“Тэнгэрт харавсан од”, Элсний нүүдэл”, “Шүрэн бугуйвч”, “Цавчуур цэг ком” зэрэг ихэвчлэн киноны дуу дуулж олны танил болсон дуучин Б.Баярцэцэгтэй ярилцлаа.
Тэрбээр энэ сарын 8-нд "Эхо любви" экслюзив амьд тоглолтоо хийх гэж байгаа юм.
– Монгол брендийг бий болгохгүй бол, монголчууд гадаадад сонирхолгүй-
-Юуны "Эхо любви" экслюзив амьд тоглолтоо хийх гэж байгаад баяр хүргье. Анх дуучин болж байсан үеэ дурсахгүй юу. Таныг “Ice top” хамтлагийн “Энэ миний хайр” дуугаар анх олны танил болж байсан гэдгийг мэдэх юм байна?
-Баярлалаа. Шууд.мн сайтын нийт уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргье. Хүмүүс намайг хип хопоор ямар сайн мэддэг юм бэ /инээв/. Намайг СУИС-ын оюутан байхад л “Ice top” хамтлагийнхан чинь “од” болчихсон байсан. Нэг өдөр манай ангид орж ирээд “Чи хэр дуулдагын” гээд л “аймар том” /инээв/ асуусан. Тэгэхээр нь би “Гоё дуудлаг ш дээ би” гэж хэлээд тэр дууг нь дуулж байсан.
Тухайн үед би ганц “Ice Top” гэлтгүй олон хамтлаг, дуучинтай хамтарч дуулсан.
Тухайлбал, тухайн үедээ л од болж байсан “Болор” хамтлаг, МУГЖ дуучин Т.Ариунаа эгч, “Люмино”, “Фанк Пит” гээд л хип хоп хамтлагуудтай нөхөрлөж, дуунд нь эмэгтэй хоолой оруулж байлаа.
Одоо эргээд өөрийн дуулж байгаа хэсгээ сонсоход их хөөрхөн хоолойны тембэртэй, залуу цээлхэн, энхрий хоолой сонсогдоод байдаг. Сонсохоор их гоё санагддаг шүү.
-Таныг зарим хамтлаг дуучид багшаа гэж хүндэлдэг юм билээ. Тухайлбал, “Sync” хамтлагийнхан таныг тэгж дуудаж байхыг нэг бус удаа сонсож байсан юм байна?
-Багш ч гэж дээ /инээв/. 25-р суваг телевизийн “Чи шүү” реалити шоуны оролцогчид төгсгөлд нь “The Beatles” хамтлагийн ковер хийнэ гэхэд, би очиж хоолойны вакал тавьсан юм.
Түүнээс биш багшлаад байх нь ч хаашаа юм /инээв/. Намайг багшаа гэж дуудахаар нь би бүүр ичээд “Та нар боль, яагаад байгаа юм” гэж хэлдэг /инээв/. Би ингэж хэлэхэд нь бүүр санаа зовоод байдаг юм аа.
-Та монголын рок попын тогоонд багагүй хугацаанд “чанагдлаа”. Манай дуучид дэлхийн зах зээлд гарах боломжтой юу?
-Боломжтой. Гэхдээ менежмент чухал. Манай урлагийнханы хувьд эх орондоо тоглоход зах зээл маш бага. Нэг тоглолт хийлээ гэхэд хамгийн ихдээ 3000 хүн нэг дор үзэх боломжтой.Уран бүтээлчийн хувьд санхүүгийн эрх чөлөөнд хүрч чаддаггүй. Манай урлагийн салбарт хөрөнгө оруулалт маш бага, урлагийн ач холбогдолыг ойлгодог хүн тун цөөн шүү дээ.
Шоу бизнест зоригтой хөрөнгө оруулалт хийх байгууллага байхгүй учраас дэлхийн зах зээлд гарах боломж “асуудал” болон хувирч байгаа.
