Гарах дүрүүд: Хэсэг тус бүрд хоёр буюу нийт найман жүжигчин тоглоно. Аль эсвэл бүх хэсэгт ердөө л хоёр хүн тоглож болно.
Нэг.
– Явах уу?
– Явъя
– Явцгаая
– Хаашаа?
– Хаашаа ч яадаг юм
– Тэгье
– Явцгаая
– Би явж байна, би явж байна, би явж байна, би явж байна, би явж байна, би явж байна, явж байна, явж байна, явж байна, байна, байна, н … н … н … би явахаа болилоо.
– Яагаад?
– Би явж чадахаа болилоо
– Яагаад?
– Би яах гэж явж байгаагаа мэдэхгүй
– Үүнийг мэдэж яах юм?
– Тэгвэл явж яах юм?
– Хаашаа явж байгаагаа мэдэхийн тулд хүн явдаг юмуу, явж л байх ёстой учраас явдаг юмуу?
– Явж л байх ёстой учраас …
– Тэгээд л бид явж байгаа юм даа. Тэгээд л хүнд зам гэдэг хэрэг болдоггүй юм. Хүн өөртөө л зам гаргаж явдаг болохоор тэр. Тэгэхээр явцгаая.
– Үгүй шүү, зам гэдэг хүнд хэрэг болдоггүй бишээ, хүн гэдэг хүний замд хэрэг болдоггүй юм байна.
– Тэгвэл чи ганцаараа яв даа.
– Тэгье, ганцаараа явъя. Гав ганцаараа …
Хоёр.
– Явах уу?
– Явъя
– Явцгаая
– Хаашаа?
– Тийшээ
– Тэнд юу байгаа юм бэ?
– Мэдэхгүй
– Тэгээд?
– Мэдэхгүй учраас л яв гэсэн юм.
– Тэр ч зөв шүү.
– Үнэхээр зөв.
– За тэгвэл би явлаа, явлаа, явлаа, би явж байна, би явж байна, би явж байна, би явж байна, би явж байна, би явж байна, би явж байна, би явж байна, би … би хүрэхгүй нь ээ, би … би тийшээ очиж чадахгүй нь …
– Яагаад?
– Яагаад гэвэл ЦАГ надаас хурдан яваад байна.
– Тэгвэл гүй л дээ. Гүй, гүйгээч.
– Гүйлээ, гүйлээ, гүйлээ, гүйлээ. Би гүйж байна, би гүйж байна, би гүйж байна, би гүйж байна, би гүйж байна /унана/ би хүрч чадахгүй нь ээ, би гүйж яадахгүй боллоо, би … би яадахгүй нь, чадахгүй нь … Ээ ээ чааваас.
– Юу болоо вэ? Яагаад зогсчихов?
– Би зогссон юм бишээ. Миний хөл … Хоёр хөл минь тэнд хүрч чадахгүй нь.
– Тэгвэл хөлөө орхичихооч дээ.
– Тэгье /хөлөө цавчиж хаяна/
– Явцгаая.
– Явцгаая /мөлхөнө/. Би явж байна, би явж байна, би явж байна, би явж байна, би үнэхээр хурдан явж байна, явж байна. Зогс.
– Бас юу болоо вэ?
– Ингэхэд би тэнд очоод яах юм?
– Юу байгааг нь үзэхгүй юу.
– Дараа нь? Дараа нь яах болж байна аа?
– Чи үхэж болно.
– Нээрэн үү?
– Нээрэн.
– Амалж байна уу?
– Амалж байна. Чи үхэж болно, би зөвшөөрч байна.
– Би үхэх эрхтэй боллоо, би үхэх эрхтэй боллоо. Тэр надад амлалаа. Би үхэх эрхтэй. Би үхнэ. Би үхнэ. Би дахиж хөлөө цавчихгүй, би дахиж гүйхгүй, би дахиж ядрахгүй, дахиж өвдөхгүй. Би үхнэ. Тэгэхээр урагшаа. Урагшаа. Урагшаа.
– Урагшаа.
– Байз, хүлээ.
– Юу болоов?
– Өвдөөд байна, үнэхээр өвдөөд байна, би тэсэхгүй нь ээ …
– Тэгвэл орхи. Энэ бүхнийг орхи. Би зөвшөөрч байна.
