XIII зуунд, “Нууц товчоо” бичигдсэнийхээ дараахан халдлагад өртөн, нэгэн этгээд дундаас нь хэдэн хуудсыг урж тасдан хаясан гэнэ. Чухам энэ гээдсэн хэсэгт Чингис хаан охин урагтаа соёрхол өргөн, эзэмшил газруудыг хувиарласан хэсэг байсан бололтой.
Өөрөөр хэлбэл Их Монгол гүрний засаг засаглалд Чингис хааны охид, хатдын эзлэх хувь, үүрэг роль маш тодорхой туссан хэсэг байж.
Чингис хаан охин Алага Бэхиэр Цагаан хэрмийн хойт хаяагаар нутаглах Онгууд аймгийг захируулжээ. Удалгүй Умард Хятадыг эзлэхэд Алага бэхи тэндхийг хавсарсан Их захирагч болсон байна. Бас нэг охин Алалтун Бэхиг Уйгурт, бас нэг охиноо (Толай) Харлагт, ууган охиноо Хонгирадад, Чэчэйхэн Бэхигээ Ойрад иргэнд бэр болгон өгсөн нь мөн чанартаа тэдгээр аймаг улсуудыг захирсан ЭЗЭН ХАТАД болон суужээ. Ийнхүү Чингис хааны охид хаан эцгийн байгуулсан гүр их улсыг харь дайснаас халхлах халх бамбай мэт зүүн өмнөдөд Хонгирадаас эхлээд өмнөдөд Онгууд, Умард Хятад, баруун талд Харлаг, Уйгур, баруун хойт талд Ойрад гэх мэтээр эзэнт гүрний эргэн тойронд агч улс орнуудад эзэн болж, эртний их Торгоны замыг эзэмшиж, эзэнт гүрний бүхий л худалдаа арилжааг зохицуулан, дотооддоо төдийгүй гадаад ертөнцөд нэр, нөлөө бүхий эрхэмсэг Их хатад болжээ. Тэд хаан эцгийгээ харийн дайнд явахад хүнс, эр цэрэг, зэр зэвсгийн найдвартай ар тал нь болон үлдэж байсан төдийгүй эх монгол орноо тал бүрээс нь довтлох аюул заналаас сэргийлж байсан байна.
Тэдгээр бүсгүйчүүд гүрэн улсыг шинээр цогцлоож, худалдаа арилжаа, өртөө улааны шинэ шинэ сүлжээг бий болгон, эрдэм мэдлэгийг ихэд тэтгэн дэлгэрүүлжээ.
Чингис хаан хөвүүдээсээ илүүгээр охиддоо итгэж, тэдэнд илүү их үүрэг хариуцлага үүрүүлж байжээ. Ингэх үндэслэл байв. Хөвгүүдээс нэг нь ч түүний сэтгэлд хүрсэнгүй. Тэдэнд Их улсыг амжилттай удирдан авч явах ухаан билэг бүү хэл ядахдаа эцэг шигээ гарамгай жанжин ч байсангүй. Цагадай цочмог, бодолгүй түргэн зантай байсан бол Өгэдэй архинд хэт орж, санхүү, эдийн засгийн харалган бодлого явуулж, улс орноо бэхжүүлж, хөгжүүлэхээсээ илүү хэт үрэлгэн загнаж байв. Толуй хэдийгээр эцэг шигээ баатар зоригт, сайн жанжин байсан ч ах Өгэдэйгээс ч илүүгээр архинд орж, сүүлдээ архиндаа түлэгдэж үхжээ. (Ахмад хүү Зүчи эцгийгээ амь ахуйд бие барсан) Нөгөөтэйгүүр Чингис хааныг гүр их улсаа байгуулахад нь хатад эмэгтэйчүүдийн хувь оролцоо үлэмж их байлаа. Өэлүн эхийн оюун билэг, ер бусын хатан тэвчээр, зүтгэлгүйгээр Чингис хааны амжилтыг төсөөлөх боломжгүйн адилаар Бөртэ үжин чухам Чингис хааны хажууд өмөг түшиг нь болж, Их гүрнийг босголцсон билээ.
