Энэ удаагийн “Урлаг” буландаа УДБЭТ-ын концермейстр Б.Алуунгоог урилаа. Тэрбээр УДБЭТ-ын удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэхийн охин аж.
-Өөрийгөө танилцуулна уу?
-Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид 1993 онд элсэж, 2004 онд Москвагийн Гнесиний нэрэмжит Хөгжмийн академид суралцан 2010 онд төгссөн. 2012 он хүртэл мэргэжлээ дээшлүүлээд, УДБЭТ-т концертмейстрээр ажиллаж байна. Гавьяат жүжигчин, дуучин Д.Бандийн гэргий, Маргарита Николаевна Григорьева бол миний анхны багш.
-Хөгжимчин, балетчин болохын тулд багаасаа хичээллэдэг тул өөрөө мэргэжлээ сонгохоос илүү эцэг, эх нь анх суурийг нь тавьдаг. Танай гэрийнхэн төгөлдөр хуурч болгосон уу, эсвэл өөрөө сонгосон уу?
-Манай аав УДБЭТ-ын удирдаач, ээж ХБК-ийн шударга хөгжмийн багш, том ах төгөлдөр хуурч, бага ах “Алтан ураг” хамтлагийн морин хуурч. Би цэцэрлэгт байхаасаа л ээж, аавтай тоглолт үзэн, ажил дээр нь очдог байсан нь төгөлдөр хуурч болох хүсэл төрүүлсэн болов уу. Гэр бүлээрээ урлагийнх болохоор ээж намайг хөгжимчин болгохгүй гэж боддог байсан юм билээ. Гэтэл би зүтгэсээр байгаад ХБК-ийн элсэлт дууссан хойно шалгуулж орсон. Өглөө сэрэнгүүтээ хамгийн түрүүнд заавал төгөлдөр хуураа тоглочихоод дараа нь нүүрээ угаан цайгаа уудаг охин байлаа.
-Урлагийн гэр бүл бусдаас юугаараа өөр бол?
-Гэр бүлийнх нь гишүүд өөр өөр мэргэжилтэй байх ямар байдгийг мэдэхгүй юм. Урлагийнхан тоглолтын бэлтгэл гэж оройтож, амралтын өдрүүдэд хүртэл ажилладаг. Энэ тал дээр бид биенээ сайн ойлгодог. Уран бүтээл, тоглолтын талаар байнга нэг нэгэндээ зөвлөгөө өгч, шүүмж хэлдэг. Гэртээ ирсэн хойноо ч “Энэ дуурь ийм, тийм” гээд л аавтай ярилцдаг болохоор ажил дээрээ байх шиг санагддаг.
-Төгөлдөр хуурчид нь багш, концертмейстр, тоглооч болох боломжтой юм билээ. Яагаад концертмейстр болсон бэ?
-Төгөлдөр хуурч, концертмейстр, багш, бас цөөхүүл хөгжмийн тоглооч гэсэн дөрвөн мэргэжил дипломанд бичигддэг. Ажлын туршлага багатай учир багшилъя гэж бодоогүй. Аав “УДБЭТ-т концертмейстр хэрэгтэй. Чамд эндээс сурах юм их бий. Туршлага хуримтлуул” гэж зөвлөсөн. Сургуульд заагаагүй юм амьдралд их байдгийг ДБЭТ-аас мэдэрсэн.
-УДБЭТ-т ороод юу сурсан бэ?
-Ажил эхлэхийн өмнөх өдөр л юу тоглохоо мэддэг. Ямар дуурь тоглох дөхөж байгааг мэдэж байгаа хэрнээ яг хэзээнээс бэлтгэл эхлэхийг мэдэхгүй гэсэн үг. Тухайлбал, “Кармен” дуурийн сургуулилалт маргааш гэж бодоход өнөөдөр л хэлэх жишээтэй. Дуучдын бэлтгэл хийлгэх боллоо гэхэд над дээр ямар зохиол барьж ирэхийг мэдэхгүй. Ноотоо өгөөд энийг тоглоё гэдэг. Дуурийн бүтэн зохиол тоглоно гэдэг их хэцүү. Анх их халширдаг байлаа. Хамгийн анх “Трубадур” дуурьт бэлтгэх болж, үүнийгээ хоёрхон хоногийн өмнө мэдээд их сандарсан шүү. Тийм богино хугацаанд бүтэн дуурь тоглоно гэдэг санаанд багтаагүй.
