хараал тусч больж, больж ч гэх шиг, согтуу хүүхэн
байжээ ч гэх шиг…
Тэгээд энэ надад харагдаад байгаа постууд миний найз нар
гэж бодохоор бүүр ч гутмаар…
Өөрийн нүүрний номноос.
Ноднин жил Хятад хэлнээс Д.Болдбаатарын орчуулсан “Муухай Хятад хүн” гэх номыг аваад уншиж үзлээ. Ерөөсөө сэтгэл хөдөлсөнгүй. Тэр Тайвань нөхөр өөдтэй муулсангүй юу, эсвэл бид өдөр бүр нүүрний номноосоо өөрсдийгөө ямар муухай хүмүүс гэдгээ харсаар байгаад бидний хажууд Муухай Хятад хүн жулдав уу, бүү мэд?
Нүүрний номтой нөхөрлөөд хэдэн жил өнгөрчээ. Өмнө нь ийм юм байдаггүй байхад нэргүй коммент гэж л нэг “жорлонорхуу” юм байсан. Өвөрмонгол хэлээр жорлон гэх хятад үгийг “муу юүлүүрийн нүх” гэдэг юм билээ. Нэргүй болохоор улс төрийн зорилготой ч, төлбөртэйгээр ч муулуулах, хор шараа тайлах нээрээ ч муу юүлүүрийн нүх байлаа. Одоо ч байгаа. Харин нэг их хүн тэр нүх рүү шагайх нь цөөрч.
Гэтэл саяхнаас нэртэйгээ, зүстэйгээ бичиж болдог нүүрний ном гарч ирж угаасаа явган яриа, хов живд дуртай улсад сайхан юм боллоо. Мань мэт нь сэтгүүлч сэтэртэй болохоор хариу үйлдэл хийгээд байгаа улсыг найзынхаа тооноос хасалгүй гэртээ байлгаж харж суух. Уг нь бол бусад газар яг үнэхээр ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо цуглах юм билээ.
Нүүрний номонд бас нэг сайн тал байдаг нь цэвэр ажил хэргийн талаар сонирхол нэгтэй хэсэг хүн нэгдээд нууц групп байгуулаад хэдүүлхнээ ажлаа ярилцдаг сайн талтай. Асар их цаг хэмнэхээс гадна бүх зүйл бичгээр явах болохоор илүү ажил хэрэгч… Бас сонирхлоороо нэгддэг ил группүүд ч бий… Зар үзэх, зарах зүйлсийг олох гээд маш олон сайн талтай эд л дээ. Анх орж байхдаа хүсэлт явуулсан болгоныг хүлээж авсаар нэг мэдэхэд 5000 найзтай болох бөгөөд бас дагалдагч нар гэж хязгааргүй улс бий.
Нэг онцолмоор юм гэвэл таны хараад байгаа зурвасууд, зургууд дандаа таны найз нарын л юм гэдгийг та бодож үзсэн үү? Найз нар чинь л найрлаж байгаа хэрэг шүү дээ. Тэгээд тэрийгээ home буюу гэр гэж нэрлэнэ.
Гэрээр дүүрэн юу байна вэ гэж ажвал хэрүүл л дүүрэн байх ажээ. Мэдээж заримдаа маш сайхан мэдээ, инээд хүргэсэн хоргүй зурвас, зураг, энэ тэр таарах ч дээр иш татсан шиг зүйлс пиг дүүрэн.
“Олны дунд амаа мэд, ганцаар байхдаа сэтгэлээ мэд” гэдэг үг нүүрний номд яг таарна. Гэтэл өнөөх гэр маань дэлхийд нээлттэйг бас мартаж болохгүй. Захын сониуч хүн гууглээр орчуулаад юу цуураад байгааг төвөггүй мэднэ.
Энэ фэйсбүүк угаасаа Америкийн тагнуул, төр засгийн дэмжлэгтэй эд. Яалаа гэж нэг муу оюутан хүүхэд гэнэт ингэтлээ дэлхийг багласан юм хийх юм бэ? Тэднүүс л санхүүжүүлээд ийм болголоо… гэж нүүр номонд бичсэн байхыг харсан. Үнэхээр ч ийм ёроолгүй сав шиг их юмыг багтааж байгаа хард диск хаана байх нь ойлгомжтой шүү дээ. Анх үүссэн тэр газраа л байж таараа.
Харин ямар ч хүн энэ нүүрний номыг зүгээр л өөрийнхөө утас, эсвэл компьютер гэж санаад юу дуртайгаа хэлж суудаг. Их л хувийн чанартай мэт ээ.
Би нэг удаа “Бусдын зовлонд өчүүхэн төдий ч баяр төрж, бусдын аз жаргалд өчүүхэн төдий ч атаархаж, муу санаж байгаа бол та аз жаргал гэгчийг үзэхгүй амьдарсаар үхэх нигууртай нэгэн ажээ” гээд бичиж орхитол нэг хүн шууд орж ирээд “Хуцваа чи” гэсэн зурвас үлдээж билээ. Яагаад гэвэл тэр хүнийг өөрийг нь хэлчихсэн юм шиг санагдаад тэр шүү дээ. Уг нь иймэрхүү тохиолдолд тэр хүнээ шууд блок хийх нь дээр гэж зөвлөх юм билээ. Гэтэл ингэсэн болгоныг алга болгоод байвал бараг ганцаараа үлдэх нигууртай тул тэгсгээд тэгш амгалангаа хөгжүүлээд орхидог.
