Акүтагава Рюүноскэ
"БУРХАДЫН ИНЭЭМСЭГЛЭЛ" шилдэг өгүүллийн түүвэр – 1
Өмнөх үг…
Эдүгээ Япон улсын утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал нь Акүтагавагийн нэрэмжит шагнал бөгөөд энэхүү шагнал нь зохиолчдын цар хэмжээг таниулж тодорхойлдог болсноос хойш наян жил болж буй. Харин Акүтагаваг өөрийг нь ямарваа нэгэн шагнал бус “Орчин цагийн япон өгүүллэгийн эцэг” хэмээх алдар тодорхойлно. Үнэхээр ч Акүтагава Рюүноскэ 35 насандаа амиа егүүтгэх хүртлээ 200 гаруй өгүүллэг бичиж, 8 өгүүллэгийн түүвэр хэвлүүлж “богино өгүүллэгийн их мастер” хэмээн алдаршсан билээ.
Чингис хаан алгандаа нөж атгаж төрсөн, дэлхийн долоон гайхамшгийн нэг болох Артемидагийн сүмийг шатаасан шөнө Александр Македонский төрсөн зэрэг агуу суутнуудыг хорвоод мэндлэхэд сонин явдал тохиох нь олонтаа гэлцдэг. Тэгвэл Акүтагава Рюүносүкэ 1892 оны гурван сарын нэгэнд буюу луу жилийн луу сарын луу өдөр Токио хотын Кёобаши дүүрэгт сүүний худалдаа эрхэлдэг Ниихара Тошизоогийн гэр бүлд ууган хүү нь болж төржээ. Гурван луу давхардсан өдөр төрсөн төдийгүй өглөөний найман цаг буюу луу цагт төрсөн гэх таамаг ч байдаг. Ээж аав нь хүүдээ “луу” гэдэг утгатай, “рюү” гэдэг дуудлагатай 龍 ханз орсон Рюүносүкэ хэмээх нэр хайрласан нь ийм учиртай. Хачирхалтай нь, түүний төрөхтэй холбоотой сонин тохиол үүгээр тогтохгүй. Зохиолчийн төрсөн жил эцгийнх нь 42 насны, эхийнх нь 33 насны час жилтэй давхацсан тул учирч болзошгүй зовлон бэрхшээлээс сэргийлэхийн тулд ээж аав нь ууган хүүгээ “гээх” ёс үйлдэж, танил нь бяцхан хөвгүүнийг “олж авчран”, хэрэг дээрээ биш ч хэлбэрийн хувьд “өргөмөл хүү” болгосон байлаа. Рюүносүкэг ой ч хүрээгүй, дөнгөж 7 сартай байхад эх нь сэтгэцийн хүнд өвчин тусч галзуурсныг эцэг, эх хоёрынхоо час жилд төрснөөр нь тайлбарлах хүмүүс ч байв.
Эх нь хүүгээ өсгөх чадваргүй болсон тул Рюүносүкэг ээжийнх нь төрсөн ах Акүтагава Доошёо өргөн авч овгийг нь өөрийн овгоор сольжээ. Гэхдээ өсгөсөн гол хүн бол Доошёогийн нөхөрт гараагүй дүү, ээжийнх нь төрсөн эгч Хүки байлаа. Акүтагавагийнхан урлаг соёлд нэвтэрхий, баялаг номын сантай байсан нь Рюүносүкэг номын хорхойтон болоход нөлөөлсөн болов уу. Сургуульд орохоосоо өмнө нагац эгч Хүкигээр бичиг үсэг заалгасан тэрээр багадаа япон, хятадын сонгодог уран зохиол, үлгэр домгийн түүврийг шимтэн уншиж, хожим “Би одоо хүртэл “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”-д дуртай, түүнтэй эн зэрэгцэх ном баруунд байхгүй гэж боддог” хэмээн “Миний хайртай ном” тэмдэглэлдээ бичсэн байдаг. Өсвөр насандаа барууны уран зохиолтой танилцсан бөгөөд Франс, Ибсен, Уайльд, Готье, Мопассан, Бодлер, Стриндберг, Толстой, Достоевский зэрэг англи, франц, оросын уран зохиолыг сайн уншиж судалсан нь түүний зохиол, эссэй, тэмдэглэлээс илт харагддаг. Акүтагава төрөл бүрийн номыг ангасан аятай уншихаас гадна маш хурдан уншдаг байсныг найз нөхдийнх нь дурсамж гэрчилнэ. Нэгэн удаа Осака руу явах галт тэргэнд япон, гадаад хэд хэдэн номтой суусан авч Осакад хүрэхэд аль хэдийн уншиж дуусгаад зохиолч Ж.Танизакигаас ном авч байсан гэдэг.
