Эл бэсрэг бичвэрт дуурь буюу “opera” хэмээх итали үг, орон газраас үүдэлтэй монгол түмний цээжинд эгнэгт хадааст, дуутай хууртай, өнө мөнхийн нэгэн театр урлагийн сор бүтээлийн тухай илүүц үг нуршихаар шийдсэнээ та бүхэнд хүргэсү.
Уншигч та урьтаад бараг таасан буй за !
“Сүлд тэнгэр минь болсон” монгол тулгатны засаг, төрийн байгууллага, хувь түшмэдийн санаа, самбаачилан хийсэн ажлыг буруутгах бус харин ч сайшаан хөхүйлж, улам боловсронгуй сайхан болоосой гэсэн ашдын ерөөлөөр хандлаа.
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний Их Баяр Наадам, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Учиртай гурван толгой” дуурийг монголын өргөн мэдээллийн хэрэгслэлээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв, Чингэсийн талбайгаас нийтэд шууд болон бичлэгээр наадмын урьд орой дамжуулсан нь их бага, гадна дотны улсуудын талархлын “аадар бороо” – г даллан дуудсан үйл боллоо.
2015 оны Улсын Баяр Наадмын өмнөх үдэш Чингэсийн талбайд тоглогдсон ”Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүрд “монгол дуурийн дэлхийн брэнд”, энэ цаг дор дэлхийн дуурийн уралдаануудын тэргүүн титмийг МУГЖ Г. Ариунбаатарын хамтаар эвсэн эзэгнэгч, 2011 онд ОХУ –д болж өнгөрсөн П. Чайковскийн нэрэмжит XIV уралдаанд “хоёрдугаар байр – мөнгөн медаль” болон үзэгчдийн нэрэмжит шагналт, БНХАУ – ын Бээжин хотод 2012 онд болсон Италийн “дуурийн од” Плачидо Домингогийн нэрэмжит “Оперaлиа” (Plácido Domingo’s Operalia, The World Opera Сompetition 2012) дэлхийн дуурийн уралдааны тэргүүн – нэгдүгээр байр, 2013 онд Испанийн Барселон хотод болсон Франческ Винясын нэрэмжит олон улсын дуурь – ораторийн дуучдын уралдааны (International Singing Contest Francesc Viñas) хоёрдугаар байр, “Би Би Си – Кардиф – Дэлхийн Дэвжээний Дуучин – 2015” олон улсын дуурийн дуучдын уралдааны гурвын давааны түрүү, “Үзэгчдийн нэрэмжит тусгай шагнал” буюу дэд байрын шагналт УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин дуулсан нь аргагүй л хоолойн эрч чадлын үндэстний бахархал, монгол эрийн гүндүүгүй сэтгэлийн толь болон гэрэлтлээ.
Нансалмаад дуулсан СТА Ш.Наранчимэг, Хоролмаад жүжиглэн дуулсан МУГЖ С.Мөнгөнцэцэг, Балганы дүрийг гаргасан СТА Ж.Бямбажав (мөн Худалдаачны дүрд дуулсан МУГЖ М. Болд) нар тус тусын оноолт дүрийг өмнөх үеийн найдвартай залгамж, өдгөө цагийн чадвар чадалтай уран бүтээлчид болохоо батлан үзүүллээ.
Хэдийвээр дууны өсгөх техник, авиа дамжуулалтын түмэн алдаа мадагтай, амар жимэр жүжгийн үйл хөдлөлдөө анхаарал хандуулах гэхэд гэнэт цочир ”чих шөвөгдөн” бөндөгнүүлэх эс бөгөөс таг чимээ аниргүй болж төвөг удах, олны хэсгийн бүжигчид илэрхий зөрөлдөх зэрэг театрын орчин, орон зайн өөрчлөлтөөс хамаарсан эндэл байсан ч гэлээ УДБЭТ-ын найрал дуучид, балетын анги, симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүн манай үлэмжийн их туршлага хуримтлуулсан, МУГЗ Ж. Бүрэнбэх удирдаачийн дохиур дор тун огшоосон хөгжим – дуу – бүжигтэй сайхан жүжиг үзүүлсэн билээ.
