МОНГОЛ ХҮНИЙ ҮНЭ ЦЭНЭ БА МӨНГӨНД
ДАРЛУУЛСАН АРД ТҮМЭН
Тэртээ 1206 онд Монголын тулгуур төр байгуулагдаж, Чингис хаанаар удирдуулсан их гүрэн дэлхийн талыг байлдан эзэлж, улс, орнуудыг сөхрүүлж явсан бахархалт түүхтэй.
Их эзэн Чингис хааны удирдлагын ухаан, олныг дагуулах чадвар нь “Хүн ямар угсаа гарвалтайгаас үл хамаарч үнэнч, дайчин байдал”-ыг нь үнэлж “Эрх, цол, эд хөрөнгө” шударгаар өгсөн нь Монгол түмний “ИТГЭЛ, НАЙДВАР”-ын галыг асааж, дэлхийн талыг эзлэх эхлэл тавигдсан.
Энэ ухаан, чадварыг дэлхий, тивд, улс гүрэнд нэрээ дуурсгаж, мөнхөлсөн удирдагч нар эзэмшиж, олон ч өөрчлөлт, хөгжил, хувьсгалыг авчирсан байна.
1775 онд Америкчууд “Хүн бүр тэгш эрхтэй болж, иргэн бүрт амьдрал, эрх чөлөө, аз жаргал” гэсэн уриан түмэн олонд итгэл төрүүлэн, иргэний дайнд татан оролцуулж, ардчилал, эрх чөлөөний бэлэгдэл болох энэ улсыг бүтээсэн бол,
1789 оны Францын их хувьсгалын эхлэл нь “Баян, ядуугаас үл хамаарч хүн бүрт эрх чөлөө, тэгш эрхийг эдлүүлэх” уриалга мянга мянган Францчуудад итгэл өгч, байлдан дагуулж чадсан байна,
Харин 1921 оны Ардын хувьсгал нь Монгол оронд шинэ цагийн тусгаар тогтнолыг тунхаглаж, дарлагдсан Монгол түмний зүрх, сэтгэлийг итгэлээр дүүргэж чадсан,
1990 оны ардчилсан хувьсгал “Иргэдээ баяжуулъя”, "Зээлийн Социализмыг Халъя", “Тусгай хангамж бол Авлига мөн” зэрэг уриалга дор олны нэгтгэж, тэдэнд итгэл, найдвар төрүүлж, дэмжлэгийг авснаар үр дүнд хүрснийг бид мартаагүй.
Тэгвэл хүн бүр яг одоо байгаа газар, амьдралын эргэн тойрноо хараад үз, цөөн хүнд өндөр байшин, тансаг сууц, үнэтэй машин, зарим хэсэгт нь энгийн амьдрал, нийтийн орон сууц, зээлээс зээл, үлдсэн дийлэнх хүмүүст давчуу гудамж, Монгол гэр, өмсөх хувцас, хоосон хоног, хоолны хэрэгцээ, энэ бол бодит байдал.
Харин манай Ардчилагчид одоо хаана, ямар амьдарч байна, тэдний үр хүүхэд гундаж, ядарч явна гэж сонссон уу… энэ асуултыг улс төрчдөөс асуух цаг болсон.
Монголд эрүүл явах, боловсролтой болох, ажилд орж, албан тушаал ахих, тэр битгий хэл хэрэгтэн болох болохгүйг хүртэл МӨНГӨ шийддэг болоод удсан.
Эх оронд минь ноёрхлоо тогтоосон тэгш бус бүхнийг арилгаж, “Нийгмийг тэнцвэржүүлэх” есөн зарчим тамга бичгийг боловсруулж, ардыг алагчлан үзэж байгаа үйлдлийн талаар одоо ярилцаж, саналаа уралдуулцгаая.
Эхний асуудал, Хүнээр нь ялгаж,
хэтэвчээр нь үнэлэх үү.
Том сайдын ивээлд багтаж, даргын сэнтийд заларсан нэгэн жаалын төрөөр наадаж, тэрбум тэрбумын тендер зохицуулж, эрх мэдлээр тоглосон үйлдлүүд нь олныг бухимдуулж, зэвүүцэл төрүүлж байсныг бид мэднэ.