– Та бүх юмыг л зөвшөөрдөг …
– Тэгвэл та нар бүгдийг зөвшөөрдөггүй байхаа?
– Гэсэн ч би явж л байна шүү дээ? Зөвшөөрөхгүй хирнээ л явж байна. Мөлхөж байна, мөлхөж байна, мөлхөж байна, мөлхөж байн, мөлх …
– Чи ч тэнд хүрэхгүй нь дээ.
– Та яагаад тэгж бодож байгаа юм бэ?
– Чиний дотор цавчиж хаях ёстой өөр зөндөө юм байна.
– Тэгвэл би цавчаад хаячихъя, алив, сүхээ.
– Май.
– Май гэнэ үү, май гэнээ? Үгүй шүү, та өөрөө цавч.
– Болохгүй, тэр чиний дотор байгаа учраас чиний гарт л үгүй болох ёстой юм. Чи түүнийг буй болгосон, чи л түүнийг үгүй хийнэ. Алив …
– Та намайг яагаад ингэтлээ шаардаад байгаа билээ? Надад тулгаж байна биш үү? Энэ бүхнийг надаар хүчээр хийлгэх гэж байна. Үгүй ээ, наад сүхийг чинь би авахгүй.
– Би чамд л туслах гэсэн юм. Яг өмнө чинь, тун ойрхон … чи уг нь дөхөж байгаа юмсан.
– Тийм үү, ойрхон байна уу?
– Ойрхон байна.
– Харагдаж байна уу?
– Харагдаж байна.
– Аль хэр ойр байна?
– Тун ойрхон болжээ.
– Алив сүхээ … Ээ ээ /хашгирна/
– Одоо яв даа.
– Одоо явъя.
– Чи ямар хурдан явж байна аа
– Тиймээ би нисч байна, би нисч байна, би нисч байна /тэр өнхөрнө/
– Чи нисч байна
– Тэр харагдана уу?
– Ирчихлээ. Чи хүрээд ирлээ.
– Юу уу? Би ирчихлээ ээ /шивнэнэ/. Би ирчихлээ /хашгирна/. Би ирчихлээ /уйлна/. Би ирчихлээ/инээнэ/.
– Тийм ээ, чи ирчихлээ.
– Би ирчихлээ.
– Тэр … Одоо тэр хөшгийг нээ. Цаана нь … яг цаана нь чиний үзэх гэсэн бүхэн байгаа.
– Миний гар хүрэхгүй байна шүү дээ.
– Сунгаач. Гараа сунгаач ээ. Хүрлээ шүү дээ. Хүрэхгүй нь байна шүү дээ чи. Хүрсэнгүй ээ.
– Хүрсэнгүй, би хөшгөнд хүрсэнгүй.
– Тэгвэл хөнгөл, ачаагаа хөнгөлөөч.
– Яаж, яаж би ачаагаа хөнгөлөх юм бэ, хэлээд өгөөч дээ.
– Нүдээ ухаж хая.
– Юу уу?
– Наад нүдээ ухаж хая. Чиний хоёр нүд худал хуурмагаар дүүрчихэж, чи үнэнээс бусдыг үзчихэж, хачихаж, өөрийнхөө нэг хэсэг болгочихож. Нүд чинь дэндүү хүнд юм. Наадахаа ухаж хая.
– Чадахгүй, энэ чинь миний юм. Тэр надтай үргэлж хамт байсан. Байх ч болно.
– Тэгвэл чи энд ирэх хэрэггүй байж.
– Битгий ингэж яриач, би бүхнийг даван туулсан шүү дээ.
– Чи ирэх хэрэггүй байжээ, анд минь, одоо буц даа. Чамд хоёр хөл чинь л, цээжин дотор байсан бүхэн чинь л хэрэгтэй байж.
– Үгүй ээ, надад хөл хэрэггүй, бас тэр хаяж гээсэн, миний гэж бодож байсан бүхэн хэрэггүй. Та намайг хэрэггүй бүхнээс минь салгасан. Би одоо чөлөөлөгдсөн.
