Балжиннямын гэхээс илүү Сэлэнгийн Баттөр гэж олноо танигдсан СТА дуучин Б.Баттөр “Сэлэнгийг минь яаж гүйцэх вэ” бие даасан тоглолтоо нутгийнхаа ард түмэнд өргөн барих гэж байгаа билээ. Гавьяат жүжигчин У.Далантай түүнийг “Сайхан хоолойтой, дүрд хувирч чаддаг, сайн жүжиглэдэг дуучин. “Ламбугайн нулимс” дуурийн Лодонгийн ариг Баттөр шиг сайн дуулсан хүн одоогоор алга” хэмээн тодорхойлсон байдаг. Дуучин Б.Баттөртэй тоглолтынх нь талаар болон урлагийн тухай ярилцлаа.
-Та тавдугаар сарын 16-нд төрсөн нутагтаа бие даасан хоёр дахь тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын тань талаар ярилцлагаа эхлэх үү?
-Сэлэнгэ нутгаараа овоглон урлагт зүтгээд 22 жил болжээ. Бие даасан хоёр дахь тоглолтоо төрсөн нутгийнхандаа өргөн барих гэж буйдаа баяртай байна. Анхны бие даасан “Би…” нэртэй тоглолтоо Улаанбаатар хотод толилуулж байлаа. Түүний дараахан энэ тоглолтоо Сэлэнгэ нутгийнхандаа сонирхуулсан. Тоглолтоороо дамжуулан Сэлэнгэчүүддээсимфони оркестр сонсгож байлаа. Анхны тоглолтоо хийснээс хойш 10 жил, урлагт зүтгээд 22 жил болжээ.Айлын хүүхэдтэй зүйрлэвэл эрийн цээнд хэдийнэ хүрчээ. Энэ утгаараа хоёр дахь бие даасан тоглолтоо хийх цаг болжээ гэж бодсон. Нөгөө талаас аавдаа зориулж энэ тоглолтоо хийх гэж байна. Сэлэнгэ аймгаас төрсөн салбар салбарын лидерүүдийг тоглолтондоо оролцуулна. Тухайлбал, Улсын аварга Г.Эрхэмбаяр, гавьяат тамирчин Т.Үйтүмэн, ОУХМ Э.Халиунболд, Оюуны спортын их мастер А.Энхтуул, “Сайн сэтгүүлч боловсрол сан”-гийн тэргүүн Н.Уртнасан, Алтанбулаг чөлөөт бүсийн дарга П.Тогтохбаяр зэрэг ард түмэнд танигдсан, амжилттай яваа залуусаа “Сэлэнгэ” хэмээх нэрийн дор нэгтгэн, нэгэн үдшийг нутгийнхантайгаа сайхан өнгөрүүлэх болно оо. Ингэж л “Би”- гээс бид гэсэн ухагдахуун руу явж байна даа.
-Г.Эрхэмбаяр аваргатай дуулж, нутгийнхандаа гэнэтийн бэлэг барина гэж сонссон. Өөр ямар “нууц” тэнд задрах бол?
-Тийм ээ. “Сэлэнгийн долгио” чуулгынхаа тайзан дээрГ.Эрхэмбаяр, аваргатайгаа хамт дуулна. Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар сонирхолтой үзүүлбэр үзүүлэх зэргээр гэнэтийн бэлгээр дүүрэн тоглолт болох болно оо. Бие даасан тоглолт гэхээр л ганц Баттөр дуулаад байх биш, олон сайхан дуучин ая дуугаа өргөх юм. СТА, Л.Банзрагч, Э.Оюумаа, эстрадын дуучдаас Улсын филармонийн гоцлол дуучин Т.Амина, ЦДБЭЧ-ын гоцлол дуучин Б.Батбаатар, саяхан тоглолтоо хийсэн Б.Отгонтогтохнарын дуучид тоглолтод минь ая дуугаа өргөнө өө.
-Таныг “Сэлэнгийн Баттөр”гэдгээр нь ард түмэн андахгүй. Мөн дуучдыг зэрэглэл үнэлэмжтэй болгох талаар та багагүй дуу хоолойгоо хүргэсэн хүн шүү дээ.Дуурийн дуучин болсон түүх тань сонирхолтой болов уу?
