Нобелийн шагналт, Колумбын зохиолч Габриэл Гарсия Маркесын “Аварга том далавчтай өвгөн” өгүүллэгээр нэрлэсэн нэгэн түүвэр хэвлэлтээс гараад удаагүй байна. Энэхүү номын орчуулагч Б.Баясгалантай уран бүтээлийн яриа өрнүүллээ. Б.Баясгалан орчуулагчийг өрнө дорнын шилдэг өгүүллэгийн түүвэр “Аз жаргалтай төгсгөлүүд” номоор нь бид мэдэх билээ. Мөн Майкл Морпүргийн “Дайны хүлэг”, Эрин Моргинштерний “Шөнийн цирк” романыг эх хэл рүүгээ хөрвүүлсэн авьяаслаг орчуулагч юм.
-Орчуулгын хоёр дахь бүтээлээ өлгийдөн авсанд баяр хүргэе. Шинэ номын тань нэр их өвөрмөц санагдлаа. Яагаад Габриэл Гарсия Маркесын өгүүллэгээр номоо нэрлэх болов?
-Би хоёр дахь өгүүллэгийн түүврээ өвөө Чойжилын Халтарын гэгээн дурсгалд зориулсан. Нобелийн шагналт зохиолч Габриэл Гарсия Маркесын “Аварга том далавчтай өвгөн” өгүүллэгийг анх уншаад олон жилийн өмнө бурхны орныг зорьсон өвөөгөө олж харах шиг болсон юм. Өвөөгийн минь үлдээсэн дурсамж, дурдатгал тэрхүү зохиолд гарч буй үйл явдалтай адилхан санагдаж, өвөөдөө зориулахаар шийдсэн. Хүн бүрийн дотоод сэтгэлд гэр бүлийн нандин дурсамж үлдсэн байдаг. Магадгүй энэ өгүүллэгийг уншаад сэтгэлийнхээ гүнд хайрлаж хүндэлдэг өвөөгөө санагалзах биз ээ.
-Та яагаад өгүүллэг орчуулдаг юм бэ?
-Нэг өгүүллэгээс нөгөөд шилжин орчуулахад үргэлж шинэ мэдрэмж төрдөг. Мөн орчуулагч зохиолоосоо суралцдаг учраас шинэ зохиолын баатар, шинэ бичлэгийн арга барил гээд надад дөхөм байдаг. Насаараа өгүүллэгийн төрлөөр л дагнан бичиж англи хэлтний уран зохиолын Чехов гэгдэх болсон Канадын зохиолч, хатагтай Элис Мүнрог 2013 онд утга зохиолын төрөлд Нобелийн шагнал авахад нутаг нэгт зохиолч Маргарет Этвүүд нь “Түүний энэ шагнал хойд Америкийн уран зохиолыг бүс нутгаас нь гаргаж, дэлхийн тавцанд аваачаад зогсохгүй “өгүүллэг” хэмээх уран зохиолын төрлийн ач холбогдлыг өндөрт өргөсөн үйл явдал боллоо” хэмээн онцолсон нь буй. Гэхдээ миний хувьд их зузаан, маш зузаан, асар зузаан романаас татгалзах шалтаг байхгүй.
-Хэдэн ботиор хэвлэсэн романыг уншихад хүртэл хүнд, цаг хугацаа их шаарддаг шүү дээ?
-Хөгжил дэвшил эрчээ авахын хэрээр цаг хугацаа хурдаа нэмсэн энэ үед аль болох түргэн хугацаанд их мэдээлэл олоод авчих хүсэл шаардлага уран зохиолын уншигчдыг ч тойрохгүй нь бололтой. Хэд гурван ботиор хэвлэж байж даацтай роман болдог, хэдэн зуун хуудас сунаж байж л дорвитой тууж гэгддэг цаг нэгэнт өнгөрч роман хүртэл бэсрэг байхыг эрмэлзэх болж. Гэхдээ роман ямар байх ёстой вэ гэсэн утга зохиолын шалгуур өөрчлөгдөөгүй. Чухам ийм л үед хамгийн бага өгүүлэмжид хамгийн их утга санааг багтаах боломжтой өгүүллэгийн ач холбогдол төрөл жанрынхаа хувьд илүү өсч байна уу даа гэмээр ажиглагддаг.