Акүтагава их ном уншиж их хэмжээний мэдлэг соёлыг өөртөө шингээхээс гадна өөрөө бүтээж туурвих хүсэл эрмэлзэл ч нэн өндөр нэгэн байв. Анхны хайкү шүлгээ 9 насандаа бичиж, бага сургуулийн 5 дугаар анги буюу 10 насандаа ангийн андуудтайгаа өөрсдийн бичсэн тэмдэглэл, зохион бичлэг, зурсан зургаа эвлүүлэн сэтгүүл гаргаж, анги дэвшин дунд сургуульд орсон ч сайн дурын сэтгүүлийн ажлаа үргэлжлүүлж байв. Ангиараа аялалд явсны дараа 13 насандаа бичсэн “Дунд сургуулийн аяны тэмдэглэл” нь хожим түүний зохиолын бүрэн түүвэрт орох хэмжээний чансаа сайтай бүтээл болсныг тэмдэглэх хэрэгтэй. Мөн японы их зохиолч Нацүмэ Соосэкигийн “Муур миний өчил” романыг дуурайн “Нохой миний өчил” нэртэй зохиол бичихээс гадна төрөл бүрийн адал явдалт урт, богино зохиол бичиж сэтгүүлдээ нийтэлж байжээ. Ер нь Акүтагаваг сонирхож судалсан хэн боловч уран бүтээлийн маш богино насандаа 8 өгүүллэгийн түүврээс гадна маш олон эссэй, тэмдэглэл хэвлүүлж амжсаныг нь гайхдаг. Мөн хэвлэгдсэн зохиолын тооноос хэвлэгдээгүй ноорог их болохыг мэдэж энэ хүн амьдралдаа бичихээс өөрийг хийж байсан болов уу хэмээн өөрийн эрхгүй гайхширдаг.
Акүтагавагийн намтрыг өгүүлэхдээ Нэгдүгээр ахлах сургуулийг (өнөөгийн сургалтын системээр их сургуульд тооцогдоно) дурдахгүй өнгөрөх аргагүй. Элсэж ороход хамгийн хэцүү энэ сургуульд Акүтагава дунд сургуульдаа гарамгай сайн суралцсаныхаа ачаар шалгалтгүй орсон бөгөөд энд сурч өнгөрүүлсэн хоёр жил амьдралд нь асар том нөлөө үзүүлсэн билээ. Санаандгүй тохиол, заяа зурлага хоёрын аль нь болохыг таахад бэрх ч Акүтагавагийн ангид 27 сурагч байснаас Акүтагаваг өөрийг нь оролцуулаад Кикүчи Кан, Күмэ Масао, Мацүока Юзүрү, Ямамото Юүзоо, Нарүсэ Сэй-ичи нарын зургаан зохиолч, яруу найрагч Цүчия Бүнмэй, философич Цүнэтоо Кёо, түүхч Ишида Мичиносүкэ нар хамт сурч байв. Хажуу ангид нь ч нэг зохиолч, нэг жүжгийн зохиолч, нэг орчуулагч байсныг бодохоор хожим бичиг цаас нийлүүлж амьдрах хүмүүсийн хувь Акүтагавагийн жилийнхэнд дэндүү өндөр байсан нь өөрийн эрхгүй анхаарал татна. Уран зохиолоор амьсгалж, урлагийн тухай маргаж, үргэлж бие биенээ хурцалж өрсөлдөх найзуудын нэг нь хожим Акүтагавагийн нэрэмжит уран зохиолын шагналыг үндэслэсэн нэрт зохиолч Кикүчи Кан юм. Орон даяар шилдэг сурагчдыг цуглуулсан Нэгдүгээр сургуульд эрдэмтэй чадалтай, билиг танхай багш нар төвлөрч байснаас Н.Соосэкигийн “Саншироо” зохиолын Хирота багшийн эх дүр болсон герман хэлний Ивамото Тэй багш байсныг ч дурдах нь зүйтэй. Дашрамд, Акүтагава өөрийгөө эрдэмд шамдахыг төдийлөн үл хичээх сулхан сурагч байсан гэж дурсаж байсан ч ахлах сургууль, Токиогийн эзэн хааны их сургуулийн аль алинд нь ангидаа сурлагаараа үргэлж хоёрт орж байжээ.
