Монголчууд бид дэлхийд нэг бол цойлон манлайлна, нэг бол баян ходоод болж сүүл хамдаг өвөрмөц онцлогтой. Жишээлбэл, бид ДНБ-ийн өсөлтөөрөө дэлхийн 200 гаруй улс орнуудын дунд гэнэтхэн цахиур хагалж гайхуулсан. – ДНБ-ий цэвэр өсөлтөөрөө 2011 онд II байрт, – 2012 онд III байрт, – 2013 онд IV байрт жагсан манлайлав. – Харамсалтай нь энэ өсөлт зөвхөн тоо төдий, хий хоосон хөөс, уул уурхайгаас 100 хувь хамаарсан байсны гор гарч 2014 онд огцом хойш шидэгдэв. Бас зарим үзүүлэлтээр баян ходоод болчихож. – төсвийн алдагдлаараа хойноосоо VIII, – инфляцийн өсөлтөөрөө мөн хойноосоо VII, – хамгийн бага үйлдвэрлэл явуулаад хамгийн их хүлэмжийн хий гаргадаг орны хойноосоо V, – гадаад худалдааны алдагдлаараа хойноосоо III, – авилгалд идэгдсэнээрээ хойноосоо II, – эдийн засаг нь ашигт малтмалаас хамаарах үзүүлэлтээрээ бол бүр хойноосоо НЭГДҮГЭЭРТ жагсана. – хорт хавдраар нас баралтын хүн амд харьцуулсан тоогоороо НЭГДҮГЭЭРТ, – нийслэл нь агаарын бохирдлоороо НЭГДҮГЭЭРТ… гм. ДНБ-ий хэт өсөлт маань ямархан хуурамч байсныг эдгээр баян ходоод болж буй үзүүлэлтүүд илтгэнэ. Тэгэхээр дан ганц ДНБ-ийн өсөлтөд хууртагдан хөөрөөд байх нь гэнэн хэрэг болох нь ээ. Сайн талаараа нэгд орох үзүүлэлтэд, тухайлбал, – тэмээний ноосны үйлдвэрлэлээрээ, – хонь ямааны махны хэрэглээгээрээ, – хүн амд ногдох төсвийн албан хаагчдийн тоогоороо, – нэг хүнд ногдох ТВ, хэвлэлээрээ дэлхийд тэргүүлдэг байна. – бас нэг хүнд ногдох газар нутгийнхаа хэмжээ, ашигт малтмал зэрэг олон зүйлсээр дэлхийд дээгүүрт орно.
Гэвч харамсалтай нь тэргүүлж буй эдгээр үзүүлэлтүүд улс орны хөгжлийн амин чухал хүчин зүйлс хараахан биш юм. Ер нь ч улс орны хөгжил, дэвшил гэдгийг зөвхөн эдийн засгийн байдлаар нь авч үздэг хандлага нь ч ихээхэн өрөөсгөл болно. Тухайн улс үндэстний боловсролтой, соёлтой, оюуны өндөр чадавхитай, идэвхтэй, бүтээлч чадварлаг байдал, товчхондоо соён гэгээрсэн түвшин бол хөгжлийн нэн чухал үзүүлэлт, хөшүүрэг юм. Байгалийн арвин их баялгаа үр ашигтай ашиглах чадвар, мэдлэггүй бол, оюуны соёлын түвшин сул дорой, эв нэгдэлгүй байх аваас, ялангуяа овтой зальтай, шуналтай хүмүүсийн бэлэн сайхан амлалтад гэнэн хонгороор мансууртлаа хууртагдан тэднийг төрийн эрх барих байгууллагад ээлж дараагүй сонгосоор байх юм бол өнө эртнээс заяаж, өвөг дээдэс маань цус нулимсаараа ариулан дархалж ирсэн тэр их баялаг бүхнийг бид хэдхээн жилд савируулан үр ашиггүй үрж дуусгах болно. Ер нь ч нөхцөл байдал тэр талруугаа хэлбийж байгаа. Байгалийн их баялагтай байх хэрээрээ ядуурлын балчигт улам