“Virtuoso” академиас жил бүр урлагийн салбарт мэргэжлийн ур чадвараар шалгарсан, эх орондоо болон гадаадын тайзнаа амжилттай тоглосон уран бүтээлчдийг алдаршуулан нэгдсэн тоглолт хийдэг уламжлалтай. Энэ жилийн шалгаруулалтад олон хамтлаг, дуучид оролцсон бөгөөд шилдгийн шилдгээр Морин хуурын чуулга, “Арга билэг” хамтлагийн гоцлол хөгжимчин Н.Жигжиддорж шалгарчээ. “Virtuoso уран бүтээлч”-ээр шалгарсан түүнтэй ярилцсанаа хүргэе.
-“Virtuoso” академиас зохион байгуулдаг шалгаруулалтад оролцоод шилдгийн шилдгээр шалгарчээ. Баяр хүргэе?
-Баярлалаа. Энэхүү шалгаруулалтад гурав дахь удаагаа оролцож “Virtuoso уран бүтээлч”-ээр шалгарлаа. Энэ жилийн хийсэн бүтээснийг минь үнэлж “Virtuoso” академийнхан намайг урьж тоглуулсан гэж бодож байна. Тоглолтод “Оны шилдэг”- ээр тодруулсан шилдгийн шилдэг 16 хамтлаг, уран бүтээлч оролцох байсан. Харин “Оны шилдэг уран бүтээлч” болсон гурван уран бүтээлч гала тоглолтод оролцох боломжгүй учраас ирээгүй. ХБК-ийн төгөлдөр хуурын ангийн оюутан Э.Номин Польшийн Хөгжмийн академид сурахаар явж, “Хөсөгтөн” хамтлагийн ятгачин Ч.Амарбаясгалан Малайзад тоглолттой, Улсын филармонийн гоцлооч, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар ОХУ-ын Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллахаар явсан гэсэн. Тиймээс “Virtuoso-2014”-д 13 уран бүтээлч болон хамтлаг оролцож үзэгчдэд уран бүтээлээ толилууллаа
-Хэдэн настайдаа энэ шагналын эзэн болчихов оо?
-22 насандаа “Virtuoso уран бүтээлч”-ээр тодорлоо.
-Он дуусч байна. Тиймээс энэ жил таны хувьд ямар үйл явдлаар дүүрэн байсан талаар асуумаар байна?
-Энэ жилийн хувьд би онцлох бүтээлээ өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулсан. Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын Морин хуур симфони найрал хөгжимд зориулсан гурван ангит тоглолт хийсэн юм. Энэхүү тоглолт хөгжмийн зохиолчийн хоёрдугаар концерт болсон. Ерөнхийдөө хоёр жилийн өмнөөс тоглолт зохион байгуулахаар ярилцаж эхэлсэн. Морин хуурт зориулан бичсэн гурван ангит томоохон бүтээл гэдгээрээ онцлогтой. Сонгодог хөгжимд зориулсан концерттой дүйцэхүйд нэлээд том хэлбэрийн тоглолт болсон доо. Тоглолтын удирдаачаар Ардын жүжигчин Ц.Батчулуун, зөвлөхөөр Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбат ажилласан. Концертын нэгдүгээр хэсэгт Б.Шарав, Н.Жанцанноров, Х.Билэгжаргал зохиолчийн төгөлдөр хуур, хийл, морин хийлд зориулсан бүтээлийг морин хуураар анх удаа хөгжимдсөн. Тоглолтод оролцохоор урилгаар Итали улсаас морин хийлч Д.Амармэнд ирсэн. Д.Амармэнд Итали улсад ажиллаж, амьдардаг. Мөн тоглолтыг зохион байгуулахад урлагийг дэмжих “Төгөлдөр сан” ивээн тэтгэсэн. Ерөнхийдөө хөгжмийн зохиолч, судлаачдаас маш өндөр үнэлгээ авсан тоглолт болсон. Түүний дараа манай “Арга билэг” этно жазз хамтлагийнхан Урлагийн зөвлөлөөс зохион байгуулсан Щвейцарь Монголын хамтын ажиллагааны 50 жилийн ойн хүрээнд хийсэн “Агула” төсөлд оролцсон. Щвейцарийн таван жазз хөгжимчин ирж, манай хамтлагтай хамтарсан жазз тоглолт хийсэн. Хоёр хамтлаг тус бүр таван бүтээл шинээр зохиосон. Энэ тоглолтын хүрээнд хийсэн цомог удахгүй бэлэн болно. Мөн ирэх хоёрдугаар сарын 1-14-ний хооронд хамтарсан тоглолтоо Щвейцарийн таван хотод хийхээр төлөвлөж байна.
