Гайхамшигийг мэдрүүлсэн “Тэнгэрийн аялгуу” –ны эзэн “Би эдит пиаф”
Даруухан, яруухан тайзны гэрэл алгуурхан тодороход нэгэн бүсгүй нооройсон нэгэн хүрэм нөмрөн хэвтэнэ. Цаад талд нь “Эдит Пиаф” шошготой пянз эргэнэ. Эргэлдэх хүрд, хурдын аясаар дэлхийд од болон гялалзсан нэгэн бүсгүйн гоёогүй, чимээгүй, өнгө будгаар будаагүй үнэн түүх эргэнэ. Тэр бүсгүй ярьж байнаа. “Тийм ээ би хар тамхинд орсон. Архи уудаг болсон, би гудамжинд гараад 10 франкны төлөө зогссон”, “Охиноо алдсан” , “Надтай учирсан бүхний амьдрал богинохон байсан” гэж сэтгэл шимширтэл үнэнээ өчинө. Нэг үнэнээс нөгөө үнэн рүү шилжих тоолондоо гайхамшигт дуучин дуугаа дуулна. Хэзээ ч давтадашгүй дуу хоолойн анир, дуучны хүсэл эрмэлзлэл, дуулсан дуу бүхэн нь алдрын оргилд хүрсэн аугаа дуучин. Дурлал, дайн дажин, өлсгөлөн, өвчин зовлонгийн дундуур туучсан билиг танхай, бас өрөвдөлтэй, гайхашигтай, алдарт дуучны амьдралын түүхийн эзэн нь “Би Эдит Пиаф” байлаа.
Хун шувуунаас гарвалтай хорь буриадын нэгэн түүхээс сэдэвлэсэн “Тэнгэрийн аялгуу” дуурсана. Бүү ай бүү, бүү ай. Бүүвэй, бүүвэй, бүүвэй гэж дуулах нэгэн сайхан монгол эмэгтэйн өөжин өлгий дөө тайван нойрсох үрээ энхрийлэх эхийн аялгуут сайхан бүүвэй цууриатна. Үзэгчид бид бүгд өөжин өлгийгээр дамжин өсөж өндийж, ээжийн ариун цагаан сүүг, бүүвэйнЙЯлгуутай хамт хөхөж өссөн билээ. Энэ өдөр бүгд л өөжин өлгийн дөө дахин шургаж, бүүвэйлэгдэн бүүвэйлэгдэн хар амьдралын үнэн бүхнээс зайлан тэнгэрийн аялгууг сонсож суулаа. Үрдээ амар амгаланг бэлэглэхийн төлөө, өөрийгөө зольсон сайхан монгол ээжийн яруу түүх дуурсана.
Энэ бүх гайхалтай мэдрэмжийг бидэнд бэлэглэсэн Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, Д.Нацагдоржийн нэрэмжит Драмын Эрдмийн Театрын жүжигчин, авьяас билэг, ур чадвар, их урлагийн тайзнаа од болон ид бүтээж туурвих үедээ гялалзан яваа, дэлхийн драмын урлагийн “олимпийн аварга”, монгол жүжигчний алдар сууг дэлхийн урлагийн тайзнаа гайхуулж чадсан Цэрэндоржийн Баясгаланд гүнээ мэхийн ёслоё! Нэр шигээ, бүтээл шигээ хүн бүрт Баясгаланг түгээсэн Та бол дэлхийн уран бүтээлч юм байна гэдгийг жүжиг үзсэн хүн бүр хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй чин үнэн байсан шүү. Баясгалан жүжхээс гадна дуулах нь үнэхээр бахархал төрүүлж байлаа. Нэгэн хүнд жүжих, дуулах олон авьяас хамтдаа заяасан нь бурхны, тэнгэрийн, эцэг эхээс өвлөсөн, өгсөн агуу өгөгдөл.
Жүжиг үнэхээр гайхалтай сайхан байлаа. Тэр холоос тив дамнан ирж их урлагийн сайхнаар биднийг хөглөсөн чиний цаашдын амьдрал, урам бүтээл Замбага ягаан цэцэг шиг дэлгэрэн мандаж, замбуулин хорвоо шиг энхжин мандах болтугай.
“Би Эдит Пиаф” жүжгийн зохиолыг туурвисан Нина Мазур, “Тэнгэрийн аялгуу” жүжгийн зохиолч МУСГЗ Б.Галааридын бүтээлийн гайхамшигийг мэргэжлийн өндөр түвшинд найруулсан агуу найруулагч МУСГЗ Б.Баатарыг үнэхээр биширч байна. Энэ цаг үед ийм мундаг найруулагч, жүжигчин хоёр хамтдаа оршиж гайхамшигийг бүтээж байгаад талархаж байна.
Гайхалтай, гайхамшигтай үдшийг бүтээлцсэн МУСТА ди жи Бямбаа, дууны найруулагч Ш.Батцэрэн буюу олны нэрлэдэгээр Кола, Уртнасан, “Ану” маркетингийн Т.Сэргэлэнцэцэг, Б.Цогтмаа, EJ суши рестораны Цагаанаа, “Umon tv”-ийн Д.Адилзаяа, Б.Уранчимэг зэрэг бүх хүмүүст талархалаа илэрхийлье!
Энэхүү жүжгийг бидэнд хүргэх гэж өөрийн хичээл зүтгэлээ зориулсан доктор Д.Батжаргалд, “Монголын Их Амар Амгалан” Соёлын Академид бүр тусгайлан талархсанаа илэрхийлье!
МОНГОЛЫН УРЛАГИЙН АЛТАН ТАЙЗ АРИУН НАНДИН БАЙЖ, ҮЕИЙН ҮЕД АЛДАР СУУГАА ДУУРСГАН, АРД ТҮМЭНДЭЭ СОЁЛЫН ИХ ӨВИЙГ ТАНИУЛАХ, ХҮРГЭХ БОЛТУГАЙ!
Д. УРАНЗУЛ