-Ажилд орохоосоо өмнө дууриудаа судалсан уу. Ямар дууриудад ажиллаж байв?
-УДБЭТ-т орохоосоо хэдхэн хоногийн өмнө шийдвэрээ гаргасан. Өмнө нь тухайн дууриудыг үзэж байсан болохоос биш, тоглох түвшинд мэддэггүй байж. “Трубадур”, “Кармен”, “Тоска”, “Чингис хаан”, “Хөхөө Намжил” зэрэг дуурь тоглосон.
-“Юнико” нэртэй үлээвэр хөгжмийн чуулгын төгөлдөр хуурч гэсэн. Чуулгаа танилцуулна уу?
-Гадаадад төгссөн залуу хөгжимчид нэгдэж сонгодог урлагийг сурталчлах, өөрсдийг өө хөгжүүлэх зорилгоор анх үлээвэр хөгжмийн “Квинтет” нэртэй хамтлаг 2012 онд байгуулж, тоглолтоо хийсэн юм билээ. Энэ жилээс би элссэн. Флейт (лимбэ) хөгжимчин Т.Оргилцэцэг, гобой (жимбүүр) хөгжимчин Г.Долгорсүрэн, кларнетчин Б.Энхтуул, фагот хөгжимчин Б.Нямдаваа, угалзан бүрээчин Т.Хуяг тэргүүтэй найман хөгжимчинтэй.
-Төгссөн сургуулиасаа хамаараад үзэл бодол зөрчилддөг болов уу?
-Оргилцэцэг бид хоёр Орост төгссөн бол угалзан бүрээчин Хуяг Чех, Швейцарьт, гобой хөгжимчин Г.Долгорсүрэн Германд суралцсан. Өөр өөр сургууль төгссөн нь үзэл бодлын эсрэгцэл гаргахаас илүү давуу тал болсон. Миний мэдэхгүйг бусад нь нөхдөг, хэн хэнийхээ хэлснийг хүлээн авч ярилцдаг. Монголд үлээвэр найрал хөгжим үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулж бид энэ сарын 4-нд тоглолтоо хийсэн юм. Тоглолтын бэлтгэл их сайн байсан. Бэлтгэл дээр хамт байхаас гадна ажлын завсарлагаанаар бие биетэйгээ ойр дотно байснаар илүү ойлголцсон. Би ганцаарчилсан хөгжимчин байхдаа өөрийнхөө илэрхийлэх гэснийг тоглодог байсан бол ДБЭТ-т орсноор удирдаач, дуучидтай ажиллахад суралцсан. Харин одоо цөөхүүл хөгжимчидтэй яаж тоглох, бусдыг яаж ойлгоход суралцаж байна.
-Ямар бүтээлүүд сонгон тоглодгоор нь хөгжимчдийн чансааг мэдэж болдог гэдэг. Хэний ямар зохиол тоглохсон гэж боддог вэ?
-Би Иоганнес Брамс, А.Н.Скрябиний хөгжимд дуртай. Брамсын зохиол хэцүү, философилог, гүн гүнзгий утга санаа агуулдаг. Скрябиний хөгжмийн ертөнц их өвөрмөц. Түүний хөгжимд дуртай ч сүүлийн опусыг (цуврал дууны эмхтгэл) гүйцэд ойлгож чадаагүй. Дэлхий дээрх үйл явдал биш, сансар эрхсийн мэт хөгжмүүд байсан. Түүний хоёрдугаар сонат надад маш их таалагддаг. Хоёрдугаар дамжаанд байхаасаа л тоглохсон гэж хүсдэг байсан. Гэхдээ тэр хөгжмийг тоглохын тулд олон зүйлд бэлтгэгдсэн байх ёстой. Одоохондоо өөрийгөө бэлэн болоогүй гэж бодож байна.