Манайд урлаг соёл, спортын хийгээд олныг хамарсан арга хэмжээнд оролцсон, түүнийг үзэж сонирхсон хүний тоо – статистик хөтөлдөг эсэхийг мэдэхгүй. Статистикийн албанд тийм аргачилал, ангилал, алба байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч Оросууд саяхан зохиогдсон сонгодог хөгжмийн “Чайковскийн уралдаан” – аа 6 сая хүн үзэв хэмээн онцолж байсан нь “урьдын дүү” биднээс урьтаад ямартай ч далд – кибер үзэгчийг тоолдог аргачилал ажил, үйлсдээ хэрэглэдэг болсоных.
Энэ тоо юунд хэрэгтэйв гэж үү !? Аливаа олныг хамарсан арга хэмжээний эрэлт, тоонд үндэслэн аль нэгэн этгээдийн зэрэг зиндаа, үнэ ханшийг тодруулахад хэрэгтэй байх. Энэ нь цээжин пангаар “манай шоу монголд хамгийн алдартай нь” гэж “тархи угаах” – аас сэргийлэхэд тустай байх. Угтаа жир ардад “үнэн мэдээлэл” олж авахад тустай мэт.
“Учиртай гурав” – ыг монгол хэлт аль ч нас, хүйсний төрөлтөн үзэж ойлгоход урлагийн боловсрол огт шаардагдахгүй. Энэ дуурьт очихын өмнөтгөл болгож, дуурь болон балетын урлагийн тухай нуршуу олон лекц, өчнөөн боть “орчуулгын муухан сурах” үзэх бүүр ч хэрэггүй юм.
Угтаа бол энэ дуурийн үйл хөдлөл, зангилаа нь элдэв адармаат үйл явдал үгүй. Магад зурагтаар байнга харуулдаг “Солонгосын олон ангит” “савангийн дуурь” – аас ч илүү ойлгомжтой. Хүртэхэд төвөг садаагүй. “Суут бүтээл энгийнд оршдог” хэмээхийн тод үлгэр билээ л.
Хэдүйвээр эл дуурийн бүтээлийн зохиогчийн эрхийн хугацаа дуусгавар болсон байж болох ч зохиогчийн эдийн бус баялгийн эрхийн хугацаа хязгааргүй тул эх зохиол болон хувирсан, хувилсан, зассан засварлуулсан хувилбарууд хийгээд театрын урлагийн нэг төрөл зүйлийн бүтээлээс нөгөө төрөл зүйлийн “үүсмэл бүтээл” болгон өөрчилж ирсэн түүх, огноо, “зохиогч” хэмээх “бернийн конвенц” – оор дархлагддаг ариун – эрхэм алдарт нь түүхийн туршид нэр хавчуулах гэсэн оролдлого хийгээд зарим зохиогчийн нэр гээгдсэн тухайт асуудалд учир, баримттай хариу олоход урлагийн аль ч түвшний боловсрол мөхөсдөх бөгөөд түүхч, улс төр судлаач, хуульч, утга зохиолын эх зохиол судлагч, хөгжмийн ноот бичгийн гар бичмэл судлаач – шинжээч, ерөөс монгол хэл, соёл, түүх судлалын эрдэмтэн байхыг шаардах бөлгөө…
“Учиртай гурван толгой” дуурийг олон түмэнд үнэ төлбөргүйгээр үзүүлэх төсөлт ажилллагааны нэг тал болох хэвлэл мэдээллийн сурталчилгааны статистик тоон өгөгдлүүдийг цахим мэдээллийн албад хэрхэн тусгасан тухай цөөн баримт жишээлье !