Чингис хаан насан өндөр болох хэрээр хичээн байгуулсан их улсаа хэрхэн төгс төгөлдөр болгон бэхжүүлэх талаар байнга санаашран байсан. Ингээд найдвар муутай хөвүүдтэйгээ эн тэнцүү, магадгүй зарим талаар илүү их итгэл, хариуцлагыг охид, бүсгүйчүүддээ үлдээсэн байна. Энэ нь эрхт эцэг болсон тэнгэр, этүгэн эх болсон газар дэлхийн хүч энергийн харилцаа, хамаарлыг харгалзан үзсэн, арга бэлгийг тэнцүүлсэн хэрэг байж. Гэвч харамсалтай нь хөвгүүд эцгийнхээ бодлогыг үл ойшоов.
Чингис хааныг тэнгэр болсны дараахан, тэр 1227 оны сүүлээр Алалтун Бэхи ах Өгэдэйн хүмүүст алуулав. Хоёр жилийн дараа Алага бэхийн өв залгамжлагч Нэгүдэй амь үрэгдэв. Түүнээс удалгүй Чэчэйхэн бэхи гэнэтхэн амь эрсдэж, дараа жилийн зун Өгэдэйн тушаалаар Ойрад түмний охид бүсгүйчүүлийг бүгдийг нь хэрцгийлэн, хүчирхийлээд, эрхэндээ оруулжээ. Бүр бүсгүйчүүдийн эсрэг аян дайн шахуу юм болсон байна. Чингис хааныг хальснаас хойш арав хүрэхгүй жилийн дотор түүний охин ургийнхан ийнхүү хамаг эрх мэдлээ ах, дүү нартаа алдав, амь эрсдэв. Чухам энэ үеэр л “Нууц товчоо”-нд халдсан тэр бүдүүлэг хэрэг явдал гарсан юм болов уу даа.
Ийнхүү Чингис хааны охид, Их хатад, монголын төрд зүтгэж асан их эмэгтэйчүүдийн түүх “нууцлагджээ”. Жак Уэтерфорд ингэж үзэж байна. Тэр “Монголын Их Хатдын НУУЦ ТОВЧОО” номондоо энэ ээдрээтэй үйл явдлыг хайр найргүй уудлан дэлгэж, бас сэтгэл шимшрэн бичжээ.
Жак уг нь анторпологич хүн. Эрт галвын амьтдын ясыг хэлтэрхий хэлтэрхийгээр нь цуглуулан судалдаг энэ хүн манай түүхийн тун бүдэгхэн нэгэн улбааг мөшгин, энд тэндээс баримт материалыг яг нь ясны хэлтэрхий лугаа адил цуглуулан цуглуулсаар бидний алдагдсан түүхийн нэгэн зурвас үеийг та бидний өмнө дүрслэн гаргаж ирсэн байна.
Чингис хааны охид, монгол хатад хэдийгээр нэр алдар, эрх мэдэлд дуртай, өөр зуураа эв түнжингүй, эцгийн бүтээсэн их улсыг бэхжүүлэхээс илүүгээр сульдааж, Их засаг хуулийг нь уландаа гишгэсэн ах, дүү нартаа алуулах нь алуулж, шахагдан гадуурхагдах нь гадуурхагдсан ч чухам чин үнэндээ монголын охид, бүсгүйчүүд л Их Монгол улсын голомтийг бүрмөсөн тасалчихалгүй авран хамгаалж, уламжлан авч чадсаныг тэрээр барин тавим баримттайгаар өгүүлжээ.
Монгол гүрэн задран, буурахад “самуурал завхрал, ялагдал доройтлыг сөрөн боссон нэгэн эмэгтэй өөрийн байр сууриа хатуу хамгаалж, салж бутарсан Монгол овог аймгуудаа нэгтгэж, туг сүлдээ босгон мандуулж, Алтан урагт дахин сэргэх хувь тавиланг эргүүлэн авчирсан бөлгөө”. Энэ бол Элбэг хааны охин Самар гүнж байв.
