“Щелкунчик” хүүхэлдэйн киног анх үзсэн хүүхэд багачууд гэрийнхээ хаа нэгтээ тэдний мэдэхгүй вант улс байгаа юм биш байгаа хэмээн бодож байсан болов уу. Шинэ жилийн ид шидийг Щелкунчикгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймдээ ч энэхүү балет зул сарын баяраар дэлхийн өнцөг булан бүрт хүүхэд багачуудад хүрч тэднийг үлгэрийн вант улсаар аялуулдаг. Монголын хүүхэд багачууд ч энэхүү балеттай шинэ жилийн баяраар хоёрхон удаа танилцах боломж олдог билээ.
Тэгвэл энэ жилийн хувьд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын балетын хөгжил сантай хамтран Оросын суут хөгжмийн зохиолч Петр Ильич Чайковскийн “Цөмөөхэй” балетыг Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 24-28-нд шинэчлэн тоглохоор зэхээд байгаа юм.
Ингээд “Бостон” балетын гоцлол бүжигчин, Монгол Улсын гавьчат жүжигчин Д.Алтанхуягтай “Цөмөөхэй” балетын талаар ярилцсан юм.
-Шинэ жилийг мэдрүүлдэг “Цөмөөхэй” сонгодог балетыг та шинэчлэн үзэгчдэд хүргэхээр зэхсэн. Өмнөх тавилтуудаас юугаараа өөр байх вэ?
-Бүх зүйл 100 хувь өөр байна. Өмнө нь “Цөмөөхэй” балетыг ОХУ-аас мэргэжилтнүүд ирж тайзнаа тавьж байсан. Энэ удаад бид өөрсдийн бүрэлдэхүүнээр миний найруулгаар явж байгаа. Хамгийн түрүүнд 180 хүүхэд оролцож байгаа гэдгийг сонсоод л үзэгчид гайхаж байгаа байх. Бостон балет “Цөмөөхэй” балетыг тавихад 700 хүн ард нь ажиллаж байдаг. Гэтэл өнөөдөр энэхүү балетыг тавьж байгаа манай сан 7 хүнтэй. Энэ мэт хоорондын ялгаатай зүйл их байна. Өнөөдөр хүүхдүүд энэхүү балетыг үзээд хэрвээ ийм балетад тоглохыг хүсвэл байнгын сургуулалт хийх хэрэгтэй юм байна. Дан ганц бүжгэндээ анхаараад зогсохгүй бусад мэргэжлийнхээ зүйлст хичээх хэрэгтэй гэдгийг мэдэрч байгаа болов уу гэж бодож байна. Хуучин нэг удаа л тоглодог байсан энэхүү балет сүүлийн жилүүдэд шинэ жилээр хоёр удаа тоглодог болсон. Магадгүй “Цөмөөхэй” нэрээрээ олны танил болон жил бүрийн шинэ жилээр дөрвөн удаа хүрэх ч юм билүү. Энэ жил долоон удаа тоглох гэж байна. Ирэх жил 10 удаа тогломоор байна. Хүүхдийн бүрэлдэхүүнээ 300 болгож өсгөмөөр байна. Энэ бүх хүүхдийн ард найз нөхөд нь энэхүү урлагийг тэднээр дамжуулан мэдээсэй.
“Шелькунчик” балетыг “Цөмөөхэй” хэмээн Монгол нэршлээр нэрлэж хүүхэд багачууд, хүмүүст хоногшуулахыг хичээж байна. “Цөмөөхэй” балетад Японы 11 бүжигчин оролцож байгаа. Мөн Японд ажиллаж байгаа Монгол бүжигчдийг эх орондоо ирж бүжиглэхийг урьсан байгаа. Түүнчлэн энэ удаагийн “Цөмөөхэй” балетад 180 хүүхэд оролцон уран бүтээлчид хамтран нийлж нэг цогц бүтээлийг хүргэж буйгаараа онцлог байгаа.
-Японы ямар театр, агентлагийн балетчид хүрэлцэн ирсэн бэ?
-Японы Токиод сонгон шалгаруулалт явуулсан. Энд янз бүрийн компанийн балетчид болон мэргэжлийн чөлөөт уран бүтээлчид оролцсон. Жишээ нь Токио Комаки балет, “К” балет зэрэг дөрвөн компанийн уран бүтээлчид багтсан.
-Хүүхэд бүр тайзнаа гарч бүжихийг хүсдэг. Тэр ч утгаараа энэ жилийн “Цөмөөхэй” балетад 180 хүүхдийг шалгаруулан авсан гэсэн шүү дээ. Нийт хэчнээн хүүхэд оролцон ямар шалгуураар тэнцсэн бэ?
