(Сонгодог урлагийн олон улсын уралдааны тухай шүүмж)
Дэлхийн монгол “брээнд” манай спортод олон бий.
Манай нийгмийн бусад салбар, ажил мэргэжилд “брээнд” гэгч Н. Оюунгэрэл хатагтайн монгол хэлний эргэлтэд анх түрэн оруулсан гадаад үг – ойлголт ямаршуу байртай байдаг бол хэмээн бодох…
”Нобелийн шагналтан биднээс төрөөгүй л байна. Тэгэхээр байгалийн шинжлэл нийгмийнх ч бас ,утга зохиол, энх тайвны үйлсэд бид бултайх юм хараахан хийж амжаагүй л байгаа хэрэг. Пулитцерийн шагналтан манайд сонсогдсонгүй нь сэтгүүл зүйд бид торойгоогүйн шинж байх. Харин монгол сэдэвтэй гадны найруулагчийн кино болон монгол найруулагчтай гадныханы бүтээсэн кино “Оскарт” нэр дэвшиж байсан нь тун чиг дөхсөний тэмдэг гэлтэй”…
Эртийн их дайн байлдаанаас улбаатай барилцан ноцох, цохилцож нүдэлдэх, харваж буудах үйлсэд монгол хүн “брээнд” үзүүлэлт гаргахад дэлхий нэг их гайхахаа больж. Харин шатар даам, ой тогтоцын тэмцээнд тэргүүлэх болон бие бялдрын ур чадвар шаардах балет, уран нугаралт хэмээх бидний хүн төрөлхтөнд бэлэг болгон барьж буй циркийн урлагийн шинэ төрөл зүйлийн урлагаар “брээнд” болох зэрэг феномен – үзэгдлийг барууны сэтгэлзүй хараахан хүлээн авч, хүлээн зөвшөөрөхөд амаргүй тээнэгэлзэсхийн, чингэхэд нь ч тодорхой цаг хугацаа орох юм шиг байна.
Монголчууд бид өөрсдөө ч “дуурийн дуугаар” монгол хүн дэлхийд үнэхээр тэргүүлдэг, бас “номер нэг болчихоод байгаа” гэдэгт бүүр түүр сайн итгэхгүй эргэлзсээр байгаа мэт. Мэдээллийн энэ их учиргүй “үнэн, худал” шуурга, нүдээнд хэмхчүүлэн элийрч, учир начрыг нь олохоо болихдоо ч тулаад байх шиг байна.
“Улаанбаатар дахь Монголын Дуурийн Театрын (The Mongolian Opera House in Ulaanbaatar) дуучин …(тэр)” хэмээн “британи – үэлш” аялгат англи болон дотно орос хэлээр “Ганбатаар Ариунбатаар Монголия” гэж дэлхийгээр цууриаттал, хүчтэй соронзон долгионыг “цагаан (дуу) хоолойгоор” зарлан цоллуулахыг сонордохуйд “монгол чих” – тэй хүний омогшлын гал дөл дүрэлзэхгүй байж яахин чадах !? …
”Монгол”,”Улаанбаатар”, “Дуурийн Театр” хэмээх эрхэм оноолт үгүүдийг өөрийн нэр, төрүүлсэн эцгийнхээ нэртэй хамтатган өгч буй энэхүү хүн төрлхтөний оюун соёлын ай хүрээний өндөрлөг тийш хандах “товч мессэж” нь монгол эх орон, нийслэл хот, байгууллага, эцэг эх, элгэн садныхаа өмнө хийж буй онцгой сурталчилгаа – гавьяа чухамхүү ай даа мөн юм шүү дээ !…
Баруун Европынхоны хувьд эрхэм дээд язгууртнуудын хүрээнд зөвхөн хэрэглэгдэн, тоогдож ирсэн тэгээд ч олон зууны хаант засаглал, лордуудын уламжлалаа огт гээлгүй хуучинсагаар өдгөө үед хүрч ирсэн орон нийгэм болон дэлхийн сонгодог хөгжмийн урлагийн “элит орон” Орост сонгодог дуурийн дуулах урлагийн тэргүүлэх амжилт гаргасан явдал нь “дэлхийд монголын дуурийн дуулах урлаг эрийн цээнд хүрсэнийг зарлан тунхагласан түүхэн явдал” мөнөөс мөн болой…
Дэнж хотойлгодог наадмын маань өмнөхөн манай дуучдын оролцсон дэлхийн сонгодог дуучид, хөгжимчдийн “өдрийн бодол, шөнийн зүүд” болсон хоёр гол уралдаан – наадаан болж, дүнгээ гаргалаа.
