Аварга том матрыг тэвэрч ирээд таны өмнө буулган амыг нь ангалзуулан аймшиггүйгээр толгойгоо хийж эр зоригоо гайхуулна. Мөн агаарт 10 метрийн өндөрт эргэлдэх төмөр цагираг дээгүүр ямар ч хамгаалалтгүй жүжигчин бүсгүй нүдээ боон гүйхэд үзэгчид уулга алдан зарим нь нүдээ даран сууна. Энэ бол “Дэлхийн цирк Монголд” тоглолт дэргэд ирсэн өдөр байлаа.
Эрээн хувцаст алиалагч элдэвтэй үйлдлээрээ үзэгчдийг баясган өхөөрдөм бяцхан хүүхдүүдтэй бөмбөгөөр наадан өөрийгөө усанд шалба норгож, төөрч будлисаар тайзны ар руу гүйх нь хүртэл сэтгэл баясгана.
Энэхүү тоглолтод циркийн “Хаан” үзүүлбэр гэгддэг агаарын нисэлтийн үзүүлбэрээр дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Ардчилсан Солонгосын жүжигчид агаарт дүүлэн нисэж, тав эргэн үзэгчдийг гайхшруулав. Тэд энэхүү үзүүлбэртээ ямар ч хамгаалалтын бүс хэрэглээгүй бөгөөд зүгээр л тэнгэрт эрх дураараа дүүлэх шувуу мэт нэг тавцнаас нөгөө тавцан руу нисэнхэн байлаа.
Мөн илбийн гайхамшгийг Испанийн жүжигчид мэдрүүлэн аяганд юүлсэн цагаан будааг ус болгон асгаж, үзэсгэлэнт бүсгүйг хар хайрцагт хийн галтай шороор нэвт сүлбэн алга болгож дараа нь тэрхүү хайрцгаасаа дахин гаргаж ирэн үзэгчдийг гайхшруулсан юм.
Түүнчлэн Украйны шонглёрчин залуу тайзнаа гитар үүрэн гарч ирэн рок хөгжмийн хэмнэлд шонглёруудаараа хурдлан бараг л бөмбөрдөх шиг тоглон дөрвөн малгай сэлгэн өмсөж, бөмбөгтэй хэрхэн наадах урлагийг циркийн манежнаа гайхууллаа.
Монголын үндэсний циркийн жүжигчид энэхүү үдшийг чимэн эх орныхоо нэрийг гаргасан юм. Тэд дэлхийн циркчидтэй энэ тэнцүүгээ харуулан дэлхийн циркийн рекордыг эвдсэн алдарт үзүүлбэрээ буюу шидэх банзнаас агаарт 6 эргэн бууж үзэгчдийг бишрүүлэв. Мөн дэлхий циркийн урлагт монголын циркчдын ур чадварыг гайхуулан байгаа охид уян налархайгаа илтгэн барс мэт архиран нугарна.
Монгол циркийн хөгжлийн төв, Монголын үндэсний цирктэй хамтран “Дэлхийн цирк Монголд” тоглолтыг хоёр дахь удаагаа ийнхүү амжилттай эхлүүллээ. Танхим дүүрэн үзэгчдийн халуун дулаан уур амьсгал алга ташилт дор гурван цагийн тоглолт нүд ирмэхийн зуур өнгөрсөн юм.
“Дэлхийн цирк Монголд” тоглолт энэ сарын 31-нийг дуустал өдөр бүр 19.00 цагт “АСА” циркт болох нь ээ.
Хүүхэд бүрийн дурсамжид “Дэлхийн цирк Монголд” хэмээх нэгэн сайхан мөчийг ийн мөнхлөн үлдээсэн Монгол циркийн хөгжлийн төв, Монголын үндэсний циркийн хамт олонд баярлалаа.
Эх сурвалж: Eagle.mn
Г.Даша | Гэрэл зургийг Ц.Баярбаатар