Элбэг хаан Баруун Монголын тэргүүнийг хилсээр хороожээ. Тэгээд эцгийг нь хилсээр хороосныхоо цагаатгал, төлбөр болгон хүүд нь охин Самараа гэргий болгон өгч, хүргэнээ эцгийнх нь ор суурийг залгамжлуулсан байна. Самар гүнжийн хүү нь Ойрдын Тогоон тайш, ач хүү нь Эсэн тайш хаан юм. Энэ үед Монголын язгуур алтан ургийнхны хооронд байнгын атаа, жөтөө, далд явуулга, хэрүүл самуун тасарсангүй. Эцэст нь Эсэн хаан хүчээр баруун, зүүн монголыг нэгтгэн нэгэн тугийн дор захирав. Ингэхдээ тэрээр охиноо Алтан ургын нэгэн хан хүүтэй гэрлүүлжээ. Удалгүй Алтан ургийнхны найдваргүй байдалд дургүйцсэн Эсэн хаан тэднийг уг үндсээр нь таслахаар шийдэж, алтан ургийнхны эсрэг их аллага хийжээ. 1452 онд боржигон овгийн 44 язгууртан, 33 хэргэмтэн, тэдэнд үнэнч байсан 61 цэргийн жанжин амь насаа алдсан байна. Энэ үед Эсэн хааны эмэг эх Боржигон Алтан ургийн Самар хатан хэдий насан өндөр болсон ч Эсэн хааны энэ аллагыг сөрөн зогссон төдийгүй, алтан ургийн сүүлчийн судсыг тасалчихалгүй авч үлдэж чаджээ. Эсэн хааны охин, Самар хатны гуч охин болох өнөөх алтан ургийн хан хүүтэй суусан бүсгүй алуулсан нөхрөөсөө хөл хүндтэй үлджээ. Үүнийг мэдсэн Эсэн охиноо төрөнгүүт шинэ хүнийг алаад, өөрийг нь өөр хүнд өгөхөөр шийдэн байна. Гэвч Самар хатан ач хүүгээсээ өрсөв. Тэр гуч охиноо зугтаалгаад зогсохгүй, төртөл нь нууж чаджээ. Хүү төрсөнд Баянмөнх гэж нэрлэсэн байна. Эсэн хаан эрлээ зогсоосонгүй. Түүний хүмүүс “Охин төрсөн бол үсийг нь самна, хүү төрсөн бол голыг нь самна” гэсэн тушаалтайгаар эх, хүү хоёрыг хайсаар олов. Учрыг мэдсэн эх ажиггүй царайлж байгаад эрлийн багийн ахлагчийн өөдөөс харуулж хүүгээ тосон шээлгэжээ. Гэхдээ нялх хүүгийн мөөжгийг нь мэдэгдэхээргүй болтол нь арагш нь татаж байгаад шээлгэсэн байна. Юутай ч эрлийнхэн хүүг дахин нягтлах шаардлагагүй гэж үзээд буцаж, Эсэн тайшид “Та зээ охинтой болжээ” хэмээн дуулгав. Гэвч эцсийн эцэст Эсэн үнэнийг олж мэдээд дахин эрлийн бүлгийг илгээсэнд Самар хатан хамгаалав. Бас нэг удаа нялх хүүг хөмөрсөн тогоон дотор нууж авч үлдэв.
Гэвч нас хэт өндөр болсон Самар хатан цаашид хүүг аварч хамгаалах боломж шавхарч буйг мэдээд Чингис хааны урагт үнэнч хүмүүсийг олж, тэдэнд өгч нууцаар асруулахаар алс хол, Монголын нутгийн гүн рүү илгээсэн байна. Зам зуураас нь Эсэний хүмүүс хөөж, өлгийтэй хүү морины давхиад дунд нэгээс нөгөөд бөмбөг мэт шидүүлэн дамжиж, газарт ч ойчиж, харин азаар Самар хатанд үнэнч нэгэн эр цэрэг давхиан дундаа хүүгийн өлгийнөөс нумын хөвчөөр гогдон аваад зугтан гарч чадсан байна.
