Тайзан дээр суух хатагтайн хар даашинз хэсэг хэсгээр хайчлагдан, тэр тоолонгоор биеийн хэсгүүд ил гарч байлаа. Үзэгчдийн хайчтай гар түүний даашинзийг хайчлан хаях бүрт зүрхний нь цохилт хурдсаж, эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдрыг ч хэсэг хэсгээр арилгаж буй мэт мэдрэгдэнэ.
“1965 ширхэг” нэртэй энэхүү гүйцэтгэл нь Хатагтай Оногийн өөрийн гэсэн урлагаа олонд дэлгэсэн анхны бүтээл байсан юм.32 настай түүнийг авангард урлаг алга ташин угтсан. Үүнээс жилийн дараа Йоко Жонтой танилцсан байдаг. Хэрэв тэр Жон Леннонтой танилцаж, дурлалцаж гэрлээгүй бол Битлзийг тараагч, Бэлэвсэн хатагтай гэхээсээ илүү Авангард урлагийн Хатан, Чөлөөт уран бүтээлийн Хатан, Эрх чөлөөний дуу хоолой хэмээх алдрын эзэн болох байсан биз. Жон Леннон түүнийг өөрийн Урлагийн Бурхан гэж зүгээр ч нэг нэрлэдэггүй байв. Зүгээр л дотно харилцаатай байхыг хүссэн Йокогийн хүсэлт ухаангүй дурласан Леннонд хангалтгүй санагдаж, гэр бүлээ орхин түүнтэй гэрлэсэн билээ. Өөрөөс нь 10 насаар эгч япон бүсгүйг тэр амьдралынхаа эцсийг хүртэл хайрласан. Йоко Оно урлагийн бүтээлийн дундрашгүй санаа байлаа. Дал гаран насандаа хувцасны загвар зохиож, 80 насыг зооглосон ч дууны ковер хийж байгаа түүний судсаар уран бүтээлийн дахин давтагдашгүй онцгой санаанууд цустай нь хамт эргэлдэн байдаг байх гэмээр.
Японы эзэн хааны гэр бүлээс гаралтай, нөлөө бүхий гэр бүлд элбэг хангалуун өссөн охины амьдрал 12 настайд нь орвонгоороо эргэжээ. Дайн эхэлж, Токиог бөмбөгдөж эхэлснээр бяцхан Йоко хүний амьдрал хэдхэн хормын дотор эсрэгээрээ өөрчлөгдөж болдог гэдгийг анх мэдэрчээ. Тиймдээ ч энх тайвны төлөө тэмцэгч байж, хүмүүсийг энх тайванд уриалагч гэдгээрээ ч алдартай. Анх нөхөр Жон Ленноны хамт /1969 оны 3 дугаар сар / Амстердамын Хилтон зочид буудлын орон дээрээс дайныг эсэргүүцсэн байр суурь, дэлхийн энх тайвныг эрхэмлэх үзлээ нүцгэнээр илэрхийлж байлаа. Bed-Ins for Peace-ийн үеэр авахуулсан тэдний нүцгэн зураг өдгөө ч алдартай.Харин хамгийн сүүлд 2013 онд Йоко АНУ-ын зэвсгийн чөлөөт хэрэглээг хязгаарлахыг уриалж Жон Ленноны цусны толботой нүдний шилний зургийг Твийтертээ нийтэлж байлаа. “1980 оны арванхоёрдугаар сарын 8-нд Жон Леннон буудуулж амиа алдсанаас хойш АНУ-д 1 057 000 хүн буудуулж нас барсан” хэмээн жиргэжээ. Хайртай нөхрийг нь нүдэн дээр нь буудаж байхад амссан зовлон зэвсгийн чөлөөт хэрэглээнээс болсон гэсэн утгатай энэ жиргээ нь хүмүүсийг үнэхээр цочирдуулсан. Гэхдээ л түүний жиргээ хүмүүст нэгийг бодогдуулж чадсан билээ.