Энэхүү хоёр уралдааны аль аль нь өөрсдийн орондоо хийгээд олон улсын бага, дунд дэсийн уралдааны түрүүлэгчдээс шигшин оруулдаг тэмцэлдээн гэдгээрээ босго нэн өндөртэй, саяханыг хүртэл манайхны мөрөөдлийн, хэзээ ч хүршгүй гэгдэж байсан мөн зарим уралдааны нэрийг нь бид урд хожид огт дуулж, сонсож байгаагүй олон улсын арга хэмжээнүүд билээ.
Эдгээр урлагийн уралдааныг дурьдвал, энэ зургадугаар сарын 15 – наас долдугаар сарын 3 – ны хоортүүхонд ОХУ – ын шинэ болон хуучин нийслэлд зэрэг болж өнгөрсөн П. И. Чайковскийн нэрэмжит (энэхүү суут хөгжмийн зохиолчийн 175 жилийн түүхт ойн жилд зориулсан) Олон Улсын XV Уралдаан (XV Международный конкурс имени П. И. Чайковского), нөгөө нь Англи Улсын Үэльс (Wels) муж – орны нийслэл Кардифт 06 – р сарын 14 – 21 өдрүүдэд болсон “Би Би Си – Кардиф – Дэлхийн дэвжээний дуучин – 2015” (BBC CARDIFF SINGER OF THE WORLD 2015) олон улсын дуурийн дуучдын уралдаан эдгээр болно.
“Чайковскийн уралдаан” нь “хүйтэн дайны үе” гэгдэх тэртээ 1958 онд үндэс сууриа тавьсан хэдүй ч монголчууд бид “ах нар” – аар дамжин тэртээ 1966 оноос анх биечлэн мэдэх болсон билээ.
“П. Чайковскийн уралдаан” – ы монгол түүх хагас зууныг хүүрнэнэ…
Ц. Пүрэвдорж (30 гаран жил тус уралдааны дуучдын шүүгчээр ажилласан), Д. Баадайжав (1970 онд болсон П. Чайковскийн нэрэмжит IV уралдааны хоёрын даваанд анх шалгарсан) арай хожуухан Б. Жавзандулам нарын анхны “орос хоолойтнууд” хийгээд Э. Амартүвшин, П. Ганбат, У. Уран, Б. Эрдэнэтуяа нарын залуу дуучид, Я. Бадамхатан, П. Доржпагма, Т. Цолмон, Ч. Чинбат, Ж. Энхтуяа, Ц. Энхтөр, М-Г. Эрдэнэчимэг нарын зэрэг өрнийн сонгодог хөгжмийн зэмсэг тоглоочид болон төгөлдөр хуурч – концертмейстер Б. Солонго, Ц. Уртнасан нар дуучид – хөгжимчдөө хамсран хөгжимдөж оролцон, тоосоо өргөж ирсэн түүхтэй хэдүй ч хоёр мянганы босгон дээр л сая уг уралдааны 11 дэхид нь буюу 1998 онд бид сүүлийн шатыг нь түүхэндээ анх удаа монгол хүн даван гарч, “монголын дуурийн дуулах урлагийн дэлхийн анхны алтан хараацай” Пүрэвжавын Ганбат (“дөрөвдүгээр тусгай байр – диплом” хүртсэн http://tchaikovskycompetition.moscow/history/236 ) агсаны түүчээлэн, шан татсан яг тэр нарийхан “аргилдуу – баритон” дуучдын зурвас жимээр өдгөө үе маань тун итгэл бардам, урам зоригтойгоор, ар араасаа тун эвтэй, шат гишгүүр нэг нэгээр ахиулан, цувран алхалж, 2011 онд болж өнгөрсөн П. Чайковскийн нэрэмжит XIV уралдаанд Э. Амартүвшин эрэгтэй дуучдын ангилалд “хоёрдугаар байр – мөнгөн медаль” болон үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн бол энэ удаад Г. Ариунбаатар дуучин маань “түрүү магнай – алт атгаж” дараа дараагийн оргил өөд улам улмаар бахдам авирсаар байгаа нь итгэж чадамгүй амжилт – ялалт бөлгөө…
Энэ удаагийн П. Чайковскийн нэрэмжит XV уралдаанд Г. Ариунбаатар, Б. Батжаргал, Ч. Бадрал, О. Хүрэлбаатар, Ч. Энхтайван нарын таван эрэгтэй дуучид (дөрвөн “баритон”, нэг “басс” хоолойтон) маань оролцсоноос МУГЖ, ОХУ – ын Буриад Улсын Г. Цэдэнжавын нэрэмжит ДБЭТ – ын гоцлол дуучин Ганбаатарын Ариунбаатар маань нэгдүгээр байр – алтан медаль – гучин мянган ам. долларын (жар орчим сая төгрөг) эзэн болж, монголын хөгжмийн нэн шинэ түүхийн хуудсанд “алтан мөр” татлаа.