бүр шигддэг Хар Африкийн зарим орнуудын жишээг сүүлийн жилүүдэд хангалттай дурдан ярилцсан боловч харамсалтай нь өнөөдөр бид өөрсдөө тэдний унасан харанхуй нүхний амсар дээр тулж ирчихээд байна. Юу юугүй гулсан унахад бэлэн байдалтай. Энэ юутай холбоотой вэ гэхээр, өнөөгийн монгол үндэстний өөрсдийгөө авч яваа байдал, итгэл үнэмшил, соёл боловрол, мэдлэг чадвар, ухаарал сэхээрэлтэй шууд холбоотой. Түүнээс биш дан ганц төрд гарсан хэдхэн хүмүүсийн алдаа биш. Яагаад гэвэл бид өөрсдөө тэр хүмүүсийг сонгож гаргасан шүү дээ. “Ямар ард түмэн байна, тийм л удирдагч байдаг” гэдэг нэг гашуун ёж үг байдаг даа. Тэгээд боловсрол, оюуны түвшин, соёлжиж гэгээрснээрээ монголчууд бид дэлхийн улс түмнүүдийн альхан зэрэгт явж байна вэ гэдгийг сонирхон, зарим нэгэн баримтууд сөхөж үзлээ. Хэдийгээр боловсрол, оюуны түвшинг яг таг гаргачихсан статистик байдаггүй ч ямар нэгэн хэмжээгээр илэрхийлж болох баримтууд бас байна. Монголчууд бид оюуны чадавхи буюу IQ-ээрээ дэлхийн улс түмнүүдийн цээжинд, IV-VIII байрт байгаа нь байгалийн баялгаас илүүгээр хөгжлийн асар их нөөц буйг харуулна. Мөн хүн амтай нь харьцуулбал хамгийн их хүн гадаадын их дээд сургуульд сурдаг 8 дахь улс аж.
Энэ бас сайн л үзүүлэлт. Харин хүн амд ногдох их дээд сургуулиуд, тэнд суралцагсадын тоогоороо зарим өндөр хөгжилтэй орнуудаас тэргүүлдэг ч энэ үзүүлэлтийг сайнд тооцоход эргэлзээтэй. Учир нь манай их дээд сургуулиудын чанарын стандарт дэлхийн дундаж түвшингээс хол доогуур буй. Соён гэгээрлийг илэрхийлэх нэг чухал үзүүлэлт бол бичиг үсэгт тайлагдсан явдал. 100 хувь нь бичигт үсэгт тайлагдсан үзүүлэлтээрээ бид нэгэн цагт дэлхий дахинаа гайхуулж, ЮНЕСКО-гийн батламж авч байсан үе бий. Харин одоо хойш хол ухарсаан. 2013 онд ЮНЕСКО-гийн Статистикийн хүрээлэн 180 гаруй орны дунд явуулсан судалгаагаар Монголчууд бид 97.4 хувийн үзүүлэлтээр 58 дугаарт оржээ. Дэлхий дахины дундаж 84.1 хувьтай харьцуулахад бас ч яахав. Өнөөдөр дайн байлдаантай, дотоодын гүнзгий хямралтай байгаа ихэнх улсуудад бичиг үсэгт тайлагдсан байдал дэлхийн дунджаас ихээхэн доогуур байдаг аж. Тухайлбал, Афганистан 28.1 %, Сиерра Лион 35.1%, Өмнөд Судан 27%, Мали 27.7 %, Нигер 28.7 %, Сенегал 39.3 % байна. Харин тогтвортой нийгэм, тогтвортой хөгжил бүхий улс орнуудад харьцангуй өндөр буюу Финланд, Норвеги, Люхсенбург улс 100%, Белги, Канад, Дани, Герман, Япон, Швед, Швейцарь, Англи, АНУ зэрэг улс 99 % бичиг үсэгт тайлагдсан байна. Хуучин соц системийн орнуудын үзүүлэлт их өндөр, Куба 99.8%, Орос, Гүрж 99.7%, Казах 