-Зохиолуудаа ойлгохын тулд яадаг вэ?
-Хөгжимчид зохиолыг яаж ч ойлгож болно. Мэдээж улаан өнгийг тэс хөндлөнгөөр цагаан гэж мэдрэхгүй нь тодорхой. Хөгжмийн урлагийн хамгийн чухал нь тухайн зохиолыг хөгжимчин яаж ойлгосноо бусдад тоглолтоороо дамжуулан хүргэх. Нэг зохиолыг олон төгөлдөр хуурч тоглосон ч яг ижил мэдрүүлнэ гэж үгүй.
– “Манай хөгжимчид дандаа гадаад зохиол тоглодог” гэж Монголын хөгжмийн зохиолчид шүүмжлэлтэй ханддаг юм билээ.
-Би морин хуурч байсан бол Монголынхоо зохиолыг илүү их тоглоно. Яагаад гэвэл монгол зэмсэгт монгол зохиол илүү сайхан зохицно. Сонгодог хөгжим олон зуун жилийн түүхтэй бол Монголд хөгжөөд 50, 60 жил болж байна. 500 гаруй жилийн хугацаанд төгөлдөр хуурт зориулсан олон шидээвэр бүтээл төрсөн. Тэр бүтээлүүдийг тоглож сурч байж сонгодог хөгжимчид чадвараа дээшлүүлдэг. Сонгодог хөгжмийг Бетховен, Моцарт, Бах, Шопен тэргүүтэй суутнуудгүйгээр төсөөлөх аргагүй. Монголын сайн зохиол гарч ирвэл тоглохыг хичээдэг. Би Монголдоо ирээд удаагүй болохоор хөгжмийн зохиолчидтойгоо ойртон танилцаж амжаагүй явна.
-Уран бүтээлчдэд эдийн засгийн хямрал хэрхэн нөлөөлж байна вэ?
-Бид үйлчлэгчийнхээс бага цалингаар амьдралаа болгоод байдаг нь хөгжмийн хүч байх. Зарим нь “Сонгодог хөгжим элитэд зориулсан урлаг” гэдэг бол “Ард түмэнд зориулах ёстой” гэх хэсэг ч бий. Бид хэчнээн ард түмэндээ зориулж тоглолоо гээд эдийн засгийн байдал хүнд ийм үед хүмүүс тоглолтод мөнгөө зориулахаас илүү амьдралын асуудлууддаа зарцуулна шүү дээ.
-Таны бодлоор сонгодог хөгжмийг хэнд зориулсан юм бэ?
-Хөгжмийг ойлгох чадвартай хүн бүрт зориулсан урлаг гэж боддог. Сонгодог урлаг хөгжөөд удаагүй энэ нийгэмдээ буруу өгч байгаа юм биш шүү. Гэхдээ бид сонгодог урлаг сонирхох хойч үеэ бэлдэх ёстой. Сонгодог хөгжим сонирхож байгаагүй хүн шууд сонсоод ойлгоно гэдэг хэцүү. Багаасаа хөгжимтэй танилцаж, урлагт дурлаж, тодорхой түвшний мэдлэгтэй болж байж ойлгодог болно. Ард түмнээ элит сонсогч болгож байж бид хийж байгаа ажлын үр шимээ хүртэнэ. Хүмүүс ч ойлгож, үнэлдэг болно.
-Ааваасаа сонссон хамгийн гоё магтаал юу вэ?
-Аав миний тоглолт бүрийн дараа урмын үг хэлж, надаас илүү баярладаг. Намайг хөгжимчин болгож, гадаадад олон жил сургасанд нь гэр бүлийнхэндээ баярлаж явдаг.
-Удирдаач болъё гэж бодож байв уу?
-Удирдаач эрэгтэй хүнд илүү тохирсон ажил. Тийм хэцүү мэргэжил миний зан араншинд тохирохгүй. Илэрхийлэхийг хүсдэг бүхнээ гаргахад төгөлдөр хуур минь хангалттай санагддаг.
Б.ДӨЛ
www.MONGOLNEWS.mn