-Роман орчуулах нь өгүүллэг орчуулахаас хэцүү юү?
-Харин ч эсрэгээрээ өгүүллэг орчуулахад хэцүү байдаг. Яагаад гэвэл романыхаа дүртэй танилцаад чиг баримжаагаа алдахгүй бол хөрвүүлэхэд амархан. Харин өгүүллэгийн үйл явц хурдан учраас шинэ найрууллага шаарддаг.
-Та шинэ түүвэртээ өрнө дорнын шилдэг өгүүллэгээс оруулжээ. Гэхдээ Японы зохиолчдын бүтээл түлхүү багтсан шиг санагдлаа?
-Өгүүллэгийн түүвэртээ өрнийн болон дорнын зохиолчдын бүтээлийг дэнслэн багтаахыг зорьсон. Би англи хэлнээс орчуулга хийдэг учраас Японы зохиолчдын өгүүллэг их орсон байх. Учир нь дорнын зохиолчдоос япончууд бүтээлээ англи хэл рүү сайн орчуулсан байдаг. Тиймээс Японы зохиолчдын бүтээл түлхүү орсон байх.
-Японы уран зохиолыг англи хэлээр орчуулахад хялбар байдаг гэж үү?
-Хятад, Энэтхэг, Иран зэрэг дорнын уран зохиолын хүчирхэг улс бий. Гэхдээ дам орчуулга хийхэд төөрөгдөл гарахааргүй сайн орчуулгатай улс бол Япон. Мөн дэлхийн уран зохиолын чанар чансаанд нийцсэн дорнын зохиолчид Японоос төрөн гарсан байдаг.
-Киргизийн зохиолч Чингиз Айтматовыг олон улсад таниулахад орос хэлээр зохиолоо бичдэг нь яах аргагүй нөлөөлсөн. Үүнтэй адил аливаа улсын уран зохиол дэлхийн тавцанд гарахад англи хэлээр хэвлэж тараах хэрэгтэй юм шиг санагддаг?
-Дэлхийн утга зохиолын ертөнцөд хөл тавихад нэн түрүүнд орчуулгыг чухалчилдаг. Орчуулгын чанар сайн байж гэмээнэ дам орчуулагч сонирхдог. Цаашлаад тэр зохиолыг дам орчуулахаар сонгодог. Гэтэл сүүлийн үед “Монголын уран зохиол дэлхийн тавцанд гарахгүй байна” гэсэн яриа гарах болсон. Миний бодлоор сайн орчуулагч тэр дундаа утга зохиолын дагнасан орчуулагч бэлтгэсний дараа л Монголын зохиолчдын бүтээл дэлхийн тавцанд гарах болов уу.
-Дам орчуулга хийхэд тухайн зохиолыг төрөлх хэл дээрх эхтэй нь тулгах зэрэг ярвигтай асуудал гардаг л биз дээ?
-Би түүвэртээ өрнө дорнын өгүүллэгээс багтаахыг эрмэлзсэн. Зарим зохиолыг англи хэлнээс нь дам авч орчуулдаг. Тиймээс эх хэлээр уншсан хүнд алдаа мадагтай зүйл ажиглагдаад шүүмжийн үгээ хэлбэл баярлана. Дам орчуулга хийхдээ тухайн орчуулга нь хэр баттай вэ гэдгийг шалгаж, судалж байж сонгох хэрэгтэй. Магадгүй сонирхогч, оюутны орчуулга байж болно. Иймд орчуулагч хүнд алхам тутамдаа хянуур ажиллахыг шаарддаг. Мөн зохиогчийн эрхийг хүндэтгэж, зохиогчоос нь болон хэвлэлийн компаниас зөвшөөрөл авах хэрэгтэй.