Акүтагава 1913 онд 21 насандаа Токиогийн эзэн хааны их сургуулийн (өнөөгийн Токиогийн их сургууль) англи хэл, уран зохиолын ангид элсэн орж, жилийн дараа найзуудтайгаа уран зохиолын “Шиншичёо” сэтгүүлийг гурав дахь удаа үндэслэн гаргав. 1915 онд 23 насандаа алдарт “Рашёомон” өгүүллэгийг тухайн үеийн хүндтэйд тооцогдох уран зохиолын “Тэйкокү Бүнгакү” (Эзэнт гүрний уран зохиол) сэтгүүлд хэвлүүлсэн боловч эл өгүүллэг уншигдын харцанд эл өртөж, шүүмжич нар ч тоолгүй өнгөрөв. Акүтагава мөн жил Нацүмэ Соосэкитэй уулзаж шавь орсон нь уран бүтээл хийгээд амьдралд нь хамгийн чухал үйл явдал болсон билээ. Учир нь түүний “Хамар” өгүүллэгийг Н.Соосэки сайшаан магтсан нь Акүтагавад маш их урам өгсөн төдийгүй залуу зохиолчийн уран бүтээлийн замнал “албан ёсоор” эхэлж бүгдээр хүлээн зөвшөөрөхөд түлхэц болсон юм. Акүтагаваг сонирхогч төдийгүй ер нь японы уран зохиолыг сонирхсон хэн бүхэн “Соосэки Акүтагаваг магтсан” гэдгийг дуулсан байдаг. Зүгээр нэг магтсан биш Акүтагаваг “тэнгэрт тултал магтсан”, “хэт магтсан”, “дэндүү их магтсан” зэрэг үгийг тэр үеийн ч, одооны ч ном танилцуулгаас уншиж болно. Тухайн үед “Энэ “Хамар” ингэтэл магтах чинээний өгүүллэг мөн үү?” гэж шүүмжлэх хүмүүс ч байсан. Харин зуун жил өнгөрсөн өнөөгийн өндөрлөгөөс харахад Н.Соосэки “Хорь гучаад ийм өгүүллэг бичвэл чи японы уран зохиолд эн тэнцэх хүнгүй онцгой байр суурь эзлэнэ” хэмээн Акүтагавад бичиж байсан нь нэг өгүүллэгийн өнгөц үнэлэмж бус залуу зохиолчийн суу билиг, авьяас чадварыг таньж мэдсэн явдал байсныг цаг хугацаа харуулсан билээ.
Акүтагава “Хамар” өгүүллэгээ эртний Хэйан үеийн (794-1185) “Конжякү Моногатари” (Эрт эдүгээгийн цоморлиг) хэмээх домог ярианы түүврээс сэдэвлэн бичсэн бөгөөд урт хамартайдаа шаналах ламын тухай маш нарийн дүрслэл хэрэглэж өгүүлнэ. Эртний уур амьсгалыг эвлэгхэн өгүүлэхээс гадна хүний сэтгэлийн өнгө хувирал, “хүссэн юм хүзүү ороох”-ын хөөрхийлөлтэй байдлыг далд ёж утга агуулсан уран үгээр дүрслэн гаргаж сонирхолтой нэгэн өгүүллэг уншигчдын гарт хүргэсэн юм. Хүмүүсийн төдийлөн тоохоо больсон эртний түүх, домог яриаг тэс ондоо өнцгөөс шинээр боловсруулж хачирхалтай чамин өгүүллэг бичих нь яваандаа уншигч олны анхаарлыг татаж, талархал хүлээсэн төдийгүй Акүтагаваг тодорхойлох арга барилын нэг болсон юм. Акүтагавагийн энэ төрлийн өгүүллэгээс энэхүү түүвэртээ “Кэса, Морито хоёр” хэмээх өгүүллэг оруулсан бөгөөд “Хамар” өгүүллэгийг удаах түүвэрт оруулах болно.