99.5%, Латви 99.8% гэх мэт… Соён гэгээрлийн бас нэн чухал үзүүлэлт бол ард түмний НОМ УНШИХ, номд хандах явдал юм. NOP Судалгааны байгууллагаас дэлхийн ард түмнүүд долоо хоногт хэдэн цагийг ном уншихад зарцуулдаг вэ гэсэн сонирхолтой судалгаа хижээ. Иргэн бүр нь долоо хоногт ядаж 10 цаг 42 минут ном уншдагаараа энэтхэгчүүд энэ жагсаалтыг тэргүүлж, 9 цаг 24 минутаар тайландууд, 8 цагийг ном уншиж өнгөрөөдгөөрөө хятадууд удаалжээ. Бидний их уншдаг гэж ойлгодог оросууд 7 цаг 6 минутаар 7 дугаарт орсон бол, швед, франц, унгарчууд араас нь жагссан байна. Нью-Йорк, Чикаго, Вашингтоны метрод яваа гурван хүний хоёр нь ном дэлгэчихсэн харагддаг, номын дэлгүүр нь хүнсний дэлгүүрээс илүү хөлтэй байдаг америкчууд гэхэд долоо хоногт 5 цаг 42 минутыг ном уншиж өнгөрөөдгөөрөө 22 дугаар байрт байна.
Харин энэ жагсаалтын дэлгэмэл зургаас үзвэл долоо хоногт 3 цагийг ч номд зориулдаггүй ард түмнүүд болох африкууд, Латин Америк болон Афган, Пакистан зэрэг Дундад Азийн орнуудтай нэг түвшинд бид байна. Бид тийм түвшинд уншдаг ард түмэн юм уу? Тийм гэдгийг бататгах зарим нэгэн баримтууд ч байна. 2007 оны үзүүлэлтээр Англичууд нэгхэн жилд 2 478 сая фундстерлингийн үнэ бүхий 338 сая ном худалдан авчээ… Англичууд 61 саяулаа. Англи хүн бүр нэг жилд дунджаар 40.6 фундстерлингийн үнэ бүхий 5.6 ном худалдан авсан байна… Манай ханшаар бол хүн бүр жилд 116 мянган төгрөгөөр ном худалдан авчээ. Энд нэг настай балчираас 100 настан нь хүртэл орно. Хүн бүр нь долоо хоногт 5:18 цагийг ном уншиж өнгөрөөдгөөрөө 26 дугаар байрт жагссан Английн ард түмэн шүү дээ. Энэ үзүүлэлтийг монголчуудтайгаа дүйлгэж үзвэл, өөрөөр хэлбэл монгол хүн бүр жилд 5.6 ном худалдаж авдаг гэж үзвэл 16.8 сая ном худалдан авах нь. Гэтэл манай номын зах зээлд жилд ЕБС-ийн сурагчдын сурах бичгийг оролцуулахгүйгээр 750-900 мянга орчим ном зарагддаг гэсэн тойм тоо байдаг ба монгол хүн бүр жилд дунджаар 0.27 ширхэг ном худалдаж авдаг байна. Англичуудтай харьцуулахад бид даруй 20 дахин бага байна. 2014 оны байдлаар 16-аас дээш насны америкчуудын 23 хувь нь ямар ч ном уншаагүй, 31 хувь нь 1-5 ном уншсан, 17 хувь нь 6-10, 28 хувь нь 11-ээс дээш ном уншжээ. Өөрөөр хэлбэл насанд хүрсэн америк хүн бүр жилдээ ядаж 5 ширхэг ном уншжээ. Тэдний арван хүн тутмын долоо нь /69 хувь/ сүүлийн 12 сард шинээр хэвлэгдсэн шинэ ном уншжээ. Мөн насанд хүрэгчдийн 28 хувь нь онлайн ном уншиж, 14 хувь нь аудио ном сонссон байна. Насанд хүрсэн америкчууд жилд бүр 1.25 тэрбум орчим ном, өдөртөө 3.5 сая орчим ном уншдаг байна.
