Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сүсэг гэдэг сүрхий эд юм аа…

Сүсэг гэдэг сүрхий эд юм аа…

Урлаг Урлаг09/03/2015Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
D.Uuriintuya2218172542015-03-09-10-02[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тун сонин бодолд ээрэгдэн өнжлөө. Хүн төрөлхтний хариултыг нь хараахан олж амжаагүй “Тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу” гэх асуулттай төстэй нэг зүйл миний анхаарлыг ийн соронзон мэт татав. Хүнийг амьтнаас ялгадаг ганц зүйл нь оюун ухаан гэж байгаа. Тэгвэл оюун ухааныг магад ч үгүй сэтгэл захирдаг байх. Оюун ухаан, сэтгэл зүй хоёрын аль нь хүчтэй, хүн тэр хоёрын алинд нь захирагддаг юм бол. Ингэж удаан бодсоны эцэст сэтгэл зүй нь оюун ухаанаас хавьгүй хүчтэй байж болох сэжүүр олсон юм. Монголчууд “Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрдэг” гэж ярьцгаадаг. Энэ нь сэтгэл зүйн чадлыг илтгэсэн үг биз ээ. 2015 он гараад хоёр сар, монгол тооллоор хонь жилтэй золгоод хэдхэн хонож байна.   

   
Монголчууд бидэнд бэлгэдэж, бэлгэшээх өдөр цөөнгүй байдаг. Зөвхөн хувь хүний сүсэг бишрэлтэй холбоотой тэмдэглэдэг “зан үйл” бас байдаг гэх. Өчигдөр Цагаан сарын шинийн наймны билэгт сайн өдөр тохиолоо. Бурхан багшийн сургаал ёсоор шинийн найман, 15-ны өдрүүдэд хурсан ном, үйлдсэн буян түм, живаагаар үржигддэг гэнэ. Тиймээс энэ өдрүүдэд монголчууд Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд болон бусад хийд, таньдаг лам, ер нь уншлага, номтой хүнийг зорин очдог уламжлалтай. Сүсэгтэн олон өглөө нар мандахаас, үдшийн бүрий тасартал засал хийлгэж, ном уншуулж тухайн жилдээ өвчин зовлонгүй, эд баялгаа арвижуулж, энх тунх амьдрахыг даатгадаг. Өнөө цагт зурхай “зохиогчид” олширсон болохоор хаа нэгтэй  уншсан жил, сарын зурхайд сэтгэлд цөв суулгамаар үг, өгүүлбэр багтсан байх нь олширчээ. “Жилийн дунд үеэр гарлагын үүд тань нээгдэж, хууч өвчин чинь сэдэрч, ойр дотны хүнээсээ хагацана. Хайр дурлал таныг хууран мэхэлж болзошгүй” гэх үг, өгүүлбэртэй зурхай уншсан хүн шууд л “шок”-нд орж хийд рүү гүйх нь аргагүй биз дээ. Нэг ч өөдтэй юм олж уншаагүй хүн бол бүр дүүрлээ л гэсэн үг. Болохгүй байгаа бүхнийг болгохын тулд баахан ном уншуулах шаардлагатай тулгарна. Харсаар байтал нэг нь сэтгэлээр унасан байхад “Наадах чинь худлаа доо” гэж хэлж чадах монгол хүн цөөн.  
Өнөөдөр зурхайг хаанаас л бол хаанаас унших боломжтой болжээ. Цахим ертөнцийн хөгжил энэ эрхийг бидэнд олгоод удаж байна. Одоо бүр зурхайг төрөлжүүлж зурдаг болжээ. Хүүхдийн зурхай, эрүүл мэндийн зурхай, сексийн зурхай хүртэл байдаг болж. Гэхдээ эдгээр зурхайг хэн зурсан нь тодорхойгүй байдаг. Зурсан эзэн нь тодорхойгүй юм болохоор алиалахыг оролддог уу, нээрээ л од гарагсийнхаа тохиолоор ингэж таардаг уу хачин жигтэй зүйл тэдний дунд цохиж явдаг юм. Эсвэл монголчууд гадаадын аль нэг сайтаас орчуулдаг ч байж болох. “Өдрийн ихэнх цагийг гиюүрэн өнгөрнө. Ажлын бүтээмж муутай байна. Өнөөдөр хадамтайгаа таарамж муудаж ам муруйна. Олны газар эд зүйлээ алдах магадлал өндөр байна. Үдийн орчимд сэрэл тань ихээр хөдөлж…” гэх мэтээр цааш үргэлжлэх зурхай цөөнгүй. Энэ бүхэн заавал биелэх албагүй ч зурхай уншсан хүндээ ямар нэг сэтгэгдэл үлдээдэг. Зарим хүнд яг л зурхай үнэнийг өгүүлсэн мэт байдаг аж. Тийм хүмүүс зурхайд бүр татагдан орох магадлалтай. “Халтирч унахаас болгоомжил” гэх өгүүлбэр нэг хүний бүтэн өдрийн ажлыг алдагдуулах тийм их хүчтэй болтлоо нөлөөлдөг аж.  
