УДБЭТ-ын концертмейстр, хийлч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхболдтой ярилцсанаа хүргэе
-Таныг сайн концертмейстр, хийлч гэдгийг мэднэ. Хэзээнээс удирдаач болсон бэ?
-Намайг яг ч удирдаач гэхэд хэцүү. Сургуульд нь сурч, номыг нь үзсэн хүнийг удирдаач гэх нь зүйтэй. Монголд удирдаач цөөхөн байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Манай ДБЭТ урын сандаа хэчнээн бүтээлтэй билээ дээ. Тэгтэл тэр бүхнийг хоёрхон удирдаач нуруун дээрээ үүрч явна. Тиймээс би тухайн үеийн ажлын шаардлагаас болж гурав, дөрвөн жилийн өмнөөс симфони найрал хөгжмийг дохиж эхэлсэн. Түүнээс биш, энэ мэргэжлийг эзэмшээгүй. Би энэ найрал хөгжимдөө олон жил ажиллаж, сонгодог бүтээлүүдийг хэмжээндээ мэддэг болохоор удирдахад дөхөмтэй байна. Удирдаач олон байвал хаа газар хэрэг болно. Дархан-Уул, Эрдэнэтийн том театрт удирдаач байх л ёстой.
-Хийлээ тоглох, найрал хөгжмөө удирдахын алинд нь илүү дуртай вэ?
-Хийлээ тоглох нь тааламжтай байдаг. Удирдаачийн ажил их хэцүү. Тэр олон бүжигчин, гоцлол, найрал дуучин, хөгжимчнийг нийлүүлж, зангидна гэдэг амаргүй.
-Та Уралын хөгжмийн их сургуулийг төгсөөд 1988 оноос ДБЭТ-т ажилласан. Энэ хугацаанд таны амьдралд хийгээд дуурийн театрт ямар онцлох өөрчлөлт гарав?
-Ардчилсан нийгэмд дөнгөж шилжиж, дэлгүүрийн лангуу хоосон байсан үе. Нийтийн дуу хүчээ авч, үзэгчид театр руу зүглэдэггүй байлаа. 200, 300 хүний бүрэлдэхүүнтэй тоглох гэхэд тав зургаахан үзэгч цуглаж тасалбараа буцаана. Бидний цалинг ч тавилгүй удна. Тэр үед урлагаа орхиж, театраа сүйрүүлчихэлгүй бэрхшээлийг давсан хүмүүсийн гавьяагаар ДБЭТ өдий зэрэгт ажиллаж байна. Одоо нийгэм өөрчлөгдөж, сонгодог урлаг сонирхогчид нэмэгдсэн. Үзэгчид олон байх тусам бид ч урамшиж, ажил урагшлахад дэмтэй байна. Олон томоохон дуурь, балет тавьж, хуучныгаа сэргээлээ.
-Эдийн засгийн хямрал танай театрт хэрхэн нөлөөлж байна вэ?
-Би эдийн засагч биш болохоор сайн мэдэхгүй юм. Зах зээл хямарч байна гэдэг миний бодлоор зүгээр л үнийн хөөрөгдөл. Хүмүүс мөнгөгүй боллоо гэж муу амлаад байгаа нь онцгүй санагдаж байна. Хүнд юу ч тохиолдож болно. Тэр бүрт нь би мөнгөгүй, юу ч үгүй гэж хэлж болохгүй. Төр засаг ч гэсэн ингэж орилох нь зөв үү, буруу юу. Эдийн засгийн бодлогыг атгаж байгаа хүмүүс ажлаа буруу хийснээс болж бид ийм бэрхшээлтэй тулгарсан. Юу, юуны туханд хүрэлгүй муу амлаж болмооргүй байна. Тус, тусын ногдсон үүрэг, ажлаа сэтгэлээсээ, зөв хийвэл бүх юм болох байсан юм. Одоо л зөв хийчихвэл боллоо. Хүний сэтгэл, оюунтай холбогддог урлагийнхан ч гэсэн ардчилсан нийгэмд шилжих үед уран бүтээлээ хийж байсан шигээ л сэтгэлээсээ, хичээж ажиллах хэрэгтэй.