Америкчуудын ном уншилтаараа дэлхийд 22 дугаарт орж буй шүү дээ. АНУ-ын Barnes&Noble, Amazon.com зэрэг номын томоохон сүлжээнүүдээр дамжин нэг жилд 13.4 тэрбум долларын ном худалдаалагджээ. Өдөртөө 37 сая долларын 3 сая орчим ном эдгээр томоохон сүлжээнүүдээр худалдаалагддаг байна. Түүнээс гадна номын жижиг худалдаа америк даяар 84 000 байдаг гэнэ. Америкчууд биднээс 106 дахин олон. Энэ харьцаагаар тооцвол монголд өдөртөө 28 000 ширхэг ном худалдаалагдах нь байна. Энэ тоо бол жилдээ үсрээд л 900 000 ном худалдан авдаг бидний хувьд, ном эрхлэн хэвлүүлэгчид, зохиолч, уран бүтээлчдийн хувьд дэндүү хол мөрөөдлийн тоо билээ. 100 америк хүн жилдээ 537 ном уншдаг бол 100 монгол хүн жилдээ 27 ширхэг ном уншдаг нь мөн л 20 дахин доогуур байна. Сүүлийн үед манайд шинэ ном олноор хэвлэгдэж, шинэ гарсан бүхнийг уншиж барахааргүй болсон нь үнэн. Гэвч Хятадад гэхэд нэгхэн жилд 200 000 нэр төрлийн ном шинээр хэвлэдэг бол бид нийтдээ 2000 хүрэхгүй нэр төрлийн номтой л сууж байна. Мөн “Интер ном”, Их дэлгүүрийн “Мажестик” номын дэлгүүрүүд байнгын хүнээр дүүрэн байдаг болсон ч энэ бол 1 сая 200 мянган хүн амтай их хотод буй хоёрхон л цэг шүү дээ. Ядахдаа 20 цэгт ингэж бужигнаж байдаг бол өөр хэрэгсэн. Өнгөрсөн оны зун Алтай хотод очоод номын дэлгүүр хайж гурав тойрсон ч олоогүй. 17 мянган оршин суугчтай Алтай хотод ерөөсөө номын дэлгүүр байдаггүй юм билээ. Ийм байдал ихэнх аймгуудад бий.
Өнөөдөр манай хүүхдийн номын зах зээл дээр бүх насны хүүхдийн 250 орчим төрлийн ном бий бөгөөд нэг жилд 54 000 орчим ширхэг худалдаалагдаж байна. Гэтэл монгол маань нэг сая гаруй хүүхэдтэй, түүнээс 518 мянга нь сургуулийн насны хүүхэд шүү дээ. 100 хүүхдийн 6 нь л жилдээ нэг ном худалдан авч уншиж байна гэсэн үг. Ийм байхад ард түмний соёлжиж, гэгээрсэн гэж үзэх үү. Өнгөрсөн онд сэтгүүлч Д.Төрмөнх “Монгол хүн ном умшдаггүй юм уу” нийтлэлээрээ эл нүүр халаам, сэтгэл шимшрэм асуудлыг ултай өлгөн бичсэн билээ. Тэнд дотоодын номын зах зээлийн талаар нэлээд нарийн мэдээллүүд бий. Ном эрхлэн хэвлүүлэгчид нэг номыг дунджаар 500 ширхэгийг л хэвлүүлдэг гэдэг. Мэдээж хэрэг 10-20 мянган хувь хэвлэгдсэн ном бий ч тэр нь гарын арван хуруугаар тоолчих хэмжээний цөөхөн. Соц үед монголчууд бас ч гэж чамлахааргүй уншдаг байсан. Доод талын номыг 3000 ширхэгээр хэвлэдэг, ихдээ 50-60 мянга, дунджаар 10-20 мянган хувиар хэвлэдэг байжээ. Соц үеийн номын төлөвлөгөөнд орж хэвлэгдсэн хамгийн сүүлчийн ном болох зохиолч Д.