Энэ бол нийгмийн тэгш бус үзэгдэл, даварсан, дургүй хүргэм явдал. Ийм даврал Монголд хаа сайгүй амь бөхтэй оршиж байгааг харуулсан нэг л жишээ. Тиймээс нийгэмд хүн бүрийг тэгш эрхтэй байлгах зорилтыг илтгэлийн эхэнд авч үзлээ.
Хорвоод мэндэлсэн хүн бүр, залхуу л биш бол “Сайхан амьдрах” ёстой. Сайхан амьдралын хэмжүүр нь, эрүүл байж, урт наслах, сэтгэл ханамж нь, боловсрол олж, ажил хийж, нэр төртэй, хэнээс ч дутахгүй амьдарч, бусдаар хүндлүүлэхэд оршдог.
Монгол улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэг, 16-ийн 1 болон 6-т. Монгол хүн “Амьд явах,…”, “Эрүүл мэндээ хамгаалуулах,…” эрхтэй гэж заасан,
Монголд “Мөнгөггүй хүн үхдэг” гэх, хөрөнгөөр хэмжигддэг эрүүл мэндийн үйлчилгээ тогтсон нь тэгш бус байдлын хамгийн харгис хэлбэр юм. Эрүүл мэндийн салбарын нарийн мэргэжилтний нүдээр биш, жирийн иргэний хувьд харж, асуудалд хандах нь бидний зарчим.
Чинээлэг, баян, сайд, дарга, тэдний гэр бүлийг өвчин ороовол эх орноосоо зугтаж, гадаадад өндөр зардлаар эмчлүүлдэг, энэ цагт жирийн Монгол хүнийг эмчлэх, аврах тухай яриад ч хэрэггүй бололтой. Эсхүл өвчин, эмгэг өөрөө хүнээ сонгож, амьдралын чанараар нь ялгаж тусдаг шидийг олсон байна.
Монголд зүрхний мэс засал хийлгэхэд төрөөс 536,0 мянган төгрөг олгодог бол, энэ төрлийн хагалгаа дотоодод 5-6 сая төгрөг, гадаадад 8-10 мянган долларын өртөгтэй байгаа нь “Мөнгөггүй хүний зүрх өвдөж” болохгүй гэсэн үг.
Нөгөө талаар эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд тулгардаг олон дамжлага, бүрдүүлэх цаас, урт дараалал, уцаарласан хүмүүс, орчин нөхцөл “Нойл”, үйлчилгээ “Цаашаа”, дээрээс нь нэмээд гар харна, эцэст нь хувийнхаа эмнэлэгрүү очих урилгыг “Соёл”-тойгоор хэлнэ.
Бидэнд асуудлыг шийдвэрлэх 2 төрлийн зарчмын санал байна.
Нэгт: Дэлхийн жишгийн дагуу ДНБ-д эзлэх зардлын хэмжээг 15 хувьд хүргэж, нэг хүний зардлыг өсгөснөөр энэ салбар өөрчлөгдөнө. Гэхдээ тогтолцоогоо эргэн харж, бүтцийг сайжруулж, эмч, ажилчдын цалин, нийгмийн асуудлыг төрөөс хариуцан шийдвэрлэх.
Хоёрт: Гол шийдэл. Хүнд зовлон хэлж биш, хийсэж ирдэг. Өвчин зовлон тохиолдож, зардал мөнгө олдохгүй бол бодит амьдралыг нь харгалзан, хүрэлцэхгүй байгаа мөнгө, шаардлагатай зардлыг төрөөс олгож тэнцвэржүүлдэг зарчмыг мөрдлөгө болгоно. “Айлаас эрэхээр авдраа ух” гэх үхлийн үгийг орхиж, хэвлэл, мэдээлэл, хэн нэгнээс гуйж явахаар ГУРАВ-хан сая хүнээ амьд аваад явах үүрэгтэй
Төрөөсөө асууж, даалгах эрх бидэнд байгаа. Энэ бол популизм биш, Монгол хүний алтан амийг аврах асуудал.