-Балет, дуурь удирдахад ямар ялгаа байдаг вэ?
-Дуурь арай амар гэх үү дээ. Дуурийг удирдаач сонсголоороо удирдана. Харин балетийн үед бүжигчний хөдөлгөөн, хэмнэлийг удирдаач түрүүлж мэдэрч байх шаардлагатай. Би ихэнхдээ балет удирдсан. Энэ балетчин нэг иймэрхүү гээд л сүүлдээ дөртэй болдог юм билээ.
-Леопольд Стоковский “Страдиваригийн хийлтэй хөгжимчин, стэйнвэйтэй төгөлдөр хуурч хамгийн аз жаргалтай” гэж байсан. Таныг юу аз жаргалтай болгодог вэ?
-Үнэн үг байна. Сайн хөгжим хөгжимчний үнэхээр ганц мөрөөдөл байдаг юм. Хэчнээн сайн техниктэй, өнгөтэй байгаад чанар муутай хөгжимтэй бол санаанд хүртэл эгшиглүүлж чаддаггүй. Би театраас өгсөн, 1959 оны герман хөгжмөөр тоглодог. Дээхнэ үед бригадаар явахад хүйтэн нойтонд даарч хөрч, их л юм үзэж, моралын элэгдэлд орж байгаа даа, хөөрхий. Тэгсхийгээд л, цаг тухайд нь засуулаад тоглож байна. Гэхдээ л хүссэн, мөрөөдсөн аялгуугаа эгшиглүүлж чадахгүй байна.
-Тэгвэл удирдаачийн хувьд хөгжмийн зэмсэг нь оркестр байх. Та өөрийнхөө зэмсгийг тодорхойлбол?
-Оркестр сайн байх, эсэх нь хөгжимчдөөс шалтгаална. Манай хөгжимчдийн зэмсэг нь ихэнхдээ тааруухан. Хөгжим нь сайн, уран бүтээлчид чадалтай бол найрал хөгжим сайхан тоглох нь ойлгомжтой. Үнэндээ манай хөгжимчид санаанд хүртэл, бүр сайн тоглодоггүй. Гэхдээ зохиолоо зөв, сайн тоглох учрыг нь ойлгуулаад бэлтгэл хийлгэвэл сайхан хөгжимддөг юм. Хаана ч тоглосон хөөрхий дөө гэж гологдохооргүй шүү.
-Дуурь, балетийн үеэр ажиглаад байх нь ээ, мундаг хөгжимчдийн дунд ХБК-ийн оюутнууд ч юм уу, шинэ хүүхдүүд байгаа харагддаг. Олонд хүргэх том бүтээлийг тэднээр шууд тоглуулах нь зөв үү?
-Олон жил хөгжимдсөн уран бүтээлчид одоо ч гэсэн суралцаж л яваа. Дөнгөж сургуулиа төгссөн хүүхэд бидэнтэй эн тэнцэхэд хэцүү. Хамгийн багадаа дөрвөн жил ажиллаж байж дөртэй болно. Аль ч бүтээлийг тоглоход сайн сургуулилалт хэрэгтэй. Дүйвээн дунд, тэгсхийгээд тоглочихдог хүмүүс байдаг, өөрсдийгөө ч мэдэж байгаа. Тийм улс хамт олныхоо амжилтыг, урлагийг доош чангаадаг. Хүн бүр сэтгэлээсээ тогловол найрал хөгжим сайхан дуугарна шүү дээ.
-Хэн алдаа гаргаж байгааг туршлагатай хөгжимчин андахгүй. Та уран бүтээлчдийнхээ чансааг ямар арга барилаар сайжруулбал дээр гэж боддог вэ?
