Хөөрхөн дуучин Ануг энэ сарын 05-ны өдөр амаржиж хоёрдах охиноо өлгийдөн авсан тухай уншигч та бүхэндээ дуулгаж байсан билээ. Тэгвэл төрөөд удаагүй байгаа дууч бүсгүй ажилдаа аль хэдийнээ орсон бөгөөд хэвлэлд сүүлийн үед цахим ертөнцөөр шуугиан дэгдээсэн асуудалд хариулт өгчээ.
Нүүрэндээ алтан утас суулгуулсан ч амжилтгүй болж гарч ирэн хохирогч болсон эмэгтэйн тухай мэдээлэл фэйсбүүк хуудаснаа тархсан. Тэгвэл үүнд нэгэн олны танил эрхэм оролцсон гэдгийг тухайн эмэгтэй онцлоод авсан юм. Өөрийгөө хохирогч болсон хэмээсэн эмэгтэйн бичээсийг нэхэн сануулбал,
“Өдрийн мэнд. Би та нартаа өөрийн сэтгэлд байгаа зүйлээ хуваалцмаар байна. Учир нь ганц өөрийгөө бодоод чимээгүй тэвчээд болж буй үйл явдлыг дараад өнгөрүүлэхийг хүссэнгүй ээ. Би жил дөрвөн сарын өмнө алтан утас хийлгээд ямар ч үрчлээгүй хөгширдөггүй гэсэн мэдээллийг уншаад энэ талаар хийлгэсэн гэх олны танил эмэгтэйгээс сонирхон асуутал миний сонссон мэдээллийг батлан ярьж тэр ч бүү хэл нүд бүлтийнэ хамар өндөр болно, уруу дөрвөн талаасаа татагдаж томорно, үрчийхгүй, дух наашаа товойно гэх мэт гоё үр дүнг амлан надад хийсэн эмч Монголд байгаа хэмээн зааж өгч өөрөө хамт очиж би их итгэж 8500$-оор хийлгэсэн.
Гэтэл удалгүй нүүрний арьсны энд тэндээс товойж гарч ирсэн ба үүгээр ч барамгүй нүүрний мэдрэлийг гэмтээж уруул далийж хацар уруул саажилтын улмаас далийж, даралт харвасан хүмүүсийнхтэй адил харахаас аймар болсон. Тэгээд эргэн тухайн эмнэлэгт хандахад хүлээж аваагүйгээр барахгүй надад хийсэн эмийг байхгүй Солонгосруугаа явчихсан бид мэдэхгүй гээд маш муухай харьцсан.
Би яг үнэндээ ямар эмчилгээ хийлгэхээ ч мэдэхгүй хүнд байдалд орсон. Арга буюу анх танилцуулж мэдээлэл өгсөн эмэгтэйд хандахад мөн л эмнэлгийн ажилчидтай яг адилхан харьцсан. Ингээд яах учраа олохгүй МХЕГ-т хандахад Монгол улсад стандартын баталгаагүй сөрөг нөлөө ихтэй, хэзээ ч хайлдаггүй металл гэдэг хариу авсан. Уг нь бол одоо хайлдаг алтан утас хийж байгаа юм билээ. Хамгийн хэцүү нь арьсан доороос буцааж авч болохгүй тэр бүү хэл арьсны хорт хавдар үүсч магадгүй гэсэн хариуг аваад байна. Алтан утас гээд зүү хийсэн байна лээ” хэмээсэн юм.
Тэгвэл эл хэрэгт Ану холбогдолгүй бөгөөд дээрх эмэгтэй түүнээс удаа дараа асууж шалгааж байсан болохоор арга буюу өөрийн алтан утас хийлгэсэн эмнэлгийнхээ талаар мэдээлэл өгсөн гэнэ. Энэ тухай дуучин Ч.Уранхолбоо "Одоогоос 4, 5 жилийн өмнө алтан утас хийлгэж байсан. Тухайн үед нас залуу, ямар нэгэн зүйлд бодомжтой хандахын оронд хэвлэлийнхэнд алтан утас хийлгэсэн гээд л ярьчихдаг байж.