– Үгүй ээ, чи чөлөөлөгдөөгүй. Нүд чинь, нүд …
– Алив, тэгвэл миний нүдийг ав, май, ав. /харанхуйлал/ Ээ-э-ээ Яасан харанхуй юм бэ, яасан хүйтэн …
– Одоо гараа сунга.
– Хүрчихлээ, би хөшгөнд хүрчихлээ.
– Одоо нээ. Нүдээ нээ.
– Надад нүд байхгүй шүү дээ.
– Чамд юу ч харагдахгүй байна гэж үү?
– Харанхуй, түнэр харанхуй … би харанхуйг л үзэж байна.
– Үзлээ, чи бүгдийг үзлээ.
Гурав.
– Явах уу?
– Хаашаа?
– Тийшээ.
– Тэнд юу байгаа юм бэ?
– Тэнд чиний хайж байгаа нөгөө юм чинь байгаа.
– Тийм үү? Тэнд үнэхээр нар байгаа юмуу?
– Тийм ээ, тэнд нар байгаа.
– Тэгвэл би тийшээ очмоор байна. Энэ замаар явах уу?
– Үгүй ээ, энэ замаар яв.
– Ганцхан энэ замаар уу?
– Ганцхан энэ замаар. Ганцхан замаар …
– Үгүй ээ, би энэ замаар нэг л явмааргүй санагдаад байна.
– Яагаад?
– Энэ зам дундаа тасарчих юм шиг санагдаад байна. Бас энэ замаар явж байтал арван салаа болчих юм шиг санагдаад байна. Хэрэв тэгвэл би ес дэх замаар явах уу, хоёр дахиар нь уу?
– Энэ зам л чамайг нар руу аваачина.
– Үгүй шүү, би явахгүй.
– Яагаад?
– Би айж байна.
– Юунаас?
– Чадахгүй болов уу гэхээс … Би очиж чадахгүй болов уу гэхээс үнэхээр айж байна.
– Чадахгүй, чадахгүй гэсэн хүн чаддаггүй. Чадна, чадна гэсэн л чаддаг.
– Тэгвэл би чадна.
– Явцгаая.
– Би чадна, би чадна, би чадна, би чадаж байна, чадаж байна, би явж байна.
– Чи чадаж байна.
– Байз, байз. Байзаарай. Хүлээ.
– Яасан?
– Энд … энд … миний зам дэр нэг цэцэг ургачихсан байна.
– Тэгээд?
– Би энэ цэцгийг яаж гишгэх юм бэ?
– Гишгэх албагүй ээ, тойроод гарчих.
– Яаж?Яаж тойрох гэж? Тэгвэл би замаасаа гарчихна шүү дээ.
– Чи төөрөхгүй ээ. Энэ замыг эргээд маш хурдан олох болно. Тойроод гар.
– Үгүй шүү, тойрохгүй, би замаасаа гарахгүй.
– Тэгвэл наад цэцгээ гишгэх л болох нь дээ.
– Тийм ээ, энэ цэцгэн дээр гишгэнэ. Би гишгэмээр байна.
– Яагаад?
– Яагаад гэвэл тэр дэндүү энхрийхэн юм. Яагаад гэвэл тэр дэндүү ариухан юм. Надаас өөр хэн ч түүнийг олж хараагүй, хэнд ч үзэгдээгүй. Ай, яасан сайхан юм. Яасан … Тэр юм бүхнээсилүү … Надаас хамаагүй илүү юм. Би түүнийг гишгэж үзмээр байна.
– Үхэх л байх даа, наад цэцэг чинь.
– Би гишгэлээ.
– Зогсож бай.
– Юу болоов? Яагаад та намайг зогсоочихов. Би чинь урагшаа явж байгаа хүн, би нар руу явж байгаа хүн. Надад битгий саад бол.
– Чи яагаад заавал наад цэцгээ гишгэх гээд байгаа юм бэ?
– Та яагаад заавал намайг гишгүүлэхгүй гээд гээд байгаа юм?
– Чи тойроод гарчихаж болох учраас тэр.
– Үгүй шүү, бас би гишгээд гарчихаж болох учраас …
– За тэгвэл өөрөө мэд, цаг яваад байна шүү, цаана чинь нар мандах гээд байна. Чи хожимдох нь.
