Тун удахгүй инээдмийн баяр тохиох гэж байна. Монголчууд ямар ч баярт ач холбогдол өгч өргөн дэлгэр тэмдэглэдэг сайхан заншилтай. Түүний нэгэн адил 4-р сарын 1 буюу инээдмийн баяраар бид бие биестэйгээ хошин үг хэлэлцэж, бүр цаашилбал нэг нэгнээ хуурч инээлгэж тоглодог билээ.
Дандаа ажил, амьдрал гэж явдаг биднийг энэ өдөр урлаг соёлын одод маань дуу хуураараа цэнгүүлж, хошин урлагийн жүжигчид маань элэг хөштөл инээлгэм сайхан тоглолтоороо хөгжөөгөөд нэг л тийм таатай өнгөрдөг шүү.
Харин энэ жилийн инээдмийн баярын өдөр нэг томоохон онцлогтой болж байгаа нь хошин урлаг, нийтийн дуу, элэглэл, хөгжим бүжгийн шилдэг уран бүтээлчид нэгэн дээвэр дор хуран чуулж байгаагаараа онцлог болж байгаа юм байна. Энэ өдрийг бид хайртай дотны хүмүүстэйгээ хамт инээд хөөрөөр дүүрэн өнгөрөөхийг эрмэлздэг билээ. Энэ ч утгаараа "Хошин урлаг болон нийтийн дуучпын хамтарсан тоглолт"-ыг үзэж аав ээж, ах дүү, анд нөхөд, хань ижил, үр хүүхдүүдтэйгээ халуун ам бүлээрээ хайртай хүмүүстэйгээ нэгэн өдрийг инээд хөөрөөр цалгиж дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл 4 сарын 1-ны өдөр буюу инээдмийн баярын өдрөөр эрийн хийморь мандаасан Монгол бөхийн өргөө-г зориорой…
Инээдмийн баярын тухай Монголын хошин урлагийн загалмайлсан эцэг болох МУГЖ Б.Туяа, Б.Батзаяа нар инээдмийн баярын талаархи дурсамжаа манай уншигчидтай ийнхүү хуваалцсан юм.
МУГЖ Б.Туяа: Инээдмийн баяр гэдэг бидний л хийдэг ажил шүү дээ. Хүн болгон инээх дуртай тиймдээ ч инээдмийн баяр гээд тусгай баяр болдог нь бүр ч сайхан. Энэ бол хошин урлагийн театртай минь холбоотой. Хошин урлаг маань мөрийг нь тоолж барамгүй тийм өргөн цар хүрээтэй болсон байна. Энэ хэрээрээ залуучууд маань энэ баярыг өргөн тэмдэглэдэг болж. Эдгээр хошин шогийн хамтлагууд болон инээдмийн баярын үндэслэгч байгууллага нь "Хүүхэд залуучуудын театр" маань шүү дээ. Анх бид “Азтай бадарчинг” гэдгээрээ баяраа тэмдэглэдэг байсан юм. Харин одоо "Улаан хивсний ёслол" хийж баярладаг болсон. Тиймээс энэ жил дүү нарыгаа улаан хивсний ёслолоо юм уу эсвэл хамтарсан тоглолт хийх байх гэж бодож байна хэмээлээ.
Харин МУГЖ Б.Батзаяа: инээдмийн баярын өдөр тохиох гэж байна. Манай хошин урлагийн хамтлагууд инээдмийн баяраар өөрсдийн шинэ уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулздаг. Энэ жил ч мөн адил энэ уламжлалаа алдахгүй байх. Миний хувьд хэсэг уран бүтээлчидтэйгээ хамтраад Дорнодын театрт өөрсдийн уран бүтээлийг тавих бодолтой байна. Тэгэхээр энэ жилийн инээдмийн баярыг Дорнодчуудтайгаа хуваалцаж баярлах байх даа хэмээлээ.
Д.Нэргүй
www.urlag.mn