Сүүлийн хэд хоногийн турш сошиал ертөнцийг доргиож, 24 цагийн дотор 1500 орчим лайкийн эзэн болоод байгаа нэвтрүүлгийг зориуд цаг гаргаж үзэв. Нухацтай бодож, анхаарлаа төвлөрүүлж сонирхов. Тэр бол Creative Mongol solution (CMS) группын гүйцэтгэх захирал Г. Бат-Очир нарын шинэлэг сэтгэлгээтэй, хурдтай, бүтээлч, чадварлаг залуусын “Бүтээлч Монгол шийдэл” зорилтын хүрээнд бүтээсэн өвөрмөц шийдэл, утга агуулгатай нэвтрүүлэг аж. Цар хүрээ, дэвшүүлсэн санаа, үр дүнгийн хувьд үнэхээр ач холбогдолтой часхийсэн “кино” болжээ. Өгүүлэмжээс гадна компьютер график, инфографик, судалгаа мэдээлэл, дүрс, дууны сонголтын тухайд ч хөдөлмөр зарсан нь илт мэдрэгдэнэ. Хамгийн гол ололт нь нэвтрүүлгийн санаанд байна.
Өөрөөр хэлбэл, мэдээллийн асар хүчтэй давалгааны үр дүнд дэлхий дахины байдал, хүмүүний амьдралыг (жаргал, зовлонг) хялбархан харах, таньж мэдэх боломжтой цаг үе ирсэн бөгөөд газар, газрын өвдөж, өлсч буй хөөрхийлөлтэй зовлонт хүмүүст туслах нэгдсэн хандлага үгүйлэгдэж байгааг маш тодорхой тоо баримт дээр тулгуурлан илэрхийлжээ. Дэлхийн хүн ам жилд 1,3 тэрбум тонн хүнс хэрэглэдэг бол 842 сая хүн хоол хүнсний дутагдлаас өлсгөлөн амьдарч, жилд 10 сая гэм зэмгүй хүүхэд өлсгөлөнгөөр хорвоог орхиж байгааг тодорхой дүрс, баримттайгаар харуулж чаджээ.
Мөн хүний орлого улс орон бүрт ялгаатай байгаа тухай тоон үзүүлэлт бүхий олон чухал судалгаанууд уг нэвтрүүлгийг амьдруулжээ. Гол нь амьдралын асар баян туршлагатай, хүмүүсийн нөхцөл байдлыг хангалттай мэддэг гэж ярьдаг хүмүүс мэдээллээр дамжин бидэнд хүрч буй дэлхийн хүн амын амьдралын талаар чухам юу хийдэг бол гэсэн гарцаагүй чухал асуудлыг хөндсөн нь нэгийг хэлэх мэт. Түүнээс гадна өөр нэг чухал санаа нэвтрүүлэгт том байр суурь эзэлсэн нь анзаарахгүй байхын аргагүй. Тэр бол бид хамтарч чадвал ихийг бүтээж, шинэчилж, хөгжүүлж чадна гэдэг өөдрөг гаргалаа юм.
Мөн мэдээллийн эрин зуун шинэ мэдээлэл, шинэ нээлтттэй танилцах, шинэчлэл хийх боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд энэхүү асар их мэдээлэл дээр хэрхэн ажиллах ёстой вэ гэдэг асуултад хариулт өгчээ. Энэ их мэдээлэлтэй Монгол Улсын салбар бүрийн нарийн мэргэшсэн мэргэжилтнүүд нэн дариу танилцан дүгнэлт хийж, улмаар шинэчлэгдэж, инновацийг нэвтрүүлж, хөгжүүлж байх шаардлагатайг тод илэрхийлсэн байна. Нэг ёсондоо хөгжлөө зогсоовол дампуурна гэж хэлээд байгаа хэрэг. Компаниудын хөгжлөө урт удаан хадгалж, оршин тогтнохын үндэс нь ердөө л шинэ санаачилга гэдэг чухал сэдэв ч нэвтрүүлгийн нэгэн зорилгыг илтгэнэ.
CMS групп дээрх нэвтрүүлгээс гадна залуусын идэвхийг сэргээх, тэдний бүтээлч хөдөлмөр, санаачилгын үр дүнд улс орны хөгжил ирнэ гэдэг агуулга, итгэл үнэмшлээр олон зүйлийг хийхээр төлөвлөсний нэг нь тун удахгүй олны хүртээл болох “Бүтээлч Монгол залуу” хэмээх цуврал нэвтрүүлэг юм. Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б. Лхагвасүрэн гуайн тодорхойлсноор “Монголын гэгээн маргааш, олон залуу нас үзэлгүй алгасч үл болох нэгэн нэвтрүүлэг нэмэгдлээ. Юутай баяр”… Бүтээлч Монгол залуусаа дэмжье, итгэл хүлээлгэе. Яагаад гэвэл тэдний оюун бодол, сэтгэл зүрхэнд Монголын ирээдүй байгаа.
Сэтгүүлч Д. Лхагвадорж