ОХУ-ын Буриад улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн багш, доктор, профессор Г.Батцэрэнтэй түүний уран бүтээл урлаг соёлын талаар ярилцлаа.
-Таныг сайн дуучин гэдгийг үзэгч, сонсогчид мэднэ. Дуучны замналаа хаанаас эхэлсэн бэ?
-Би анх1970 онд Дорнодын хөгжимт драмын театраас ажлынхаа гарааг эхэлж байлаа. Дараа нь Цэргийн ансамбльд дуучнаар ажиллаж байгаад Улсын багшийн дээд сургуульд суралцаж мэргэжлийн дуучин болсон. 1979-1990 он хүртэл Дуурь бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажилласан. Ийнхүү улсад44 дэх жилдээ ажиллаж байна. СУИС-д 1990 оноос багшилж эхэлсэн. Хорь гаруй жил дуулах урлагийг шавь нартаа эзэмшүүлэхээр хүчин зүтгэж явна даа.
-Мэргэжлийн дуулаачийн хувьд дуурийн олон дүр бүтээсэн үү?
-Сонгодог дуурьт олонтаа тоглож, бие даасан тоглолтуудаа хийж байсан. Д.Нацагдорж, Б.Дамдинсүрэн нарын“Учиртай гурван толгой” дуурийн худалдаачин, Д.Лувсаншаравын“Шивээ Хиагт” дуурийн Рааш, Ж.Пуччиний“Тоска” дуурийн Ризниччи, “Чио чио сан” дуурийн комиссар зэрэг Монголын болон дэлхийн сонгодог дууриудын 20-иод дүр бүтээж дээ. Түүнчлэн 1993 он, 1995 онд“Хабтагай сагаан Улз”, 2010 онд“Тал нутгийн аялгуу” зэрэг бие даасан тоглолт хийж байсан.
-Манайд урлагийн шүүмжлэгч бараг байдаггүй. Та урлаг судлаач хүний хувьд шүүмж бичдэг үү?
-Манайд урлагийн шүүмжлэгч үнэхээр дутмаг байна. Би бол зөвхөн урлаг судлаач л хүн. Шүүмжлэгч биш. Бичиж чадах ч үгүй. Манайд урлагийн шүүмжлэл хөгжихгүй байгаа нь түүнийг бичих уран чадварын хичээл гардаж заадаггүйтэй холбоотой. Манай сургуулийнхан дуу, кино театр, дуурь зэрэг урлагийн салбарын шүүмжлэлийн анги нээх талаар эрдмийн зөвлөлөөрөө ярьж байгаа. Шүүмж бол нэн тэргүүнд тавих ёстой зүйл л дээ. Дээхэн үед театр судлалаар Дашдондог гуайн шүүмжүүд гардаг байсан. Шүүмж судлалын хувьд үнэхээр удаашралтай байна. Дуучдаас эрдмийн зэрэг хамгаалсан хүн бараг байхгүй. Манай урлагийнхан анхнаасаа л бичих ур зүйд суралцаж, төлөвшөөгүй нь цаг үетэй холбоотой байх гэж боддог.
-“Сүүлийн үед соёл урлагийн чиглэлээр суралцаж байгаа залуус карьертаа их анхаарах болж. Сургуулиа төгсөөд хэдэн дуу дуулж, ганц тоглолт хийгээд соёлын тэргүүний ажилтан болчихож байна” гэх шүүмж нийгэмд байдаг. Энэ шагнал улам л үнэ цэнээ алдаад байх шиг. Та үүнийг юу гэж боддог вэ?
-Эмзэглэж явдаг сэдвийн нэг дээ. Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж гуай ДБЭТ-т ажиллаж байхдаа хөдөлмөрийн баатар хэмээх цол авсан. Гэтэл түүнээс хойш СУИС-д ирээд олон жил багшлаад Соёлын тэргүүний ажилтан цол авч байсан юм. Тэр үедээ маш их баярлаж, “Их үнэтэй шагнал юм” гэж ярьж байсан. Засгийн газраас өгч байгаа шагнал бол миний үеийнхний хувьд маш хүндтэй. Одоо мөнгөтэй л бол хэн ч хамаагүй шагнал авч, юу ч хийж, юунд ч хүрч болдог болж дээ. Энэ нь шагналын үнэ цэнийг алдагдуулж байна. Миний үед өөрөөр хэлбэл, социализмын үед хоёрдугаар курс төгсөөгүй бол тоглолтод дуулахыг зөвшөөрдөггүй байлаа. Өнөөдөр нийгмийн байдал өөрчлөгдсөн. Энэ нь юунаас мэдрэгдэж байна вэ гэхээр нэг хэсэг зогсонги байдалтай байсан ДБЭТ эргээд амь орж, хөгжиж эхэлж байна. Үүнтэй адил сургалт ч гэсэн сайжирч байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
-Урлаг судлалын төвшинг та хэрхэн тодорхойлох бол?