Монгол улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэг, 16-ийн 7-т. Монгол хүн “..сурч боловсрох эрхтэй,…” гэж заасан.
“Хүн баян, ядуу, хөдөө, хотынх гээд төрөлхөөсөө тэгш бус байдалд төрж, өсдөг” хэмээн Америкийн нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Жозеф Стиглиц хэлсэн.
Харин хүн бүрийг амьдралын тэгш гараанд авчирдаг цорын ганц итгэлцүүр нь “Боловсрол, мэдлэг”. Боловсролыг мөнгөтэй, хөрөнгөтэй хэсэг нь илүү эзэмшдэг, бусад нь орхигддог тэгш бус, хатуу тогтолцоог Монголд гааруулахгүй байх нь бидний зорилт болох учиртай.
Саяхан УИХ-аар батлагдсан “Монгол хэлний тухай” хуулийн 6-ийн 3-д “…гадаад хэлээр сургалт явуулдаг, гадаад хэл заах тусгай зөвшөөрөлтэй сургуулиас бусад ЕБС-д хэлийг тавдугаар ангиас эхлэн заах”-аар боллоо. Энэ нь ардын хүүхдийг алагчилж, өмчийн хэлбэр, эд мөнгөөр ялгаварласан нугалаа мөнөөс мөн.
Хууль санаачлагч, хятад боловсролтой эмэгтэй “…эцэг эхчүүд хүсвэл хүүхдээ, олон улсын, өндөр төлбөртэй хувийн сургуульд гадаад хэл сургах боломжтой. Хуучин цагт 10-11-р ангид хүртэл гадаад хэл заадаггүй үе байсан..” хэмээж суугаа нь хэний эсрэг, хэний захиалгаар, юу хийснээ ойлгоогүй, дэндүү ичгүүртэй, мунхаг үйлдэл.
Нэмж цөөн тоо баримт дэлгэе: Ерөнхий боловсролын 2014 оны шилдэг 25 сургуулиас 18 нь буюу 73 хувь нь хувийнх, 7 буюу 27 хувь нь улсынх, мөн 1997 оноос хойш гадаадад Засгийн газрын тэтгэлэгээр 3000 гаруй хүн суралцснаас бакалаварт сурсан сурагчдын 69 хувь нь хувийнх байгаа нь сонгосон сургууль, төлбөр, эд хөрөнгөөс хамаарч олдох мэдлэгийн зөрүү холдож, ялгарсаар байгааг харууллаа.
Цаашид улсын сургуулийн сургалтын орчин, хөтөлбөр сайжрахгүй, багш, ажилчдын амьжиргаа нэмэгдэхгүй бол сурагчид гадаадын хуваарьт өрсөлдөх боломжгүй багасаж, гоц мэдлэгтэй нэг нь барьцаа хөрөнгөөр мэдлэгээ хэмжүүлж, давхар хоригт өртөнө. Үүнийг л тэгш бус байдал, хаалттай бодлого гэж нэрлэдэг.
Мөн Монголын дээд боловсролын дэвшил нь оюутны тоо өсөх үзүүлэлтээр хэмжигддэг гаж, гайхмаар хамааралтай болоод удсан. Монгол улс 1000 хүн тутамд оногддог оюутны тоогоороо дэлхийд эхний 5-д жагсаж, заримдаа тэргүүн байранд орсон үе ч байгаа. Дээрээс нь нэмээд оюутан бүрт, сар болгон 70.000 төгрөгийн шагнал өгч, тоонд нэмэгдсэний төлөө урамшуулдаг буруу тогтолцоотой.
Бидэнд боловсролыг чанаржуулж, иргэдээ дэмжих 3 зарчмын санал байна.