- UBS.MN сайтад 2015 -07-11 – нд Пүрэвдаш Отгонбаяр гэсэн зохиогчтой “Учиртай гурван толгой” дуурийг задгай талбайд тоглолоо” гэсэн дэлгэр мэдээ байна. Үүнд”…Үндэсний, ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурь 65 дахь жилдээ үзэгч түмэндээ хүрч байгаа бөгөөд анх 1934 онд драмын жүжиг, 1942 онд хөгжимт жүжиг, 1950 онд дуурь болсноосоо хойш 2415 дахь удаагаа тоглогдох гэж байна...” хэмээж. Энэхүү мэдээнд 65; 1934; 1942; 1950; 2415 гэсэн түлхүүр тоон өгөгдөл – эрэмбэ харагдана.
- EAGLE.MN сайтад мөн наадмын өдөр гарсан Г. Даша гэсэн зохиогчтой “Наадамчид анх удаа задгай талбайд “Учиртай гурван толгой”-г үзлээ” гэсэн мэдээ байна. Энэхүү мэдээлэлд “…Үндэсний, ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурь 81 дахь жилдээ 2416 дахь удаагаа ийнхүү Чингисийн талбайд эгшиглэн үзэгч түмэнд хүрлээ...” гэжээ. Ингээд нөгөө тоон эрэмбэний маань эхэн ба адаг сүүл хоёр нь лав 81;2416 болж чанарын хувьд хувирч өөрчлөгдсөн байна.
Нэгэн цаг дор болж өнгөрсөн нэгэн үйл явдлын тухай хоёр өөр мэдээлэгч яагаад ийн зөрүүтэй тоо дурьдах болов гэдэг бол асуудал мөн юм. Энэ нь “Учиртай гурван толгой” хэмээдэг бидний амны хэлц уншлага мэт, ая, шад бүрийг нь цээжээр мэддэг, монгол түмний хайртай дуурийн бүтээлийн анхны тоглогдсон хийгээд бүтээгдсэн он монголын соёл урлагийн түүх бичлэгтмаань будлиантай туссан байгаад асуудлын шалтгаан оршино. Тэрнээс тухайн мэдээллийн агентлагийн соёл урлагийн мэдээний сэтгүүлч ажилтны алдаа, хариуцлагын тухай асуудал энэ бол биш юм. Тэр тусмаа тухайн мэдээллийн агентлаг – байгууллагын нэр хүндийг бууруулах гэсэн үйлдэл бүүр ч биш болой.
Ингээд хожмын мэдээ – түүх бичигч улсад хэрэг болуужин хэмээн “Учиртай гурван толгой” буюу “Три печальных гор” хэмээх дуурийн анхны нээлтийн тоглолтын зарын хуудсыг орос хэлнээс монгочилсоноо уншигч танд толилуулахын сацуу цаашид энэхүү суут бүтээлтэй холбогдох тоо баримт дээр дурьдсанчилан бүү будилаасай хэмээн туйлаас хүсэмжилнэ.
Та бүхэн энэхүү кирилл – орос бичгээр дурайх зар бичгийн хуудсыг харж байна.
Лалын шажинтны хээ хуарын билэгдэл болох цэцэг, навчин дүрсэн чимэглэлт /уг шашин амьд амьтныг дүрслэхийг цээрлэдэг, тэр тусмаа хүний дүр дүрслэлийг/ хэвтээ баганаар дээд, доод талыг нь хашсан хүрээний дээд дотор талд оросоор “СРЕДИ ПЕЧАЛЬНЫХ ГОР” хэмээсэн тод, том бүдүүн үсгээр хашилтанд голлуулан бичсэн уг зохиолын нэр нүднээ тусна.
Үүнийг монголоор “УЙ ГАШУУТ УУЛСЫН ДУНД” хэмээн махчилан буулгаж болмоор.
Энэхүү заранд буй зохиолын нэрний дор “ОПЕРА В 4-х ДЕЙСТВИЯХ В 5 КАРТИНАХ” гэж байна. Энэ нь “Дөрвөн бүлэг таван үзэгдэлт дуурь” гэсэн хэрэг болой.