– Өө, нар. Ай, нар. Аугаа их нар. Амьдрал туршаа би чам руу тэмүүлсэн. Гайхамшигт ганцхан цацрагт чинь гар хүрэх сэн гэж ганц олдох энэ насандаа би чам руу л тэмүүллээ … Одоо би чамд хуруугаа хүргэнэ. Одоо би чамд …
– Ингэхэд чи түүнд гар хүрч яах гэсэн юм?
– Тэр бол гоо сайхан. Тэр бол хүртэшгүй. Хүртэшгүйд би хүрэх гэж байна. Тэр бол аугаа их. Аугаа ихэд би хуруугаа хүргэх гэж байна. Гоо үзэсгэлэн … /урагш алхана/
– Чи цэцгэн дээр гишгэчихлээ.
– Тийм байна, энэ цэцэг үхчихэж.
– Чи энэ цэцгийг алчихлаа.
– Үгүй ээ, энэ зам. Энэ зам надаар цэцгийг үгүй хийлгэчихлээ.
– Үгүй шүү, энэ зам биш, чиний хүсэл … Алуурчин хүсэл … Сохор хүсэл чинь чамаар ургаж байсан халуун амийг егүүтгүүлж, жамаараа явсан ертөнцийг сүйтгүүллээ.
– Тэр одоо нэгэнт үгүй болсон.
– Тийм ээ, нар байхгүй болсон.
– Та сая юу гэв ээ?
– Чи дөнгөж сая наран дээр гишгэчихлээ. Чиний хуучин гутлын улан дор амь тавьж буй нар … Олж харахгүй байна уу, чи? Нарны хамгийн отгон цацрагийг чи зүрхнийхээ хороор үхүүлэв.
– Ээ-ээ-ээ-э. Би … би юу хийчихэв ээ.
– Чи сая хүсэл мөрөөдлөө булшилчихлаа.
– Тэр чинь цэцэг, цэцэг байсан шүү дээ … Хуурчээ. Та намайг хуурч. Миний хайж явсан нарыг та үгүй хийчихлээ. Илбэдсэн байна, та миний нүдийг.
– Үгүй ээ, илбэдээгүй. Хуураагүй. Чи уг нь жинхэнэ нарыг олж харсан, гэвч үзсэнгүй. Чи уг нь түүнд хүрсэн. Гэвч хүрсэнгүй. Нүд чинь олж харсан ч адгуусан шунал чинь үзсэнгүй. Нар байхгүй болчихлоо, гэхдээ чиний хувьд …
Дөрөв.
– Явах уу?
– Явъя.
– Чи тэгээд үнэхээр надтай явах юмуу?
– Үнэхээр
– Эргэж буцахгүй биз?
– Эргэж буцахгүй
– Юу ч болж байсан, яаж ч байсан буцахгүй юу?
– Буцахгүй
– Тэгвэл явъя.
– Явъя
– Явъя
– Би явж байна, би явж байна, бид явж байна, бид явж байна, би явж байна, чи явж байна, бид явж байна.
– Бид явж байна.
– Хоёулаа жаахан амрах уу?
– Үгүй ээ
– Би ядраад байна шүү дээ.
– Би чамд сануулсан шүү дээ.
– Би ядарч байна.
– Яг үнэндээ ядрал гэж байдаггүй юм.
– Байлгүй яадаг юм бэ. Тэр чинь би байна. Би дүрээрээ байна. Яг одоо бол миний нэр Ядрал.
– Үгүй дээ, чи андуурч байна. Чи ядрах ёсгүй.
– Яагаад?
– Би ядраагүй байхад чи ядрах ёсгүй.
– Та бид хоёр өөр шүү дээ. Би амармаар байна.
– Зөвшөөрөхгүй.
– За, яахав, тэгвэл явж л байя даа.
– Явж л байя.
– Явж л байя.
– Би явж байна, чи явж байна, бид явж байна, бдэнтэй хамт намар явж байна, бидэнтэй хамт хавар явж байна, бидэнтэй хамт зун явж байна, бидэнтэй хамт Өвөл …
– Би даараад байна
– Тэгээд?
-Б халуун галын дэргэд амармаар байна.