-Удахгүй Морин хуурын чуулга бас нэгэн шинэ бүтээлээ үзэгчдэдээ толилуулах гэж байна. Энэхүү тоглолтод хийсэн шинэ бүтээлийг таныг уран бүтээлчидтэй хамтарч хийсэн гэх юм. Энэ талаарх мэдээллээсээ сонирхуулна уу?
-Морин хуур чуулгын энэ удаагийн шинээр хийж байгаа бүтээлийг төсөл гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, шинэ жилийн цуврал тоглолтын эхлэлийг энэ жил тавьж байна. Мөн Морин хуурын чуулгын гол уран бүтээлүүдийн нэг юм. Тоглолтын хувьд сонгодог концерт. Ихэнхдээ өвлийн сэдэвтэй уран бүтээлүүдийг сонгож авсан даа.
-Сонгодог бүтээлүүдийг морин хуураар тоглож байна. Үүнийг дагаад морин хуурчид, хуур урлаачдаас ихээхэн ур чадвар шаарддаг байх?
-Ерөнхийдөө уран бүтээлийн хөгжлийн үеэ дагаад морин хуур урлаач, хөгжимчид, хөгжмийн зохиолчид хөгждөг. Сүүлийн үед урлаачид сайн хөгжмийн зэмсгүүд урладаг болжээ. Морин хуурчдын чадвар ч гэсэн үүнийг дагаад сайжирч байна. Морин хуурын холбооноос хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг симпиозумын хүрээнд урлаачдын дунд уралдаан болдог. Энэ нь морин хуурын хөгжилд ахиц дэвшил гарахад нөлөөлж байгаа байх.
-Та хэн гэдэг урлаачийн урласан морин хуураар хөгжимдөж байгаа вэ?
-Д.Төвшинтөр мастерын 2007 онд урласан морин хуураар тоглож байна. Энэ хүнийг Ардын жүжигчин Б.Дамчаа агсны хүү гэдгээр хүмүүс андахгүй байх. Монголын анхны мэргэжлийн хөгжмийн мастер гэж хэлж болно. Италийн хийл урлаачдын сургуулийг төгссөн хөгжим урлаач хүн байдаг.
-Хөгжимчин хүнд чөлөөт цаг гардаггүй гэдэг. Гэхдээ чөлөөт цаг гарвал юу хийж өнгөрүүлэх дуртай вэ?
-Хөгжмөөс өөр зүйлд цаг зав гаргахыг бодолгүй яах вэ. Гэхдээ хөгжимчин хүн байнга л хөгжмөө барихгүй бол болдоггүй. Өдөр бүр тодорхой цагаар хөгжмөө давтаж байх шаардлагатай байдаг. Тэгэхгүй бол форм алдчихдаг юм.
-Таныг бас шаггүй зураач гэж сонссон юм байна. Одоо зургаа зурж байгаа юу?
-Сонирхлоороо зураг зурна. Гэхдээ сүүлийн үед зураг зурах цаг зав гарсангүй. Миний багадаа зурсан зургууд байдаг юм.
-Ардын жүжигчин Ц.Батчулуун багшийн тань биеийн байдал ямар байгаа вэ. Та холбоотой байдаг уу?
-Багш маань Солонгост эхний шатны хагалгаанд ороод амжилттай болсон. Сарын дараа дахин хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Ер нь л бол биеийн байдал нь сайн байгаа. Тиймээс удахгүй эдгэрч олон сайхан уран бүтээлтэй үзэгчидтэйгээ уулзана гэдэгт итгэлтэй байна.
-Ирэх онд хийхээр төлөвлөсөн ажлаасаа сонирхуулна уу?
-Он гараад хоёрдугаар сард Щвейцарийн таван хотод “Арга билэг” хамтлагийнхантайгаа тоглоно. Мөн надад Дэлхийн морин хуурын холбооноос урилга ирсэн. Тиймээс ирэх оны есдүгээр сард Японд бие даасан тоглолт хийнэ дээ.
-Өмнө нь мөн Японд тоглолт хийж байсан. Японд морин хуураар хичээллэгсэд олон бий юү?
-Ер нь дэлхийн олон улс оронд морин хуур сонорхон хичээллэдэг хүмүүс байна. Тэр дундаа Японд олон бий. Энэ утгаараа л мэргэжлийн хөгжимчдийн тоглолт зохион байгуулахад япончууд их дэмждэг. Мөн Японд сонгодог урлаг их хөгжсөн болохоор мэргэжлийн хөгжимчдийг их урьж тоглодог.
Б.СЭЛЭНГЭ