Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэй чөлөөт бөхийн 38 дахь, эмэгтэй чөлөөт бөхийн 14 дэх удаагийн УАШТ энэ сарын 9-11-ний өдрүүдэд болж байна. Өчигдөр эрэгтэй 57 кг, 70 кг, 97 кг, эмэгтэй 48 кг, 58 кг-ын жингийн бөхчүүдийн барилдаан болж зарим жингийн аваргууд тодорчээ.
Энэ удаагийн УАШТ-нд аймаг, дүүрэг, хотуудын 24 биеийн тамир спортын хорооны эрэгтэй 217, эмэгтэй 90, нийт 307 бөх бяр хүчээ сорьж байна. Тэмцээнд 28 шүүгч ажиллаж байгаа ба 24 нь олон улсын шүүгч юм. Ерөнхий шүүгчээр МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр ажиллаж байна.
Тамирчдаас олимпийн хүрэл медальт, дэлхийн болон оюутны универсиад наадмын аварга С.Батцэцэг, ДАШТ-ий медальт О.Бурмаа, Г.Мандахнаран, О.Насанбурмаа, Э.Ням-Очир, Б.Одончимэг, Д.Отгонцэцэг, Т.Мөнхтуяа, Э.Сумьяа, дэлхийн залуучуудын аварга Э.Бэхбаяр, Э.Даваачимэг, оюутны дэлхийн аварга Б.Батзориг, Т.Түвшинтулга, армийн дэлхийн аварга Н.Лхамгармаа, О.Үйтүмэн, Азийн наадмын аварга Г.Наранчимэг, Азийн аварга Ч.Ганзориг, Д.Хүдэрбулга, тивийн залуучуудын аварга Э.Нарангэрэл, Д.Цогтбаатар, Э.Цэвэгмид, П.Эрдэнэбилэг, Азийн өсвөрийн аварга З.Занабазар, П.Өнөрбат, Залуучуудын олимпийн наадмын мөнгөн медальт Б.Дөлгөөн тэргүүтэй бөхчүүд хүч сорьж байгаа юм.
МЧБХ-ноос Эрүүл мэнд, спортын яам, Спортын бэлтгэлийн төвтэй хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн УАШТ-ий нээлтийн ажиллагаанд МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Гавьяат тамирчин Б.Болд, дэд ерөнхийлөгч Б.Өнөбаатар, “Хасу-Мегаватт” компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, Ахмадын зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ж.Мөнх-Очир, Эрүүл мэнд, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Бакытжан, Спортын бэлтгэлийн төвийн дэд дарга, ОХУ-ын Буриад улсын Спортын гавьяат зүтгэлтэн Ц.Одонбаяр, тус төвийн Үндэсний шигшээ багуудын ерөнхий дасгалжуулагч, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч А.Басхүү, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ардын багш, Гавьяат тамирчин Ц.Дамдин, Гавьяат тамирчин Ц.Нацагдорж, Азийн наадмын аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Д.Цэрэнтогтох, Гавьяат тамирчин, Улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, олон улсын хэмжээний мастер, Улсын заан Ч.Гочоосүрэн, олон улсын хэмжээний мастер, Улсын заан Д.Хишигдорж, спортын мастер, Улсын заан Д.Долгорсүрэн, олон улсын хэмжээний мастер, Улсын харцага Ж.Бор, Азийн аварга, олон улсын хэмжээний мастер Д.Ганбат, “Туушин” компанийн дэд захирал, ДБНХ-ны Хүндэт шүүгч, Гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн, ДБНХ-ны Хүндэт шүүгч Ц.Чойнхор, “Аврагч” спорт хорооны дарга, Улсын заан, Гавьяат тамирчин Ц.Баярсайхан, ахмад дасгалжуулагч Т.Батчулуун, ахмад бөх Б.Санжаа нар оролцлоо.
Энэ үеэр ахмадын ДАШТ-ээс мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн “Хасу-Мегастарс” клубын тамирчин, олон улсын хэмжээний мастер Ш.Баянмөнхийг МЧБХ-ны дээд шагнал болох “Ялалт” одонгоор шагнасныг тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх гардуулав.
Мөн эрэгтэй чөлөөт бөхийн анхдугаар УАШТ-ий 50 жилийн ойг тохиолуулан тус тэмцээний 52 кг-ын жинд түрүүлсэн олимпийн наадмын хүрэл медальт, Ардын багш, Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, 63 кг-ын жинд түрүүлсэн Гавьяат дасгалжуулагч Х.Намшир, 70 кг-ын жинд түрүүлсэн, олимпийн наадмын болон ДАШТ-ий хүрэл медальт, Ардын багш, Гавьяат тамирчин Д.Сэрээтэр, +97 кг-ын жинд түрүүлсэн олон улсын хэмжээний мастер, Улсын заан Ц.Санжаа нарт МЧБХ-ноос хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардуулав. Харин 87 кг-ын жинд түрүүлсэн, олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий алт, хошой мөнгөн медальт, Дархан аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, ЗХУ-ын Гавьяат тамирчин Х.Баянмөнх хүндэтгэх шалтгаанаар ирж амжаагүй байна.