– Үгүй ээ, би зөвшөөрч чадахгүй нь.
– Цас ороод байна шүү дээ, энэ чинь.
– Цас гэж байдаггүй юм.
– Тэгвэл өвөл ч бас байхгүй гэсэн үг үү?
– Өвөл ч бас байхгүй гэсэн үг.
– Өвөл дөнгөж сая л бидэнтэй хамт явж байсан шүү дээ.
– Чи андуурч, тэр чинь зун.
– Би амармаар байна, хүлээгээч. Би шатаж үхэх нь байна шүү дээ. Энэ халуун наранд хайлах нь ээ …
– Тэгээд?
– Би тэр байшингийн сүүдэрт түр амсхиймээр байна.
– Зөвшөөрч чадахгүй нь дээ, уучлаарай.
– Гуйж байна.
– Үгүй ээ.
– Та өөрөө ч хайлж эхэллээ шүү дээ. Дэндүү байна, дэндүү халуун байна.
– Халуун гэж байхгүй.
– Халуун гэж байхгүй ээ ээ? Тэгвэл энэ юу юм? Энэ. … Энэ /хлөсөө шударч үзүүлнэ/
– Наадхийг чинь хөлс гэж нэрлэдэг юм.
– Тэгээд? Тэгээд энэ чинь халуун биз дээ?
– Үгүй ээ, наадах чинь ердөө бодол. Чиний хурууны үзүүр дээр нэгэн дусал бодол л байна. Наад бодол чинь НАР НАР л гэж хашгирч байна.
– Би цангаад байна шүү дээ.
– Наадах чинь ч бас бодол.
– Би өлсөж байна.
– Үгүй ээ, чи өлсөөгүй. Энэ бол ердөө л “би их өлсч байна” гэсэн л бодол.
– Унах нь ээ, би унах нь, амрая.
– Үгүй ээ, чи унахгүй, чи явна. Заавал явна. Би мэдэж байна. Чи явна. Явж ч байна, явж ч байна, явж ч байна, байна, байна …
– Үгүй ээ, байхгүй. Би одоо байхгүй болсон. Ядарч туйлдаад, гуйж цөхөөд, шаналж зовоод, шатаж дэврээд, энэ бүхний эцэст цөхрөөд, үнэндээ би цөхөрч байна.
– Цөхрөл гэж байдаггүй юм.
– Худалч. /хашгирна/ Чи бол ердөө л худалч. Чи намайг дандаа хуурдаг, би чамд дандаа хууртдаг. Итгэл найдвараар минь тоглогч. Ичгүүргүй амьтан чи шаналах гэж юу байдгийг мэдэхгүй, хэзээ ч мэдэхгүй, мэдэж байгаагүй. Шаналал гэж …
– Шаналал гэж байдаггүй юм.
– Гуниг ч бас байдаггүй гээч.
– Гуниг ч бас байдаггүй.
– Зовлон бас байдаггүй юу?
– Тэр зөвхөн өөрийгөө бусдаас илүү зовж байна гэж бодогчийн дотор л байдаг юм.
– Тэгвэл хайр … Хайр энэрлийн тухай чи мэдэх юм уу? Хайр энэрэл гэж юу байдгийг чи мэдэж чадна гэж үү? Чам шиг ийм хүйтэн, ийм хүйтэн …
– Хайр энэрэл үү? Хайр энэрэл байлгүй яахав. Гэхдээ тэр ч бас хайр энэрлийг л хүсэгчдийн дотор оршиж байдаг юм.
– Би ядраад байна шүү дээ, намайг хайрлаач, өрөвдөөч. Ганцхан удаа, ганцхан л удаа амармаар байна.
– Тэгэх хэрэггүй болсон. Бид хүрээд ирлээ. Одоо чамд амрах шаардлага үгүй болсон.
– Юу гэнэ ээ? Та сая хүрээд ирлээ гэв үү? Би хүрээд ирлээ гэж үү?
– Бид хүрээд ирлээ.
– Хүрээд ирж, би хүрээд ирж, би …
– За, баяртай.
– Хүүе, хүлээ. Ингэхэд бид яах гэж наашаа ирлээ?
– Харин?