Эсэн хаан хорлогдож, удалгүй Мандуул хаан ор суув. Гэвч түүнд ор залгах хүү төрсөнгүй. Иймд Алтан ургийн хүү, өнөөх амь өрссөн өрсөлдөөн дундаас Самар хатны гавьяагаар амьд үлдсэн Баянмөнх хүүг олж, угсаа залгамжлах Болох Жонон цол өгч, дэргэдээ байлгажээ. Гэтэл төдий удсангүй, хаан хийгээд угсаа залгамжлагч жононгийн дундуур хар хэл орж, Самар хатны амь тавин хамгаалсан алтан ургийн сүүлийн судас Болох Жонон Баянмөнх өмнийн говьд орь ганцаар тэнэж яваад гавьяа ч үгүй, золгүйгээр амь эрсдэв. Мандуул хаан ч үхэв.
Баруун өмнөдөд уйгур, лал шашинтнууд идэвхжиж, Торгоны замыг эрхшээн, баруун талд Ойрадууд бие даасан байдлаа улам батжуулж байв. Өмнө зүгт Хятадууд энэ сиймхийг отон хүлээж, харин Хасарын удмын ноёд хаан ор одоо хүссэн, эс хүссэн ч биднийх болов хэмээн омтгойдох болов. Олон овог аймаг өөр өөрийн дураар үйлдэх болов.
Ийнхүү Монголын төр угсаа залгамжлах алтан ургийн хүнгүй, хаан суудал хоосорсон цөвүүн цагт бас нэгэн монгол бүсгүй тасарч байсан алтан ургийн судсыг халуун элгээрээ тэвэрч, хатан зориг, сэцэн ухааныхаа хүчээр Монголын төрийг дахин сэргээж чаджээ. Энэ бол Мандухай сэцэн хатан байв.
Мандуул хааны бага хатан тэрээр эр нөхрөө өнгөрсний дараа өнөөх Баянмөнх Болох Жононгийн хааны ордонд ирэхээсээ өмнө асарч байсан урианхай малчин айлынхаа охин Шихэртэй учир ургуулан нэгэн нуган үртэй болсон байсныг олжээ. Гэвч тэр даанчиг арчаагүй, өвчинд баригдсан, өрөөл татанхай, хүн болох эсэх нь тодорхойгүй нэгэн байж. Гэвч тэр бол Алтан ургийн сүүлчийн аргамж, сүүлчийн амь байсан юм. Сайтар асарч тойлсны эцэст 7 настай Батмөнх хүүг хаанд өргөмжлөв. Энэ үед Мандухай өөрөө 21 настай байж, бяцхан хүүгийн өмнөөс төр барив. Тийн Мандухай садарсан үсээ шууж, саадаг нум үүрч, бяцхан хүүг үхэг тэргэнд суулган цэрэг дайчдыг тэргүүлэн дайтаж, улс төрөө эмхлэн хураажээ. Батмөнх хүү эрийн цээнд хүртэл 10 гаруй жилийн турш Мандухай тулааны талбарт эр цэрэг, жанжин баатар, энгийн цагт сэцэн сайд, ар гэртээ асралт эх болж байв. Батмөнх Даян хаан, Мандухай Сэцэн хатан хоёроос Чингис их дээдсийнх нь ерөөл бэлгийн дагуу 7 нуган үр төрсөн нь хатаж байсан Алтан ургийн мод дахин цэцэглэн дэлбээлсэн хэрэг байлаа. Тэд хожмийн монголын бүхий л аймаг, хошууны ихэс дээдэс болжээ.
Мандухай хатны Монгол Улсын төлөө, Эзэн Чингис хааны алтан ургийн төлөөх гавьяа зүтгэл үлэмж их.
Чухам ийм л түүхүүдийг Жак Уэтерфорд бичжээ. Уг нь энэ бүхэн бидний мэддэг түүх, гэвч мэддэг хэдий ч ийм ээдрээтэй нөхцөл байдлын дундаас үйл явдлын нарийн учиг, уялдаа холбоог чухам фокус нь таарсан дурангаар татан үзүүлэх мэт тийм тов тодорхой харуулж, мэдрүүлж буйд Жакийн түүх бичлэгийн давуу тал нь байна.
