УДЭТ-ын хамт олон хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар үйчлэх, театрын урлагийг сурталчлах зорилгоор “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтоо Орхон аймгаас эхлэх гэж байна. Аялан тоглолтын талаар бригадын дарга Ардын жүжигчин Г.Мягмарнарангаас тодрууллаа.
-Театр байсхийгээд хөдөө орон нутгийг зорьдог. Энэ удаагийн тоглолтын онцлог юу вэ?
-Энэ хавар бид Эрдэнэт, Дархан гэж хоёр том хот, газар тариалангийн төв цэгт тоглох гэж байгаа нь зүгээр нэг ээлжит тоглолт биш, энэ бол УДЭТ-ын тайлан тоглолт буюу айлчлан тоглолт юм. Өмнө нь хоёр гурван жүжигчид явдаг байсан бол энэ жил 2013, 2014 онд хийгдсэн манай шилдэг уран бүтээлүүд тоглогдоно.
-Тухайлбал ямар жүжгүүд вэ?
-Цэцэрлэгийн насны хүүхэд багачуудаас эхлээд өндөр настанд зориулсан долоон жүжиг тоглогдоно. Бүх насныхныг хамруулж, үзүүлж, сонирхуулах гэж дээрх жүжгүүдийг театрын бодлогоор сонгосон юм. Манай театрын 27 жүжигчин үүнээс хоёр АЖ, дөрвөн МУГЖ, УГЗ үүн дээр арын алба нийлээд 70 гаруй хүн явна. Тийм учраас зөвхөн аялан тоглоод төлөвлөгөөгөө биелүүлээд ирнэ гэсэн ойлголт биш, энэ хугацаанд эдгээр газрууд театраар амьсгална гэсэн үг. Энэ үеэр уран бүтээлчидтэй уулзах уулзалт, ярилцлагууд болон сургууль соёлын газруудаар өнөөгийн театрын урлаг, уран бүтээлийг сурталчилсан төрөөс баримталж байгаа бодлогыг ард түмэндээ хүргэсэн ийм л том цогц арга хэмжээ болох юм.
Тоглолт эхлэхээс 10 хоногийн өмнө манай маркетингийн алба болон миний бие тухайн газрын удирдлагуудтай уулзаж иргэдээ өргөнөөр хамруулж, үзвэр үзүүлэх тал дээр хамтарч зохион байгуулалтын ажлуудыг хийнэ. Ингэж бид тоглолтондоо ач холбогдол өгч анхаарлаа хандуулж байна.
-Шилдэг жүжгүүд гэхээр жишээ нь “Тэнгэрийн хүү” жүжиг тоглогдох нь ээ. Түүхэн сэдэвтэй энэ жүжгээс эх орон, газар шороогоо хайрлах гээд хөдөөгийн үзэгчид маань их зүйлийг олж авна шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Төрийн соёрхолт, ерөнхий найруулагч Н.Наранбаатарын “Тэнгэрийн хүү” жүжгээс эх орноороо бахархах, үүх түүхээ мэдрэх, би хэн бэ, миний монгол хэдэн мянган жилийн түүх соёл улбаатай юм,яаж эх орон, газар шороогоо өмгөөлж хамгаалж байсан юм,эх орныхоо төлөө юуг золиослож байсан юм гэх мэтчилэн өргөн агуулгатай жүжгүүд явах учраас үзэгчдээ сайн хамруулах нь чухал байна.
Хөдөөгийн театруудын тайзанд тайзаа тааруулж, утга чанарыг нь алдагдуулахгүйгээр хийж байгаа юм. Үүнд маш их хэмжээний зардал гарч байгаа. Энэ бүхнийг аль болох улсаас нэхээд суухгүй, сайн маркетинг менежментийн бодлогоор зохицуулах тал дээр анхаарч байна.
Дээр нь нобелын шагналт Дарио Фо-гийн ” “Чөлөөт хос” хайрын жүжиг гээд том жүжгүүд тоглогдох учраас нэг талаараа театрын баяр гэж хэлж болно. Тийм учраас орон нутгийн засаг захиргаа, үзэгчид таатай хүлээж аваасай гэж хүсч байна.
Бид цөөхөн хүнтэй, чадварлаг баг гаргаад ашгийн төлөө явуулж болно л доо. Гэтэл театр төрийн байгууллага учраас яамныхаа бодлогын хүрээнд бүх насныханд хүрч үйлчлэх учиртай. Залуу уран бүтээлчид маань ч эндээс их зүйлийг сурна. Өнөөдрийн монголын урлагийн театрын түвшинг хөдөөгийн ард түмэнд үзүүлэх гэж байгаа гэдэг утгаараа маш их бэлтгэж байна.
Д.Нэргүй