-Нийт 250 хүүхэд шалгаруулалтад оролцсоноос 180 хүүхэд тоглолтод оролцохоор бэлтгэлээ хангасан. Хүүхдүүдэд мэргэжлийн болон бүжгийн ангийнх байх ёстой гэсэн шаардлага тавиагүй. Тэд өөрийн гэсэн авьяасаа шалгуулан хөдөлгөөний эвсэл, хөгжмийн сонсголоороо шалгарсан. Үзэгчид маань ирээд бяцхан оролцогчдыг маань харах болов уу. Энэ удаагийн “Цөмөөхэй” балетад Бостон балетын энэхүү балетад ашигладаг тайз, хувцас, эд хэрэгсэлийг авчирсан.
-Тасалбарын хувьд эрэлттэй байгаа. Ямар үнэтэйгээр борлуулж байгаа вэ?
-Саяхан би нэг хүнтэй таарахад тэрээр надад танай тоглолтыг би жил бүр үздэг. Даанч энэ жилийн хувьд тасалбар нь үнэтэй болохоор очиж чадахгүй нь гэж хэлсэн. Энэ тохиолдолд би та сайн тоглолт үзмээр байна уу, муу тоглолт үзмээр байна уу гэж түүнээс асуусан л даа. Хэрвээ сайн тоглолт үзье гэж байгаа бол өнөөдрийн байгаа орлогыг улам сайжруулахын тулд тасалбар авч байгаа хүн бүрийн орлогоор тоглолтын арын баг хөдөлж байгаа юм. Миний байгуулсан Монголын балетын хөгжлийн сангийн гол зорилго бол балетын урлагийг хөгжүүлсэн шиг хөгжүүлэх хэрэгтэй гэдэг үзэл баримтлал юм. Манайд хагас зуун жилийн түүхтэй оршин байгаа балетын урлаг олон улсад дээд зэргээр хөгжсөн. Тиймээс манайд хөгжих боломж байхад яагаад болохгүй вэ гэдэг үүднээс бид үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тасалбар нь 20-120 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Үүнээс 20, 40 мянган төгрөгийнх нь тасалбар зарагдаад дуусчихсан гэхээр “Цөмөөхэй”-г үзэх сонирхолтой хүмүүс их байна л даа. Шинэ жилээр тоглон баяр дээр нь баяр нэмдэг ганц балет нь энэ шүү дээ.
-“Бостон” балетын гоцлол бүжигчин таны хувьд монголын балет дэлхийн төвшинд ямар хэмжээнд байна. Хөгжлийн түвшний ялгаа хэр байгаа бол?
-Балет анх үүсэн Италийн “Ласка Ла” театр бол миний мөрөөдөл байсан. Би тэр театрт очоод уран бүтээлчидтэй нь хамтраад тоглоод явахад манай ДБЭТ-тай төстэй байсан. Гэхдээ манай театр хүчин чадлын хувьд хаана нь ч хүрэхгүй байна. Улсын хэмжээнд цорын ганц байгаа ДБЭТ өнөөдөр стандарт буюу дэлхийн хэмжээнд олон улсын уран бүтээлчид ирээд тоглоход гэрэл, дуугаралт гээд хаана ч хүрэхгүй л байна. Өнөөдөр би дан ганц балет гэж яримааргүй байна. Манай театрын хувьд уран бүтээлчид, тайз, гэрэл, дууны болон үйлчилгээний ажилчид гээд маш олон хүмүүс нэгдээд сайхан сандал дээр сууя гэсэн ч байхгүй бол зогсоогоороо нуруу өвддөг шиг тоглолтоо сайхан хийе гэхээр барилга сав гээд хэрэгтэй зүйлс нь байхгүй байгаа нь харамсалтай. Гэсэн хэдий ч монголчууд аль болох зохицож амьдарна гэдгээр л өнөөдөр болгоод байна. Ямарваа нэг юм чанартай байхын тулд сайн л байх ёстой.
-Дэлхийд “Цөмөөхэй" балетыг хэрхэн тавьсан байдаг вэ?
Шинэ жил болж байгаа гэртээ зочид урьж байгаа болон тэрхүү гол дүрийн Клара охины мөрөөдөл гэдэг утгаараа нэг утга санааг илэрхийлдэг. Харин балет доторх бүжиг, найруулгыг тухайн найруулагч нар шийдэн өөр өөрийн өнцгөөс үзэгчдэд хүргэдэг.
Эцэг эх хүүхдүүд энэхүү балетыг хамтдаа ирж үзэн 2014 оныг гэр бүлийн сайхан дурсамжтай өнгөрүүлээрэй гэж хэлье. Та бүхэнд шинэ олны мэнд хүргэе. Ирэх 2015 ондоо аз хиймороор дүүрэн байхыг ерөөе.
Эх сурвалж: Eagle.mn