Түүний бичсэнээр “Монголын аугаа хатад амьдралынхаа турш гэр бүл, үндэс угсаагаа хамгаалж иржээ. Чингис хаан төр улсыг үндэслэн байгуулсан бол хатад эмэгтэйчүүд түүнийг нь амьдруулсан юм. Тэр хатад цаг хугацаа, сэтгэл оюунаа хөшөө дурсгал, хот балгад барихад бус, Хаан эцгийнхээ адилаар гүрэн улсаа байгуулахад зориулсан юм. Тэдний амьдрал тэмцлийг гэрлэх зүйлс эрт галавын амьтдын ул мөр мэт байсаар байна. Гагцхүү бид түүнийг хайж олохыг, олсныхоо дараа олж харахыг л хүсэх хэрэгтэй” болж байна.
Энэхүү “Монголын Их Хатдын Нууц Товчоо” ном бол Монголын хатад бүсгүйчүүдэд босгосон үгэн хөшөө болжээ.
Номынхоо өмнө зохиогч “Мөнх Хөх Тэнгэрийн Алтан Наран Их Монгол Үндэстний эхчүүд, охидыг Үүрд мөнхөд ивээх болтугай” гэсэн нь Жакийн монголын эхчүүд эмэгтэйчүүдэд хандаж буй сэтгэл, хүндлэл нь юм. Харин ямар ч монгол зохиогч номынхоо өмнө ийм үг бичиж чадсан бил үү, үгүй бил үү?
***
2004 онд Вашингтон хотноо Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номын нээлт болж, төд удалгүй Нью-Йоркийн хамгийн гүйлгээтэй номоор шалгарч, дуулиан тарьж байлаа.
Тэр цагаас хойш юутай ч монголын түүхэнд хандах америкчуудын хандлагад багагүй өөрчлөлт орсон гэдэгт би итгэлтэй байна. 2004 онд Үндэсний газар зүйн нийгэмлэг (National Geographic)-ийн нэвтрүүлгээр гарсан Монголын эзэнт гүрний тухай нэвтрүүлэгт Монголчуудыг зөвхөн байлдан дагуулах, алж хядахын донтой хүмүүс, иргэншээгүй, зэрлэг омгийнхон гэсэн санаа нэвт шингэсэн байсан.
Харин Жак-ийн дээрх ном гарсны дараа 2006 оны нэг сард Үндэсний газар зүйн нийгэмлэгийн нэвтрүүлэгт хоёр жилийн өмнө монголчуудын талаар ярьж байснаасаа огт өөр зүйлийг өгүүлж байсан юм. Тухайлбал Чингис хаан бол
– Шашны эрх, эрх чөлөөг хүн төрөхтний түүхэнд хэзээ ч байгаагүйгээр хангасан
– Улс үндэстнүүдийн хооронд дипломат харилцаа системийг анх бий болгосон
– Худалдаа зах зээлийн бараг өнөөгийнх шиг үр ашигтай орчин, харилцааг бий болгосон
– Цэргийн шинжлэх ухаанд олон зүйлийг цоо шинээр хэрэгжүүлсэн
– Улс түмнүүдийн соёлын харилцааг урьд байгаагүйгээр идэвхжүүлснээр дэлхий нийтийн соёлын хөгжилд маш хүчтэй түлхэц болсон
– Эцсийн эцэст Чингис хаан өнөөгийн шинэ дэлхий ертөнцийг бий болгосон гэсэн байлаа.
Энэ бүх дүгнэлт бол Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номын үндсэн агуулга нь.
