Шинэ жилийн баярыг угтаж Дуурийн театрын тайзнаа Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын балетын хөгжлийн сан, Гавьяат жүжигчин Д.Алтанхуягтай хамтран “Цөмөөхэй” томоохон бүжгэн жүжгийг амжилттай арванхоёрдугаар сарын 24-28-ны хооронд сонгодог урлаг сонирхогчид болон бяцхан үзэгчдэд хүрэгсэн билээ. Тэгвэл “Цөмөөхэй”-н зохион байгуулагчид тайлангаа нийт уншичгдын хүртээл болгож байна. Ингээд “Цөмөөхэй”-н тайлантай танилцъя.
“Цөмөөхэй-2014”-ийн эргэн тойронд
“Монголын балетын хөгжил сан” 2014 оны 24-28-ны өдрүүдэд “Цөмөөхэй” балет тоглолтыг нийт долоон удаа ДБЭТ-т амжилттай зохион байгууллаа. ДБЭТ-ын балетын бүжигчид, симфони найрал хөгжимчид, тайз гэрэлтүүлэг зохион байгуулах ажилчид, оролцогч хүүхдүүд нийлээд 400-аад хүний хүч хөдөлмөрөөр энэ тоглолт бүтсэн юм.
Тоглолтын бэлтгэл
“Цөмөөхэй” тоглолтыг Монголд шинэчлэн найруулах санаачлагыг одоогоос 2 жилийн өмнө “Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг гаргаж, юуны өмнө Монголд өнгө үзэмжтэй, олон улсын шаардлага хангах тайз, хувцас хэрэглэлийг хямд үнэтэйгээр авах саналыг АНУ-ын “Бостон балет” компанитай тохиролцож, 500 мянган ам.долларын үнэтэй тайзны тоноглол, хувцас хэрэглэлийг хоёр дахин үнэтэй худалдаж авахаар тохиролцож чадсан.
Дээрх зардлыг бүрдүүлэхээр НЗДТГ-тай хамтран “Цөмөөхэй балет” төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүсэх “Хандивын хүлээн авалт”, “Night of Modern” тоглолтыгзохион байгуулж, хандив босгож чадаагүй.
Ингээд Нийслэлийн засаг даргын дэмжлэгтэйгээр нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд “Цөмөөхэй” балетын тайзны тоноглол, хувцас хэрэглэлийг “Бостон балет” компаниас худалдан авах зардлыг шийдвэрлэх шатандаа явж байна.
Тээвэрлэлт
“Цөмөөхэй” балетын тайзны тоноглол, хувцас хэрэглэлийг “Бостон балет” компаниас 2014 оны аравдугаар сарын 5-нд ачуулж, нийт гуравдугаар сарын турш тээвэрлэлт хийгдсэнээр Монголд арванхоёрдугаар сарын 22-ны өдөр сүүлийн чингэлэг ачааг хүлээн авсан. 40 тоннын таван чингэлэг ачааг “Туушин” ХХК-иар дамжуулан тээвэрлэхэд нийт 33,750 ам,доллар, чингэлэг түрээс 260 ам.доллар, чингэлэг хадгалалт 398,000 төгрөг, ачааг хот дотор тээвэрлэхэд
1 сая төгрөг, гаалийн татвар 40 сая төгрөг гээд Бостон хотоос Монгол улсын ДБЭТ-т Цөмөөхэйг бүрэн бүрэлдэхүүнээр буулгахад нийт 104,3 сая төгрөгийг зарцууллаа. Тайзны ажилчид ачааг богино хугацаанд хүлээн авч, угсарч, тоглолтонд бэлэн болгосон. Энэ удаагийн тоглолтонд хугацаа болон ДБЭТ-ын тайзны хүчин чадлаас шалтгаалан тайзыг 50 хувьтай л зассан бөгөөд ирэх жил энэ жилийнхээс илүү гоёмсог, сүртэй тайзыг засах бүрэн боломжтой юм.
“Цөмөөхэй”-д 100 гаруй дүрийн хувцас хэрэглэгддэг
“Цөмөөхэй” тоглолт магадгүй хамгийн олон уран бүтээлчид, ажилчдыг оролцуулдаг балетын нэг байх. Нэг удаагийн тоглолтонд мөн 100 гаруй уран бүтээлчид тайзан дээр гарсан бөгөөд үзэгчдийн хамгийн их сэтгэл татсан зүйл бол жүжигчдийн хувцас байсан. “Бостон балет” компанийн “Цөмөөхэй” балетын хувцасны загварыг загвар зохион бүтээгч Давид Валкр зохион бүтээсэн.
Давид Валкр нь олон улсад сонгодог урлагийн оргил дуурь болон балетын хувцасны загвар зохион бүтээгч гэдгээрээ танигдсан нэгэн. Бидний сайн мэдэх Английн хатан хааны театр болох Рояал Опера театрын Рояал балет компанийн “Синдрелла” балет болон “Нойрсож буй гүнж балет”, Лондон Фестивал балет компанийн “Жизель” болон “Силфиде”, АНУ-ын Хюстон балет компанийн “Хунт нуур”, Бостон балет компанийн “Цөмөөхэй” балет зэрэг олон балет, дуурь, драмын жүжгүүдийн хувцасны загварыг зохион бүтээсэн алдарт загвар зохион бүтээгч юм.