Тэмцээний эхний өдөр Гавьяат тамирчин Г.Мандахнаран дөрөв дэх удаа, олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр гурав дахь удаа, олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл, Д.Хүдэрбулга, Б.Шоовдор нар хошой аварга боллоо. Шинэ аварга төрсөнгүй.
Эрэгтэй 57 кг-ын жинд шувтаргын барилдаанд таарсан олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр, Б.Номин нар болон эмэгтэй 58 кг-ын жинд шувтаргын барилдаанд таарсан олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн, Б.Шоовдор нарын барилдаан үзэгчдийн анхаарлыг ихээхэн татаж байсан боловч Э.Бэхбаяр, Б.Шоовдор нар өрсөлдөгчдөө илүүрхэн ялсан. 70 кг-ын жинд ноднин жилийн аварга Б.Анхбаяр хоёрдугаар тойрогт “Арсан” клубын бөх З.Сумьяабазарт 5:0 онооны харьцаагаар дийлдэж медальд хүрсэнгүй. Спортын мастер Г.Пүрэвдорж УАШТ-ээс дөрөв дэх мөнгө, спортын мастер Ц.Цэнджав УАШТ-ээс хошой мөнгөн медаль хүртжээ.
53 кг-ын жинд барилдах гэж байсан, “Хасу-Мегастарс” клубын бөх, залуучуудын дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг бэлтгэл сургуулилтын үед бэртэл авсан учир энэ УАШТ-ийг өнжих болж түүний оронд мөн клубын бөх, ДАШТ-ий мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг жин өгсөн барилдах болжээ.
Тэмцээний хоёр дахь эрэгтэй 61 кг, 74 кг, 125 кг, эмэгтэй 53 кг, 60 кг, 69 кг-ын жингүүдийн барилдаан болно.
Чөлөөт бөхийн УАШТ-ий дүн:
Эрэгтэй
57 кг 1. Эрдэнэбатын Бэхбаяр /”Хангарьд” клуб, “Алтай констракш”
компанийн бөх, нийслэлийн оюутны шигшээ багийн тамирчин,
залуучуудын дэлхийн аварга/
2. Батболдын Номин /”Гацуурт-Олимп” клуб/
3. Занданбудын Занабазар /”Арслан” клуб, Азийн өсвөрийн аварга/
3. Содномдашийн Батболд /”Гацуурт-Олимп” клуб/
Энэ жинд 34 бөх өрсөлджээ.
70 кг
1. Ганзоригийн Мандахнаран /”Алдар” спорт хороо, ДАШТ-ний
хошой хүрэл медальт, азийн наадмын аварга/
2. Гантулгын Идэрхүү /”Гацуурт-Олимп” сургууль /
3. Даваацэрэнгийн Хатанбаатар /”Арслан” клуб/
3. Цэрэндагвын Цогтбаяр /”Ганьт” клуб/
Энэ жинд 25 бөх өрсөлджээ.
97 кг
1. Доржхандын Хүдэрбулга /”Ганьт” клуб, азийн аварга/
2. Гомбодоржийн Пүрэвдорж /”Харгант-Цамхаг” клуб/
3. Мөнхжаргалын Билгүүтэй /”Женко” клуб/
3. Мягмарын Мэндсайхан /”Харгант-Цамхаг” клуб /
Энэ жинд 29 бөх өрсөлджээ.
Эмэгтэй:
48 кг
1. Эрдэнэсүхийн Нарангэрэл /”Хангарьд” клуб, азийн залуучуудын
аварга/
2. Цогтбаатарын Цэнджав /Налайх дүүрэг/
3. Алтангэрэлийн Цэндсүрэн /”Гацуурт-Олимп” клуб, нийслэлийн
оюутны шигшээ баг/
3. Цогтбаатарын Бямбазаяа /”Алдар” спорт хороо/
Энэ жинд 17 бөх өрсөлджээ.
58 кг
1. Баатаржавын Шоовдор /”Цастын Барс” клуб/
2. Сүндэвийн Бямбацэрэн /”Аврага” биеийн тамирийн дээд сургууль/
3. Энхбатын Гантуяа /”Хилчин” спорт хороо/
3. Баярбаатарын Сарнай /Налайх дүүрэг/