Акүтагава 1916 онд сургуулиа дүүргээд Тэнгисийн цэргийн механикийн сургуульд англи хэлний цагийн багшаар ажиллахаар болж тогтвортой ажил, байнгын орлого хоёрыг гартаа оруулсан боловч багшийн ажилдаа сэтгэл ханамжтай байсангүй. Учир нь цагийн багш нар ачааллын хувьд үндсэн багш нараас ямар ч ялгаагүй ажиллахаас гадна хичээл дууссан ч ажил тарах цаг хүртэл заавал сургуульд үлдэхийг цэргийн сургуулийн хатуу дүрэм шаардаж, зохиол бичих цагаас нь хумсалж байсан юм. Тиймээс Акүтагава тун удалгүй шинэ ажил хайж 1919 онд Майничи сонинтой гэрээ байгуулав. Гэрээний дагуу Акүтагава Майничи сонины байнгын ажилтан болж сарын 130 иений цалин (тус сонинд зэрэг ажилд орсон Кикүчи Каны цалин 90 иен байв) авахаар болсон ч ажилд ирэх шаардлагагүй, жилд тодорхой тооны өгүүллэг л сонинд бичиж өгөх ёстой байсан тул мэргэжлийн зохиолчийн хувьд гараа нь эхэлсэн хэмээн дүгнэж болно.
Акүтагава 1917 оны 5 сард 25 насандаа “Рашёомон” хэмээх анхны өгүүллэгийн түүврээ гаргасан бөгөөд хэдхэн сарын дараа мөн оны 11 сард “Тамхи ба Чөтгөр” нэртэй удаах түүвэр нь хэвлэгдэх үес хэдийнээ олны танил болж хүлээн зөвшөөрөгдсөн байлаа. “Тамхи ба Чөтгөр” өгүүллэгийг Акүтагавагийн шилдэг өгүллэгийн дэд түүвэртээ оруулсан бөгөөд энэ нь түүний “киришитан” буюу загалмайтны сэдэвтэй өгүүллэгийн тоонд орно. Католик номлогчид 16-р зуунд Японд ирж шашин номлолоо дэлгэрүүлж байсан боловч тун удалгүй загалмайн шашин хорионд орж, гадаад номлогчдыг улсаас хөөн гаргаад зогсохгүй япон итгэгчдийг шинэ шашнаасаа татгалзахыг шаардаж, эс татгалзсан тохиолдолд цаазалж байсан эмгэнэлт түүхтэй. Киришитануудын түүх Акүтагавагийн сонирхлыг ихэд татаж энэ сэдвээр хориод өгүүллэг бичсэнээс энэхүү түүвэртээ дөрвөн өгүүллэг шилж орууллаа.
Акүтагава эрт дээр үеийн түүхээс эхлэн өөрийн амьдарч буй үе хүртэл төрөл бүрийн сэдэв хөндсөн зохиол бичиж байсан ч түүний анхаарлын төвд ямагт хүн, хүний сэтгэхүй байлаа. Хүний сэтгэлийн өнгө аясыг нээн харуулж, дотоод зөрчил тэмцлийг нарийнаар задлан шинжилж, улмаар хачирхалтай үр дүнд хүргэх үйл явдлыг дэлгэн толилуулах авъяасаараа Акүтагава олон зохиолчдоос онцгойрно.