Үнэхээр ч Монголчуудын байлдан дагуулал бүхэл бүтэн найман зууны турш нойрмоглосон дэлхий дахиныг чоцроосон юм. Эртний их соёлт хүчирхэг Ром гүрэн Содоом, Гомоорын араас “тэнгэрийн хилэгнэл” хүртсэнээс хойш Европ дахин урьдын хөгжлийн эрчмээ алдан, XII зууныг хүртэл үндсэндээ унтаа байдалд байсан. Олигтой ахиц дэвшил гарсангүй. Ромчуудын үлдээсэн олон зүйлс, түүний дотроос эрх зүйт хууль цаазат төрийн ёсон, соёл урлаг, шинжлэх ухаан боловсролыг мартаж, Ромын цэцэглэн мандаж байх үетэй харьцуулахад хөгжил дэвшлээс хол ухарсан мэт бүхэлдээ хэдэн зууны турш харанхуйлан байлаа. Европ дахин шашны мухар сохор хүлээсэнд улам улам боомилуулсаар байв. Арабуудын оргилсон эрчимтэй довтолгоон ч тэднийг энэхүү гүн нойрноос нь гүйцэд сэрээсэнгүй. Тэнгэрийн хаяанаас цааш газаргүй хэмээн сэтгэхтэй агаар нэгэн алилаар нам гүм, ажин түжин сууж байв. Хүнд жад чирсэн төмөр дуулгат баатар эрс нь ойр зуураа хөлхөлдөж, нүсэр чулуун хана хэрмээ хөгжлийн дээд мэтээр бодож байж. Загалмайтны цөхрөхийг мартсан улайрсан номлогчид нүх сүв бүрийг нэгжиж байлаа. Загалмайтнууд удаа дараалан цэрэглэн хөдөлөн ч тэд Сириэс цааш хэтэрч байсангүй. Ираны толгодын цаанаас, Дундад Азийн элсэн цөлийн гүнээс ирдэг эртний их торгон зам хаанаас юу тээж авчирдгыг мартсан байв. Төв Азийн өндөрлөгт ямар их эрч хүчтэй хуй салхи нижигнэн хөдөлж буйг огтхон ч тааварлаж чадахгүй байв.
Үйл явдлуудыг анхааралтай харвал Чингис хааны довтолгооноос хойш Европт олон зүйл хувиран өөрчлөгдсөн. Үйл явдлын хэмжээ далайц өргөсөж, хүмүүс нууцлаг агаад хүчирхэг дорныг сонирхож эхэлсэн.
Гэнэтийн довтолгоон хүмүүст айдас хүйдсийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Аливаа юм нууцлаг, үл мэдэгдэм байхийн хэрээр түүнээс үүдэх айдас түгшүүр их байдаг. Чингис хааны довтолгоон гэнэтийн байсан. Европ дахин чухам юу болсны учрыг нь ч олж чадаагүй байтал тэрхүү гэнэтийн зочид ирсэн шигээ гэнэт алга болчихсон. Энэ ялагдашгүй хүчирхэг хүмүүс гэнэт хаанаас гараад ирэв. Яах гэж ирээд яагаад алга болчихов. Энэ нь сониуч хүмүүсийн сонийг хөдөлгөж, баатар эрсийн цөсийг цалгиав. Наран мандах тэнгэрийн хаяанаас цааш газар байж, тэнд хүчирхэг, өвөрмөц сонин ард түмнүүд амьдардгийг Европ дахин анх тийнхүү мэдрэв.
Чингис хааны өрлөг жанжин Сүбээдэй, ач Батхаан нарын довтолгоон /1236-42 он/ энэхүү хариуг улам чанга нэхсэн юм. Дараа дараачийн үеийнхэн, Алтан ордны болон Ил хаадын хүчирхэг, эрхэмсэг байдал нь тэднийг олон зууны гүн нойрноос нь бүрэн сэрээсэн билээ. Дэлхий дахины улс төр, соёл, эдийн засгийн харилцаа эрс өөрчлөгдөж, тэд талынхны дайтах урлаг, төмөр мэт хатуу сахилга бат, хууль ёсноос суралцаж, өртөө улааг хэрэглэх болж, дарь хэмээх хөгжлийн ер бусын эрчим хүчийг ашиглах болов. Наад зах нь ор хөнжлийн даавуу байдгыг мэдэж, гар нүүрээ угааж, дарь хийж, ном бичиг барлах анхны ойлголттой болж, цаасан мөнгөний тухай сураг дуулж, улс хоорондын дипломат харилцааны олон зүйлсийг шинээр нээжээ. Дорныг сонирхох, тийш тэмүүлэх эрмэлзэл нь явсаар газар зүйн их нээлтүүд, улмаар сэргэн мандлыг урин дууджээ.
Эцсийн эцэст дэлхийн олон улс орнууд, үндэстэн угсаатнууд цоо шинээр бүрэлдэн, өнөөгийн ертөнцийн суурь зөвхөн үндэстний төдийгүй эдийн засаг, олон улсын харилцааны хүрээнд бүхий л талаар тавигджээ.
Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номонд ийм л санааг олон талаас нь нутлан өгүүлжээ.