-Гэхдээ залуу орчуулагчдад гадаадын хэвлэлийн компани, нэртэй зохиолчид тэр бүр зөвшөөрөл өгдөггүй шүү дээ?
-Гадаадын том хэвлэлийн компаниуд хувь хүнтэй харилцдаггүй. Тиймээс орчуулагч залуус нийлж “Тагтаа паблишинг” хэвлэлийн компанийг байгуулсан. Бид гадаадын хэвлэлийн компаниудтай дүрмийн дагуу хамтран ажиллаж байна. Жишээлбэл, Орхан Памукаас зохиогчийн зөвшөөрөл авч, гэрээ хийсний дагуу “Цас” романыг
нь хэвлүүлэхээр болсон. Мөн Нобелийн шагналд олон жил өрсөлдсөн Чехийн зохиолч Милан Кундерагийн бүтээлийг албан ёсны эрхтэй хэвлэх гэж байна.
-Нобелийн шагналтнуудаас албан ёсны зөвшөөрөл авахад амаргүй байв уу?
-Бие даасан хэвлэлийн компанийн өмнөөс холбогдож гэрээ хийхэд харьцангуй амар байдаг. Гэхдээ зохиолыг нь хэвлэж байгаа учраас тодорхой хэмжээний төлбөр төлдөг.
-Та урьд нь тэр бүр роман орчуулж байгаагүй. Улс төрийн сэдэвт “Цас” романыг орчуулахад тань юу нөлөөлөв?
-Би “Монсудар” компаниас эрхлэн гаргасан Эрин Моргинштерний “Шөнийн цирк" романыг орчуулсан. Туркийн зохиолч Орхан Памукийн “Цас” хэмээх анхны бөгөөд сүүлчийнх нь улс төрийн сэдэвт романыг орчуулсан юм. Орхан Памукийг 2006 онд Нобелийн шагнал авсан гэдгээр нь хүмүүс мэднэ. Орчуулгаа удаан хав дарсны эцэст “Тагтаа” хэвлэлийн газрынхаа нэрээр хэвлүүлэх гэж байна. Майкл Морпүргийн “Дайны хүлэг" зохиолыг ч орчуулсан. Ер нь Туркийн нийгэм манай улстай төстэй санагдсан. Шашин болон Европын соёлын нөлөөгөөр ард иргэдийн сэтгэл зүй нь хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь эх орондоо гадны соёл нэвтрүүлэхийг хүсч байхад нөгөө хэсэг нь түүх, соёлоо хамгаалан үлдэхийн тулд уламжлалаа хадгалах хүсэлтэй байдаг.
Нийгмийн энэ үзэгдлийг зохиолч Орхан Памук ажиглаж уран зохиолд буулгасан нь энэ роман. Орхан Памукт өөрийн гэсэн үзэл баримтлал, хүсэл бий. Гэхдээ улс орныхоо ирээдүйн төлөө энэ байдлыг өөр хүний нүдээр, эгц дээрээс нь харж байж гаргалгаа хийжээ. Тиймээс би улс төрийн сэдэвтэй энэ романыг сонгож орчуулсан юм. Хэдийгээр Турк, Монгол хоёр өөр өөр нөхцөл байдалтай, биеэ даасан тусдаа үндэстэн хэдий ч тулгарч байгаа асуудал нь ижилхэн санагдсан. Монголын уншигчид энэ романыг уншаасай гэж хүсч байна.
-Та гадны зохиолыг эх хэл рүүгээ хөрвүүлдэг орчуулагч хүн. Тэгэхдээ Монгол өгүүллэгээсээ хөрвүүлж үзсэн байх. Ер нь монгол ахуй соёлыг харь хэлээр буулгахад хэцүү юү?