-Бид бямба, нямд тоглох балет, дуурийг дөнгөж лхагва гаригаас нь бэлддэг. Гуравхан өдрийн дотор давтдаг болохоор найрал хөгжимчидтэйгөө тулж ажиллах зав гардаггүй. Тиймээс бага багаар цэгцлэхээс өөр аргагүй. Шинэ уран бүтээл тавихад л сууриа зөв тавьж, хөгжимчдөдөө зөвөөр ойлгуулах нь хамгийн чухал. Анхнаасаа зөв сурч, хийх ёстойгоо мэдэж амжвал дараа нь алзахгүй.
-Танай найрал хөгжим 55 хүнтэй гэсэн үү?
-Тогтсон тоо байдаггүй. Тухайн тоглолтоос хамаарч ирж очдог, гэрээгээр тоглодог хүмүүсийг нэмбэл 60 хүрнэ. Уг нь бол дээхнэ үед манайхыг 70 хүний бүрэлдэхүүнтэй байхаар баталж байсан юм билээ. Гэтэл одоо шинэ хүүхдүүд сургая, оруулъя гэхээр орон тоогүй гээд авдаггүй. 70 хүнтэй бол хөгжимчдөө амраагаад, ээлжилж болно. Тухайн хөгжимчинд амарч, бэлтгэл хийх цаг гарна шүү дээ. Боловсон хүчнийхээ асуудлыг яаралтай шийдэхгүй бол болохоо байлаа. Намайг төгсөж ирснээс хойш хөгжимчдийн хоёр үе төрлөө. Түүнээс хойш оркестрт хүн оролгүй байсаар саяхнаас шинэ хүүхдүүдтэй болсон. Тэтгэвэртээ гарах нас нь болсон хүмүүсийг ажиллуулаад л байдаг. Тэднийг байлгаад л байвал залуу халаа орж ирэхгүй. Аливааг хөгжүүлэхийн тулд цусаа сэлбэж байх хэрэгтэй. Би 18 жил концермейстрээр ажилласан, “Хунт нуур” ч тоглосон, шинэ бүтээл ч тавьсан өнөөх л Мөнхболд сууж байдаг. Уг нь үзэгчдэд өөр өөр мэдрэмжээр хүргэх хэрэгтэй. Надаас илүү мундаг хөгжимчин байвал би шууд л ажлаа өгмөөр байна. Хувалз шиг наалдаад байх сонирхол ч алга. Нэг бол сайн хөгжимчид ирэхгүй, үгүй бол оруулъя гэхээр орон тоо байхгүй гээд авдаггүй.
-Та зэвэрч байна уу?
-Өөрийгөө үргэлж засаж, өдөр бүр сургуулилалт хийж байхгүй бол зэвэрнэ. Театрт анх орж байхдаа гаргаж байсан хийлийн минь өнгө үгүй болж, зэвэрч байна гэж бодож байна. Арчилгаа дутуугаас л болсон. Дуурийн театрынханд бүгдэд нь урлагийн гавьяат зүтгэлтэн цол өгсөн ч болохоор дэндүү их ачаалалтай ажилладаг. Дэлхийн хөгжимчидтэй адил үүрэг гүйцэтгэдэг шигээ эрхийг нь ч гэсэн ижил эдлэхсэн. Гадаадын уран бүтээлчид манай театрт ирэхээрээ “Та нар ямар их ачаалалтай ажилладаг юм бэ” гээд толгой сэгсэрдэг. Нэг цаг хөгжим тоглоход зургаан цаг хүрзээр газар ухсантай адил хүч зарцуулдаг гэж шинжлэх ухаанаар баталсан юм билээ. Удаан хугацаагаар үргэлжилдэг дуурь балетийн нэг үзэгдэл цагаас хэтэрдэггүй. Биеийн хөдөлмөр хийхгүй суугаад л байгаа хэрнээ тэр нэг цагийн хугацаанд оюунд маш их ачаалал ирдэг учир амрааж байгаа хэрэг. Тийм ч учраас манайхан мэдрэлийн ядаргаанд орох нь элбэг.