Ганц америкчуудыг төдийгүй дэлхий дахиныг ч энэ ном дэлдийлгэж чадсан. Энэ 4-5-хан жилийн дотор уг ном дэлхийн 22 орны хэлээр орчуулагдаж, хэдэн сая хувиар хэвлэгджээ. Энэхүү хэдэн сая хувь нэг бүрийн цаана Монголын маань л сурталчилгаа байгаа. Тэр хэмжээгээр монголыг сонирхогчид, судлаачид, жуулчдын тоо ч үлэмж нэмэгдэнэ. Сайн ном гэдэг ийм л үр нөлөөтэй байдаг аж. Энэ бол манай үндэстний түүх судлалд, бидний хөгжилд, дэлхийн тавцан дахь Монгол Улсын нэр хүндэд оруулж буй хувь нэмэр ч гэж хэлж болох байх.
Сүүлийн тавхан жилийн дотор бидний өвөг дээдсийн түүхээр маш олон ном шинээр хэвлэгдэн гарлаа. Кон Иггулдний Чингис хааны амьдралыг өгүүлсэн гурамсан роман, Том Шаньлэйн “Мөнх тэнгэрийн хүчин дор Чингис хааны мандал бадрал”, Жон Манний “Чингис хаан: амьдрал, үхэл ба сэхээрэл”, “Чингис хааны удирдахуйн нууц”, А.Гоүлдбергийн “13 зууны Монголчуудын дарангуйлал”, Моррис Россаби нарийн “Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн”, Томас Стрэйсгутын “Алдагдсан соёл иргэншил-Чингис хааны Монгол”, “Чингис хааны аугаа их жанжин Сүбээдэй баатар” гэх мэт маш олон номыг дурдаж болохоор байна. Хамгийн сүүлд л гэхэд “Khubilai Khans Lost Fleet Legendary” гэдэг ном гарсан байна. Мөн Япончууд “Бөртэ Чоно”, Оросууд “Монгол”, саяхан Якутууд ч бас нэг кино бүтээлээ. Өөрөөр хэлбэл дэлхий нийт Монголын түүхээр амьсгалж байна. Монголын түүхийг огт өөрөөр харж, үнэлдэг болж байна.
***
Жак Уэтерфордын монголын түүхийн сэдвээр бичсэн хоёр дахь ном “Монголын Их хатдын Нууц Товчоо” нь өмнөхөөсөө ч илүү амжилт олох болов уу гэж бодож байна. Түүний номын амжилтанд нөлөөлж буй зарим нэг “нууц” бий. Жак чухам зохиолч хүнд л байгууштай гайхалтай уран сэтгэлгээтэй, сэтгэлзүйн чадварлаг задлан шинжээч хүн. Түүхэн хүмүүсийн санамсаргүй унагасан нэг үг, хийсэн нэг үйлдлээс нь ургуулан мөшгишээр бүхэл бүтэн түүхэн явцыг зургийг босгож ирнэ. Түүхэн баримтууд, уран нийтлэл, сэтгэл зүйн анализ, задлан шинжлэлийг амжилттай хослуулсан нь түүний бүтээлийг түүхийн номнуудаас эрс ялгаруулдаг. Тиймээс түүний номыг уншиж байхад адал явдалт, уран зөгнөлт, уянгын драмт зохиол уншиж байх шиг болдогт гайхах юмгүй. Наргиа болгон түүнд “Та хэрвээ зохиолч бол мундаг зохиолч байх байж ээ” хэмээн хэлж билээ.
Жак Уэтерфорд монголын ард түмэнд, бидэнд, бидний соёл, түүхэнд үнэнхүү халуун дотно сэтгэлээр хандаж чаддаг нь түүний амжилтын бас нэг нууц юм.
Та бидний тэр бүр анзаараагүй, ухаж төнхөөгүй маш нарийн үл ялиг сэжмийг хөөсөөр бүхэл бүтэн нууц түүхийг босгож чадсан энэ ном бидэнд олон нууцийг нээж өгөх болно. Энэ ном өчигдрөөс Улаанбаатарын номын дэлгүүрүүдээр тарж эхлээд байгаа.
Б.Номинчимэд
Б.Номинчимэд
www.Urlag.mn