Энхболдын “Соёо” туужийн ном 15 000 ширхгээр гарчээ. Олон ч төрлийн ном хэвлэгдэж, сум, сургууль, дүүрэг бүрийн номын сангууд дүүрэн байдаг байлаа. Тэр бүх ном 1990-ээд оны дажингийн үеэр хаягдал цаас болон хятад руу вагон вагоноороо ачигдсаныг бид нүдээрээ харсан билээ. Сүүлийн 20 гаруй жил ахуйн дарамт, ширвэлт, ёс суртхууны уналт, үзэл санааны төөрөгдлөөс үүдэн ном, соёл гэгээрэл, ухаарал сэхээрлээс монголчууд бид ихээхэн холдон хөндийрсөн. Ард түмний ёс зүй, оюун санаа нэг уруудахаараа огцом, бүр ямар ч хяналтгүй шааригддагийг бид бас харсаан. Тэр хэмжээгээрээ овтой зальтай хүмүүст боломж олгож ирсэн. Ф.Достоевскийн “Нийтээрээ үймэн бужигнаж, аль ч учраа олохоо байсан чухам тийм цөвүүн цагт л хамгийн адгийн шаарнууд идэвхжиж, тэсч ядсанаа байж ядан илэрхийлж байдаг ба түмний төлөө гэсэн хосгүй сайхан үгсээр халхавч хийж байгаад бүхий л эд баялаг, эрх мэдлийг хуу хаман ховх сорохыг эрмэлздэг” гэсэн аксиомыг бид өнгөрсөн 20 гаруй жилд хангалттай батлан харуулсан, харцгаасан билээ. Бидний номонд хандах хандлага ч их өрөөсгөл… Ер нь ном ямар хэрэгтэй юм бэ гэсэн байдалтай. Ашгийг шууд утгаар, эсвэл баяр цэнгэл маягаар хардаг. Манай шинэхэн хөрөнгөтнүүд, ялангуяа уул уурхайн томоохон компаниуд, архи пивоны үйлдвэрийнхэн бол номонд хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг ер хүлээн зөвшөөрдөггүй, бараг нүгэл мэт бодно. Аль нэгэн хамтлаг, бөхийг төдөн сая төгрөгөөр ивээн тэтгэлээ, жийп, байраар шагналаа гэх боловч зохиолчийг, уран бүтээлийг ивээн тэтгэлээ гэсэн зүйлийг энэ хугацаанд бараг л сонссонгүй. Гэхдээ одоо эргээд сэргэж байна. Монгол түмний оюун санаа эргэн ирж буйн нэг үзүүлэлт нь номонд хандах хандлага 1990-ээд оны эхэн үетэй харьцуулахад бараг 20 дахин, 2000 оны үетэй харьцуулахад 10 дахин сэргэж буй явдал болно. Төрөөс нь ихэд анхаарч, “НОМ” гэсэн сайхан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Гэсэн ч дэлхийн хөгжингүй орнуудын энд хүрэхэд дэндүү хол хоцорчээ. Муу бүхний жишээ болдог Африкийн түвшинд л байна шүү дээ.
Нэгэн үеэ бодвол эдийн засаг сэргэж, айл бүхэн шахуу машинтай болжээ. Гэхдээ айл бүхэн номын сантай болсон уу? Уг нь бид язгуураасаа тийм ч харанхуй, мунхаг ард түмэн биш юмсан. Номыг гурван чухаг эрдэнийн нэгд эрхэмлэн дээдэлдэг, өөрсдөө хөдсөн дээл хөдөрдөгч ном судраа торгоор баринтаглаж, алт, эрдэнэсээр чимдэг ард түмэн билээ. Ер нь номоос ангидаар соён гэгээрэлд, оюун сэхээрэлд хүрэх боломжгүй, соён гэгээрэлгүйгээр хөгжил, нийгмийн баттай дэвшилд хүрнэ ч гэж үгүй. Соён гэгээрлээс ангид хөгжил дэвшил хэрвээ буй гэвээс тэр лавтай мутацид орж, гажуудсан, тун удахгүй өөрөө өөрийгөө дотроосоо мэрж мөхөөх тийм л хөгжил биз ээ.
Б.Номинчимэд 2014.1.24