7 удаа тасралтгүй тоглож, үзэгчид дүүрэн байлаа
Сонгодог урлагийн тоглолтын хувьд долоон удаа тасгалтгүй тоглогдсон нь ховор бөгөөд тоглолтыг зохион байгуулагчид, оролцсон уран бүтээлчдийн хувьд ачаалал ихтэй байсан ч дүүрэн үзэгчдийн алга ташилт, сэтгэл хөдлөлд багагүй урамшиж байлаа. Тоглолтыг үзэж чадаагүй үзэх хүсэлтэй үзэгчид ч олон байсан нь тасалбар сурч яваа, утсаар асууж байсан хүмүүсийн тооноос харагдаж байлаа.
Жилд 200-аад хүүхдүүд “Цөмөөхэй”-д дүр бүтээнэ
“Цөмөөхэй” балетад нэг удаа нийт 200-аад хүүхдүүд оролцож, дүр бүтээнэ.
“Цөмөөхэй” балетад дүр бүтээсэн сурагчид бүгд балетын урлагаар замнахгүй ч ирээдүйд энэ урлагт хайртай, энэ урлагийн үнэ цэнийг ойлгодог үзэгч байхад болно. 2014 оны “Цөмөөхэй”-д оролцохоор нийт 230 хүүхэд бүртгүүлснээс 190 гаруй хүүхдүүд оролцохоор бэлтгэлээ хийж байна. Ирэх жилд “Цөмөөхэй”-д дахин оролцоно, бүр гол дүр бүтээнэ гэсэн хүсэл эрмэлзэлтэй үлдлээ.
“Цөмөөхэй”-н төсөв
НЗДТГазар тоглолтонд хэрэглэгдэх тайз, декорац, хувцас гээднийт 40 тоннын 5 чингэлэг ачааг АНУ-аас худалдан авах, тээвэрлэх зардал нийт 330,0 сая төгрөгийг шийдвэрлэснээр бид ачааг өнөөдөр бүрэн бүтнээр хүлээн авч, тоглолт хийх боломжтой болоод байна.
Тоглолтын зохион байгуулалтын зардал нийт 155,0 сая төгрөг болсон ба үүнд ДБЭТ-ын түрээс, тоглолтонд оролцсон ДБЭТ-ын уран бүтээлчдийн урамшуулал, Япон улсаас ирж оролцсон 12 уран бүтээлчдийн замын зардал, зочид буудал, ажлын хөлс, гаалийн татвар, ачаа тээвэрлэлт буулгалт, үлгэрийн ном, танилцууулга, анонс хэвлэл, тохижилт, хэвлэлийн сурталчилгаа зохион байгуулалтын зардал тус тус багтсан юм. Зохион байгуулалтын зардал төсөвлөсөн төсвөөс илүү гарсан ба тасалбар борлуулалт, бусад дэмжлэгээр зохион байгуулалтын зардлыг бүрдүүлж, баланс барьж алдагдал хүлээх эрсдлээс гарч чадсан нь зохион байгуулагчдын хувьд ажмилттай ажилласныг харуулж байна.
“Цөмөөхэй”-г асрамжийн хүүхдүүдэд үзүүлж, гарын бэлгээ гардуулав
“Монголын балетын хөгжил сан” зохион байгуулсан тоглолт бүрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үзүүлэхийг зорьдог. Сангийн 8 дахь удаагийн тоглолт болох “Цөмөөхэй”-н 27,28-ны өдрүүдийн тоглолтыг “Миний гэр” асрамжийн төвийн хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж, сангийн тэргүүн МУГЖ Д.Алтанхуяг гарын бэлэг гардууллаа. “Цөмөөхэй” тоглолтыг “Сарнайх” ХХК болонАсашёорюү Д.Дагвадорж нар мөн хүүхдүүдэд үзүүлэхийг дэмжиж ажилласан юм.
“Цөмөөхэй”-н үлгэрийн номыг бэлгэнд тараав
“Цөмөөхэй” балетын тайлбар, үлгэр, хүүхэлдэйн кино дэлхийн олон оронд байдагч Монгол хүүхдүүдэд зориулан монгол хэл дээр анхны номыг зохион байгуулагчид хэвлүүллээ. Монгол хүүхдүүд “Цөмөөхэй”-н тухай үлгэр, бүжгэн жүжгийн талаарх ойлголттой болох боломжтой болсон ба үзэгч хүүхдүүдэд бүгдэд үнэ төлбөргүй тараасан юм.
Цаашид жил бүр уламжлал болон тоглогдох энэхүү балетын зохиолоор хүүхэлдэйн кино бүтээх төсөл хэрэгжих төлөвлөгөөтэй байна.
Э.ТЭКҮ