Зарын дээд баруун тийш шахсан өнцөгт цувраа гурван мөр бичиг байна. Түүний эхэнд “Либретто оперы – А. Р. Рабиновича” гэсэн нь “Дуурийн цомнол – туурвил нь А. Р. Рабиновичынх ” гэсэн утгатай. Харин “Текст и стихи Дамдин-Суруна” гэдэг нь “Бичвэр ба шүлгийг Дамдинсүрэн” гэж буй аж. Дамдинсүрэн гэж аль Дамдинсүрэн бэ? гэх асуулт гарч болох авч, мэдээжээр Ардын уран зохиолч, их номч Цэндийн Дамдинсүрэн (1908 – 1986) болох нь ойлгомжтой буй за.
Эл цувраа гурван мөрийн сүүлчийнх нь “Музыка композитора Б. Смирнова” гэсэн байгаа нь “Хөгжмийн зохиолч Б. Смирновын хөгжим” гэж орчуулагдана. Энэ мөрт Смирновын овгийн үсгийг үзэг юмуу эсвэл бэхээр гараар зассан тэмдэглэл ажиглагдана. Зарыг хэвлэхдээ Смирновын овгийн үсгийг “В” хэмээн алдаатай барласан тул түүнийг “Б” болгохын тул үсгийн орой талаас арагш баруун тийш ялимгүй дээш өлийсөн зураадас татжээ.
Зөвлөлтийн хөгжмийн зохиолч, ардын хөгжим судлаач Борис Феодорович Смирнов (1912 – 1971) нь Ленинградын Консерваторийг хөгжмийн зохиолчийн мэргэжлээр дөнгөж төгсөөд, манай Төв Театрын мэргэжилтэн – сургагч – багшаар 1940 – 1946 онуудад ажиллаж байсан билээ.
Энэхүү зарлалын бараг төв хэсэгт “ДЕЙСТВУЮЩИЕ ЛИЦА:” гэсэн тодорхойлох хоёр цэг тавьсан дэд гарчиг байна. Энэ нь “ГАРАХ ДҮРҮҮД:” гэсэн утгыг илтгэнэ. Ингээд цааш дүрүүдийг 7 хүртэл дугаарлан жагсаажээ.
Үүнд:
1. Нансалма – нар. арт. респ. (орденоносец) Ичин-Хорло
_ “_ (орденоносец) Эрэнцин-Норбо гэсэн нь “Нансалмаад – БНМАУ – ын Ардын жүжигчин (Одон Тэмдэгт) Ичинхорлоо болон (Одон Тэмдэгт) Рэнцэнноров нар дуулна” гэсэн утгатай.
2. Юндун (вожак охотников) – засл. арт. (орденоносец) Цирен-Дендуб. Гэсэн хоёрдугаар дүрд “Юндэн (анчдын ахлагч) – Гавьяат жүжигчин (Одон Тэмдэгт) Цэрэндэндэв” гэсэн байна.
3. Харлама (богатая девушка) – арт. Ханда – Сурун. Гэдэг нь “Хоролмаа (баян бүсгүй) – жүжигчин Хандсүрэн” гэж байна.
4. Балган (знатный хан) – арт. Лубсан и Даши-Пунцык. Гэсэн нь “Балган (угсаат ноён) – жүжигчин Лувсан болон Дашпунцаг”.
5. Ханские прислужники – засл. арт. (орденоносец) Джадамба
_ “ _ _”_ арт. Цэндэху – гэдэг нь бол “Ноёны албатууд – Гавьяат жүжигчин (Одон Тэмдэгт) Жадамбаа болон жүжигчин Цэндээхүү” гэж.
6. Купец заморский – арт. Джигмитдоржи гэж буй нь “Далайн чанадын худалдаачин – жүжигчин Жигмиддорж” гэж байгаа аж.
