-Д.Нацагдоржийн шагналт С.Жаргалсайханы зохиол “Хэлж зүрхлээгүй хайр” уянгын драмын жүжиг анх 2007 онд төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулснаар тайзнаа тавигдаж байсан. Тухайн үед дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн залуу уран бүтээлчид болох “Мөрөөдлийн театр” хамтлагийн Г.Алтаншагай, Д.Уламбаяр нарын залуу жүжигчид тоглож байсан юм. Харин дараа нь драмын театрын үндсэн жүжигчдээс бүрдэж дахин тайзнаа амилуулсан. Эби, Боогий, миний бие, Д.Ганцэцэг, Ц.Баясгалан, Д.Баттөмөр нарын бүрэлдэхүүнтэй тоглосон энэ жүжиг тухайн жилийнхээ “Гэгээн муза” наадмын шилдгийн шилдэг гранпри шагналыг авч байлаа. Мөн шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг эмэгтэй дүр, шилдэг найруулагч гээд бүхий л шилдгүүдийн авч байсан.
-Жүжгийн гол утга санаа нь юу вэ?
-СУИС-ийн төгсөх ангийн оюутнуудын хайр дурлал, хүсэл мөрөөдөл гээд гэгээлэг сайхан бүхнийг өгүүлдэг.
-Жүжигт СУИС-ийн төгсөх ангийн оюутнуудын амьдрал гарна гэлээ. Тэгэхээр та бүхэн бүгд л СУИС-ийг төгссөн. Нэг ёсондоо та нарын амьдрал гарна гэсэн үг үү?
-Тийм ээ. Тэгэлгүй яах вэ. Гэхдээ зөвхөн СУИС-ийнхан гэлтгүй бүхий л сургуулийн төгсөх ангийн оюутнуудын амьдрал харагдана даа. Хонхны баяраа тэмдэглэх гэж яаж догдолж хүлээдэг, дипломын ажлаа бичих гээд оюутан насны амьдралаар манай жүжиг өрнөнө.
-Энэ жүжгийн нэр анх “Нууц амраг чинь больё” гэсэн нэртэй тайзнаа тавигдаж байсан. Яагаад ингэж нэрлэсэн бэ?
-Энэ жүжиг нь дөнгөж амьдралд хөл тавьж байгаа залуучуудад зориулсан учир “Нууц амраг чинь больё” гэсэн нэр зохимжгүй байсан. Ялангуяа хөдөө орон нутгаар аялан тоглолтоор явж байх үед нэлээн шүүмжилж байсан. Тиймээс манай уран сайхны зөвлөл ярилцаж байгаад “Хэлж зүрхлээгүй хайр” гэсэн сайхан нэрийг өглөө.
-Жүжигчин хүнтэй уулзаж байгаагийн хувьд драмын жүжиг, кино урлаг хоёр юугаараа ялгаатай байдаг вэ?
-Мэдээж маш их ялгаа бий. Тухайлбал драмын жүжиг бол жинхэнэ амьд харилцааг бий болгодог. Ямар ч микрофонгүй өөрсдийнхөө дуу хоолойгоор үзэгчдэдээ хүрдэг. Жүжигчин үзэгч хоёрын дунд жинхэнэ амьд холбоос үүсдэг урлаг юм. Харин кино бол камерын өмнө жүжиглээд тэр нь дараа нь дэлгэцээр үзэгчдэд хүрдэг. Тэгэхээр асар их ялгаа байгаа биз.
-Үзэгчид драмын урлагийг хэрхэн хүлээж авч байна вэ. Сүүлийн үед кино урлаг руу нэлээн хазайгаад байгаа мэт харагдах юм?