П. Чайковскийн нэрэмжит Олон Улсын Уралдааны тэргүүн шагналтанд дэлхийн сонгодог урлагийн бүхий л “шилмэл алтан тайз” үүдээ нээдгийг уг уралдааны өмнөх түүх гэрчлэх билээ.
П. Чайковскийн нэрэмжит энэ удаагийн XV уралдаанд эрэгтэй дуучдын ангилалд манай Г. Ариунбаатарын дараа хоёрдугаар байр – мөнгөн медалийг БНХАУ – ын “тенор” Ван Чуаньюэ, гуравдугаар байр – хүрэл медалийг БНСУ – ын “баритон” Ю Хан Сын, шагналт дөрөвдүгээр байрт ОХУ – ын “басс” Григорьев Дмитрий шалгарсан бол төгөлдөр хуурчдаас ОХУ – ын Дмитрий Маслеев, хийлчдээс БНХАУ – ын хөгжимчин Цзэнь Юй-Чень (хийлчдэд тэргүүн байрыг алгасч хоёрдугаар байр өгсөн), морин хийл хөгжимчдөөс Румын Улсын Ионица Андрей нар тус тус тэргүүллээ.
Манай дуучдын “дэлхийн дуурийн урлагийг тамгалсан” яг одоогийн эдгээр амжилтууд нь манай “монгол дуурийн дуучдын тавь гаруй жилийн уламжлалтай сургалт – МУГЖ, профессор Д. Ичинхорлоо (МУГЖ Г. Ариунбаатарын дуурийн дуулаачин мэргэжлийн багш), МУГЖ Ц. Ерөө (МУГЖ Э. Амартүвшингийн багш) нарын амжилт” юуны өмнө мөнөөс гадна бидний ахан дүүс болох ОХУ – ын Буриад Улсын дуурийн дуулах дэг сургууль –суут төлөөлөгч, алдарт дуурийн дуучин ЗХУ – ын Ардын жүжигчин асан Лхасаран Лодонович Линховоин (1924 – 1980) – ы охин ОХУ – ын Ардын жүжигчин төгөлдөр хуурч – концертмейстер Дарима Лхасарановна Линховоины бэлтгэл сургуулилт – зөвлөгөө чухал нөлөөтэйг бид заавал тэмдэглэх ёстой.
Дарима Линховоин манай П. Ганбаттай хэрхэн сургуулилж, дээр дурьдсан 17 жилийн өмнөх уралдааны “шагналтны дөрөө” – нд хүргэж байсныг энэхүү бичвэрийн эзэн гэрчлэн мэдэх юм. Энэ удаад ч Л. Дарима гуай Г. Ариунбаатарыг “ханатал нь бэлдэж” “тэргүүн титэм” – д хүргүүллээ.
Цэвээн Жамсаранов зэрэг (1881 – 1942) Буриад ястнуудаа монголчууд дагаж Орос орноор дамжин, өрнө дахины шинжлэх ухаан, боловсролын ай савуудтай анхлан танилцаж эхэлсэн зуугаад жилийн өмнөх түүх өдгөө “өрнийн сонгодог урлагийн үйлсэд” давтагдахад гайхах зүйлгүй, зүй тогтлын хэрэг болох биз ээ.