-1993 онд цэргээс халагдаж ирээд байхад“Өргөн Сэлэнгэ-1993” дууны уралдаан Сэлэнгэд болж байлаа. Уралдаанд оролцож байсан чадалтай хоолоотой дуучдыг дуулахыг сонсоод “Ямар сайхан юм бэ” гэж биширч байлаа. Оюун гавьяат “Ус мөрөн олончиг” дуулж байлаа. Мөн “Сэрүүн дэнжий яргуй” дууг Баянбилэг гээд дуурийн дуучин дуулж байлаа. Энэ бүхнийг сонсоод сэтгэл маш их хөдөлсөн. Миний аав, ээж хоёр их сайхан дуулна. Тэр нь ч намайг дуучин болоход нөлөөлсөн байх.
Анх “Сэрүүн дэнжийн яргуй” дуугаар ард түмэндээ танигдаж, нутгаараа овоглох болсон доо. Миний багш Ц.Пүрэвдорж гэж Зууны манлай дуучин, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин мундаг хүн байлаа. Багш минь надад “Нийтийн дуу руу хэт ороод яах вэ. Дуурь гэж сайхан урлаг байна. Мэргэжлийн урлаг руу түлхүү орно шүү, нөхөөр.
Найрын дуу дуулаад битгий яваад бай” гэж хэлж билээ. Тэгж л би дуурьт “дурласан даа”. Тухайн үед цаг үе ч ороо бусгаа байлаа, дуучдын үнэлэмжийн тухай их ярьдаг байв. Ямар сайндаа намайг “Цагаа олоогүй дуучин буюу цөвүүн цагийн богд” гэж хэвлэлд бичиж байх вэ.
Дуучдыг үнэлдэг байя, чадалтай хоолойтой нь нэгдүгээр зэрэглэлийн дуучин байя гэсэн санааг мэргэжлийхэн болон олон нийтэд ухуулж явлаа. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр зэргийн дуучин нэгдүгээр зэргийн хангамжаа авъя.
Гавьяат бол гавьяатын дайтай амьдаръя гэж дуучдынхаа эрх ашгийг хөнддөг байлаа. Нэг ангийнанд гавьяат жүжигчин У.Далантай тэргүүтэй хэсэг нөхөдтэйгөө нийлэн ам барихын эсрэг их тэмцсэн. Ам барих гэдэг хамгийн ёсзүйгүй үйлдэл. Согтуугаар жолоо баривал машин жолоодох эрхийг нь хасдаг биз дээ.
Түүн шиг ам барьсан дуучны дуулах эрхийг нь 1-2 жил хасдаг баймаар байгаа юм. Мөн тайзан дээр согтуу гарч, ард түмнээ хүндлэхгүй байгаа дуучны дуулах эрхийг ч мөн хасъя. Ам барьдаггүй, сайхан хоолойтой дуучин олон бий. Тэдэнд боломж олгоё. Түүнээс мөнгөтэй танилтай, амбийц хөөсөн нэг нь их урлагт нэрд гараад “амьд”-аараа нэг ч дуу дуулж үзээгүй нөхөр мундаг гээд үнэлэгдээд байна.
-Ялангуяа залуу уран бүтээлчид тоглолтынхоо үеэр ам барих нь элбэг байдаг. Та СУИС-ийн дуурийн дуулаачийн багш хүн. Ирээдүйн дуучдыг бэлтгэж байгаагийн хувьд тэдэнд юу захидаг вэ?
-Багшилна гэдэг хамгийн хэцүү. Оюутан байхдаа, дуучин болоод ч багш хүнийг урлагийн зарчмыг ойлгодоггүй байсан. Өөрөө багшлаад ирэхээр багш хүний зовлон, үгний үнэ цэнийг ойлгож эхэлсэн.Одоо миний насан дээр хувь хүний үзэл ярина гэж юу байх вэ. Төгсөж буй оюутнууддаа нэг нэгэндээ дэмтэй, шударга байхыг л заадаг даа.
Чадаж байгаа нь амьдарч, авьяастай нь алдаршдаг шударга нийгэм л хэрэгтэй байна. Тиймээс би ам барихын эсрэг тэмцэж байсан, одоо ч үгээ хэлсээр л байгаа. Цаг агаар муутай, тоног төхөөрөмж эвдэрсэн ч юм уу гарцаагүй тохиолдолд ам барьж болно гэхдээ орлогоосоо шимтгэл төлж байх нь шударга. Гэтэл телевиз, тайз, найранд ч ам барьж л байна.