Нэгт нь: Хууль, журманд байгаа “Хүнээ ялгаж, ангилсан” заалтуудаа устгаж, шинэчлэл нэрээр сонгууль бүрийн дараа хойч үеэрээ тоглодгоо зогсоож, боловсролын зардлаа 2-3 дахин өсгөж, багшийн нийгмийн асуудлыг төр хариуцах,
Хоёрт нь: Их, дээд сургууль, коллежид суралцагчдыг элсэгч болон суралцагчдыг мэдлэг, гоц авъяасыг нь төрөөс дэмжиж, барьцаа шаардахгүйгээр санхүүжүүлж, өндөр тэтгэлэг олгох замаар тэгш бус байдлыг арилгаж тэнцвэржүүлэх,
Гуравт нь: Төрийн өмчит их, дээд сургуулиудыг төлбөргүй болгож, элсэх шалгуурыг өндөрсгөж, мэдлэг, чадвараар нь дараалуулан бүртгэх “Монгол хүний оюуны нөөцийн сан”-д бүртгэж, ажлын байраар хангах,
Хоёр дахь асуудал, Үндэсний компаниудыг нээлттэй
болгож, хамтдаа хөгжицгөөе.
Гэр хороололд амьдарч буй бяцхан жаал, гэртээ хоолгүй хонож, хоолтой үедээ талх, байцааг таллаж, сахар, тос граммлан идэж, өмсөх хувцасгүй гудманд бээрч явсныг бид хэвлэлээр харсан, харин шударга, шударга бусаар баяжигч, чинээлэг нэгний эрх хүү хүйтнээс зугтан гадаадад сурч, макдоналдсад хооллож, диснейд тоглож, дураар авирлаж байгааг Тэгш байдал, шударга ёс гэх үү, эсхүл хувь тавилан гэх үү.
Дэлхийн банкнаас 2008 онд Монголд тэгш бус байдал, орлогын зөрүүг “Жинийн коэффициент”-оор хэмжиж 0.32 гэсэн тоог гаргасан бол, 2009, 2010, 2011 онуудад Монгол улсын Хөгжлийн банкны судалгаагаар 0.38, 0.41, 0.42 болж өссөн үзүүлэлтийг Дэлхийн банкны 2011 оны “Эдийн засаг”-ийн тайланд дурьдсан байна.
2011 оноос хойш уг судалгаа хийгдээгүй нь Монголд тэгш бус байдал нэмэгдэж, барууны капиталист хууль, хэнд ч харагддаггүй далд гар үйлчилж, нийгэмд цөөн тооны баян хэсэг, бусад нь орлого бага, ядуус гэж ангилагддаг “1% болон 99%” гэх харьцааруу урсаж, шигдсээр байгааг олон нийтээс нууж байна.
Монголын эдийн засаг, банк, санхүүгийн бүтцийг өөрчилсөн олон шийдвэрүүд 25с жилийн хугацаанд гарч байснаас “1991 оны өмч хувьчлал, цэнхэр, ягаан тасалбар, 20-р тогтоол, банкны салбарын хөгжил, 2008 оны хямрал, уул уурхайн бүтээгдэхүүний өсөлт, голланд өвчин, одоогийн санхүүгийн хямралт байдал” зэргийг цохон онцолдог.
Хувьчлалын талаар цөөн тоо дэлгэвэл, тухайн үед “Зоос гоёл”, Бороогийн алтны уурхай, Дарханы цементийн үйлдвэр, “Алтан тариа”, “Мах импекс”, “Талх чихэр” гээд 70 гаруй аж ахуйн нэгжийг 18 хүрэхгүй тэрбумаар арилжиж, зөвхөн “Алтан тариа” компани дангаараа 20-иод тэрбумын үнэ хүрч болох байсныг эдийн засагчид хэлдэг ч, 800 сая төгрөгөөр зарсан нь хачирхалтай.
Их, бага хувьчлал хийж, тасалбар гаргах нь иргэдэд баялагыг дахин хуваарилж, өмч хөрөнгөтэй болгох, амьдралыг ижил гараанаас эхлүүлэх том бодлоготой байсан ч, үнэн хэрэгтээ, цөөн тооны хүн шударга бусаар өмчтэй болж, бусад нь хоцорсон “Хөрөнгөтний хувьсгал”-ын үр дүнтэй адил үйл явц болж өнгөрсөн.
Иймд эдийн засгийн талаар авч хэрэгжүүлэх ёстой 1 төрөлд хамаарах 3 тэнцвэржүүлэгч зарчмыг санал болгоё.
