болсон. Гэтэл өнөөдөр би Сараа эгчийн шавь болчихсон явна. Хувь тохиол юм уу даа.
Эгч минь л анх тоглолт үзүүлж, намайг ингэж уруу татсан. Тэмцээн уралдаанд орох болоход намайг дагуулж явна, бүх юмыг минь бэлдэж өгнө. Одоогийнхоор бол миний менежер байсан юм уу даа. Нүүр будалт, хувцас хунар гээд бүх зүйлийг минь бэлдэж өгөөд тайзан дээр ингэж тэгж алхаарай гээд л зааж өгдөг байсан. Ийм байсан болохоор ч урлагт нэвт шувт орчихсон юм болов уу. Ер нь угаасаа л дуучин болох хувь заяатай байсан байх гэж боддог юм. Аав ээж хоёр минь ч намайг дуучин болохыг минь дэмжээд СУИС-д оруулж өгсөн. Ингэж сайхан дэмждэг гэр бүл, хамаатан садан минь байхгүй байсан бол би өнөөдөр өдий зэрэгт хүрч чадахгүй байх байсан биз.
–Зууны манлай дуучны шавь гэдгийг тань бүгд мэднэ. Багштайгаа анх хэрхэн холбогдож байсан бэ?
-“Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” тэмцээний шилдэг 13-т үлдэх үед Сараа эгч бидэнтэй уулзалт хийсэн юм. Багш тэр шоуг гэртээ үзэж байсан юм билээ. Тэгээд хүүхдүүдтэйгээ хоёр тал болж талцаад нэг хэсэг нь Маргад-Эрдэнийг нэг хэсэг нь намайг дэмжиж байсан гэсэн. Яахав тухайн үедээ намайг гайгүй дуулдаг хүүхэд юм даа гэж бодож байсан юм шиг байна лээ. Тэгээд гала тоглолтын үеэр миний дуулахыг сонсоод тайзны ард ирж, надтай гоё дотно яриа өрнүүлсэн. Би ч бас их сэргэлээн, утасных нь дугаарыг аваад үлдчихсэн. Тухайн үед оюутан байсан. Ганц хоёр дуу бичүүлчихсэн тэрийгээ сонсгож, зөвлөгөө авах гээд л утас руу нь залгаж, мессеж бичдэг байлаа. Аягүй их утасдуулсан. Тань шиг л дуучин болмоор байна гээд ярьдаг байлаа. Араас нь ч их гүйсэн. Тэгээд л 2007 онд Монголын бүх аймгуудаар аялан тоглолтоор явах үедээ намайг арын дуучнаараа сонгож авч явахаар болсон. Тэгээд л эхэлсэн дээ. 2007 оноос хойш гэхээр одоо бараг долоон жил өнгөрчээ. Багштайгаа Монголынхоо бүх аймгуудыг тойрч үзлээ, гаднын олон ч орноор хамт явсан. Багшийнхаа 70-аад тоглолтод хамтарч оролцсон байдаг юм билээ. Миний багын мөрөөдөл, бодол минь их хүчтэй энергитэй байснаас ч тэр үү, бурхан бид хоёрыг багш шавь болгочихсон юм уу гэж боддог юм.
–Ер нь Насаа их шаргуу зантай юм аа даа. Нэг, хоёр утсаар залгалаа, нөгөө хүн нь ярихгүй бол тэгээд л хүмүүс шантардаг шүү дээ?
-Багш маань “Насаа чинь анх бондойсон бандгар охин л над руу мессеж бичээд салдаггүй байсан” гэж одоо тоглоом шоглоом хийж бас ярьдаг юм. Арван мессеж бичихэд нь би ганц л хариу бичдэг байсан юм даа л гэдэг. Тэгэхээр би их шаргуу. Өөрийнхөө хийх гэж байгаа зүйлд эзэн болохгүй бол хэн эзэн суух юм. Энэ мэргэжилдээ хайртай болохоор хэдий хэцүү шантармаар санагдсан ч гэсэн хичээхээс өөр яахав. Нэг хэсэг ч дуулах хэцүү юм байна. Больдог ч юм билүү гэж бодож байсан ч гэсэн чадаагүй. Эргээд л дуулаад эхэлдэг юм билээ. Дуучин болох хувь заяа тэр бүр хүнд олддоггүй байх. Их сайхан буянтай мэргэжил гэж боддог. Мэргэжлийнхээ буянаар Монгол төдийгүй дэлхийн олон оронд очиж үзэж, олон сайхан хүмүүстэй уулзсан. Дандаа хүмүүст аз жаргал, баяр хөөрийг мэдрүүлдэг. Ер нь дуучин гэдэг чинь гоё мэргэжил шүү дээ.
–Багшийнхаа талаар ярихгүй юу. Дуучин Б.Сарантуяаг сайн танихгүй хүмүүс бол нэг их сайхан, найрсаг зантай гэж лав төсөөлдөггүй байх?
-Яахав хүмүүс нэр хүндтэй хүн болохоор нь сүрддэг байж магадгүй. Яг тулаад харьцвал хүнийг их сайн ойлгодог, сайхан сэтгэлтэй хүн шүү дээ. Хааяа бид хоёр чинь эгч дүүс, найз охидууд, бүр миний ээж шиг байдаг. Ажил хэргийн хувьд бол мэдээж яг таг. Угаасаа миний амьдралын зарчимтай ч энэ зан нь их таардаг юм. Ажлаа яс хийдэг. Мундаг эмэгтэй л гэж би хэлнэ. Энэ бүх цомог, аялан тоглолтын ард гарч, хорь гаруй жил дуулна гэдэг маш их тэвчээр, хатуужил, хөдөлмөр шаардана. Үнэхээр хөдөлмөрч эмэгтэй дээ.
–Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчлөе. Арван жилийн дараах амьдралаа төсөөлбөл?
-Сайхан гэр бүл, хань, үр хүүхэдтэй болчихсон байх болов уу. Хувийн амьдралаас гадна ажил мэргэжилдээ ч одоо байгаагаасаа илүү амжилтад хүрсэн, байр сууриа бат олсон байна даа.
–Гэр бүл төлөвлөж байгаа юу?
-Тийм ээ. Энэ тоглолтоо хийчихээд л 2015 оноос хувийн амьдралдаа анхаарч эхэлнэ гэж төлөвлөж байгаа.
–Найз залуутай бил үү?
-Одоогоор найз залуу байхгүй ээ. Хувийн амьдралын минь төлөвлөгөө нууц байсан нь дээр байх./инээв./
–Залуу хүний хувьд залуусыг ямар өнцгөөс харж байна вэ?
-Зарим залуус бол үнэхээр мундаг байна. Гадны орнуудаар явж байхад тэнд манай залуучууд суралцахын зэрэгцээ ажил хийгээд мөнгө олоод амьдралын төлөө тэмцэж байгаа дүр зураг харагддаг. Яахав чинээлэг айлын хүүхдүүд бол мэдээж байгаа л даа. Ер нь л залуус маань их хөгжингүй болжээ. Энэ жаахан хүүхдүүдийг ажиглаад байхад их айхтар, авьяастай болсон ч юм шиг.
Мөн нэг их хийж гавьсан зүйлгүй зүгээр л урсгалаараа яваад байгаа залуус бас ажиглагдаж юм. Уг нь залуус маань хамгийн түрүүнд өөрийгөө хэн болох вэ гэдгийг тодорхойлоод, өөрийгөө таньж мэдээд, зорилготой амьдарвал гоё шүү дээ. Зорилгоо зөв тодорхойлчихоод сурах сургуулиа сонговол илүү амжилтад хүрэх магадлалтай. Тэгэхгүй бол сураад ч байгаа юм шиг үгүй ч юм шиг явж байгаа оюутнууд олон байдаг. Хайран сайхан цаг хугацааг ингэж дэмий өнгөрөөх харамсалтай биз дээ. Залуу нас гэдэг дахиж олдохгүй.
Миний үеийн залуусын эрин тун удахгүй ирэх гэж байна. Тэгэхээр дор бүрнээ л хичээх цаг нь болсон болов уу.
Сүүлийн үед энэ улс төр чинь ямар сонин байгаа билээ дээ. Би бүр арай ч дээ гэж бодох юм. Монгол Улсын эдийн засаг нойл заачихсан юм биш үү. Улс төр ярьдаг нь би биш л дээ. Гэхдээ иргэн хүнийхээ хувьд өөрийн эрхгүй эмзэглээд, бухимдаад байна. Өөрчлөлт шинэчлэлт хийхгүй бол болохгүй болчихжээ. Аль ч салбарт адилхан. Манайх спортын салбараа их дэмждэг болсон. Энэ нь ч зөв. Болж өгвөл урлагийн салбараа ч бас дэмждэг болмоор байна. Дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд оролцоод улсынхаа нэрийг гаргаад ирж байгаа мундаг дуучид олон байна. Тэднийгээ дэмжээсэй гэж хүсч байна даа.
–Насаа гоо сайхандаа хэрхэн анхаарч байна вэ. Улам л тураад, гоолиг болоод байх шиг?
-Харин хүмүүс яаж ингэж турав. Турсан нууцаасаа хуваалцаач гэж их асуудаг юм. Би турах гэж тэгтлээ хичээсэн юм бол байхгүй. Яг үнэндээ хүн завгүй байгаад ирэхээр аяндаа л турдаг юм билээ. Тухтай сууж хооллох зав ч надад бараг гардаггүй байсан. Тэгээд л турсан. Гэхдээ гэнэт биш жилээс жилд бага багаар л жин хассан. Хамгийн гол нь хүн эрүүл л байх ёстой. Турах гэж байна гээд охидууд минь өлсч, эрүүл мэндээ алдаж болохгүй. Алхах ч юм уу, фитнесст явж болно шүү дээ.
–Гоо сайхны хагалгааны талаар ямар бодолтой явдаг вэ?
-Үнэхээр шаардлагатай бол яагаад болохгүй гэж. Гэхдээ хэтэрхий их хагалгаа хийлгэвэл хэцүү байх. Надад бол яг одоогоор өөрийгөө өөрчлөх хүсэл алга. Хүссэн хэмжээндээ хүртэл турчихлаа. Турчихлаар чинь хүн ер нь их гоё болдог юм байна. Би өнөөдөр өөртөө сэтгэл хангалуун байна.
Хөгшин залуу гэлтгүй манайхан хөдөлгөөнтэй байж эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.
–Хувцаслалт, брэндийн талаар?
-Шүтдэг дуучдаа хараад л таалагдсан стилиэрээ хувцасладаг. Үнэтэй, чанартай брэнд мэдээж гоё л доо. Гэхдээ миний хувьд брэнд хөөдөггүй. Үнэхээр таалагдвал брэндийн хувцас, эд зүйлс худалдаж авдаг. Бас хааяа хямдхан ч гэсэн биед эвтэйхэн хувцас өмсөөд явахад гоё байдаг. Надад тэгж брэнд хөөх амбиц байхгүй.
–Ямар бэлгэнд дуртай вэ?
-Би тийм ч олон удаа цэцэг авч байгаагүй санагдаж байна. Хайртай хүнтэй болчихоод. Түүнээсээ нээх гоё цэцэг авч л үзмээр байна.
–Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа?
-Баярлалаа.
Эх сурвалж: mass.mn