Ижил заяа, нэгэн сэтгэлээр Монголын урлагтай дөчин жил амьдралаа холбосон Зууны манлай хос дуучин гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарыг ярилцлагын зочноор урилаа. “Мартагдахгүй юмсан” тоглолтынхоо бэлтгэл ажлаар хотод ирэхэд нь тэдэнтэй уулзсан юм.
-Тоглолтоо яагаад“Мартагдахгүй юмсан” хэмээн нэрлэсэн юм бэ?
Д.Дуламсүрэн: Бид дөчөөд жил дуулж байна. Ер нь л мартагдахгүйн тулд өнөөдрийг хүртэл уран бүтээлээ хийж явна. Биднийг Монголын өнцөг булан бүрт очиход халуун дотно хүлээж авдаг нийт үзэгч, сонсогчдод энэ дашрамд “Баярлалаа” гэж хэлье. Үзэгчид маань өнөөдрийг хүртэл бидэнтэй хамтдаа дуулж, тэдний алга ташилтаар бид хөглөгдөж байна. Монголчууд алтан үеийн уран бүтээлчид гэж ярьдаг. Гэтэл Ардын жүжигчин Түмэндэмбэрэл, гавьяат жүжигчин Банзрагч, Сүглэгмээ, Адарсүрэн, Нансалмаа нар өнөөдөр яг мартагдах гээд байгаа юм. Энэ аугаа уран бүтээлчид Монголын радиогоор дуулж олон түмэндээ танигдсан. Гэтэл энэ хүмүүсийн уран бүтээл өнөөгийн радио, FM-ээр цацагдахгүй байна. Гэсэн ч тэднийхээ дуу хоолойг сонсох юмсан гэсэн үе үеийн үзэгчид байна шүү дээ. Тиймээс үүнээс эш татаж, бодож, мартагдахгүйн тулд уран бүтээлээ хийж байна ч гэж ойлгож болно.
С.Вандан: Гэхдээ мартагдахгүй гэдэг үгийг хүн бүр өөр, өөрөөр ойлгоно. Бид хосоороо дуулаад дөчин жил боллоо. Энэ хугацаанд Монголын ард түмэн, үзэгч олон маань биднийг мартаагүй. Тиймээс үүнээс урам авч илүү сайн уран бүтээл хийхийн төлөө явж байна. Ер нь дуучин мартагдахгүйн тулд уран бүтээл хийдэг. Түүнээс биш ганц, хоёр уран бүтээл хийчихээд орхивол дорхноо мартагдана шүү дээ. Тиймээс л бид шинэ уран бүтээлийн эрэл хайгуул хийж, шинэ залуу дуучидтай мөр зэрэгцэж явна.
-Энэ тоглолтын дараа та хоёрыг “Зодог тайлна” гэх юм. Тэгэхээр “Мартагдахгүй юмсан” та хоёрын хувьд сүүлийн бие даасан тоглолт гэсэн үг үү?
Д.Д: Энэ асуултад хариулмааргүй байна.
-Ятгатай дуулдаг Амарсайхан, Солонго гэсэн гэр бүлийн уран бүтээлчдийн дуулахыг сонссон байх. Магадгүй тэд та хоёрын шавь уу?
С.В: Амарсайхан, Солонго нартай бид гэр бүлийн найзууд. Төв аймгийн театрт нэг нь хөгжимчин, нөгөө нь хөгжмийн багш байсан юм. Энэ хоёр хотод ирээд Соёлын дээд сургуульд багшилж байгаад уран бүтээл хийж эхэлсэн. Тэд одоогоор бие даасан уран бүтээлээ хийж байна. Өмнө нь бидний нэрэмжит хос дуучдын анхдугаар уралдаанд түрүүлж байсан.
Д.Д: Амарсайхан, Солонготой бид гар барилцсан багш, шавь биш. Амарсайхан морин хуурч, Солонго мэргэжлийн ятгачин хүн. Намайг Төв аймгийн Хөгжимт драмын театрын дарга байхад энэ хоёр ирж ажиллаж байсан. Төв аймагт бол нэг их дуулж байгаагүй. 2005 оны уралдаанд энэ хоёр маань понаграммтай дуулах гэж байсан юм. Тэгээд бид хоёрт сонсгоод “Ятгатай дуулсан нь дээр юм” гэж зөвлөсөн. Энэ дуучид маань одоо бидний тоглолтод оролцоно.
-Тэгвэл энэ удаагийн тоглолт гэр бүлийн дуучдын тоглолт юм байна шүү дээ?