1921 онд 29 насандаа Акүтагава Майничи сонины сурвалжлагчийн хувьд Хятад руу аялсан нь амьдралынх нь анхны бөгөөд цорын ганц гадаад аялал байв. Аяллын тэмдэглэлдээ Акүтагава хүмүүс хаа сайгүй япончуудад дургүй байгааг нууж хаалгүй бичихээс гадна япон цэргүүдийн балмад авирласныг ч тэмдэглэн үлдээсэн байдаг. Аялалын явцад Акүтагавагийн Хятад орон хийгээд дэлхийг үзэх үзэлд өөрчлөлт орж, социалист үзлийг урьдынхаасаа илүү сонирхох болж, улмаар дайныг эсэргүүцсэн хоёр өгүүллэг бичсэний нэг нь энэхүү түүвэрт орсон “Момотароо” юм. Өнгөрсөн зууны эхэнд Япон улс зэвсэгт хүчээ нэмэгдүүлэн азийн орнуудыг эзлэн колончлох бодлого эрчимтэй явуулахад Акүтагава “Япон барууны орнуудыг гүйцэж адилхан аллага таллага хийх боллоо” хэмээн шүүмжилж байсан цөөхөн зохиолчдын нэг байв. Акүтагавагийн энэ байр суурийг “Момотароо” өгүүллэг ёжтойгоор илэрхийлэх бөгөөд япон хүүхэд болгоны мэддэг үлгэр сонгосон нь ч давхар нэгийг илтгэнэ. Акүтагава ийнхүү улс төрийн үзлээ илэрхийлсэн өгүүллэг бичиж байвч түүнийг тухайн үеийн Японд хүчтэй байр суурь эзэлж байсан пролетари зохиолчдод хамруулж үл болно. Пролетари зохиолчид эгнээнд нь элссэнгүй хэмээн Акүтагаваг үргэлж шүүмжилж байсан ч багаасаа амьдралын тухай эргэцүүлж, юмс үзэгдлийн мөн чанарыг гярхайгаар олж харах Акүтагава ямарваа нэгэн үзэлд хэт автаж, шүтэн бишрэх нэгэн биш байлаа.
Акүтагава 1927 оны 7 сарын 24-нд 35 насандаа их хэмжээний нойрны эм ууж амиа хорлосонд олон хүмүүс цочирдон гайхсан боловч энэхүү шийдэл нь гэнэтийн цочмог шийдэл биш байжээ. Угийн бие муутай Акүтагава Хятадаас “өвчний үүр” болон ирснээс нэг жилийн дараа зуун жилд нэг удаа тохиолдох Кантогийн их газар хөдлөлт болж Токио хотыг үнсэн товрог болгов. Нийгмийн байдал, ажлын их ачааллаас гадна өвчин зовиур, архаг нойргүйдэл, гэр бүлд нь ар араасаа нүүрлэх зовлон гамшиг амьдралынх нь сүүлийн жилүүдэд бие, сэтгэлийг нь туйлд нь хүртэл сульдаасан байлаа. Энэ тухай Акүтагава “Надад зөвхөн мэдрэл, нерв байна”, “Би одоо мөс шиг тунгалаг, өвчилсөн мэдрэлийн ертөнцөд амьдарч байна” гэж бичсэн бөгөөд “Араат шүд”, “Мунхгийн амьдрал” зэрэг зохиолуудад тэр үеийн байдлаа айдас хүргэм нарийнаар дүрсэлсэн байдаг. Акүтагава эцсийн захиандаа “ирээдүйн тухай бүрхэг түгшүүр” гэж амиа хорлох шалтгаанаа тодорхойлсныг янз бүрээр тайлбарладаг ч эхийнхээ адил галзуурах айдас тэрхүү түгшүүрийн нэлээдийг эзэлж байсан нь гарцаагүй билээ.