7. Певец – нар. арт. МНР (орденоносец) Доржи-Дагва гэсэн долоо гэж сүүлчийн дугаарласан мөрөнд “Дуучин (Найрын уртын дуучин Б.Б) – БНМАУ – ын Ардын жүжигчин (Одон Тэмдэгт) Дорждагва” хэмээн тус тус “Учиртай гурван толгой” дуурийн дүрүүдийг жагсаан бичжээ.
Энэхүү дуурийн үйл явдлын гол дүрүүд нь юу болох тэдгээрт хэн гэдэг жүжигчин дуучин гарч дуулах хийгээд цол гуншингийнх нь дараа залгуулаад олны хэсгийн дүрүүд хийгээд энэхүү дуурийн жүжгийг бүтээхэд хэн хэн ямар үүрэгтэй оролцсон ба уг жүжиг болон манай Одон Тэмдэгт Улсын Төв Театрт ямар алба үүрэг гүйцэтгэдэг зэргийг эцэст нь овог нэртэй нь нэг бүрчлэн жагсаан бичжээ.
Үүнийг сийрүүлбэл:
“…Охотники, слуги хана; жены, приживалки и гости.” – “Анчид, ноёны барлагууд эхнэрүүд, ноёны гэр бараадагчид болон гийчид”.
“Постановка худож. руков. театра А. Р. Рабиновича ” – “Найруулан тавьсан театрын уран сайхны удирдагч А. Р. Рабинович”.
“Худож. оформление гл. художника Н. Н. Бельского” – “Уран сайхны чимэглэлийг ерөнхий зураач Н. Н. Бельский”.
“Композитор Б. Ф. Смирнов” – “Хөгжмийн зохиолч Б. Ф. Смирнов”
“Гл. дирижер – Дамдин-Сурун” – “Ерөнхий удирдаач (Билэгийн Б.Б) Дамдинсүрэн”.
“Декорации, костюмы, бутафория, парики собственных мастерских театра” – “Тайз засал, хувцас, жижиг хэрэглэл, хиймэл үс зэрэг нь театрын өөрийн урлангийнх болно”.
“Зав. постановочной частью – Гава” – “Найруулан тавих хэсгийн ахлагч – Гаваа”.
“Директор Ламажаб” – “(Одон Тэмдэгт Улсын Төв Театрын Б.Б) Дарга Ламжав”.
Та бүхний өмнө дэлгэн буй энэхүү зарын хуудсанд оросоор бичсэн бүх үгсийг өнөөгийн монгол – кирилл бичигт хөрвүүлэн буулгавал иймэрхүү байх болов уу.
Уг зарын хуудасны фото хуулбарыг манай ууган хөгжмийн судлаачдын нэгэн болох Дарамын Батсүрэн (1938 – 1996) агсаны гэрийн архиваас эхнэр М. Энхбаярынх нь зөвшөөрсөнөөр 2000 оны өвөл энэхүү бичвэрийн эзэн авсан болно.
Энэхүү зарын жинхэнэ эх нь ОХУ – ын нийслэл Москва хотын М. Глинкийн нэрэмжит Хөгжмийн Соёлын Улсын Төв Музейд (Государственный центральный музей музыкальной культуры им. М. И. Глинки) хадгалагдан байх учиртай. Магадгүй манай зарим ахмад уран бүтээлч, цуглуулагчдын хувийн сан хөмрөгт ч байж болох.
Хөгжим судлаач Д. Батсүрэн гуай 1980 оны эхээр Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны томилолтоор Москва хотод дээр нэр дурьдсан музейн архивт ажилласан. Энэхүү ажлынхаа тайлан болгож, 1982 онд “Үнэн” сонин болон “Соёл” сэтгүүлд Б. Смирновын өвийн тухай тун дэлгэрэнгүй, нухацтай өгүүллүүд нийтлүүлсэн нь бий. Д. Батсүрэн гуай чухам энэ томилолтынхоо үед дээрх зарын хуудасны фото хуулбарыг хийлгэж авсан байх магадтай. Энэхүү музейн архивт хөгжим судлаач Ж. Энэбиш гуай мөн зочилсон билээ.