Сонирхолтой нь Буриад зоноос П. Чайковскийн нэрэмжит XV уралдаанаас “хоёр алтан медальт” энэ удаад төрсөн нь түүхэнд урьд хожид хэзээ ч үзэгдээгүй баяр хөөр болоход хүргэж байна. Манай Г. Ариунбаатар өдгөө “Буриадын Дуурийн Театр” гэрээгээр ажиллаж байгаа тул буриадууд “манай хүн” хэмээн ирэхийг нь Үд голынхоо эрэг дагуу тэсэн ядан хүлээж сууна. Харин төгөлдөр хуурын төрөлд тэргүүн байр эзэлсэн Дмитрий Маслеев яахын аргагүй Улаан – Үдэд мэндэлж, өсч торнисон “Орос жүүд” болтой юм…
Монголчууд бидэнд дэлхийн урлагийн зах зээлд олон улсын менежментийн түвшинд ажиллах чадвартай монгол боловсон хүчин өнөөдөр үгүйлэгдэж байх шиг байна.
“Оросын Буриад” – аас цааш ахиад Москвад байрлах “Смол арт” агентлагийн урлагийн менежер Сергей Молчанов Э. Амартүвшингийн гадаад зах зээлд гарах эхний алхамуудыг лавтай санхүүжүүлж, эхэн харгуйг нь хэлж, “луужин” тавьж өгсөнийг энд зориуд тэмдэглэх ёстой.
Олон улсад ажиллаж байгаа урлагийн гүйцэтгэх уран бүтээлчид монголчууд дундаас минь олон арав бий.
Дуучид маань дуурийн дуулах ур чадварын хувьд дэлхийтэй зиндаалаад эхэлтэл, олон улсын урлагийн мэргэжлийн харилцааны хэлээр ярьж, энгийнээр санал бодлоо хэлэлцэх боломжгүй, үл ойлголцох байдалд хүрч байгаа нь яаралтай засууштай манай урлагийн залуусын өнөөгийн нэгэн том асуудал болоод байх шиг байгаа нь харагдлаа.
Уран бүтээлчид маань олон улсын дээд түвшинд урлан туурвиж чадах авч, энгийн гадаад хэл ярианы чадвар, бэрхшээл тун их байгааг энд өгүүлэн буй хоёр уралдааны хувьд ч тэр “Азийн гоц авьяастнууд – 2015” шоунаас ч илтэд харагдсан билээ.
Урлагийн мэргэжлийн сургуульдаа бид “мэргэжлийн гадаад хэл” оруулах, үр дүнтэй сургалт явуулах цаг нэгэнт болоод өнгөрөх шахуу болсон байна. Анхан шатны гадаад хэл заадаг “монгол багшаар гадаад хэл заалгасан, амьдралдаа тэрхүү мэргэжиж буй гадаад хэлээрээ тухайн хэл тээгчтэй нь огт харилцаж үзээгүй, тэр газар оронд нь очиж сурч, амьдарч, аялж үзээгүйгээр төгссөн гадаад хэлний хичээлийн багш дипломтой” хүнээр урлагийн мэргэжлийн сургууль “хэл ус” заалгадаг практикаасаа татгалзах нь зөв байх аа.
Урлагийн уралдаан – тэмцээн – наадам нь спортын ижил төрлийн ажиллагаатай төсөөтэй хэдүй ч эдгээрийг хооронд нь харьцуулаан, дүйцүүлэх нь ихээхэн болхи хандлага байж мэдэх юм.
Спорт сонхирхогч жир хүмүүс нь үзэн харж байгаа тамирчин болон багийн спортын амжилт, авхаалж самбааг харуут сайн мууг нь ялган, хэн нь “хүч” илүүг дүгнэн хэлэх боломжтой байдаг бол урлагийн аливаа уралдаан, тэмцээнд хэн нь “ур“ илүү байгааг өчнөөн олон жилээр урлагийн тухайн нэгэн төрлөөр хар багаас дадлага, сургууль хийж, өндөр мэргэжсэн, туршлага хуримтлуулсан, мэргэжилтнүүдийн явцуу хүрээнд л үнэлэх боломжтой болдог. Иймд урлаг дахь аливаа үзэгдэл, зүйлсийн үнэлэмжийг масс буюу олон нийтийн сэтгэл хөөрөлд бус зөвхөн тухайн төрөл урлагт экспертийн үнэлгээ өгч чадах мэргэжилтний үгэн үнэлгээг үзэгч – сонирхогчид “хүндэтгэн” дагаж заншсан нь (манай хөгжмийн урлагт гагц хүний амыг сүүлийн гуч гаруй жил сонсоод хэвшчихсэн нь олон ургальч – плюрали байх ёстой соёлт нийгмийн жишиг маань “монополи” аястай болсон нь “дорнын монгол” сэтгэлгээний онцлог л гэж тайлахаас өөр аргагүй) өндөр хөгжсөн улс орнуудад нэгэнт хэвшсэн хандлага ажээ. Мэдээж урлагийг хэрэглэгч хувь үзэгч хүний санал, бодлыг үгүйсгэн хориглохгүй. Нийгмийн сүлжээнд санал – коммэнт бичих эрх бидэнд олонхи орны иргэдийн адил чөлөөтэй байдаг билээ.
