Үйлдэл хийж эхлээгүй мөрөөдөл зүүднээс ялгаагүй байдаг гэдгийг бид бүгд мэддэг. Тийм ч учраас бид мөрөөдлөө биелүүлэхийн тулд, бодит болгохын тулд үйлдэл хийдэг. Гэхдээ заримдаа бид үйлдэл хийдэг ч гэсэн, мөрөөдлийнхөө хойноос өдөр шөнөгүй хөөцөлдөж явдаг ч гэсэн мөрөөдөл маань биелэгдэж өгөхгүй, бодит болж өгдөггүй учраас бид цөхөрдөг.
Боломж хаа сайгүй байдаг гэдэг хэрнээ тэр боломж надад болон танд тохиолдхгүй байгаа юм шиг санагддаг. Эсвэл явцын дунд хэн нэгээс, ямар нэгэн юмнаас нааштай хандлага авсан учраас бид түүнд найдаж, горьдлого тавьж бүтэх болов уу гэж хүлээдэг.
Тэгвэл өнөөдрөөс эхэлж мөрөөдлийнхөө хойноос хөөцөлдөх биш мөрөөдлөө хойноосоо дагуулж эхлэе! Мөрөөдөлдөө захирагдах биш мөрөөдлөө захирч эхлэе!
Хэрвээ та хүссэн ажилдаа орох гээд орж чадахгүй, хэн нэгэн танд хүссэн ажлыг тань санал болгохыг хүлээж байгаа бол түүнийгээ яг одоо зогсоож, та өөрөө санаачлагаараа өөрийнхөө хүсэлтийг гаргаж, саналаа дэвшүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Хэрэв та хүссэн ажлаа хайгаад олохгүй бол тэр хүссэн ажилтайгаа уялдсан бизнесийг өөрөө нээх ч юм уу эсвэл өөрөө өөртөө орон тоо гаргаж болно. Жишээлбэл та жүжигчин болох хүсэлтэй, тэгээд өөрт тохирох дүр хайгаад олдохгүй байгаа бол тэр дүрээ өөрөө бүтээж, бичиж, түүндээ өөрөө тоглож, өөрийгөө ОД болгож болно. Хэрвээ та дуучин, хөгжимчин болох хүсэлтэй тэгээд таныг элсүүлэх хамтлаг хайгаад олдохгүй байгаа бол түүнийгээ зогсоож, та өөрөө өөрийнхөө хамтлагийг үүсгэн бий болгож, хамтлагдаа элсүүлэх дуучин хөгжимчин хайх жишээтэй.
Хувь заяагаа харахыг хүсвэл түүнийгээ хүлээж суух биш хувь заяагаа өөрөө бүтээж, тэндээсээ эхлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та өөрөө хувь заяагаа бүтээж, мөрөөдлөө гартаа аван хойноосоо дагуулж, удирдаж, захирч эхлэнэ гэсэн үг.
Үйлдэл хийж байж мөрөөдөл маань биелдэг учир зүгээр нэг үйлдэл хийх биш маш нарийн нухацтай бодож, төлөвлөсөн үйлдэл хийх. Тиймээс өнөөдөр өөрсдийн мөрөөдлөө тодорхойлж, түүнийгээ төлөвлөж, дагуулж, захирч эхлэе!
Өнөөдрийн АМЖИЛТЫН ТАРНИ: Би мөрөөдлөө гартаа авч захирч байна! Би мөрөөдлөө удирдан дагуулж байна!
МӨНГӨ ЦАГ ХОЁР
Мөнгөгүй учраас хийх гэсэн ажлаа хийж чадахгүй байна. Мөнгө хаанаас олноо?
Завгүй учраас хийх гэсэн юмаа хийж чадахгүй байна. Завтай болж байгаад л хийхээс…
Мөнгөтэй, завтай байсан бол аль хэдийн хийчихсэн байх байсан. Даан ч…
Тийм ээ! Мөнгө, цаг 2 бидний хамгийн түрүүнд урдаа тавьдаг том шалтаг болдог. Бид яагаад хүссэн амжилтандаа хүрч чадахгүй байна вэ? Яагаад мөрөөдлөө биелүүлж чадахгүй байна вэ? МӨНГӨ, ЦАГ байхгүй учраас…
Хэрэв танд МӨНГӨ, ЦАГ байхгүй байгаа бол МӨНГӨ, ЦАГ хоёрыг бий болгох ЦАГ иржээ гэж үзэх хэрэгтэй.