Луу жилийн луу сарын луу өдөр төрсөн Акүтагавагийн амьдралыг эргэцүүлэхэд өөрийн эрхгүй луу бодогдоно. Хүчит луу хөх тэнгэр өөд асар хурдтай дүүлэн гарахын адил хэний ч үл мэдэх залуу зохиолч утга зохиолын тайзнаа гэнэт тодрон гарч богинохон хугацаанд улсынхаа уран зохиолын түүхэнд алдар нэрээ дуурсгах зохиол бүтээлээ туурвисан юм. Гэвч ямар ч лууд хурдаа сааруулах үе ирж, нэг л мөчид зүгээ эргүүлэн газрыг чиглэн уруудах жамтай. Үүнийг япон хэлэнд “өндрөөс унах лууны тавилан” гэх үгээр илэрхийлдэг. Акүтагавагийн туурвих хурд дөнгөж 29 настай байхад саарсан нь хэт өндөрт дүүлэн гарсан луу бусдаас түрүүлж унах жамтайг өөрийн эрхгүй санагдуулна. Хэдий тийм ч эрт мандаж эрт жаргасан Акүтагава хойч үедээ уран зохиолын арвин их өв үлдээжээ. Түүний зохиол бүтээл арлын орноосоо аль хэдийнээ хальж дэлхий дахинаа олон оронд орчуулагдан хэвлэгдэж буй билээ.
Уран зохиол судлаачид Акүтагавагийн өгүүллэгүүдийг эртний хаант үе, киришитан, Эдогийн үе, Мэйжигийн шинэчлэлээс хойшхи үе гэж ерөнхийд нь дөрөв ангилдаг. Орчуулгын тэргүүн дэвтэртээ сонгон оруулсан өгүүллэгүүдээс “Кэса, Моритоо хоёр”, “Комачи” хэмээх хоёр өгүүллэг нь эртний хаант үеийн өгүүллэг гэх ангилалд хамаарна. Эдо үеийн ангилалд “Санъэмоы хэрэг”, “Гэгээнтэн” хоёр багтана. Киришитан сэдэвтэй зохиолуудаас дөрвөн өгүүллэг сонгон оруулсан нь “Огин”, “Ач хариулах тухай түүх”, “Бурхдын инээмсэглэл”, болон “Жүриано Кичискэ” юм. Мэйжигийн шинэчлэлээс хойшхи үе буюу Акүтагавагийн өөрийнх нь амьдарч байсан үед хамаарах зохиолуудаас “Тэргэнцэр”, “Өргөмөл хүү”, “Бэрсүүт жүрж”, “Сонин түүх” нэртэй дөрвөн өгүүллэг шилж орууллаа.
Акүтагава мөн япон, хятадын эртний үлгэр домгоос сэдэвлэсэн өгүүллэг олонтаа бичсэнээс энэ түүвэрт орсон “Момотароо”, “Хавч, сармагчин хоёрын халз тулаан” хоёрыг япон ардын үлгэрээс сэдэвлэж бичсэн юм. Хятад домгоос сэдэвлэсэн өгүүллэгт “Бисэйн итгэл”, “Гэгээн дагина” хоёр орно. “Бисэйн итгэл” нь Акүтагавагийн түүвэрт заавал багтдаг шилдэг өгүүллэг юм. Харин “Гэгээн дагина” өгүүллэгийг хүмүүс бараг мэддэггүй боловч Акүтагава зураглал маягийн хуудас хүрэхгүй богинохон өгүүлэг олон бичсэний нэгэн жишээ болгож оруулахаар шийдлээ.
Акүтагава амьдралынхаа сүүл хэсэгт анхаарлаа өөртөө хандуулж намтарчилсан зохиол бичиж байснаас “Харанхуйд асуух хийгээд хариулах” гэдэг нэртэй нэгэн өвөрмөц өгүүллэг, амиа хорлохынхоо өмнө бичсэн “Эртний анддаа илгээх захидал” хоёрыг түүвэртээ орууллаа. Түүнчлэн түүвэрт оруулах өгүүллэг сонгохдоо сэдэв, ангиллыг анхаарахаас гадна Акүтагавагийн амьдралынхаа янз бүрийн үед бичсэн зохиолоос аль болох тэнцүүхэн оруулахыг хичээлээ. Мөн тэргүүн дэвтэртээ “Рашёомон” хийгээд “Ширэнгэд” зэрэг монгол хэлнээ олон орчуулагдсан өгүүллэг бус хараахан олны танил болоогүй өгүүллэгүүдийг сонгож оруулахыг зорив.