Сүүлийн дөрвөн жилд нүсэр том бүтэцтэй, насаар ахимаг хийгээд дэлхийд нэр нөлөө бүхий “Би Би Си” BBC хэмээх Нэгдсэн Хаант Улсын Англи олон нийтийн, өргөн мэдээллийн корпорацаас явуулдаг урлагийн төсөлт ажиллагаа хоёр ч удаа “монголын довтолгоон” –д урьд хожид сонсогдоогүй дуулиантайгаар нэрвэгдээдхэв. Английн “хаад – лоорд” угшилт үзэгчид цочирдон, балмагдацгаав.
Хатан хаантай орон руу ийн хийсэн давшилтын гол зэвсэг нь монголчууд бидний цогцлоосон хөгжмийн урлагийн “бат хос жигүүр” болох монгол “ардын хөгжим” – хөөмэйн урлаг (2011 сарын долоон сард Лондон хотын төвд орших Альберт Хааны нэрэмжит Концертын Ордонд болсон “Би Би Си – Цуврал концерт – Хүмүүн Дэлхий – 2011” (BBC Proms 2011 Human Planet) тоглолтонд “Ази Тивийн Гоц Авьяастан – 2015” тэмцээний дэд байрын шагналт ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг маань эхний цочир цохилт хийж, шуугиан тарьсан билээ) болон манайхны нэгэн жаранд бүтээсэн “дэлхийн сонгодог” дуурийн дуулах урлаг (УДБЭТ – ын гоцлол дуучин, МУГЖ, олон улсын уралдааны удаа дараагийн тэргүүн байрын шагналт Э. Амартүвшингийн “Би Би Си – Кардиф – Дэлхийн Дэвжээний Дуучин – 2015” олон улсын дуурийн дуучдын уралдааны гурвын давааны түрүү болон төгсгөлийн айргийн тавд үлдэж, “Үзэгчдийн тусгай шагнал” буюу дэд байр эзлэн хоёр дахиа шуугиулаад авав) энэ удаа болоотхов.
Э. Амартүвшингийн сая оролцсон “Би Би Си – Кардиф – Дэлхийн Дэвжээний Дуучин – 2015” дуурийн дуучдын уралдаан нь 1983 оноос эхтэй, хоёр жил тутмын уралдаан ба Би Би Си корпорацийн Үэльс (BBC Cymru Wales) дэхь салбар санаачлан, эрхлэн явуулдаг аж.
1989 онд тэр үеийн ЗХУ – ын дуучин, өдгөө Анна Нетребко (1971), Ольга Бородина (1963) нарын “дэлхийн дуурийн Орос одод” – той хамт Оросын дуурийн дуулах урлагийг дэлхий дахинаа ид гайхуулан, төлөөлж яваа аргил – баритон хоолойт ОХУ – ын Ардын жүжигчин Дмитрий Хворостовский (1962) түрүүлж байжээ. Харин хоёр жилийн өмнө АНУ – ын меццо – сопран хоолойт дуучин хатагтай Жэми Бартон (Jamie Barton_1980) тэргүүлсэн байна.
Кардифын уралдааны хүрээнд 2001 оноос “Шилдэг дуу – романсын дуучин”, 2003 оноос “Үзэгчдийн нэрэмжит шагнал” – ыг тус тус нэмж олгож эхэлжээ.
Энэ жилийн уралдаанд дэлхийн олон орноос 350 дуучин Зохион Байгуулах Хороонд оролцох хүсэлтээ илгээснээс зөвхөн 20 дуучны бичлэг, материалыг шигшин, сонгож Үэльс муж –орныхоо нийслэл Кардиф хотод урин залахаар болж, энэ тухай олон сарын өмнөөс зараа түгээсэн байна.