Д.Д: Тийм юм. Бидний тоглолтыг гавьяат жүжигчин Жавхлан зохион байгуулж, нэрийг нь хүртэл өгсөн. Бас тоглолтод Эрдэнэчимэгтэй хамт оролцохоор болсон. Мөн манай хүү, ач охин маань ч дуулна. Тэгэхээр бараг л гэр бүлийн дуучдын тоглолт юм даа.
-Та хоёрыг өдрийн тэмдэглэл хөтөлдөг, түүгээрээ ном гаргана гэж сонссон. Урлагийн гэр бүлийн олон жилийн дурсамжийг өгүүлсэн сайхан ном бүтэх болов уу?
Д.Д: Номоо гаргаж амжаагүй л байна. Дээхнэ үед аймгуудаар аялан тоглолтоор явахад санал хүсэлтийн дэвтэр аялуулдаг байсан. Одоо бидэнд 10 гаруй санал хүсэлтийн дэвтэр байдаг юм. Мөн үзэгч, сонсогчдоос ирсэн олон захидал бий. Залуу байхад тийм зүйлийг тогтож уншдаггүй байжээ. Түүнийг одоо уншихад их сайхан санагдаж байна. Тэгж л өөрсдийнхөө амьдрал, уран бүтээлээр ном хийхээр төлөвлөчихөөд байна даа.
С.В: Соёлын ордон ажиллаж байхад төлөвлөгөөтэй ажилладаг байлаа. Тэр маань одоо түүх болон үлдэж байна.
-Дээхнэ үед хөдөө аялан тоглолтоор явахад одоогийнх шиг бүх зүйл амар хялбар байгаагүй байх. Наанадаж машин унаа нь ч болхи байсан байх?
Д.Д: Тийм шүү. Эхний үед 1970-аад оны үед 53 машинтай хөдөө, орон нутгаар тоглолтоор явдаг байлаа. Ер нь залуучууд ихэвчлэн бүхээгтэй30 машин дээр явна. Тэгж яваа хүмүүс үстэй дээл өмсөнө. Тэгээд л тоглолт болохын өмнө шорооноосоо салж байгаад л дуулдаг байв. Одоо хөдөө, орон нутгийн зам нь хүртэл явахад сайхан болжээ. Тэр үед аялан тоглолтоор явахад хэцүүхэн л байлаа даа. Гэхдээ бэрхшээлгүй зүйл гэж юу байхав дээ.
С.В: Тэр үед сумын гэрэл цахилгаан долоон цаг гээд л унтарна. Тэгээд бэлтгэлийн өрөөнд зуух асааж байгаад хувцсаа өмсдөг байв. Харин тайзан дээр гарахдаа тайзаа тойруулаад лаа асаачихдаг байлаа. Гэхдээ одоо бодоход их сайхан байжээ. Тэр үед задгай зуухтай байсан. Одоогийнх шиг нүүрс түлэх биш. Ихэвчлэн мод, аргал түлнэ. Тийм болохоор цагаан хувцастай хоёр газар тоглоод л хар болчихдог байжээ.
-Та хоёрын уран бүтээл ятгатай салшгүй холбоотой. Ер нь өнгөрсөн хугацаанд хэчнээн ятга сольсон бэ?
Д.Д: Ятгаа гурван удаа сольсон байна. Энэ удаагийн тоглолтдоо Вандан бид хоёр анхны ятгаараа тоглож, дуулна.
-Вандан, Дуламсүрэн гэдэг нэрийг тайзан дээр дандаа хосоор нь зарладаг. Тийм болоод ч тэрүү, үзэгчид тэр байдлаар нь хүлээж аваад сурчихжээ. Хааяа ганц, ганцаараа дуулах тохиолдол гардаг байх. Тэр үед үзэгчид нэгнийг нь үгүйлээд байгаа юм шиг санагддаг?
Д.Д: Зарим хүн биднийг зарлахыг сонсоод нэг л хүн гэж ойлгодог байсан гэсэн. Тэгээд хэн нэгнийг нь тайзан дээр гарахаар нөгөөг нь заавал асуудаг юм. Бид өнгөрсөн хугацаанд дуулсан 25 дуугаараа алтан цомог гаргаж байна. Тун удахгүй тоглолтын өмнө цомог маань сонсогчдод хүрнэ.