Уг нь манай хамтлаг дуучид дэлхийн одуудаас дутахааргүй хоолой, авъяас, гоо үзэсгэлэнтэй. Тийм чадалтай сайн уран бүтээлчид зөндөө бий. Би өчнөөн сайн уран бүтээл гаргаж байгаа ч дэмжлэг байхгүй учраас олон улсын түвшинд танигдаж чадахгүй байна. Үүнийг шийдэхийн тулд Төрөөс дэмжиж, бодлого боловсруулах хэрэгтэй байгаа.
Уран бүтээлчид маань урлагт хайртай, чин зүрхнээсээ дуртай болохоор ажлаа хийгээд явж байна. Тийм ч учраас амьдрал маань ч бас аз жаргалтай сайн байна. Би дуртай ажлаа хийж байгаа учраас сэтгэл ханамжтай байж чаддаг.
-Манай зарим уран бүтээлчид монголд гэхээсээ Сингапур, Малайз, Тайваньд очиж уран бүтээлээ хийгээд байгаа харагддаг. Ний нийгүй асуухад алинаас нь илүү их орлого олж байна вэ?
-Тэрийн хэлж мэдэхгүй байна. Наран эгч бол тэнд нэлээд удаан дуулж байгаа. Миний хувьд “Модерн Номадс”-ийн сүлжээ Бээжинд нээгдээд, гэрээгээр дөрвөн орчим сар ажилласан. Монгол дуу дуулдаг байсан. Тэр хугацаанд “Поло артс” компанийхан намайг олж харсан юм билээ. Тэгээд санал тавиад орос дууны цомгийг гаргасан. Түүнээс биш би өөрөө тэнд амьдраад, дуулаад байсан юм огт байхгүй.
Мэдээж харьцуулахад гадаадад илүү мөнгө олдог. Гэхдээ бид монгол брендийг бий болгохгүй бол, монгол дуучид гадаадад сонирхолгүй л байхгүй юу. Жишээ нь, солонгосчуудын бий болгосон K-Pop урсгал дэлхийг бүрхэж байна. Тэднийг дуурайж үсээ засаж, хувцаслаж, нүүрээ будаж байна шүү дээ. Яг тэр хэмжээний монгол брендийг бий болгох хэрэгтэй байгаа.
-Санал нэг байна. Манай дуунуудын аялгуу үнэхээр сайхан. Гэтэл гадаадын хамтлаг дуучид манай дуучдын дууны ая дээр дуулаад байгаа тохиолдол нэлээд гарсан. Энэ асуудлыг юу гэж боддог вэ?
-Энд оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудал яригдах байх. Манайхан оюуны өмч, оюуны хөдөлмөрийн хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй байгаа. Миний нэг дууг Хятадын дуучин аймар эмоцитой дуулчихсан дуулаад явж байна лээ.
-Б.Баярцэцэг рок попын бүсгүйчүүдээс хэнтэй илүү нөхөрлөдөг вэ?
–Бид нар хоорондоо их найзархаг. Ямар нэг хуваагдсан фракц байдаггүй. Хэн нэгний тоглолт боллоо гэхэд заавал урилга гэхгүй заавал үздэг сайхан уламжлалтай болсон. Би ямар сайндаа “Орос концерт шүү. Та нар мэдэж байгаа биз. Яг дуртай нь ирнэ шүү. Битгий дургүй нь эвшээгээд суугаад байгаарай” гээд наргиа болгож хэлсэн /инээв/. Манайхан бүгдээрээ намайг дэмжиж ирнэ.
– Ямар ч мэс засал хийлгээгүй байгаа биз дээ-
-Таны тоглолтын рекламын зурагт хуудсын үзэж байхад дүр төрхөндөө нэлээд өөрчлөлт хийсэн харагдсан. Зарим хэвлэлээр таныг мэс засалд оржээ гэх мэдээлэл ч тараад байгаа. Энэ асуудалд тайлбар өгөөч?
