Яруу найрагч С.Оюунтөгстэй ярилцлаа.
-Уран бүтээлийн олз омог ихтэй юү. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлээд гэртээ байхдаа өдөр бүхэн уран бүтээлийн олзтой байдаг гэсэн үг бий. Хүүхэд гэдэг гэгээн ертөнц болохоор өдөр бүхэн сэтгэлд соньхон мэдрэмж төрүүлнэ биз?
-Энэ он миний хувьд уран бүтээлийн олзоор дүүрэн жил байлаа. “Цаг хугацаагаар наадагч” нэртэй өгүүллэг, туужийн номоо гаргасан. Саяхан л ганц сайхан өгүүллэг гэж тоогдох юм биччихвэл үхсэн ч яахав гэж хорхойсч явлаа. Анхны өгүүллэгүүдрийг маань уншигчид таашаан хүлээн авч, 2009 онд “Намрыг хүлээхүй” нэртэй шүлгийн номтой хамт “Бүгээн чулуу” нэртэй өгүүлэгийн ном гаргаж байсан. Энэ их хорхойсол, хүсэл минь нэг л мэдэхэд тууж бичүүлсэн. Тэгэхээр олзтой байсан гэж хэлэхээс өөр яах вэ. Хүүхэд бол хүний амьдралд шинэ бүхнийг авчирдаг гайхалтай ертөнц юм байна. Эх хүн болоод учиргүй уран бүтээл хийгээд байгаа юм одоохондоо байхгүй ч, жүжиг, кино гэдэг ч юм уу, илүү том уран бүтээл хийх, ямар нэгэн их зүйлийг хүслийг надад төрүүлдэг боллоо. Эмэгтэй хүн ээж болохоороо дотроосоо өөрчлөгдөж, сэтгэл мэдрэхүйн ертөнц тэр чигээрээ шинэчлэгддэг шиг санагдсан. Илүү өгөөмөр, илүү шинэ, илүү эрч хүчээр дүүрэн болдог. Миний үзэл бодол, амьдралын зорилго, дотоод сэрэхүйг тэр чигээр нь өөрчилж байгааг би цаг, минут бүрт мэдэрч байна. Энэ нь илүү сайхан зүйлсийг бүтээх хүслийг ундрааж, миний дараагийн уран бүтээлд тусгалаа олох болов уу гэж харж, хүлээж байгаа.
-Хамгийн сүүлд гаргасан “Цаг хугацаагаар наадагч” номыг тань уншиж байхдаа зарим өгүүллэгт нь уусаад нэг л харь ертөнцөд очих шиг эсвэл өөрөө өөрийгөө тэс хөндлөнгөөс хармаар ч юм шиг сэтгэгдэл төрж байсан шүү?
-Тийм үү. Хүн, хүнд янз янзын л мэдрэмж, сэтгэгдэл төрүүлж байгаа байх. Миний номыг уншсан хүмүүсээс “Яагаад” гэдэг асуултыг би багагүй сонссон. Тэгэхээр миний номын хэрэг бүтэж байгаа юм шиг санагдаж байна. Асуулт үлдээх, нууцыг бүтээх бол урлаг уран зохиолын гол зорилго биз дээ. Хэрэв тийм сэтгэгдэл төрж байгаа бол би баярлах л байна.
-Өгүүллэг бүхэн тань ямар нэгэн болсон явдлаас сэдэвлэсэн үү эсвэл зүгээр л санаанаас тань ургаж бичигддэг үү. Зарим өгүүллэг тань яг л зүүдлээд түүнийгээ чимэг хачиргүй бичсэн ч юм шиг. Эсвэл хэн нэгэн таны чихэнд өөрт тохиолдсон явдлаа шивнэж, түүнийг нь та цаасанд буулгасан юм шиг санагдаад байсан?