Гэгээн Дэвидын Концертын Танхимд долоо хоногийн туршид Үэльсийн Үндэсний Симфони Найрал Хөгжимтэй, үзэгч дүүрэн болж өнгөрсөн энэ удаагийн дуурийн дуучдын уралдаанд оролцогч 20 дуучныг 4 групп болгон хувааж, групп тус бүрээ I – IV шат хэмээн эрэмбэлж, шат – даваа тус бүрт түрүүлэгчийг тодруулж (I давааны түрүүлэгч – тенор – Алексей Пальчиков (Украйн Улс), II давааны түрүүлэгч – сопран – Лоран Мишээл (АНУ) (Lauren Michelle), III давааны түрүүлэгч – баритон – Энхбатын Амартүвшин (Монгол Улс), IV давааны түрүүлэгч – сопран – Надежда Кучер (Беларусь Улс) тус бүр “Болор хул” – аар байлж, эцэст нь төгсгөлийн шатанд шалгарсан дуучдыг үлдээн, тэндээсээ тус уралдааны гол ялагч (Надежда Кучер (Беларусь Улс) болон үзэгчдийн нэрэмжит шагналтан (Энхбатын Амартүвшин (Монгол Улс), шилдэг дуу – романсын дуучинг (Жон Мин Парк (БНСУ) тодруулж, “Болор цом”, түрүүлсэн дуучинд 15000 фунт стерлингийн шагнал (45 орчим сая төгрөг), мөн Англи орноор аялан тоглох эрх гардуулсан билээ.
“Би Би Си – Кардиф – Дэлхийн Дэвжээний Дуучин – 2015” уралдаан ийн олон даваа, шагналтай болсон нь аль болох дуурийн олон залуу дуучныг тодруулан, алдаршуулах бодлоготой нь холбоотой биз ээ.
Англид болсон “Би Би Си – Кардиф – Дэлхийн Дэвжээний Дуучин – 2015” уралдааны явцад гэгээн Дэвидын Танхимд Э. Амартүвшинг хамсран хөгжимдсөн, мөн Альберт хааны нэрэмжит Концертын Ордонд “Хөсөгтөн” хамтлагийн тоглолтын ар – фоононд сууж харагдах Би – Би – Си – Уэльсийн Үндэстний Симфони Найрал Хөгжмийн The BBC National Orchestra of Wales (BBC NOW) хамтлаг нь яахын аргагүй орчлонгийн “яруу тунгалаг найрал хөгжим” – ийн сор нь мөнөөсөө мөн билээ.
Энэхүү Үэльсийн их симфони найрал хөгжмийн тоглолт – эгшиг дуугаралтыг энэхүү бичвэрийн эзэн 1988 оны хавар ЗХУ – ын Ленинград Санкт – Петербург хотын Д. Шостаковичийн нэрэмжит Улсын Филармонийн Их Танхимд М. Булган, Н. Бүтэнбаяр, Н. Жанцанноров, Р. Туяацэцэг, Б. Шарав болон бусад цөөн оюутан нөхдийн хамт Олон Улсын Хөгжмийн III Наадмын Третий Международный Музыкальный Фестиваль. Ленинград, 1988 г. МУЗЫКА за ГУМАНИЗМ за МИР и ДРУЖБУ хүрээнд анх сонсож байж билээ энэ наадамд Б. Шарав II симфонио тоглуулсан .