“Амьдралдаа эзэн болохын тулд өөрийн цагтаа эзэн болж сурах нь хамгаас чухал”
Хэрвээ та чин сэтгэлээсээ амьдралаа өөрчилж, өдөр болгоныг өөрийнхөө хүссэн өдөр болгон бүтээхийн тулд бид цагийг өөртөө гаргаж сурах нь зайлшгүй хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дуртай дургүй цагийг гаргахаасдаа гэдэг үүднээс биш амжилтынхаа төлөө би цагийг гаргах ёстой гэдгийг ухамсарлаж чадвал амжилтанд хүрэх болно.
Амжилтын тарни: Амжилтынхаа төлөө би цагийг гаргах ёстой! Гаргаж байна!
Тиймээс өөртөө зориулан цагийн хуваарь гаргаж, өнөөдөр, энэ долоо хоногт, энэ сард, энэ жил, та юу хийх ёстой вэ? Түүнийгээ нэгд нэгэнгүй цагийн хуваарьдаа оруул. Магадгүй хийх ёстой гэж үзэх ажлуудыг цагийн хуваарьдаа нэмж оруулснаар таны өдөр тутамд хийдэг зарим нэг зүйлүүдийг хасах шаардлага гарч болно. Энэ тохиолдолд эргэлзээ үүсвэл доорх асуултыг өөрөөсөө асуугаарай.
– Үүнийг цагийн хуваарьдаа оруулснаар эсвэл хассанаар би мөрөөдөл рүүгээ ойртож байна уу? Хэрвээ хариулт ТИЙМ бол оруулаад, ҮГҮЙ бол хасаж болно.
Бид бүгдэд яг ижилхэн 24 цаг бий. Энэ 24 цагийг хэн яаж ашиглаж байгаагаас бид бүгдийн амжилт өөр өөр байдаг. Агуу амжилтанд хүрсэн хүмүүс бүгд та бидний адил 24 цаг оногддог. Тиймээс тэдгээр хүмүүс амжилтыг бүтээж чадсан бол бид мөн ялгаагүй бүтээж чадна. Яаж вэ гэвэл цагийг өөрийнхөө талд оруулж сурах хэрэгтэй.
Өөрсдийнхөө амьдралыг дараагийн үе шатанд аваачихыг тулд цаг завгүй гэдэг шалтгаа зогсоож, нэн түрүүнд хийх ёстой гэх ажлуудаа тодорхойлж, түүндээ цаг гаргаж эхэл.
Хэрвээ та мөнгөтэй болохыг хүсвэл мөнгөө олох цагийг өөртөө гарга. Хэрвээ та зурагчин болохыг хүсвэл зураг ав. Түүндээ цагийг гарга. Түүнийгээ хийх ёстой зүйлүүдийн нэг болго. Хэрвээ та эрүүл мэнддээ анхаарал тавихыг хүсвэл биеийн тамир спортоор тогтмол хичээллэх цагийг өөртөө гарга.
“Хүн юу хүснэ түүнийгээ олж авч чадна”
Тиймээс түүнийгэ олж авахад, түүнйгээ олж авах цагийг өөрт өгөх хэрэгтэй.
Цагаа хуваарьлаж сурснаар та амьдралаа өөрөө хянаж сурна. Амжилттай яваа хүмүүс цагийг өөрийнхөө талд хэрхэн оруулах вэ гэдгийг эзэмшиж чадсан байхад дундаж хүмүүс цагаа хэрхэн аргацайлах вэ гэдгийг сайтар эзэмшсэн байдаг.
Цагийг өөрийн эсрэг биш, өөрийн талд оруулах нь бидний зорилго ГЭДГИЙГ ҮРГЭЛЖ САНАЖ ЯВ!!!
@Ука Төмөр