Оюунхүү гэдэг эмэгтэй надаас мэдээлэл авахын тулд бүтэн сар гаруй зурвас бичсэн. Эхлээд надад маш гоё сэтгэгдэл төрүүлж, урам зориг өгдөг байсан. Тухайн үед анхны охиноо төрүүлчихсэн, нялх биетэй, сэтгэл их зөөлөрчихсөн байсан болоод ч тэр үү нууцаа хуваалцсан л даа. Би яагаад ч юм хүмүүсийн асуусан зүйлд, надруу хандаж байгаа сэтгэлийг нь цааш түлхэж чаддаггүй. Тэгээд л тэр эмэгтэйд эмнэлгээ зааж өгч, эмчтэйгээ холбосон. Яг одоо юу бодогдож байна гэхээр өнөөдөр би хоёр хүүхдийн эх. Би хүний хэлсэн юмыг өөрөө шүүн тунгааж байгаад шийдвэрээ гаргадаг. 30 настай тэр эмэгтэй ч мөн адил над шиг бодсоны эцэст л шийдвэрээ гаргаж хийлгэсэн байх.
Түүнээс биш заавал хийлгэ, үүнийг л хийгэчихвэл гоё болно гэсэн зүйл яриагүй. Зөвхөн холбож өгсөн төдий. Тухайн үед энэ эмэгтэй төлбөрөө шууд хийх боломжгүй гэсэн болохоор “Алтан зүү” эмнэлэг дээр нь очоод “Энэ бол миний найз байгаа юм. Төлбөр мөнгөнийг нь зээлээр зохицуулах боломж байна уу” гэсэн. Тухайн үед би хүнд тус хүргэж байна л гэж бодсон.
Одоо энэ эмэгтэйн хэлж байгаагаар бол би тэр солонгос эмчтэй хамтарч ажилладаг, нөгөөх нь хүмүүсийг хулхиддаг юм шиг орчихоод байна. Үнэндээ бол тийм биш шүү дээ. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Энэ охин өрөвдүүлэх маягаар хүмүүст ойлгуулаад байгаа болохоор магадгүй зарим хүмүүс адилхан эмэгтэй хүн гэдэг утгаар нь хандаж байгаа байх. Гэхдээ Оюунхүү өөрөө надад хэлэхдээ духнаас гарсан алтан утсыг овойгоод байхаар нь цоолуулаад авчихсан гэсэн.
Энэ хэрэг мөрдөн байцаалтын явцдаа хоёр ч удаа хэрэгсэхгүй болж байсан. Хуулийн байгууллага энэ хэргийн учрыг нь олохын тулд нэлээд судалсан юм билээ. Тэгэхэд гуянаасаа өөх авахуулаад нүүрэндээ шахуулсан гээд л арав шахам хагалгаа хийлгэсэн нь нотлогдсон байгаа юм. Тэр үүссэн гээд байгаа саажилт нь яг алтан утаснаас болсон уу эсвэл тэр их олон хагалгаануудаас болсон уу гэдгийг бид мэдэхгүй. Ямар ч байсан хууль хяналтынхан шалгаад ирэхээр зөв буруу нь илрэх байлгүй дээ.
Оюунхүү хамгийн их хүнтэй фэйсбүүкийн групп болон хэвлэл мэдээллээр миний, миний хамтран ажилладаг байгууллагуудын нэр төрд халдсан зүйлийг удаа дараа бичсэн. Бүхэл бүтэн жилийн хугацаанд хэл ам хийж байна шүү дээ. Намайг жирэмсэн болсоноос хойш өнөөдрийг хүртэл энэ хэл ам тасарсангүй. Манай өмгөөлөгч Оюунхүүтэй утсаар яриад таны хэрэг хэрэгсэхгүй болсон байхад миний үйлчлүүлэгчийн нэр төрд бүдүүлэгээр халдаж байна.
Хэрвээ зогсоохгүй бол нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандах болно гэхэд “Чи хэн юм бэ, би чиний үгийг сонсдог хэн юм бэ” гээд л утсаа тасалсан гэсэн. Гэтэл үүнийг минь заналхийлсэн гэж мушгиад байна. Тийм болохоор нэр төрөө сэргээлгэе гэж бодож байна. Асуудлыг эцэслэж, үнэн зөв хариуг нь гарчихсан байхад ард түмэн ялгаж салгаад ойлгочих байлгүй дээ гэж үүссэн хэрэг явдлын тухай тайлбар хийжээ.
Эх сурвалж: Dorgio.mn