Дугуйн спортын ОУХМ Түвшинжаргалын Энхжаргалтай ярилцлаа. Тэрбээр Монголын дугуйн спортын түүхэнд шинэ хуудас нэмж, Энэтхэгийн Нью Дели хотод болсон 2013 оны Азийн АШТ-ээс 56 жил хүсэн хүлээсэн алтан медаль хүртсэн юм.
-Таныг олж уулзахад амаргүй байлаа. Бэлтгэл сургуулилалт гээд үргэлж ийм завгүй байдаг уу?
-Та бэлтгэлийн ид үеэр залгаж таарлаа.
-Ямар тэмцээнд оролцохоор бэлтгэж байна вэ?
-Удахгүй БНХАУ-д дугуйн олон өдрийн уралдаан болно. Би уг нь оролцохоор бэлтгэж байсан л даа. Гэхдээ энэ удаа өнжиж, ирэх хоёрдугаар сард болох ААШТ-д оролцохоор бэлтгэл сургуулилалтаа үргэлжлүүлж байна.
-ААШТ-д арай илүү анхаарч байна уу?
-Тэгж ойлгож болно. Энэ удаагийн ААШТ-ээс алтан медаль хүртвэл 2016 оны олимпийн наадмын эрхийг шууд хүртэх юм. Тэгэхээр энэ тэмцээнд илүү анхаарал хандуулах нь ойлгомжтой.
-Өнгөрсөн тавдугаар сард ААШТ-ээс хүртсэн хүрэл медаль олимпийн эрхийн оноонд нөлөөлөх үү?
-Их бага хэмжээгээр нөлөөлнө.
-Бэлтгэл сургуулилалтаа гадаа хийж байна уу?
-Тэгэхээс өөр арга байхгүй. Манай дугуйчид бэлтгэл сургуулилалтаа гурваас аравдугаар сар хүртэлх долоон сарын хугацаанд засмал зам дээр хийдэг. Харин хэд хоногийн өмнөөс дотор зааланд хүчний бэлтгэл хийж эхэлсэн.
-Ингэхэд та дугуйн спортоор хэдэн жил хичээллэж байна вэ?
-Дугуйн спортоор хичээллээд яг хоёр жил гаруй болж байна. Өмнө нь триатлон, усан спортоор хичээллэдэг байсан. 16-тайдаа Н.Наранбат багшийн шавь болж, триатлоноор хоёр жил орчим хичээллэсэн юм. Улмаар 2010 онд Сингапурт болсон өсвөр үеийнхний олимпийн анхдугаар наадмын эрх авсан. Хэдийгээр том амжилт үзүүлээгүй ч Азийн АШТ-нд тавдугаар байр эзэлж, Хүүхдийн олимпод оролцох эрх авч байсан. Түүнээс хойш спортоос нэг хэсэг хөндийрөөд бэлтгэлээ орхисон доо.
-Хэдэн жил?
-Бараг хоёр жил орчим байх аа. Спортоо орхихоор санаа шулуудаад байтал дугуйн спортын ОУХМ Б.Болд-Эрдэнэ ах над руу залгасан. “Чи дугуйн спортоор хичээллэх үү” гэж асуухаар зөвшөөрсөн. Т.Даваатогтох багшийн шавь болсон. Тэгсэн багш маань нэг өдөр “За, Энхжаргал аа, чи энэ спортоор тууштай хичээллээд амжилт гаргаж чадах уу. Би чамайг маш өндөр түвшинд бэлтгэж чадна. Тив дэлхий, олимпийн аварга болгож чадна” гэсэн. Тухайн үед багшийн ярьсан нь инээдтэй, биелшгүй, мөрөөдөл мэт санагдаж билээ. Надад ААШТ, олон улсын тэмцээн бүү хэл УАШТ-д түрүүлэх нь үнэхээр хол санагдаж байсан. Гэхдээ багш маань надад анхнаасаа маш их итгэл үзүүлсэн. Миний багшид тамирчин, спортын хүнд байх ёстой нэг гайхамшигтай чанар байдаг юм. Нэг нууцыг дэлгэхэд багш намайг анх хараад их голж байсан гэдэг.
-Юу гэж?
