“Мартагдашгүй намар” киног дахин бүтээхэд Ч.Очгэрэлийн бүтээсэн Туулын дүр үзэгч миний сэтгэлд хамгийн тод үлдсэн байдаг. Хайр дурлалынхаа төлөө тэмцэж, зоригтой зорилготой амьдарч чадсан “Туул” одоо өөр нэгэн шинэ дүрээр бидэнтэй эргэн уулзаж байна. Энэ удаад тайгын охин Содура бидэнтэй ийнхүү мэндчиллээ.
Н.Х: Очгэрэл гэдэг бүсгүйг үзэгчид эхлээд фотомодель гэдгээр нь, дараа нь “Universe Best Songs” наадамд оролцсоноор нь мэдэх болсон. Харин одоо гурван ч киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин болсон байна.
Ч.О: Хэдийгээр урлагийн гэр бүлд өсөөгүй ч би багаасаа урлагт хайртай охин байсан. Дунд сургуулиа төгсөөд урлагийн чиглэлээр суралцъя ч гэж бодож байлаа. Гэхдээ ээжийнхээ үгэнд ороод МУИС-д Олон Улсын Харилцааны чиглэлээр суралцаж төгссөн. Харин гэр бүлтэй, хүүхэдтэй болохоор бага зэрэг ганцаардах, уйтгарлах мэдрэмж эмэгтэй хүнд төрдөг юм шиг ээ. Өдөр тутмын гэрийн амьдралын хэмнэлд ороод зөвхөн хүүхдээ хараад эхлэхээр тэгдэг байх. Би анхны охиноо төрүүлээд удаагүй хоёр дахь хүүхдээ олсон. Хоёр хүүхэд гаргасны дараа “Universe Best Songs” наадам миний ганцаардлыг тайлж, намайг сэргээх юм шиг санагдаад болдоггүй. Тэгээд нэгдүгээрт шинэ хүмүүстэй найзалж нөхөрлөе, хоёрдугаарт дуулах чадвараа сориод үзье гээд орсон. Тухайн үед сайнтай муутай үргэлжилж би гуравдугаар шат хүрээд тэмцээнээ орхиж байсан юм. Харин дараа нь надад UBS телевизээс “Мартагдашгүй намар” кинонд тоглооч гэсэн урилга ирсэн. Тэгээд анхны кинондоо Туул хэмээх охины дүрийг бүтээсэн. Харин дараа жил нь “UBS” телевиз “Содура” хэмээх киноны пробонд орооч гэсэн юм. Ингээд хүүхэд ахуйн мөрөөдлөө биелүүлэх гэж байгаад кино урлагтай бага ч гэсэн холбогдчихсон юм даа.
Н.Х: Ихэнхи эмэгтэйчүүдэд амьдралын явцад ажил мэргэжлийн амжилт, гэр бүлийн бүрэн дүүрэн аз жаргал хоёрын аль нэгийг сонгох хэрэг гардаг. Харин ухаалаг эмэгтэйчүүд аль алийг нь амжуулж чаддаг гэнэ. Өөрийн тань хувьд саяхан гурав дахь хүүхдээ төрүүллээ, одоо гурав дахь киногоо өлгийдөн авахаар нээлтийн өдрийг хүлээж байна. Кино зураг авалтын үеийн тухай яриагаа эхлэе. Хөвсгөлийн тайгад хөл хүнд хэцүүхэн байсан байхдаа?
Ч.О: Киноны гол дүр Содура бол хөл хүнд бүсгүйн дүр л дээ. Өвлийн зураг авалтын дундуур би хүүхэдтэй болсоноо мэдсэн. Тэгэхээр киноны маань дүр надад шинэ хүн дуудаж өгсөн юм болов уу. Хэдийгээр хөл хүнд ч гэлээ Хөвсгөлд ядрах зүйл байгаагүй ээ. Өвлийн улиралд өдрийн цаг богинохон, тэгэхээр бас зураг авах цаг дагаад богиносно. Дээрээс нь багийнхан маань намайг эрхлүүлж, тал талаас бөөцийлж байсан. Би шинэ хүнээ харин ч цэвэр агаарт, гайхалтай байгальд бойжуулж байгаад ирсэн дээ.
Н.Х: Хөвсгөл аймгийг Монголын Швейцарь гэж манайхан төдийгүй гадны улс орныхон зорьж очдог. Яг тэндхийн тайгад дөрвөн улирал кино зураг авахуулахад бодит байдал ямар байв?