Ленинградын тэртээх наадамд тухайн цагийн дэлхийн аль л шилдэг – тооп, амьд суутнууд гэгдэх 60 гаран орны мэргэжлийн сонгодог хөгжмийн төлөөлөл оролцсоны дунд Японы нэрт удирдаач Тадаки Отакагийн 1947 дохиур дор эгшиглэх Уэльсийн Симфони Найрал Хөгжим хүний үгээр хэлж хүршгүй ариун нандин урлагийн дээдийг бишрүүлэн илтгэж байж билээ. Тэр үед бид “социализмын хөмөрсөн тогоон дор “алтан Москва” – гаас цааш газар орон үгүй” хэмээн орчилдон байсан тул барууны хөгжмийн ололттой, тэр тусмаа хамгийн шилдэгтэй нь анх нүүр огцом тулсанд монгол талаасаа л “өндөр, нарийн мэргэжлийн, бас шилдэг нь гэгдэх” улс чинь нэгэн аугаа урлахуйн ертөнцийн өмнө хий л алмайран, гайхах л үлдэж байж билээ…
Би – Би – Си – Уэльсийн Үндэстний Симфони Найрал Хөгжмийн Хамтлагийн одоогийн ерөнхий удирдаач Томас Сөндэргард (Thomas Sшndergеrd _1969) манай Э.Амартүвшингийн оролцсон 6 – р сарын 17 – ны үдшийн III давааны концерт – уралдааны явцад хамтлагаа удирдаж, хөгжимдсөний сацуу энэ тухайгаа шүүмж бичсэн агаад түүндээ: “… Эхэнд дуулсан баритон, Монголын дуучин Э. Амартүвшингийн хоолой нь бараг аргил басс хоолойд дөхөж очих ба түүний эзэмдэгч, баялаг, өтгөн өнгө нь шууд л сэтгэл татна. А. Бородины “Игорь Ван” дуурийн Игорийн ари – г дуулахаас өмнө энэ дуучны хоолойд арай гэгээлэг, алтлаг дуугаралттай хөгжим сонгосон бол дээр байж хэмээн бодсон авч, Игорийн эхнэрийнхээ тухай гуниглан бодож, дуулах хэсэгт түүний хоолойн өнгө маш сайхан сацарч ирсэн юм.
Умберто Жорданогийн “Андре Шэнье хоёр ”дуурийн "Nemico della patria?" ари – г ингэж дуулахыг би хэзээ, хаана ч сонсоогүй бөгөөд ийм бичлэг ч олж үзээгүй. Хуучны мастерууд болох Гобби, Бастиани нар ч ингэж дуулаагүй мэт. Итали хэллэг цэвэрээс гадна үг, үе бүр дүүрэн, тод эгшиглэж, найрал хөгжим чадлаараа дэмжин, тэтгэснээр уянгын гайхалтай агшинд очсон билээ.
“Риголетто” – г дуулсан байдлыг нь нэгэн том шинэ бүтээл үйлдвэрлэлт хэмээхийн сацуу шүдний байрлал зөвөөс хэдүй уйтай хөгжим ч гэлээ маш сайхан өөдрөг өнгө дуугаралт гэрэлтэж байв.
Хэдүй түүний дуулахуйд ганц нэг эндэл байсан ч ерөнхий хоён нуруунд огт нөлөөлөхгүй бөгөөд түүний дуулахуй зөвхөн Жорданотой зэрэгцэхүйц, ганц амьдрах агшинд тань танд ганц тохиох үйл бөлгөө…
…Э. Амартүвшин бусад нөхөд – өрсөлдөгчдийнхээ дундаас гайхалтай эрчимтэй, хүрэл өнгө дуугаралт, хөгжмийн жигд илэрхийллээрээ тохой илүү байгаа хэдүй ч шүүгчид мэдээж “нялуун” шийд гаргах нь мэдээж. Үргэлж л ингэдэг шүү дээ. Үзэгчид үнэхээр Энхбатыг (Амартүвшинг) шагшин, уухайлан түрж, ялалтын манлай өөд чирч буй ч ялах, ялагдахын дэнс энэ бүтэн сайнд шийдэгдэх хойно.
Эл дуучны нэр мэдээж үргэлжид ой тойнд маань үлдэнэ. Үнэхээрийн байгалийн дуулах ид шид нь хосолсон хамтрахад нийлэмжтэй ховор авьяас.” (орчуулсан Б.Б) хэмээн шүүмжээ төгсгөжээ.
Томас Сөндэргардын энэхүү шүүмжийн үнэлгээ бол манай дуулах урлагт өгч байгаа “дэлхийн дүн – үнэлгээ” хэмээн ухаарна…
Ийнхүү манай сонгодог дуурийн урлаг хоёр дахинтаа дэлхийд тугаа мандууллаа. Үнэхээрийн “дэлхийн брээнд” болсон юм байна даа ! Монгол дуучны дуурь дуулахуйн урлаг.
Бахдамаар бас баярламаар…
Б. Батжаргал
АНУ –ын Аврор – Чикаго – Вашингтон Ди Си – Оошн сити – Аврор хот
2015 – 07– 03
www.Urlag.mn