-Надад хэн нэгэн шивнээд гэдэг үг чинь ойр санагдаж байна. Гэхдээ нэгэн хүн биш л дээ. Би яруу найраг бичдэг хүн. Хэд хэдэн шүлгийн номтой. Шүлэг, өгүүллэг хоёр бол тэс өөр ертөнц юм билээ. Үүнийг би шүлэг, өгүүллэгийн ном хамт гаргаж байхдаа мэдэрсэн. Хар үгээр бол шүлгийг тэнгэрээр явж бичдэг бол өгүүллэгийг газарт лавтай сайн гишгэж байж бичдэг. Нэгэн зэрэг хоёр өөр төрлөөр ном бичиж гаргана гэдэг ч амаргүй юм байдаг юм билээ. Гэхдээ надад шүлэг төрдөг шиг, өгүүллэгүүд төрсөн. Бүгд л хэзээ нэг өдөр санаанд байсан сэрэхүйд торон үлдсэн үрүүд миний оюун бодолд үндэслэсээр төрсөн байх. Заримдаа би надад энэ бүхнийг хаанаас хэн шивнээд би биччихэв гэж боддог юм.
-Удахгүй шинэ жил болно. Шинэ жил болж, цас бударч, элдэв чимгээ дааж ядсан гацуур моддыг өнгө өнгийн гэрлээр чимж, оргилуун дарс буудуулж, хүүхнүүд хамаг байдгаараа гоён хөгжилддөг. Харин надад яагаад ч юм тэр үед бүх хүн маргааш гэж байхгүй, амжиж баярлаж авах гээд шунан дурлаж, баярлаж байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд байдаг юм. Харин таны хувьд?
-Шинэ жил гэхээр мэдээж сэтгэл хөдөлдөг. Нэг л романтик сайхан баяр. Тэр баярт бэлдэж, догдолж, дэлгүүрээр хэсч, гос сайхан зүйлсийг харж, авч, тэр чигээрээ баяр. Он гарахад л баярлаж байгаа юм биш шүү дээ. Тэр хүртэл бүх өдөр баяр байдаг. Нэг л сайхан. Нэг тийм шүлэг шиг санагддаг. Надад тэр бүгдийг мэдрэх л сайхан байдаг. Тэгээд л бол оо…
-Цаг үе бүхэнд өөрийн ололт хийгээд давуу тал байдаг. Бидний амьдарч байгаа нийгмийн ололт хийгээд давуу тал нь юу вэ?
-Ололт нь хүн өөрийнхөө хүсч байгааг хийх бүрэн дүүрэн боломж бидэнд байгаа нь хамгийн сайхан. Өөрөө хичээвэл бүх боломж бидний өмнө байна. Энэ нийгмийн хамгийн сайхан нь энэ. Энэ ололт гэж нэрлээд байгаа зүйлээ олж хараад, олон сайхан боломжуудыг нээж амьдрах хэрэгтэй байх. Давуу тал гэвэл, энэ нийгмийн давуу тал гэхээр надад нэг л бууж өгөхгүй байх чинь. Бас л хэн ч, юу ч хийх боломж байгаа нь давуу тал байж болох юм.
-Уран бүтээлч хүн шашинлаг байдаг гэсэн үг бий. Бөө мөргөл заримдаа далд ертөнцөд хамгийн ойрхон юм шиг санагддаг. Таны уран бүтээлийн зарим нэг өгүүлэмж яг л тийм ертөнцийг нээх гэж оролдсон юм шиг санагдлаа?