-Туранхай, намхан энэ охин амжилт гаргах болов уу хэмээн бодсон гэдэг. Намайг дагуулж Өвөрхангай, Дарханы замд өдөр бүр бэлтгэл хийлгэдэг байлаа. Тэгээд “Бэлтгэлийн ачаалал даах чадвартай, их махруу хүүхэд байна. Ерөөсөө энэ хүүхдийг шавиа болгоё” гэж бодсон юм билээ. Би Даваатогтох багшийн унаган шавь нь. Үүгээрээ их бахархдаг.
-Дугуйн спортын давуу болон бэрхшээлтэй тал нь юу вэ?
-Триатлон бол усанд сэлэлт, гүйлт, дугуйн спортын нийлбэр. Усан спортоор хичээллэхэд хэвтээ байрлалаар өөрийнхөө бие эрхтэнд ачаалал өгдөг. Харин дугуйн спортоор хагас босоо байрлалаар хичээллэдэг. Хэвтээ байрлалаас хагас босоо, босоо байрлалд шилжих, их хэцүү байсан. Триатлоны спорт тамирчин хүнээс дасан зохицох чадвар их шаарддагаараа бусад спортоос онцлогтой. Их юм сурлаа. Цаашид ч суралцах зүйл олон. Эмэгтэй хүнд дугуйн спорт маш хэцүү. Ядаж л байгалиасаа гэх юм уу даа техниктэй харьцах чадвар тааруу байдаг. Мөн холын бэлтгэл их хийдэг. Бид өдөрт дунджаар 100-150 км замд бэлтгэл хийж байна. Ийм бэлтгэлийн үед хамтрагч байх хэрэгтэй. Ганцаараа холын бэлтгэлд гарах үнэхээр хүндрэлтэй.
-Цуваа болон бөөн гараатай уралдаан ямар ялгаатай вэ?
-Цуваа гараатай уралдаанд дан ганц өөрийнхөө хүчээр уралддаг. Тамирчид гараанаас нэг, нэг минутын зайтай гарч уралддаг болохоор хүний салхинд сууж амарна, хүчээ нөөж байгаад хүчээ шавхах ойлголт үгүй. Харин бөөн гараатай уралдаанд толгойгоо сайн ажиллуулж чадвал тавин хувийн хүчээр амжилт үзүүлж болно. Ингэхийн тулд тамирчин хүнд маш их туршлага хэрэгтэй.
-Инчёны Азийн наадмаас таныг нэг юм дуулгана хэмээн олон хүн харж байсан…?
-Тэмцээний өмнөх сорил, бэлтгэлийн үр дүнгээс харж байхад медаль хүртэх боломжтой байсан. Гэхдээ бүх зүйл миний хүссэнээр болох биш. Саяын ялагдал багш бид хоёрт их зүйл ойлгуулсан. Хүн алдаа л биз, нэг ялагдаа л биз. Тэгэхэд зарим хүн миний сэтгэл хүнд байгааг ойлгохын оронд хөндлөнгөөс ямар эвгүй зан гаргаж байна вэ.
-Би Инчёны наадам сурвалжилж байхдаа таныг замаасаа гарахыг харсан юм. Та толгойн хэсэгт явж байсан ч нэг мэдэхэд гарчихсан. Тэгэхэд яг юу болсон бэ?
-Би уралдааны явцад хоёр салаа замын наагуур нь, нэг ёсондоо буруу замаар ороод баларчихсан хүн. Уг нь зохион байгуулагчид уралдаан эхэлмэгц бүх замыг хааж, зөвхөн уралдах замын гарцыг л нээх ёстой. Гэвч сая тэгсэнгүй. Зөвхөн солонгосчуудад буруу өгч болохгүй юм. Би уралдааны өмнөх өдөр нь замтайгаа танилцсан хэрнээ буруугаар нь орчихсон.
-Харамсалтай зүйл дахиад тохиолдохгүй байх болтугай. Таны дугуй их гоё юм билээ. Таны одоо дугуй хэр үнэтэй вэ?