-Кино урлаг, драмын урлаг хоёр угаасаа хамтдаа зэрэгцээ явдаг. Сүүлийн үед хийгдэж байгаа кинонууд нэлээн сайжирч байна. Энэ сайхан кинонуудад бидний хувь нэмэр ч орж байгаа учраас маш их дэмжиж халуун дотноор хүлээж авдаг. Драмын урлаг 2000 оноос өмнө нэлээн уналтад орчихсон байсан. Гэхдээ түүнээс хойш сэргэж байгаа. Бид бүхний хувьд сургуулиа төгсөөд л драмын урлагт орж хоёргүй сэтгэлээр зүтгэсээр 15 жилийг үджээ. Цаашдаа ч гэсэн энэ насаа дуустал драмын урлагийнхаа төлөө явна гэж бодож явдаг. Тийм учраас драмын урлаг уналтад орсон гэж боддоггүй. Харин улам л илүү сайхан болж байгаа. Харин энэ дээр менежментийн сайн тэсрэлт хийх ёстой болов уу гэж боддог. Хамгийн анх драмын жүжиг дуутай байдаг юм байна. Дуу нь клиптэй дүрсжүүлэлтэй байдаг юм байна гэдгийг бид бүхэн гаргаж ирсэн шүү дээ.
-Таны бүтээсэн дүрүүдээс өөрийг тань эвдэж өөрөөр харуулсан дүрийг онцолбол?
-Миний бие театрын урлагт хүчин зүтгээд 15 жил болж байна. Сургуульд сурснаа оролцуулбал урлагийн ертөнцөд хөл тавиад 20 орчим жил боллоо. Үүнээс хойш нэлээд олон жүжгийн гол болон туслах дүрд тоглолоо. Бөхөөр бол одоо л эр бяр маань жаахан тэгшрэх гэж байна уу даа гэсэн найдлага цухалзаж байна. Түүнээс тэр дүрийг ингээд бүтээчихлээ гэж хэлэхгүй. Ер нь жүжигчин өөртөө хэзээ ч сэтгэл ханадаггүй, насан туршдаа суралцдаг. Биднийг мэргэжил маань хийж байгаа зүйлээ илүү сайн болгож, сайжруулж, шинийг эрэлхийлдэг онцлогтой болгодог. Одоо л мэргэжлийнхээ захаас ойлгож эхэлж байна. Би мэргэжилдээ хайртай, дуртай гээд яваад байж болохгүй. Мэргэжлээ ойлгож, мэдэрч илүү гүн орсноор жүжигчин болно.
Алдаа оноотой зүйл байлгүй яах .вэ. Ялангуяа дэлгэцийн бүтээлд тоглосны дараа үүн дээр жаахан дутаасан байна, энэ хэсэгт арай худлаа болчихож гэсэн бодол төрдөг. Харин тайзан дээр буюу драмын жүжгүүд бол алдаагаа тэр дор засаж ч явах боломжтой байдаг. Ер нь жүжгийг олон тоглох тусам жүжигчин өөрийгөө мэдэрч дүрээ ойлгон улам сайжирдаг. Тоглосон бүх дүр дээр өөрийгөө чамладаг. Мөн бүгдэд нь болсон ч юм шиг санагдах үе бий. Гэхдээ нэгийг онцолбол "Дон Кихот" жүжгийн Санчод тоглохдоо өөрийгөө ёстой эвдсэн. Энэ дүр Амгаагийн өмнө нь тоглосон дүрүүдээс олон талаараа маш өөр байсан. Найруулагч, судлаач, шүүмжлэгч нар маань ч энэ дүрийг өндрөөр хүлээж авсанд үнэхээр баярласан.
-Драмын жүжиг тайзан дээр илүү амьд болдгоороо онцлог. Яг чухал тоглолттой үед ханиад хүрэх ч юм уу хоолой сөөх гэх мэтчлэн бэрхшээл гарвал яаж зохицуулдаг вэ?
– Жүжигчин хүн ер нь хагас цэргийн зохион байгуулалттай байдаг даа. Тэгэхээр үхэхгүй, өвдөхгүй байх ёстой хүмүүс. Тиймээс жүжигчин хүн хувийн зохион байгуулалт тун сайтай байх ёстой.
-Орон нутгийнхандаа драмын урлагийг хэрхэн хүргэж байна вэ?
-Манай театр жил бүр орон нутгийнхаа үзэгчдэд бүтээлээ хүргэхээр “Театрын өдрүүд”-ийг зохион байгуулаад 13 жил болж байна. Өнгөрсөн намар гэхэд л зүүн гурван аймаг буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнодын үзэгч түмэндээ олон сайхан жүжгээрээ бэлэг барьсан. Ер нь жил бүр аймгуудаар явдаг. Орон нутгийн үзэгчид ч сайн хүлээж авдаг. Энэ хаврын сүүлээр гэхэд Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймагт томилолтоор явах гэж байна. Энэ үеэр том том жүжгүүдээ авч явах төлөвлөгөөтэй байгаа.