Ч.О: Би хотын унаган охин. Ер нь хөдөө сайн дасч өгдөггүй юм. Хөвсгөлд ч гэсэн хэцүүхэн л байсан. Амьдралын хэвшил гэнэт өөрчлөгдөхөөр олон бэрхшээл тулгарч байсан л даа. Тэр онгон байгальд уусах, шууд харьцах, дүрийнхээ хувцас хэрэгсэлтэй унтах гэх мэт зүйлс хүнд тусч байсан. Уул нуруу, ус нуурыг анх хараад яасан сайхан юм бэ гэж хэлж чадаагүй. Гэхдээ хүн тэндээ аажим аажмаар дасан дурладаг юм билээ. Тэр байгалийн гайхалтай гоо үзэмжийг, төгс бүрдлийг мэдэрч харж чаддаг болсон. Тэгээд түүнийгээ улам бүр хайрлаж, хамгаалах хүсэл төрсөн. Дараа дахин харах бүрт нөгөө гоё сайхан мэдрэмж л төрөөд байдаг юм билээ. Би өөрөө шүлэг жаахан оролддог болохоор нуурыг ширтэж байгаад хэдэн мөрт бичсэн. Тэгэхээр миний сэтгэлд хэр их таалагдсан нь илрэх бизээ.
Н.Х: “Содура” кинонд тоглосны өмнөх болон дараах Очгэрэлд хувь хүний бөгөөд уран бүтээлчийн хувьд ялгаа гарсан уу?
Ч.О: Гаралгүй яахав, нэгдүгээрт би гайхалтай уран бүтээлч найз нөхөд, ах эгчтэй болсон. Киноны туршид надад зааж зөвлөж, мэргэжлийн бөгөөд хувь хүний хувьд тусалж дэмжиж байсан бүх кино багийнхандаа баярлалаа. Энэ кинонд тоглосны ачаар би ирээдүйд үр хүүхдүүддээ үзүүлэх бүтээл, ярих түүхтэй болсон. Насаараа дурсах дурсамжтай болсон гэдэг маань сайхан юм даа.
Н.Х: Танд хэзээ ч хувирахгүй, гүн бат шингэсэн тийм итгэл бий юу?
Ч.О: Байна. Би эхийн хайр хэзээ ч хувирахгүй мөнхийн гэдэгт итгэдэг. Урьд би өөрийгөө ээждээ их хайртай охин, хайрлаж чадаад байна гэж боддог байлаа. Тэгсэн хүн чинь худлаа хайрладаг юм байна лээ. Өөрөө хүүхдүүдтэй болоод ээжийгээ ойлгодог, жинхнээрээ хайрладаг болсон. Тэр жинхэнэ хайр хүүхдүүдэд минь бас хүрэх болно.
Н.Х: Тэгвэл энэ амьдралд та ямар нэгэн зүйлд баригдаж амьдардаг уу?
Ч.О: Баригдана аа. Гэхдээ баригдах юм ихэвчлэн үр хүүхэдтэй, эх хүн гэдэгтэй маань холбоотой. Одоо би ээж болчихоод хүүхэдгүй хүн шиг аашлаад байж болохгүй. Бас эхнэр хүнийхээ хувьд хичээж явах ёстой нэр гэж бий. Миний хувьд хоёр бүрэн хэмжээний кино, нэг бэсрэг кино, хэдэн клипэнд л тоглосон. Байнга хүний хараанд өртөөд, нийгэмд байр суурь нь илрээд байдаггүй л дээ. Тиймээс хувь хүнийхээ хувьд баригдмал байх нь бага. Гэхдээ буцаад эх хүний хариуцлагын тухай яриандаа ороход хэзээ нэгэн цагт миний тоглосон кино, дуулсан дууг хүүхдүүд маань сонсох учраас алдаа гаргахгүй байхыг хүсдэг.
Н.Х: Очгэрэлийн амьдрал яг одоо юугаар хамгийн их халгиж цалгиж явна вэ?
Ч.О: Хүүхдүүдийн инээд байна даа. Байнгын хүүхдүүд шуугилдаастай гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаар би цалгиж байна.
Н.Х: Тэгвэл юугаар дутагдаж байна?
Ч.О: Өөрөө өөртөө гаргах цаг заваар дутагдаж байна. Жишээ нь эмэгтэй хүнд найзуудтайгаа уулзаж, юм ярилцаж суух цаг сэтгэл санааны байдалд шууд нөлөөлдөг. Энэ нь бараг бичигдээгүй хууль гэсэн үг. Тэгэхээр одоогоор эмэгтэй найзуудтайгаа уулзаж ярилцах цаг заваар дутагдаж байна. Гэхдээ хүүхдүүд томроод ирэхээр нөхөж болох дутагдал л даа.