-Миний мэдэхээр танайд босоо ятгачин лав байдаггүй. ДБЭТ-ын оркестрт өөр ямар хөг дутуу вэ?
-Манайд контрабас тоглодог ганцхан хүн бий. Энэ хөгжимчин тоглож чадахаа боливол хэн орлох вэ. Ингээд л бодохоор боловсон хүчний бодлого буруу байгааг ярихаас өөр аргагүй. Эгшиглэх ёстой хөгнөөсөө хоёрдугаар хийл, труба, удар, босоо ятга дутуу. Чадварлаг хөгжимчдөө амрааж байх сэлгээ л хэрэгтэй байна даа. Сонгодог урлагаа хөгжүүлэх л гэж байгаа бол хөгжимчид бэлтгэдэг сургууль, театрууд нэг махбодь шиг хамтран ажиллах ёстой. Одоо бол ХБК, ДБЭТ-ын хооронд бодлого дутагдаж байна. ХБК-ийнхон төгсөөд манайд, эсвэл Улсын филармонид очих нь үнэн. Үгүй юм аа гэхэд гадаадад сургуульд явна. Тэр хүүхдүүд эргэж ирэх нь цөөхөн. Сургуулиа төгсөөд манайд орсон хүүхдүүд бидний хүнд нөхцөлд дасаж ажиллах гэж хичээж, зарим нь гүйцэхгүй явна. Уг нь суралцаж байхад нь дадлага сайн хийлгэх ёстой. Гэтэл ДБЭТ-т дадлага хийлгэх гэхээр сургуулиас нь “Хүүхдүүд хичээлээ хийхгүй байна” гэдэг.
-Хийлч гэхээр хүмүүс Ч.Дэлгэрцэцэг, О.Байгаль хоёрыг сайн мэддэг. Гэтэл насаараа оркестрт суугаад, цөөн хүрээнийхэндээ танигдсан мундаг хөгжимчин олон бий. Тэдний хооронд хэр их ялгаа байгаа вэ?
-Чөлөөт уран бүтээлчид ганцаарчлан тоглодог учир менежмент хийхээс өөр аргагүй. Тэгж байж, орлоготой болж бичлэгээ хийлгэнэ. Харин бид улсаас цалинждаг, эх орныхоо сонгодог хөгжмийг хөгжүүлж байгаа улс. Түүнээс биш, хүмүүний сонор мялааж, сэтгэл баясгадгаараа адилхан. Тэр, энэ нь сайн муу гэж болохгүй. Харин ч ард түмэнд хийл хөгжмийн гайхамшгийг ойлгуулж байгаад нь чөлөөт уран бүтээлчдэд баярлаж, тэднээр бахархах хэрэгтэй.
-Ойрын хугацаанд шинээр тавиасай гэж боддог дуурь, балет бий юү?
-Сүүлийн үед манайх барууны зохиол их тоглож байна. Оросын сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлээс тавиасай гэж хүсдэг. Бид орос суурьтай шүү дээ.
-Орос школ бусдаас юугаараа өөр вэ?
-Адилхан мэт боловч сонсоход тэс өөр. Яг л монгол аялгуу цаанаа л өөр байдаг шиг. Чайковскийн зохиолыг Европт нэг өөр, Орост бас ялгаатай тоглодог. Германчууд цаг барьдаг шигээ, хөгжмийн зохиолоо ч гэсэн нарийн тодорхой, дэгтэй, ямар байх ёстой, түүгээр нь бичдэг, тоглодог. Харин Оросын зохиолыг хөгжимчид сэтгэлийн аясаараа тоглодог шиг санагддаг.
Эх сурвалж: Opera-balet.mn
Б.Дөл