Нэг; Төрөөс бизнест монополь байгаа, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг банкуудыг нээлттэй компани болгох саналыг гаргах,
Хоёрт; Дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувьтай тэнцэх хэмжээний үйлдвэрлэл явуулдаг монополь компаниудыг нээлттэй болгох саналыг гаргах,
Гуравт; Монголын хэвлэл, мэдээллийн салбарыг нээлттэй болгох саналыг хэвлэлийн компаниудад санал болгох,
Энэхүү зарчмууд хэрэгжилтээ олсноор банк, компаниудыг төрөөс дэмжих бодлого болж, иргэний оролцоот нээлттэй компаниуд бий болж, улс төрийн нөлөөллөөс ангид байх нөхцөл бүрдэх чиглэл тавигдах боломжтой.
Гурав дахь асуудал, Намын санхүүжилтийг ил болгож,
сонгогчдодоо итгэе.
Том намын даргыг танидаг болж, хөрөнгө атгуулсан, олон ч наймаачны од гийж, дэдээс эхлээд, гишүүн, зарим нь сайд болон тултал дэвшиж, бизнесээ өргөжүүлж, дансаа цулайлгаж, халдашгүй хамгаалалттай болсон талаар бид олонтоо сонсож, харсаар ирсэн.
Намаар шат хийж, төрийг хувьд ашиглаж, баялагийг өөрт хуваарилсан, хуваарилахыг санаархагч хэн ч бай, “Тэгш байдлыг үзэн ядагч, тэгш бусыг өөгшүүлэгч” гэдгийг бид баталж, иргэддээ зарлах үүрэгтэй.
Монгол дахь намуудын үйл ажиллагаа, шийдвэрт иргэд эргэлзэж, итгэл алдран, “Муу” дүн тавьжээ, эрх баригч намуудын рейтингийг хооронд нь нэмээд ч нийлбэр дүнг “Маш муу” гэж дүгнэсэн.
Стратеги академиас 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа хийсэн судалгаагаар АН 35,05%, МАН 24,82%; харин 2013 оны МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн судалгааны дүн мэдээгээр АН 35,8%, МАН 23,2%-иар тус тус дэмжиж, 2 намын нийлбэр 59 хувиас буухгүй байсан нь хамгийн сайн мэдээ байжээ.
Харин 2015 оны 3-р сард “МЕС” төвийн судалгаагаар МАН 18 хувь, АН 16 хувь, “Шударга ёс” эвсэл 9 хувь авч, намуудын рейтингийн нийлбэр нь 43 хувь хүрэхтэй, үгүйтэй болж, бие даагчдын нийгэм дэх рейтинг дангаараа 21 хувь байж, нэг улс төрч дангаараа 37 хувийн саналыг авсан байх юм.
Монголд улс намуудад санхүүжилтийн далд байдал, хөшигний цаадах хуйвалдаан, хөрөнгөтнийг шүтэх бодлого, угсаа залгамжлуулах хандлага, зүтгэгсдийг бус матагсдыг дэмждэг зэрэг иргэдийн итгэлийг үргээж, мууг хаацайлдаг явдлууд одоог хүртэл байж, үргэлжилсээр байгаа нь нийгэмд таалагдахгүй байна.
Монгол Ардын Нам танил талаа тээвэрлэдэг “Шилэн лифт”-ээ өнөөдрөөр зогсоож, санхүүжилтийн ил байдлыг хангаж, иргэдийн дэмжлэгийг олох ажилдаа гарч, бодит үр дүн бий болгож, иргэдийн саналыг цуглуулах чухал цаг үетэй тулгараад байна.
Бид асуудлыг хойшлуулж, өөдрөгөөр төсөөлж, хүлцэнгүй хандсаар удаан хугацааг ардаа орхисон. Өнгөрсөн цаг буцаж ирдэггүй ч, хохирсон эрх сэргээгдэж, алдсан алдаа засагдаж, сурсан муу зуршил арилдгыг хүн төрөлхтөн мэдэх болсон.
Гагцхүү үүнийг хийхэд хүн бүрээс “Зорилго-Зориг-Зүтгэл” гурав шаардагдана.
Улс төрийн нам, эвслүүдэд хүргэх 2 төрлийн санал, зарчим байна.