Ядаж Улаанбаатарынхаа томоохон тайзан дээр ам барихаа больчих хэрэгтэй. Түүнээс ам барьдаг тайзыг алтан гэж хэлээд яах вэ. Жинхэнэ мэргэжлийндуучдын үнэлэмж нь өөр байх хэрэгтэй.
-Ашиг олох гэж тоглолт хийж байгаа нь одоогийн цаг үетэй холбоотой юу?
-Урлаг гэлтгүй улс төрд амбийцтай нөхөд олон байна. Өөрийгөө тэжээж ч чадахгүй байж “томроод” яваа хүүхдүүдийг харахаар гэдэн хөдөлж орхидог юм. Мөнгөний төлөө тоглолт хийж байгаа нь урлагийн салбарыг муухай харагдуулж байгаа юм л даа.
Ер нь болбуруу замаар олсон 10 сая төгрөг цаашдын10 жилийн амьдралаа булшилж ч болох юм.
-Эргээд таны тоглолтын талаар асууя. Аавдаа зориулж тоглолтоо хийх гэж байгаа гэлээ. Үр хүүхэд нь сайн явж, эрүүл энх байх нь эцэг эхийнхээ ачийг бага ч болов хариулж буй хэлбэр юм уу гэж ойлгодог.
-Аавын миньбие чилээрхээд хоёр сар гаруй эмнэлэгт хэвтсэн. Аавыгаа 10 гаруй хоног сэхээнд сахилаа. Тэр хугацаанд эцэг хүн байна гэдэг ямар агуу ухаан бэ гэдгийг илүү ойлгосон.
Аав, ээжийгээ байх, үгүйд тулаад ирэхээр бусад зовлон зовлон биш юм байна. Хэдий аав минь хэвтэрт байгаа ч телевизээр хүүгийнхээ тоглолтыг хараад урам аваасай гэж бодож байгаа.
Тоглолтынхоо нэрийг удаан бодсоны эцэст “Сэлэнгийг минь яаж гүйцэх вэ дээ” нэр өгсөн.
-“Сэлэнгийн долгио” чуулганд болох тоглолтдоо хэчнээн дуу дуулахаар төлөвлөсөн бэ?
-Би багаасаа өдрийн тэмдэглэл бичдэг байсан. Анхны тоглолтоо өдрийн тэмдэглэлээрээ найруулж утгачилсан тоглолт хийж байлаа. Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазар гуай хөтөлсөн.
Харин энэ удаагийн тоглолтдоо 1950, 60, 70-аад оны сайхан мэргэжлийн дуунуудаа толилуулна.
-Дуурийн дуучин болох сонирхол одоогийн залууст хэр байна вэ?
-Манай дуучид дэлхийд гараад ирлээ шүү дээ. Гавьяат жүжигчинЭ.Амартүвшин,М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрын шагналт дуучин Г.Ариунбаатар гээд нэрлээд байвал дэлхийд танигдсан олон сайхан дуучин байна. Энэ бүхэн СУИС-ийн багш нарын ач буян.
Ахмад үеийн үргэлжлэл. Үргэжлэлгүй амьдрал гэж байхгүй шүү дээ.
Нэг нэгнээсээ сурч, залгамжилж халаатай байдаг нь бидний мэргэжлийн онцлог. Хамгийн гол нь сайн дуучдад зөв менежментхэрэгтэй. Нэг үеэ бодвол манай улсад үнэлэмжийн асуудал гайгүй болчихлоо.
Олимпийн аваргууд төрж, тэднийг улс үнэлж байна. Сар бүр мөнгөн урамшуулал олгож байгаа нь үүний тод жишээ. Үүн шиг урлагийн салбарт амжилт гаргасан хүмүүсээ ч гэсэн урамшуулдаг болмоор байна.
Олимпоос алт авсантай ялгаагүй урлагийн л олимподамжилт гаргасан хүмүүстээ сар бүр урамшуулал олгодог болчихвол урлагийн салбар илүү хөгжинө.
-Таны бодлоор урлагийг хөгжүүлэх ямар арга зам байна вэ?