-Намайг өнгөрсөн жилийн ДАШТ-д явахын өмнө “Бодь” группээс 10 мянган ам.долларын дугуй бэлэглэсэн юм. Энэ дашрамд “Бодь” группийн хамт олон баярласнаа дахин илэрхийлмээр байна. Багш бид хоёр ААШТ-д оролцохын тулд бусад хөгжилтэй орны тамирчдаас дутахгүй хэрэгсэл АНУ-аас захиж авчруулсан. Миний одоо унаж байгаа дугуй 5000, цуваанд зориулсан каск л гэхэд 500 ам.долларын үнэтэй. Багш маань энэ унадаг дугуйг надад авч өгөхийн тулд өөрийнхөө машиныг худалдсан. Мэргэжлийн дугуйчдын хэрэглэл материал гар утас шиг өдрөөс өдөрт өөрчлөгдөж шинэчлэгдэж байна.
-2016 оны олимпийн наадмын тухай юу хэлэх вэ?
-Энэ бол багш бид хоёрын урдаа тавьсан том зорилгын зөвхөн эхлэл. Магадгүй хүмүүс биднийг үүнээс цааш амжилт үзүүлэхгүй гэж бодож байж болох юм. Харин энэ бол зөвхөн эхлэл.
-Төр засгаас дугуйчдыг хэр харж үздэг вэ?
-Дугуйн спорт топ гэгддэг тэр жүдо, чөлөөт бөх, боксын дэргэд хангамж, халамжаар хол дутуу. Харин гаргасан амжилт гэж яривал холгүй. Манай дугуйчид олон улсын тэмцээн уралдаанд өөрсдийн зардлаар оролцдог. Гэсэн ч топ спортуудаас дутахгүй амжилт гаргаж байна. Намайг Азийн аварга болоход улсаас 10 сая төгрөг өгсөн. Харин “ААШТ-ээс медаль авсан тамирчдад мөнгөн урамшуулал олгохгүй” гэсэн тогтоол энэ жил гарчихаж. Ингэж болохгүй биз дээ. Улс төсвөө хэмнэж болно. Гэхдээ спортыг алагчилж болохгүй юм. Би энэ тал дээр их гомдолтой байгаа.
-Та Монголын дугуйчдын 50 гаруй жил хүлээсэн алтан медалийг өнгөрсөн жил авчирсан. Тэр мөчид юу бодогдсон бэ?
-Үнэндээ өөрөө ч итгээгүй. Багш маань намайг бэлтгэл хийж байхдаа “Миний охин сайн байгаа. Хоёулаа ААШТ-ээс алтан медаль авна” гэж байсан. Тэгэхэд нь би нэг их баярлаж, догдлоогүй. Олон улсын тэмцээнд анх удаа оролцох гэж байхад чинь багш юун сүртэй юм бэ дээ гэж бодож байсан. Би багшдаа тэмцээн эхлэх гэж байхад ингэж хэлсэн юм. “Багш аа, та намайг ямар ч амжилт үзүүлсэн битгий чамлаарай. Барианд орж ирэх үед хэддүгээр байрт шалгарсан байсан ч “Миний охин чадах бүхнээ гаргалаа. Өөрийгөө үнэхээр дайчилж, чадлаа. Чадахаараа уралдсан шүү” гэх үгийг л би танаас сонсмоор байна. Энэ л надад хангалттай” гэж хэлж байсан юм. Тэгээд би барианд орж ирээд багшаасаа “Би сайн уралдсан уу” гэж асуусан. “Өө миний охин ёстой сайн уралдлаа” гэсэн. Тэр үг надад хангалттай байсан болохоор түрүүлчихлээ, алтан медаль авчихлаа гэж бодоогүй. Тэгээд барианы зурвас руу эргээд харсан чинь манайхан бүгд баярлачихсан байсан. Хэдийгээр томчууд ч гэсэн яг хүүхэд шиг хөөрсөөр л. Гэхдээ тэр бүхнээс багшийнхаа тэгтлээ баярлаж байхыг харах л үнэхээр сайхан байсан.
-Манайд зориулалтын дугуйн зам байддаггүй нь дутагдалтай санагддаг. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Бид аль болох эвдрэл, нүх багатай зам дээр бэлтгэл хийдэг. Манайд замын асуудал үнэхээр хэцүү байна. Тиймээс дугуйн зам үнэхээр хэрэгтэй байна. Дугуйн шинэ замтай болчихвол ганц би биш хүн бүр баярлана.
Эх сурвалж: "Спортын өнгө"