Нэгт, Намынхаа санхүүжилтийг ил тод болгож, өдөр тутмын гүйлгээг нийтэд харуулж, тайлан мэдээллийг улирал бүр хэвлэл, мэдээллээр нээлттэй болгох,
Хоёрт, Намын хатуу гишүүнчлэлийн бүртгэлийг шинэчилж, намд шургалсан авилгач, муу нэртнүүдийг зарлаж, иргэдээс уучлалт хүсүүлж, цэвэр, нээлттэй нам болох,
МАН-ын удирдлага болон улс төрийн нам, эвслүүд саналыг авч, ажил болгох ёстой, үгүй бол нэр хүнд сайжрахгүй, иргэдийн дэмжлэг ирэхгүй, сонгогчид саналаа өгөхгүй, харин хэрэгжүүлвэл нийгэмд нэр хүндтэй болж, түмэн олон дахин итгэж, зүтгэх ялалтын эхлэл, амжилтын үргэлжлэл байх боломжтой.
Монгол Ардын Нам болон бусад нам, эвсэлд саналыг хэрэгжүүлэх, ажлаа эхлүүлэх ЦАГ-ийг олгоё, эс засварлаваас гавъяат хуулъч, хөдөлмөрийн баатар Б.Чимэд агсаны хэлсэнчлэн “Шаардлага хангасан Үндэсний хэмжээний Төрийн бус байгууллагуудыг улс төрийн сонгуульд оролцуулах” санаачлагыг дэмжиж, сонгогчдод шинэ боломж олгох АЖИЛ-ыг эхлүүлж, хэрэгжүүлэх болно.
Монгол улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэг, 16-ийн 9-т. Монгол улсын иргэн “..сонгох, сонгогдох эрхтэй.” гэж заасан.
“Эх нь булингартай бол, адаг нь ч адил” гэх Монгол зүйр үг нь бүх ажлын гараа, ялангуяа Төрийг үүсгэдэг “улс төрийн сонгууль” буруу явагдвал, муу төр байгуулагдаж, луйварчин, хумслагч, авлигачид олноороо шургалж, төрт ёсыг уландаа гишгэлж, улсыг өт адил идэж, ардыг зүдрүүлж, өрхийг ядруулдагыг хэлсэн байна.
Тэгвэл Монголд ашиглагдаж байгаа сонгуулийн хар машиныг Дэлхийд олон сая хүн амтай АНУ, Бразил, Мексик зэрэг орнууд цаг хэмнэх, зардал багасгах зорилгоор хэрэглэдэг ч “компьютерын алдаа, хакердуулах, програмын доголдол, дүнг урьдчилан бэлтгэсэн” зэрэг шүүмж, маргааны эзэн болсоор байна.
Сонгуулийн санал тооллогын машины алдаа, хар мөрийг тогтоосны эцэст Итали 2006 онд, Шотланд 2008 онд, Герман 2009 онд тус тус машин ашиглаж сонгууль явуулахыг зогсоосон бол Ирланд улс 2010 онд татгалзаж, Ерөнхий сайд Брайн Ковен 54 сая еврогоор худалдан авсан олон мянган машиныг хог болгон устгаж байсан.
Өндөр хөгжилтэй гэгддэг эдгээр орнууд саналын машинаас татгалзаж байгаа нь энгийн үзэгдэл биш, харин ч иргэдийн саналыг үнэгүйдүүлж, ардчиллын амин сүнс болсон сонгох эрхийг амьгүй машинд даатгасан буруу үйлдэл байсныг хүлээн зөвшөөрсөн бол, Монголчууд бид мөн адил санал тоолох хайрцагнаас татгалзаж, сонгох, итгэх эрхийг нь иргэдэд үлдээж, идэвхитэй амьдрах цаг болсон.
Манай хамт олны санаачлан боловсруулсан нийгмийг “Тэнцвэржүүлэх-Есөн зарчим” тамга бичгийг Монгол түмэндээ танилцуулж, хэлэлцүүлэх ажлыг энэ мөчөөс эхлүүлцгээе.
Анхаарал тавьсанд баярлалаа.