-Орон нутагт тоглолт хийж байхад тайз гологдох юм байх уу?
-Байлгүй яах вэ. Бид өөрсдөө эндээс гэрэлтүүлэг зэргээ авч явдаг л даа. Гэвч театрт тавигдаж байгаа шиг байхгүй л дээ. Гэхдээ жүжигчдийн ур чадвар, жүжгийн чанар муудаж байгаа юм байхгүй.
-Жүжигчин хүн бүрт бүтээхийг хүссэн дүр байдаг. Таны хувьд ямар дүр байдаг вэ?
-Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй юм даа. Би байтугай манай ахмад уран бүтээлчид би дүр бүтээсэн гэж ярихаасаа эмээдэг. Тийм учраас миний хувьд цаашдаа ч олон сайхан дүр бүтээхийг хүсдэг.
-Жүжигчин хүн бүр бүтээх гэж байгаа дүрийнхээ онцлогоос хамаараад таргалах турах гэх мэт биедээ өөрчлөлт хийх нь бий. Тухайлбал таны хувьд “Кихот ноён” жүжгийн Санчогийн дүрийг бүтээх гэж таргалж байсан. Ер нь ингэж таргалж турах хэцүү биз?
-Хэцүү байлгүй яах вэ. Хүн л болсон хойно амархан турж таргалах хэцүү шүү дээ. Тухайлбал, миний хувьд “Парисын дарь эхийн сүм” жүжигт морин цэргийн офицер ахмад Пебийн дүрд тоглохын тулд турж байлаа. Тэр үед 93 кг жинтэй байсан. Тэгээд сарын дотор 10 кг хаяж байлаа. Харин саяхан “Кихот ноён” жүжгийн Санчогийн дүр бүдүүн пагдгар хүн учраас жин нэмэх хэрэгтэй болсон. Хэдийгээр хиймэл нэмэлт гэдэс хийж байгаа ч нүүр хүзүүгээрээ таргалах хэрэгтэй. Тэр утгаараа дахиад л жин нэмсэн.
-Удахгүй цагаан сар болох гэж байна. Цагаан сараар ямар гоёл өмсдөг вэ?
-Цагаан сараар дээл өмсдөг. Залуу байхад нэг их дээл гэдэггүй байлаа. Өнгөрсөн жилээс эхлээд дээл өмсөж байна. Учир нь өнгөрсөн жил төрийн дээд одон медаль “Алтангадас” авсан болохоор дээл өмсөж мялаасан. Энэ жил тэр дээлээ өмсөнө дөө.
-“Драмын дөрөв" хамтлаг дууны уран бүтээл хийж, шинэ дуу гаргалгүй нэлээд удлаа. Энэ жил 10 жилийн ойгоо тэмдэглэх сураг байна. Энэ тухайд?
-10 жилийн ойн хүрээнд төлөвлөсөн том ажлууд бий. Хамгийн түрүүнд уран сайхны нэг кино хийе гэсэн төлөвлөгөөтэй байна. Мөн дахин нэг дууны цомог гаргахаар төлөвлөж байна. Бид дөрөв 2003 оноос дуулж эхлээд хоёр цомог гаргасан. Тэгээд цомгийнхоо нээлтэд зориулж vip тоглолт хийе гэж бодож байна.
-Нууц биш бол ямар кино хийхээр төлөвлөж байгаа вэ. Драмын дөрөв 10 жилийнхээ ойг тохиолдуулж байгаа болохоор өөрсдийн амьдралыг харуулах юм биш биз?
-Өөрсдийнхөө амьдралаар биш ээ. Кинондоо өөрсдөө тоглох юм. Хэн ч киногоо найруулахгүй, зөвхөн жүжигчнийхээ хувиар ажиллана. Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар маань хүртэл жүжигчнээрээ тоглоно. Дөрвөн найзын тухай кино зохиол маань бичигдээд явж байна. Мөн бид дөрөв Европд байгаа Монголчууддаа зориулаад тоглолтоо хийнэ.