Дайны дараагаар Йоко Оногийн гэр бүл Сан Францискод нүүн ирснээр охин чөлөөт амьдралд дасан зохицож, өөрийгөө илэрхийлэх шинэ замд орсон байна. Урлаг гэдэг түүний хувьд өөрийгөө илэрхийлж болох зам болж, сэтгэл зүрхэндээ байх бүх зүйлээ илэрхийлж эхлэв. 1961 оны зун Нью-Йоркт зохиосон анхны бие даасан шоуг нь 4,5-хан хүн үзэхээр ирсэн гэдэг. Тэдний нэрийг тэр одоо ч санадаг гэсэн. Анхны бүтээл, анхны бүтэлгүйтэл. Гэсэн ч шантарсангүй. Түүний “Бэрсүүт жүрж” нэртэй шүлгийн түүвэр 1964 онд хэвлэгдэв. 3 ам.доллараар зарагдаж эхэлсэн түүвэр удалгүй 6 ам.доллар болж үнэ нь өссөн ч эрэлттэй байлаа. Анхны амжилт. “Урлаг миний амьдрах шалтгаан. Хэрэв энэ бүхнийг би бүтээгээгүй бол би галзуурах байсан биз. Илэрхийлж гаргаснаараа би эрүүл ухаантай байгаа гэсэн үг. Чи сэтгэл хөдлөлөө гаргаж, эрүүл ухаантайгаа үлдэх хэрэгтэй ” гэж Йоко Оно хэлжээ. Дэлхий төрийн дуулал гэж алдаршсан Imagine дууны үгсийг Леннон Йокогийн шүлгийн номноос цуглуулсан гэдэг. Битлзийн шүтэн бишрэгчид Йоког хамтлагийг тараасан гол буруутан гэж үздэг ч Леннонтой түүнийг танилцах үед хамтлагийнхан хэдийн хөндийрцгөөсөн, хамт-лаг байх аргагүй болж, Леннон ч ганцаарчилсэн бүтээлээ хийгээд эхэлсэн байсан. “ Йокотой учирснаасаа хойш би найзуудтайгаа бааранд сууж, хөл бөмбөг тоглохоо больсон. Би хайрлахаа эмэгтэйгээ олсноос хойш найз нөхдөө ч мартсан” Ленноны ингэж хэлснийг хүмүүс найз нөхөд гэж Битлзийг хэллээ гэж ойлгосон. Йоко ч өөрөө “ би 3 хадамтай хүн” гэж ярилцлагандаа хошигнон хэлсэн нь нэрмээс болж түүнийг хүмүүс Битлзийг тараагч гэж ойлгож нэрлэсэн байх. “Тийм гайхамшигтай дөрвөн залууг над шиг турьхан эмэгтэй яаж салгаж дөнгөхөв дээ. Аливаа зүйлд эхлэлтэй шиг төгсгөл ч бий. Гэхдээ Битлзийн төгсгөл нь гишүүдийн хувьдаа өсч дэвших гайхалтай эхлэл болсон гэж боддог” гэж Йоко хэлж.
Битлзийг тараасан хэргийн эзэн нь Йоко Оно мөн биш нь одоо чухал биш болжээ. Гэхдээ Жон Ленноны уран бүтээлийг өнөө үеийнхэнд хадгалан авчирсан гавьяа бол үнэхээр түүнийх.Нөхрийгөө өнгөрсний дараа түүний хөрөнгө, уран бүтээлийн зохиогчийн эрх эхнэр Йоко Онод нь өвлөгдсөн байдаг. Жинхэнэ япон эмэгтэйн зан болсон нөхөртөө үнэнч байх, хамгийн сайн туслагч, дэмжигч байж чаддаг зан, үрэгдсэнээс үлдсэн бүтээлийг тэртээгээс өнөөг хүртэл олонд түгээж, мөн чанарыг нь алдагдуулалгүй авч үлдэж чадсаныг нь үнэлж барашгүй юм. Английн Ливерпүл хотын музейн Битлз хамтлагийн хэсгийг байгуулахад Йоко Оно хэмжээлшгүй их тусалсан гэдэг. Зарж үрж мөнгө болгон үрж ашиглахаас илүүгээр нийтэд түгээн, Цаг нь болоход дэлхийн өмч болгож чадсаных нь нэг жишээ нь Imagine дууны эрхийг НҮБ-д шилжүүлсэн явдал юм. “Мэдээж нөхөр минь амьд байсан бол гэж цаг үргэлж боддог. Гэхдээ би уйлаад суухыг хүсдэггүй. Жон амьд байсан бол интернэт түүнд таалагдаж, твиттерт дурлах байсан даа. Тэр минь 70 гарсан ч цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах байсан нь эргэлзээгүй. Би л гэхэд дээрх бүхнээс татгалзаж, гэртээ зүгээр сууж чадахгүй байна шүү дээ” гэжээ. Үнэхээр ч тэр хувцасны загвар зохион бүтээж, шинэ цомог гаргаж огтхон ч зүгээр суусангүй. Гэртээ үр хүүхдээ өсгөж, нөхрөө халамжилдаг уламжлалт япон эмэгтэйн үлгэрээр биш уран бүтээлийн үнэнч туслагч, өвийг нь хадгалан дэлгэрүүлэгч байж чаддаг ухаалаг, тэвчээртэй япон эмэгтэй Йоко Оногийн өмнө Пол Маккартни хүртэл гэмшиж, Битлзийг тараагч хэмээн муухайгаар нэрлэж болохгүйг мэдрэн нийтийн өмнө уучлалт гуйсан биз.
Л.ЭРДЭНЭЖАРГАЛ
Эх сурвалж: “ТОЙМ” сэтгүүл