-Нийгэм шударга байх тусмаа урлагийг шударгаар үнэлж эхэлнэ. Манай улсын урлагийн тогтолцоо буруу байна. Босоо тогтолцоотой байж нэг бодлоготой, яамнаас шууд хамааралтай явахгүй бол урлаг хөгжихгүй.
Урлагийн байгууллагууд аймгийн даргын мэдэлд оччихсон, аймаг бүрт соёлын мэргэжилтэн байна. Гэхдээ тухайн аймгийн удирдлага, мэргэжилтэнгүүдурлагийн бодлого, театр чуулгын хөгжлийг хэр хэмжээнд мэдэж байна гэдэг хэцүү.
Аймаг сумынхаа хэмжээнд л урлагийг ойлгоод байвал хэзээ ч хөгжихгүй.
Жишээ нь , Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон төсөл, тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгааашигт малтмалын үйлдвэрүүдийн ашгийн 0.01 хувийг зөвхөн урлаг соёлд зарцуулдаг болбол хөгжилд нь ихээхэн нэмэр болно боддог.
-Гэтэл Соёл, спорт, аялал жуулчлалыг яамыг Боловсролын яамтай нэгтгэчихлээ. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Бие даасан үйл ажиллагаа явуулах яамгүй болсон харамсалтай. Урлагийн хүмүүсийг хэдий болтол “хэсмэл”амьдралаар амьдруулах юм бэ. Сайн дуулсан ч муу дуулсан ч адилхан үнэлээд байж болохгүй. Тухайн уран бүтээлийг үнэлэх хэрэгтэй.
-Тэгэхээр үнэлэмжийг тодорхой болгохын тулд шалгуур хэрэгтэй байх?
-Барилга барихад тендер зарладаг шиг дуучдын дунд тендер зарлачих хэрэгтэй. Монголд УДБЭТ ганцхан. Тэгсэн хэрнээ 20-30 хүн аваад л хаалга барьчихдаг. Цаана нь авьастай олон боловсон хүчин ажилгүй байна.
Хоор, оркестроо бүрэн байлгаад дуучдын дунд жилийн тоглох хөтөлбөртөө тендер зарлачихаж болно. Сонгон шалгаруулалт хийх хэрэгтэй. Халхын сайхан Юндэнг нэг хүн гурван жил дуулахад л хүмүүс уйдаж эхэлнэ шүү дээ.
-Нэг хувийн авьяас 99 хувийн хөдөлмөр гэдэгтэй та санал нийлдэг үү?
-Санал нийлэхгүй ээ. Тавь тавин хувь байж амжилтад хүрнэ. Хэчнээн мянга хөдөлмөрлөөд авьяас муутай болхэзээ ч тэр хүнийг агуу гэж ярьдаггүй. Агуу байдаг ч үгүй, болдог ч үгүй. Байгалийн юм гэж бий. Амьдрал дээр харж байхад хоолой муутай хүн хэчнээн хөдөлмөрөөд ч нэрд гардаггүй шүү дээ.
-“Сэлэнгийг минь яаж гүйцэх вэ” тоглолтоо Нийслэлчүүдэд толилуулах уу?
-Аавын минь биеийн байдал гайгүй байвал Сэлэнгийнхээ 17 сум, дөрвөн тосгоноор явж аялан тоглолтоо хийнэ. Бас Нийслэлчүүдээ тоглолтоо өргөн барих бодол бий. Нас ахих тусам хүн нутгаа санадаг юм билээ.
Дархан өнгөрөөд л машиныхаа хааз гишгэнэ шүү дээ.
Нутагт минь аав ээж минь хүлээж байгаа шүү гэж бодохоор л өөрийн эрхгүй тэмүүлдэг. Унага хүртэл эх рүүгээ сарвайдаг шиг хоёр хөгшин минь байгаа болохоор л нутагт руугаа ингэж зүтгээд байна уу гэж боддог. Сэлэнгийн ард түмэндээ удахгүй очно оо.
Тавдугаар сарын 16-ны үдшийг хамтдаа сайхан өнгөрүүлье. Хөгжих боломж манай нутагт их бий.Сэтгэлгээтэй , сэтгэлтэй, сэлэнгэлэг байцгаая. Монголын ард түмэндээ сайн сайхныг хүсье.
С.Саран
Эх сурвалж: Gereg.mn