-Нээх гэж оролдох гэхээсээ илүү тэр далд ертөнц, далд ухамсраас ирсэн зүйлүүд уран бүтээлд их байдаг байх. Би бол өөрийгөө шашин шүтдэггүй гэж хэлнэ. Харин бурханы шашны гэдэг ч юм уу буддын философи, сургаал, үнэт санаануудыг сонирхохгүй, итгэж үнэмшихгүй байхын аргагүй. Сайхан байдаг шүү дээ. Буддын сургаалуудын тэр сайхан үнэт санаа, үнэн үгнүүдийг уншиж, оюун санаагаа тэр сайхан зүйлсээр тэжээж, тэр нь миний оюун ухаан, сэрэл мэдрэхүйд шингэн миний өмнө илүү сайхан зүйлсийг нээж өгдөг. Энэ бол гайхамшиг биз дээ. Оюуны цэнгэл эдэлнэ гэж үг байдаг даа. Бурхан бол та өөрөө гэдэг энгийн хэрнээ утга гүн үгийг би олон жил бодож, нөгөө далд ухамсар маань боловсруулж явсаар нэг л өдөр “Аа…” энэ байна шүү дээ гэж уулга алдах, эсвэл “пөөх…” энэ чинь ерөөсөө ийм л үг юм байна шүү дээ гэж ухаарах хүртэл хүний ухаан, сэтгэхүй ажилласаар л байдаг байх нь. Үүнд л юм унших, бодохын гол учир байдаг байх. Оюун ухаанаараа өөрөө аливааг нээх. Тэр бол тэр юм гэж уншаад л болчихвол хүний оюун ухаан хөгжихгүй биз дээ.
-Бид шинжлэх ухаан, нийгмийн байгууламж, материаллаг ахуйн хувьд дэвшингүй хөгжиж байгаа ч оюун ухааны сүнслэг байдлаасаа улам холдож байна гэсэн өгүүлбэрийг хаа нэгтээгээс би уншаад юу билээ гэж бодож байсан. Бас үнэн ч юм шиг санагдсан?
-Соёл иргэншлийн хортой тал нь гэмээр юм уу даа. Бид хүн төрөлхтөн өөрсдийнхөө бүтээж байгаа материаллаг ертөнцөд амьдарч байгаа. Бүгдийг хүн оюун ухаанаараа бүтээдэг. Гэхдээ эргээд түүндээ төөрч, тэр зүйлсээрээ дарлуулж амьдрах хэрэггүй байх Үүнд бас л хүний өөрийнх нь оюуны бяд, сэтгэлгээ хэрэгтэй болж байна. Материаллаг зүйлсэд дарлуулж амьдрах уу, эсвэл хүн өөрөө тэр бүгдийг захирч амьдрах уу гэдэг бол сонголт. Хүмүүс аливаа зүйлсийг гаднаас хайдаг болсон нь энэ төөрөгдлийн эх байх. Бүх зүйл хүний өөрийнх нь дотор бий. Тэндээс л бүх зүйл хамаарч байдаг. Та мөнгө хараад баярлах уу, цэцэг хараад баярлах уу гэдэг чинь таны л дотоод сэтгэхүйтэй холбоотой. Тэр зүйлээс л холдоод байгаа учраас юм бүхэн хэцүү, бухимдалтай, түвэгтэй санагдаж байгаа юм. Мөнгийг хэрэгцээ гэж итгэдэг, цэцэг бол харин бидний амьдралд баяр баясгалан авчирдаг ид шидтэй эд гэж ухаардаг бол бүх зүйл өөр байна.
-Цаг үе хөгжихийн хэрээр хүүхдийн тоглох тоглоом, сонирхол ч өөр болж. Хөдөө мал хариулж, даагатай ноцолдож өссөн хүүхэд, хотод өссөн хүүхэд хоёрын сэтгэхүй их өөр. Хотод өссөн хүүхдийн сэтгэхүй материаллаг сонирхол нь давамгайлсан, харин хөдөө өссөн хүүхдийн хувьд байгальтай ойр болохоор сүнслэг ч юм шиг?