-Харин тийм байна лээ. Би тоглолтдоо зориулж Баярцэцэг гэж бүсгүйг олон талаас нь үзэгчдэд харуулахыг хүссэн л дээ. Дүр төрхөөрөө хүмүүст “өмнөх тоглолтоос өөр тоглолт болох нээ” гэсэн мэссежийг өгөхийг хичээсэн. Энэ өгөгдөл маань ч хүрсэн бололтой /инээв/. Үнэндээ ямар ч мэс засал хийлгээгүй байгаа биз дээ.
Энэ бол нүүр будгаар өөрчлөгдсөн дүр төрх байлаа. Манай make-up artist Эрдэнэсувд маань нүүр будаг хийсэн. Харин зургаа Cosmopolitan сэтгүүлийн зурагчин Викагаар даруулсан. Гэхдээ мэс засал хийлгэсэн гэх цуурхал цахим ертөнцөөр дэгдэнэ гэж бодоогүй. Манай Эрдэнэсувд, Вика хоёрын маань мундаг ур чадварыг харууллаа /инээв/.
-Сошеал медиад хэр ач холбогдол өгч ашиглаж байна вэ?
-Би идэвхитэй хэрэглэгч бол биш. Хэтэрхий олон мэдээ дунд явахаар хүмүүсийг их уйдамтгай болгоод байгаа юм шиг ажиглагддаг. Тийм учраас нэг их дуртай биш. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд бол ашиглана. Хэрэгтэй мэдээлэл авах гэж, бас түгээх гэж ашигладаг.
-Фейсбүүк дээр таны нэртэй, таны зурагтай хуудас нэлээд байдаг юм билээ. Та тэдний нэг биш гэсэн үг үү?
-Тиймээ. Би биш. Миний албан ёсны хаяг өөр. Би өөрийнхөө нэрээр фейсбүүк ашигладаггүй. Миний зурагтай, миний нэртэй олон хуудас яваад байгааг би өөрөө ч гайхдаг. Бичиж байгаа зүйл, оруулж байгаа сэтгэгдэл, зураг нь минийх биш шүү гэдгийг хэлмээр байна.
-Таныг 200 орчим загас тэжээж байгаа гэж сонссон. Ямар учраас загас тэжээдэг вэ. Энэ хобби чинь хэвээрэй байгаа юу?
-Би анх загас тэжээдэггүй байсан. Манай нөхөр гэрийн тэжээвэр амьтан, загас, нохойнд их дуртай, хайртай л даа. Анх нэг гэрт орсныхоо дараа нөхөр маань загас тэжээнэ гээд аквариум авчирсан. Тэгээд л тэжээж эхэлсэн дээ. Би ч сүүлдээ дуртай болчихсон. Загаснуудаа төрөх үед нь заримдаа нойргүй хонодог байлаа. Ээжид нь илүүдэхгүйн тулд төрөх анги хийж тусгаарлана. Их сүртэй юм болдог байсан.
Нэг өдөр нөхөр бид хоёрын байхгүй байхад манай Моли гэдэг хамгийн том загас төрчихгүй юу, тэгэхэд ээж маань “эх барьж” аваад /инээв/, ээждээ баяр хүргэж байсан хөгжилтэй дурсамж байдаг.
Охиноо төрүүлсний дараа загаснууддаа анхаарлаа хандуулах боломжгүй болоод асрамжийн газар хандивлачихсан байгаа. Миний фейсбүүк найз Ууганбаяр гэж эмэгтэй асрамжийн хүүхдүүдэд илүү зүйлээ хандивлах аян явуулсан л даа. Тэр үед нь ямар хуучин хувцас өгөлтөө биш гэж бодоод ном, эсвэл загаснуудаа өгий гээд өгчихсөн. Саяхан загаснуудын маань зургийг явуулсан байна лээ. Их сайн асарч, тэжээж байгаа юм билээ, “миний хүүхдүүд”-ийг /инээв/.
Үргэлжлэлийг эндээс: http://www.shuud.mn/content/read/451762.htm