С.В: Үзэгчид биднээс хоёулаа, хоёр ятгатай гарч ирэхийг л хүсдэг. Биднийг ятгагүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ удаагийн тоглолтдоо зориулан бид 12 дуугаа шинэчлэн найруулсан.
-Сайхан түүх бүтээж та бүхний сэтгэлд хоногшсон уран бүтээл олон бий. Түүнээс онцолж дурсвал?
Д.Д: Байлгүй яахав. Ер нь бидний дуу бүр өөр өөрийн түүхтэй. Жишээлбэл, “Ханьсах заяа” дуугаа 40-өөд жилийн өмнө зөвхөн ятгатай дуулаад ард түмний хүртээл болгон радиод бичүүлж байв. Мөн “Тавилан” хэмээх дуу маань шинэчлэгдээд дуулахаар хоёр зууны түүх болж байгаа юм. Бидний хувьд бүх дуу маань түүх өгүүлнэ.
-Дуучид та бүхний уран бүтээлийг дуулахдаа зөвшөөрөл авч байна уу?
С.В: Дуучид хэлж, асуугаад зөвшөөрөл авдаг. Гэхдээ саяхан хоёр залуу дуучин биднээс зөвшөөрөл авахгүйгээр“Ханийн жаргал” дууг маань дуулчихсан байна лээ. Хамгийн гол нь бидний дууг дуулахдаа үг, ая данг нь буруу дуулсан байсан.
-Дуугаа хэн нэгэнд өвлүүлэх бодол бий юү?
Д.Д: “Ханийн жаргал” дуугаа Амарсайхан, Солонго нарт өвлүүлэх гэж байгаа. Ерөнхийдөө бид уран бүтээлүүдээ үр хүүхдэдээ өвлүүлнэ. Хүү Баттулга маань бидний дууг цаашдаа ард түмэнд хүргэнэ. Ард түмний дунд 40-өөд жил дуулсан дуунууд л бидний үр хүүхдэд алтнаас илүү үнэтэй зүйл болж үлдэнэ шүү дээ.
С.В: “Вансэмбэрүү” дуугаа Дуламсүрэн хүү Баттулгадаа өвлүүлэх гэж байгаа.
-Ижил заяа, нэг сэтгэлтэй учраас л та хоёр өдий хүртэл Монголын урлагийн ертөнцөд хослон дуулсаар яваа гэж боддог?
С.В: Зарим хүн яадаг ч юм, биднийг нэг хүн гэж боддог юм. Ер нь бид энэ орчлонд ижил заяатай төрсөн юм шүү дээ. Д.Д: Их сонин шүү дээ. Бид “Ханьсах заяа” дууг 1978 онд дуулсан. Энэ дуу манай том хүүтэй чацуу. Түүнээс хойш 38 дахь жил дээр “Ижил заяа” дуу төрсөн. Дээрээс нь энэ дууны клип бидний амьдрал, уран бүтээлээр хийсэн учраас ард түмэнд их хүрсэн байна. Одоо “Тавилан” гээд их сайхан дуу маань үзэгчдэд хүрч байна. Төв аймгийн Бүрэн сумын шүлэг бичдэг Маналжав гэдэг хүн дууны үгийг нь бичсэн. “…Ээжийн хайртай орчлондоо Эрхэлж хамтдаа жаргая даа Эцгийн түшигтэй хорвоодоо Элэгдэж хоёулаа жаргая даа Бурхнаас заяасан чамдаа Буруугүй явсаар жаргая даа Буян хурсан голомтондоо Буурайж хоёулаа жаргая даа…” ийм сайхан үгтэй дуу бий.
-Үзэгч, сонсогчдоос дууны үг бичээд ирсэн тохиолдол бий юү?
С.В: 1980-аад онд бид бригадаар явж аялан тоглосон юм. Тэр үед бидэнд сонсогчдоос олон захиа ирсэн. Харин тэр захиаг олон жилийн дараа үзэж суугаад захиан дотроос “Миний хоёр аав” гэдэг шүлэг гарч ирсэн. Тухайн үед бидний “Миний хоёр ээж” дуу хит болж байв. Тэгээд түүн шиг биднийг “Ая хийгээд дуулаарай” гэж сонсогч маань захисан байсан. Одоо тэр шүлгийг дуу болгоно доо.
Д.Д: Тэгэхээр удахгүй “Миний хоёр аав” дуутай сонсогчидтой уулзана. Уг нь энэ удаагийн тоглолтынхоо үеэр дуулъя гэж бодсон ч амжсангүй.
Эх сурвалж: Unen.mn