Орчуулгын арга барилын хувьд дүйцэлгүй нэр буюу реалийг үл орчуулах зарчим баримтлахаас гадна япон ахуй, соёлын тухай мэдлэгт дусал нэмэрлэх үүднээс зүүлт тайлбар элбэг орууллаа. Монголд Акүтагавагийн зохиолуудын дам орчуулга байдаг ч энэхүү орчуулга нь япон хэлнээс орчуулсан анхны түүвэр юм. Эх хэлнээс нь орчуулахдаа Акүтагавагийн уран бүтээлийн толь хэрэглэхээс гадна англи, орос орчуулгатай нарийн тулгаж харьцуулахад цаг заваа хичээнгүйлэн зарцуулсан билээ. Англи, орос орчуулгаас заримдаа санаа авч, заримдаа алдаа олж орчуулгын судалгаа давхар хийснээ хэзээ нэгэн цагт мэргэн уншигчиддаа хүргэе хэмээн бодож явдаг. Орчуулгын алдаа зөрөө байваас хүлцэл өчихийн ялдамд [email protected] цахим хаягаар санал бодол, шүүмж зөвлөгөө хүлээн авахдаа таатай байх болно. Дашрамд, Акүтагавагийн зохиогчийн эрх бүрэн дууссан тул япон уран зохиолын “Aozora Bunko” (http://www.aozora.gr.jp/) сайтнаас энэхүү түүвэрт орсон бүх өгүүллэгийг эх хэлээр нь унших боломжтойг дурдъя.
Анх блогоос намайг олж, орчуулгуудаа нэгтгэн түүвэр болгохыг санал болгож, халуун сэтгэлээр харамгүй тусалж энэхүү номыг редакторлосон Б.Номинчимэд ахдаа гүн талархаж буйгаа илэрхийлье. Өөртөө эргэлзэн утасдаж мэйлдэхэд үргэлж тусалж, урамшуулж, зоригжуулж байдаг орчуулагч анд Абирү Михо, найз Хикосака Акико, монгол судлаач Арай Юкиясү нартаа баярлаж явдгаа хэлье. Орчуулгын эхний хувилбарыг уншиж зассан дүү С.Батхүлэг, үг үсгийн алдааг хичээнгүйлэн шүүж, хэвлэх ажлын хариуцсан аав Д.Лхагваа, эгч Л.Баярмаа нартаа баярлалаа. Япон хэл сурч эхэлсэн оюутан ахуй цагаасаа шимтэн уншиж яруу хэл, нарийн дүрслэл, тод арга барилыг нь биширч явсан суут зохиолчийн бүтээлийг япон хэлнээс эх хэл рүүгээ ийнхүү олон хүний бие, сэтгэлийн дэмээр буулгаж уншигч Танд өргөн барьж буйдаа баяртай байна.
Орчуулагч Л.Адъяасүрэн
Тайлбар:
1. Япончууд эрт дээр үеэс эрэгтэй хүний час жил нь 25, 42, 61 насанд, эмэгтэй хүний час жил нь 19, 33, 37 насанд тохионо гэж үзэн, зовлон гамшиг тохиолдох магадлал өндөр учир үргэлж сэрэмжтэй байхыг сануулдаг.
2. Тансан ламын үлгэр.
3. “Шишичёо” сэтгүүлийг анх 1907 онд үндэслэн гаргасан боловч амжилт олоогүй учир хаахад хүрэв. Дараа нь 1910 онд Токиогийн их сургуулийн оюутан байсан Танизаки Жүнъичироо найз зохиолчидтойгоо хамтран гаргасан боловч Анатоль Франсын өгүүллэг орчуулж хэвлүүлсний төлөө цензурт өртөж дахин хаахад хүрсэн.
4. киришитан – португал cristгo хэмээх үгний дээр үеийн япон дуудлага. XVI зуунд Японд нэвтэрсэн загалмайн шашны католик урсгал шүтэгчдийг ийнхүү нэрлэж байв.