– Юуны чинь харин гэж? Чи л намайг дагуулж наашаа ирээ биз дээ? Би чамайг л дагаж 77 жил зүтгэсэн. Би чамайг дагаж 77 жил өлссөн. Ээ, би чамайг л дагаж 77 жил цангасан. 77 жил чиний араас алхаж, 77 жил догдолж тэмүүлсэн. Тэмүүлсэн юм шүү, би. Гэтэл … Гэтэл энэ чинь одоо юу болж байна аа? Хаана байна …?
– Юу хаана байна гэж? Чи надаас юу хүсээ вэ?
– Чиний үзүүлэхийг хүссэн юмыг би нэхэж байна.
– Би чамд юу амласан гэж? Би чамд ямар нэг юм амлалуу?
– Өө, үгүй ээ, ингэж битгий ярь. Чи намайг хааш нь дагуулж ирснээ л хэлчих.
– Энд.
– Энд юу байгаа юм бэ? Чиний надад харуулах гэсэн …
– Би чамд юу ч харуулах гээгүй. Тиймээс л чи энэ бүгдийг үзэж байна.
– Би юу ч олж үзэхгүй байна.
– Тэр чиний хэрэг. Харин би явлаа. Баяртай, нөхөр минь.
– Намайг битгий орхиоч.
– Ингэхэд чи юунаас ингэтлээ айгаад байгаа юм бэ?
– Бүгдээс. Би бүх юмнаас айж байна. Энд надад аймаар байна.
– Тийм гэж үү?
– Битгий орхиоч дээ.
– Чи өлсөхөөс айгаагүй, дагжин чичрэхээс айгаагүй, ч шаналж цөхөрч, хүсч мөрөөдөхөөс айгаагүй. Гэтэл …
– Тийм ээ, би юунаас ч айгаагүй. Гэвч энд үлдэхээс айж байна. Намайг авад яваач. Би буцмаар байна. Би намар хавар руугаа, шаналал зовлон руугаа, ядрал цөхрөл, хайр тэмүүлэл рүүгээ буцмаар байна, буцмаар байна.
– Тэгээд?
– Тэгээд бүгдийг эхнээс нь, бүгдийг шинээр эхэлмээр байна.
– Дараа нь яах гэж?
– Тэр хамаагүй, би буцна.
– Би чамайг харж байна аа. Чамд одоо буцах хүсэл л байна. Ганцхан хүсэл. Энэ ганцхан хүсэл чинь намрыг хүсэх, хайр хүсэх, зовж шаналхыг хүсэхийн чинь дэргэд юу ч биш шүү дээ. Гэвч чи хүсч байна. Хүсэл гэдэг ийм л байдаг. Хүсэл бүхэн зуурдынх байдаг. Тийм үү, найз минь. За юутай ч би явлаа. Баяртай, нөхөр минь, баяртай.
– Ээ, ээ. Баяртай.
– Баяртай.
– Баяртай.
– Хүүе хүлээ. Би нэг юм оллоо. Чи ганцхан хором хүлээхгүй юу?
– Юу олоов?
– Энэ … Энэ, хар даа. Цаас.
– Юун цаас? Наана чинь тэгээд юу бичиж вэ?
– Харамсалтай нь юу ч алга. Хов хоосон юм.
– Хоосон цаас …
– Энэ цаас яагаад энд байгаа юм бол?
– Харин л дээ?
– Хоосон цаас …
– Тэгэхээр чи л наанаа нэг үг бичих болж дээ.
– Тийм юм шиг байна аа. Баяртай.
– Баяртай.
Тэр цаасаа барьж хэсэг чимээгүй суув. Тэгээд дээш гар сунган ор хоосноос нэгэн үзэг аваад цаасан дээрээ гурван үг бичив. Тэгээд алгуурхан босч үзэгчид рүү нөгөө цаасаа шидлээ. Үзэгчдийн дээрээс цас орж байгаа юм шиг тоймгүй олон цаас унана. Тэдгээр цааснаас үзэгчид “БҮХ ЮМ ХООСОН” гэдэг үгийг уншицгаана.
– See more at: http://www.biirbeh.mn/index.php?sel=content&f=one&obj_id=501#sthash.fhGs2on8.dpuf