-Урлаг судлал, соёл судлал гэж хоёр том төрөл байдаг. Энэ нь бүх оронд ямар нэг хэлбэрээр хөгжиж байгаа, хөгжсөөр ч ирсэн. Манайд ардын урлагийн хөгжил нэлээд хоцрогдоод байгаа юм. Сонгодог урлаг тэртээ тэргүй хөгжөөд л явна. Даяаршлын эрин үе гэж яриад байгаа өнөө үед ядаж л монгол хэл, соёлоо мэдэхгүй хүүхдүүд өсч торниж байна. Тиймээс бидний түлхүү анхаарах зүйл бол хэл, соёл, ардын дуу, хуур, ёс заншил юм шүү дээ. Үүнийг сэргээхийн тулд“Алтаргана” гэж том наадмыг бидний хэсэг нөхөд санаачлан зохион байгуулсан юм. Үүнээс хойш ойрад, үзэмчин, барга зэрэг үндэстэн ястнууд өөрийн гэсэн наадмаа хийгээд эхэллээ. Энэ маш зөв зүйтэй алхам юм.
-Буриад зоны дунд зохиогддог “Алтаргана” наадам хэдийнэ хүчээ авчээ. Та шүүгчээр ажилладаг хүний хувьд сэтгэгдлээ яриач?
-“Алтаргана” наадмыг 1994 онд Хэнтий аймгийн Дадал сумаас эхлүүлснээс хойшхи 20 жилийн хугацаанд буриадын болон монголчуудын ухамсар, сэтгэлгээ, соёл, өв уламжлалаа сэргээн хөгжүүлэх чиг хандлагыг тодорхойлж, зохих нөлөө үзүүлж ирсэн. Иймд энэ түүх, нөлөөлөл, ач холбогдол, хойшдын хөгжлийн хандлагын талаар тусгайлан хэлэлцэж, “Алтаргана” наадмын түүхийг олон нийтэд үнэн зөвөөр ойлгуулах, таниулах, ач холбогдлыг нь өндөр өргөх шаардлага зүй ёсоор урган гарч байна. Даяаршлын эрин үед нүүдлийн соёл иргэншлийг хөгжүүлэхэд буриад монголчуудын оруулсан хувь нэмэр, түүх, угсаатан, хэл соёлын хөгжлийн чиг хандлага, даяаршиж буй дэлхий ертөнцөд өв уламжлал, соёл, ёс заншлаа хадгалан үлдэх талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж буй гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачдын бүтээлийг олон нийтийн хүртээл болгох, Их Монгол Улс, Чингис хааны түүхт газар нутаг, буриад түмний нүүдэллэн ирсэн дурсгалт газруудаар аялах, шинжлэн судлахад энэхүү наадмын гол зорилго оршдог юм. ‘’Алтаргана’’ наадам олон улсынxөдөлгөөн болж альxэдийнэ түгэн дэлгэрчээ. Олон гүрний буриад түмэн‘’Алтаргана’’ наадмаа ямар болоx болxэмээн үнэн сэтгэлээсээ санаа зовж битүүxэндээ хоёр жилийн турш бэлтгэн олон орны ард түмэн, төрөл садантайгаа уулзан учраx мөч, наадмынxаа нээлтийг тэсч яданxүлээдэг болсон. Дараагийнх нь 2016 онд Улаан-Үдэд болно.
-Саяхан та шинэ номынхоо нээлтийг хийсэн. Энэ номын онцлог юу вэ?
-Энэ номд ардын болон 1940-өөд оны эхээр зохиосон С.Гончигсумлаа гуайн“Чамайг үдье” хэмээх зохиолын дуунаас эхлээд өнөөдөр хит болоод байгаа дуу, сургалтад хэрэглэж буй ардын дуу, ари, романсууд багтсан. Урьд нь нотны программ гэж байхгүйгээс гар бичмэлээр л гардаг байсан. Энэ номыг“Sibel-ius” программ дээр хийсэн. Эхний курстээ оюутнууд ямар ч хөгжмийн мэдлэггүй орж ирдэг. Ер нь энэ номыг анхлан суралцагчдад зориулсан сурах бичиг гэж болно.
-Урьд нь ямар бүтээлүүд гаргаж байв?
-Анхны номоо1996 онд хэвлэлээс гаргасан. “Дуулахуй” нэртэй оюутнуудад зориулсан гарын авлага, дараа жил нь “Монголын буриад дуун”, 1998 онд “Алтаргана” гэсэн буриад ардын дууны хоёр түүвэр бүтээсэн. Мөн “Дуулах ур зүй-I, II”, “Вокализм”-“Дуулбар” дасгалын эмхэтгэл, “Монгол ардын дуу болон зохиолын дуу, ари, романсууд” зэрэг дуучин болон оюутнуудад зориулсан гарын авлага бүтээл туурвисан.
-Ойрын хугацаанд юу хийхээр зорьж байна вэ?
-“Монголын театрын түүх” гэсэн гурван боть ном гарна. Би зөвхөн хөгжимт жүжиг болон дуурийн үүсэл хөгжлийн талаар бичих үүрэг аваад ажиллаж байна.
Ц.Заяа