-Би Монголын зохиолоос илүүтэй яруу найраг орчуулж байсан. Тухайлбал, монгол ахуйг гаргасан гэгддэг Ц.Бавуудоржийн шүлгээс орчуулсан. Хүмүүс монгол ахуйг гадаад хэлээр илэрхийлэхэд хэцүү гэж ярьдаг. Хэрвээ зохиолч ахуй соёлоо гаргана гээд ааруул, ээзгий, аргал, хоргол гээд бичвэл тэр хэрээр орчуулахад түвэгтэй болдог. Харин ахуй тоочилтыг зөв гаргах хэрэгтэй. Монгол хүний мөн чанар, соёлыг товч илэрхийлсэн зохиолыг орчуулахад амархан. Аль ч үндэстэн ялгаагүй сэтгэл зүрхтэй, мэдрэмжтэй учраас уншигчид тэр зохиолыг ойлгож хүлээж авдаг.
-Өгүүллэг орчуулах нь бичихээсээ хэцүү гэдэг. Тэгэхээр орчуулагчаас багагүй авьяас, мэдлэг шаарддаг байх аа?
-Утга зохиол хүний бүхий л амьдралыг хамардаг учраас өргөн мэдлэг шаардана л даа. Гэхдээ би уран зохиолд гүнзгийрэх гэж байна гээд мал аж ахуй судлаад байх шаардлагагүй шүүдээ. Х.Борхесыг орчуулах юмсан гэж олон жил бодлоо. Гэхдээ Х.Борхесыг орчуулахын тулд эртний Грекийн уран зохиолыг нэвт шувт уншихаас өөр аргагүй болж байна. Барууны уран зохиолыг уншихын тулд Библийг судлах хэрэгтэй болсон. Ингээд зарим салбарт нэвтрэхээс аргагүй л болж байна. Ялангуяа байгалийн шинжлэх ухааныг мэддэг байвал уран зохиолын бус орчуулгад хэрэгтэй. Бас хошин шог орчуулах хэцүү. Үндэстэн бүрийн уур амьсгалаар хөгждөг болохоор тэр байх. Үг, хэлийг орчуулаад байж болохгүй.
-Та анх яруу найргаар олонд танигдсан ч орчуулгын уран бүтээлд татагдан орсон. Ойрын хугацаанд шүлгийн түүврээ гаргах бодол бий юү?
-Би яруу найргийн "Хөх мэдрэхүй" бүлгэмд харьяалагддаг. Манай бүлгэмийн гишүүд тус тусын номоо эрхлэн гаргасан. Бас бүлгэмийн антологи ч бий. Хамгийн сүүлд “13 дугаар сарын бороо” номоо хэвлүүлсэн. Одоо ойрын хэдэн жилдээ шүлгийн түүвэр гаргахгүй.
-Хэдэн жилээр завсарлаж буй шалтгаан нь юу вэ?
-Хүн өөрчлөгдөж, өмнөхөөсөө ялгарч байх хэрэгтэй гэж боддог. Одоо дахиад ном гаргана гэвэл өмнөхтэйгөө ижилхэн сэтгэл санаагаар туурвисан бүтээл болчих вий гэж эмээж байна. Бид амьд байгаагийнх нэг цэгээс нөгөө цэгт шилжсэн гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй шүү дээ. Амьдралын нэг мөчлөгөөс нөгөө мөчлөгт шилжихгүй бол заавал ном гаргах хэрэггүй мэт санагддаг.
-Бие даасан номоо хэвлүүлэхэд санхүүгийн асуудал тулгардаг. Энэ асуудлаа хэрхэн шийдсэн бэ?
-Залуу зохиолчид номоо хэвлүүлэхэд санхүү, мөнгө асуудал болдог нь үнэн. Би номынхоо хэвлэлтийн зардлыг бусдын адил хувиасаа гаргадаг.
Эх сурвалж: Unen.mn