Энэ тухай буюу “Муухай Монгол” хүний тухай ярихгүй биш бас ярьж байнаа. Нэр шигээ элбэг үгтэй ерөнхийлөгч маань ч дөнгөж саяхан “Сэтгэлгээний хувьсгал” нэртэй нийтлэлдээ… Харин хорлолын тухай цөөхөн ярьсан. Бүтээх гэснийг бүтээлгэхгүй хорлодог. Барих гэснийг бариулахгүй хорлодог. Гарах ёстой шийдвэрийг гаргуулахгүй хорлодог. Хийх ёстой ажлыг хийлгэхгүй хорлодог. Нааш харсныг цааш хартал хорлодог. Монгол хүнийг мохтол хорлодог. Гадны хүнийг гартал хорлодог. Зөв сэтгэлтнийг буруутгаж хорлодог. Буруу сэтгэлтнийг баярлуулж хорлодог. Ийм хорлолын төлөө хариуцлага хүлээх хүнгүй болгож хорлодог…гэх мэтээр бичээд одоо цагт Ж.Гүррагчаа сансарт нисэх байсан бол муу хэлсээр, хорлосоор нисгэхгүй ч байж мэдэхээр болжээ…хэмээжээ.
Дээр эхлэхдээ иш татсан гашуудлын мэдээний араас яаж баалж байгааг харахад л дотор арзас хиймээр…
“Монгол Улсын хувьд анхных нь Японы хувьд 15 дахь Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдлаа. Монгол Улс хэдийгээр дэлхийд 130-д ордог эдийн засагтай ч дэлхийд эхний гуравт орж гайхагддаг том зах зээлтэй, том эдийн засагтай оронтой анхны чөлөөт худалдааны гэрээг байгуулж чадсан нь Монгол Улсын дараа дараагийн гэрээ хэлэлцээрт эерэг нөлөө үзүүлэх үйл явдал боллоо” хэмээн Япон улсад ерөнхий сайд айлчлаад тэр оронтой 10 жилийн гэрээ байгуулж бараг татваргүй болох, харилцан визгүй зорчих асуудлыг ч ярьсан талаар, мөн Хөшигтийн хөндийд барьж буй нисэх буудлаас гадна бас нэг эмнэлэг хүртэл нэмж барьж өгөх тухай… мэдээ цуварч байгаа ч тэрний тухай өөдтэй үг та олж харах нь юу л бол? Энэ нүүрний номноос. Хар санасан юмаа бичих , эсвэл хар цагаан үггүй дуугүй суух нь л олон болов уу?
Харин хэдхэн жилийн өмнө тэнд атомын цахилгаан станц дэлбэрэх үед хэн нэг нь “… Одоо эд нар наашаа орж ирэх нь, эд нар манайд нэг их тусламж үзүүлдэг яавч холын бодолтой, манай нутагт нүүж ирэх гэж байна…” хэмээн бичихэд бүгд хошууран дуу дуугаа авалцан цуурцгаасныг санаж л байгаа байх. Хэн ч орж ирнэ гэж яриагүй байхад шүү дээ.
Ийм юмыг харъя гэвэл яг одоо ч нүүрний номоо нээхэд дүүрэн л байгаа. Энэ одоо ямар гээч муухай зан гэгч вэ? Хэзээнээс ийм болчихсон улс вэ?
“Борооноор уралдах урлаг”, “Улаан сухай” гэсэн нэртэй хоёр ном орчуулан гаргахад хараалын нэртэй ном нь хамаагүй хурдан гүйх юм.
Нүүрний номондоо сайхан дуу хөгжим тавихаар хорь хүрэхгүй лайктай байх бол хэрүүлийн өнгөтэй юм тавьбал хэдэн зуун хүн уншиж таалах ажээ.
Муу санаатай дотуур тамиртай байж болноо гэхдээ л арай ч ийм хөө шиг дотортой болцгоосон гэж үү дээ бид…
Дорлигжав сайдын охин нас барсан гэсэн мэдээний араас юу юу гэнэв ээ? Бөө бөөлөөд байсан тэр хараал тусч больж, больж ч гэх шиг, согтуу хүүхэн байжээ ч гэх шиг…
"Муухай Монгол" хүн гэж ном бичих ч хэрэг алга. Нүүрний номонд бүр зохиогчтойгоо, зохиогчийнхоо зурагтайгаа ороод харвал товч намтартайгаа байж байхад.
Тэгээд энэ надад харагдаад байгаа постууд миний найз нар гэж бодохоор бүүр ч гутмаар…Дөнгөж сая гуравхан сая хүрчихээд хоёр залуу нь үрэгдэхэд ингэж баалж суух ч гэж дээ…