-Сэтгэхүй өөр биш байх. Ахуйгаас л болж байгаа байх. Хот, хөдөөгийн ахуй тэс өөр шүү дээ. Хөдөө бол уул тал, цэцэг навч, мал ахуйтай ойр өсдөг Тэгэхээр ийм орчинд өссөн хүн тэр бүгдийг хайрлах, хүсэмжлэх сэтгэлтэй байдаг. Хөдөө очихоороо сэтгэл нь онгойж, нүд нь тэнийдэг Хотод өссөн хүүхэд мал ахуй уул тал харахыг хүсээд байхгүй байлгүй. Монгол ахуй мэддэг хүмүүс хөдөөнөөс л ирдэг. Энэ үнэн шүү дээ. Монгол сэтгэхүйтэй байдаг. Ядаж л монгол эр хүн чинь хүүхдийнхээ морь болж тоглодог. Монгол ээж чинь хүүхдээ цогихоор нь “чүү, чүү” гэдэг. Би хүүхдээ цогихоор нь “чүү, чүү” гэж тоглодог Тэгээд хотын хүмүүс хүүхдээ цогихоор ингэдэг болов уу, үгүй болов уу гэж саяхан бодож байсан юм байна.
-Эмэгтэй хүн уран бүтээлч байна гэдэг их сорилт, ханиас нь их тэвчээр шаардах хувь заяа юм шиг санагддаг?
-Уран бүтээл хийх амархан, уран бүтээлч байх хэцүү гэж багш маань хэлсэн байдаг. Үнэн юм байна. Ядаж л үр хүүхэд, хань ижлээсээ өөрийгөө харамлах сэтгэлтэй ээжтэй, эхнэртэй байна гэдэг амаргүй байх нь мэдээж. Гэхдээ би нөхрөөрөө жишээлээд хараад байхад, тэвчээр биш сэтгэл л байдаг шиг байна. Хайртай хүнийхээ хүсэл сонирхлыг хүндлэх, дэмжих гэсэн тэр сайхан сэтгэл. Миний нөхөр СУИС-ийг төгссөн дуулаач мэргэжилтэй хүн. Урлаг, уран сайхны ертөнцийг надаас сайн мэднэ. Мэднэ гээд ингэдэг тэгдэг гэж хэлж зааж болдоггүй эд шүү дээ, урлагийн амьдрал гэдэг. Тэр сайхан сэтгэл нь надад их ээл болж байдаг. Надаас илүү миний уран бүтээлд санаа тавьдаг хүн дээ. Яагаад бичихгүй байна гээд л… Ийм сайхан дэмжлэг, хайр байж байхад уран бүтээл улам л ундрах байлгүй дээ. Гол нь уран бүтээлч хүний өөрийнх нь дахин дахин шинээр нээж чадах чадамж, сөхөөрч чадах ухаан л хэрэгтэй байдаг шиг байна.
-Таныг амьдралынхаа хамгийн гэгээлэг хормыг хэлээ ч гэвэл?
-Би оюутан байхдаа гэр, сургууль, номын сан гурвын хооронд амьдардаг байсан. Бодит амьдралаас, амьдралын түмэн асуудлаас их хол. Дотоод сэтгэлийн хувьд ч, амьдрал дээр ч тэр. Оюутнууд шуугилдаад л найзлаад л, ирж очоод л гүйж байдаг. Харин би гэр, сургууль, номын сан гурвын дунд амьдарч байсан. Энэ бол үнэхээр гэгээлэг үе байсан. Надад ч их зүйлийг өгсөн цаг мөчүүд байсан даа.
-Үг гэдэг их шидийг агуулдаг. Зарим бичсэн өгүүллэгээ дараа нь уншаад миний амьдралд биелчих вий гэсэн айдас төрөх үе байдаг уу?
-Байдаг шүү. Яагаад гэвэл би яруу найрагчдыг зөнтэй хүмүүс гэдэг. Би өөрөө багагүй зөнтэй хүн. Гэхдээ миний бүтээл хүний сэтгэл санааны амьдрал, тэмцэл, эрх чөлөө сэрэхүйн тухай байдаг. Тийм болохоор санаа зовох илүүц юм шиг санагддаг.
Д.ЛХАГВА-ОЧИР