Н.Х: Өнөөдөр хөтлөлцөөд инээлдээд явж байсан хосууд маргааш салчихсан байх тохиолдол их үзэгдэх боллоо. Эрт залуудаа гэрлэж байгаа нь алдааны үндэс болоод байна уу, өнгө мөнгө харж амьдрахаар салалт руу хөтлөөд байна уу? Залуу ч гэсэн үлгэр жишээ гэр бүлийг бүтээсэн эмэгтэйгээс энэ тухай асуумаар байна.
Ч.О: Нөхөр бид хоёр 2007 оноос хойш үерхсэн. Одоо гэрлээд таван жил болж байна. Мэдээж энэ хооронд их юм болно шүү дээ. Тойрч биш давж гарах ёстой бүхнийг бид хоёр даваад гарсан. Ямар ч үед хамт байж, урам хайрладаг нөхөр минь дэргэд байгаа болохоор бүхнийг туулна гэдэгтээ итгэл дүүрэн байдаг юм . Бас “цуварч уурлаж, цугтаа инээж бай” гэдэг үг гэр бүлийн амьдралд хамгийн чухал дүрэм байх учиртай гэж боддог. Өнөөдөр салалт их байгаа нь ердөө жаахан тэвчээр гаргачих зүйлийг тэсээгүйгээс юм болов уу гэж харж байгаа. Хоёр хүний хамтын амьдралд тэсвэр тэвчээр, хүлээн зөвшөөрөлт байх учиртай. Өнгө мөнгөний гэрлэлтийн хувьд 18, 19-тэйдээ сууж байгаа хүмүүст арай ч тийм бодол байдаггүй байлгүй дээ. Ихэнхи анхны хайр тэр насанд ирдэг дээ. Миний хувьд нөхөртэйгээ 19 настайдаа танилцаж байсан.
Н.Х: Одоо үед гадаад дүр төрх, царай зүс, хувцас хунарын сайханд татагдаад эсвэл бүр фэйсбүүк хуудсаар нь дүгнээд, хүний доторхи жинхэнэ төрхийг таних хэцүүхэн болчихсон юм шигээ. Та хүн танихдаа хэр сайн бэ?
Ч.О: Би хэнтэй ч найзалсан дандаа сайн сайхан талуудыг нь олоод харчихдаг юм. Гэхдээ энэ нь хүн таньж байна гэсэн үг биш л дээ. Ямартай ч хүнээс сайн сайхныг нь олж харахаар надад амар байдаг юм. Би тэр хүний тухай муу муухай юм санаж өөрийгөө зовоохгүй шүү дээ. Нэг найз маань намайг гомдоолоо, худлаа үнэн юм ярилаа гэхэд би дотроо тухайн хүний хийж байсан сайн сайхан үйлдлүүдийг нь бодоод тайвширчихдаг юм.
Н.Х: Энд таны тайван амгалан хүн болж хүмүүжсэний илрэл харагдаж байна. Хүмүүжил гэснээс хүүхдүүдээ ямар арга барилаар хүмүүжүүлж байгаа вэ?
Ч.О: Би хүүхдүүдтэйгээ аль болох найз шиг ойр дотно байхыг хичээдэг. Тэд маань тун удахгүй сургуульд элсэж нийгмийн харилцаанд орж эхэлнэ. Тэр үед яаж сургах вэ гэдгийг нухацтай бодож байгаа. Ямартай ч хүүхдүүдийг нийгмээс тусгаарлаж, хайрлаж байгаа нь энэ гээд амьдралын хар бараанаас хэтэрхий хол байлгахыг бид сайн гэж боддоггүй. Зовлон, жаргалыг амтлахгүй өсвөл ирээдүйн амьдралдаа алдах эрсдэл ихсэнэ шүү дээ. Ер нь байнгын аз жаргалтай байна гэдэг гунигтай хэрэг. Бид хоёр удахгүй том охиноо сургуульд өгнө. Тэрнээс үүдээд харахад манай нийгэм аль хэдийнэ хоёр хуваагдаад, дунд нь том ялгаа зааг үүсчихэж. Сургуулиар жишээлэхэд зарим нь амьдралаас тасарсан их үнэтэй. Харин бусдад нь хүүхдүүд нэг ширээнд гурав дөрвөөрөө суудаг байх жишээтэй. Ийм том ялгаа зааг гарчихсан байхад эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хүмүүжилд онцгой анхаарах хэрэгтэй юм билээ.
Ярилцсан Н.Хулан
www.urlag.mn