Эдүгээ бидний дунд зурхайгүйгээр амьдарч чадахаа байсан хүн цөөнгүй бий. Ажиглаад байхад нэг айлд хэд хэдэн тийм хүн байна. Өглөө ажил, хичээлдээ гарахын өмнө зурхай уншчихаад баахан арц, хүж уугиулаад гэрээсээ гарч байх жишээний. Энэ бүхэн ердөө л хүний сэтгэл зүйтэй холбоотой асуудал юм. Оюун ухаан эзэндээ “Надад зурхайд бичсэн шиг золгүй явдал тохиолдвол яана” гэж бодуулж байгаа бол сэтгэл зүй “Өөрийгөө сайн арвилаад гарахад юу л болоо аж” гэж нөгөө бодолд нөлөөлж байх жишээний. Тэгэхээр оюун ухаанаас сэтгэл зүй хавьгүй хүчирхэг байж мэдэх гээд байна. Бие өвдөнө гээд уншчихвал бие нь тавгүйрхдэг, эд зүйлээ алдана гэж уншсан бол цүнх, халаасаа “сэгсрүүлчихдэг” нь ч мөн сэтгэл зүйтэй холбоотой. “Өнөөдөр таны амьдрал аз жаргалаар дүүрэн байна” гэвэл нээрээ л тийм байгаа мэт сэтгэгдэл төрнө. 
Одоо монгол хүн болгон засал хийлгэхийг “эрхэмлэж” байгаа. Үгүй ядахдаа л хийморийн сан тавиулахаар хийдийг зорьж буй. Үүнийг буруутгах гэсэнгүй. Сэтгэлдээ цөвтэй явснаас ямар нэг алхам хийсэн нь хавьгүй дээр шүү дээ. Жилдээ гайгүй байхын тулд Гандантэгчинлэн хийдийг зорих хүний цуваа ойрын хэдэн өдөртөө л татрахгүй янзтай. Гэхдээ ном хуруулж, буян үйлдэхээр ирцгээчихээд хэрэлдэж, оочер дайрч орох нь тун таагүй харагдсан шүү.  
Шинийн найман болон 15-ныг тохиолдуулан хөдөөнөөс хот руу зорьж ирдэг хүн ч цөөнгүй. 1000 км-ын цаанаас ном хуруулж, гэр бүлийнхнийхээ жилийн заслыг хийлгэхээр зорьж ирсэн эмээ, наран мандах зүгээс нялх хүүхдээ тэврээд шуудангийн унаагаар шинийн наймны билэгт сайн өдөртөө амжиж ирсэн бүсгүй гээд монгол орны дөрвөн зүг, найман зовхист ажиллаж, амьдарч буй хүн зоны төлөөлөл өчигдөр Монгол Улсынхаа нийслэлд цугларав. Эдгээр хүн сайн, сайхныг, эрүүл саруул, тэгш амьдрахыг хүсч ийн нааш тэмүүлсэн нь тодорхой. Хүмүүсийг насны зааггүйгээр соронзон мэт татдаг сүсэг гэдэг нээрээ сүрхий эд юм аа. Хүний сэтгэл зүй гэдэг бүр ч аугаа зүйл ажээ. Сэтгэл сайхан байвал бие эрүүл байж, сэтгэл сайтай хүний ажил үйлс аяндаа л бүтдэг гэж монголчууд ярьдаг. Энэ лав үнэн байх шүү.    

Нийтлэлч: Ж.Тагтаа 

Эх сурвалж: mnb.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бий биелгээг өвлөн уламжлагчдын тоо 15 жилд 20 дахин өсжээ

02/07/2025

Эрдэнэзуу музейн үзмэрүүдэд сэргээн засварлалт хийлээ

02/07/2025

“Evanescence” хамтлаг 2026 оны эхээр шинэ цомгоо гаргахаар төлөвлөжээ

01/07/2025

Хувцас загварын гэрэл зурагчин Энрико Лабриола манай улсад үзэсгэлэнгээ дэлгэнэ

01/07/2025

Наадмын нээлт, хаалтыг 21 аймгийн төв талбайд шууд дамжуулна

01/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.