Эл бичвэрийн эзэн 1996 оны хавар тус музейн архивт хөгжмийн зохиолч Б. Смирновын хөгжмийн ноотны гар бичмэлүүдтэй танилцах явцдаа “Партитура” (Найрал хөгжмийн хуваарилалт) гэж дээд мөрөнд нь бичээд дараагийн мөрөнд “opera” (Дуурь) гэж италиар дурайлгасан, тэгээд “3 печальных бугорка” (Харуусалт гурван довцог), “три головы”(Гурван толгой) гэсэн давхар нэрийг оросоор тэмдэглэсэн, эдгээр мөрний завсар “Для национального оркестра Государственного Монгольского театра, Хора и солистов.” (Монголын Төв Театрын үндэсний найрал хөгжим, найрал дуу, гоцлол дуучдад зохируулав) гэж оросоор, баруун доод талд нь худам монголоор “Учиртай гурван толгой” хөгжим Б. Ф. Смирнов” гээд энэхүү бичгийн өмнөхөн нь “Учиртай гурван толгой” гэж кириллээр хэв барагтайхан бичсэн, бүүр баруун дээд өнцөгт нь “Б. Смирнов” гэсэн гарын үсэг бүхий нийт 135 нүүр хуудас найрал хөгжмийн найруулгын товчооны фото хуулбарыг хийлгэж авсан билээ.
Энэхүү ноотыг уг дуурийн хөгжмийн анхны хувилбар гэдэгт эргэлзэхгүй байгаа юм.
Уг зарын хуудас яагаад оросоор бичигдэх болов гэдэг асуулт өнөөгийн монгол хэлт иргэдэд сонин байж болох. 1941 онд монголчууд кирил бичигт шилжжээ. 1942 онд тухайн үеийн манай орны гол, төв хэвлэл болох “Намын үнэн” сонин маань орос хэлээр бүтэн жилийн туршид гарчээ. Мөн энэ сонин 1946 онд бас оросоор хэвлэгдсэн байна. Ямар учиртай “Үнэн” сонин ийн орос хэлээр гарч байсныг түүхчид тогтоосонд эргэлзэмгүй.
Энэхүү зарын хуудас хэзээ хэвлэгдэн, чухам аль цаг дор, хаана олны нүдний өмнө өлгөгдөн байсныг тодруулах шаардлага буй. Учир нь дээрх зарын хуудсан дээр ямар нэгэн он тооллын тухай мэдээлэл огт байхгүй байгаа юм.
Монгол Улсын Түүхийн Төв Архивын Фонд № 13, данс № 1, х/н № 66 гэсэн хавтасны 50 – р хуудсанд “…Одон Тэмдэгт Улсын Төв Театрын 1942 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гүйцэтгэл ба жилийн эцсийн дүн илтгэл…” гэсэн тус театрын дарга Ламжавын худам монголоор гараар сийрүүлсэн тайлан байна. Эл тайлангийн 51 – p хуудсанд “…Нэгдүгээр зүйл…3.“Учиртай гурван толгой” хэмээх жүжгийг 4 – p сарын 29 – ний өдөр олон нийтийн өмнө тавьсан…” гэж бичжээ.
Дээр өгүүлсэн он тоолол нь угтаа уг дуурийн анхны тоглолтын огноог тодруулах баримт мөн хэмээн үзнэ. Чингэхээр энэхүү зарын хуудсыг энэ цаг үест, энэхүү үйл явдлыг тохиолдуулан Төв Театрын орчим олны мэлмий дор өлгөн байсан нь магадтай.
Жич: “Учиртай гурван толгой” дуурийн тухай уншигч та доорхи номзүйн товч жагсаалтаас мэдлэгээ арвижуулж болох юм.
Үүнд:
- Ардын жүжигчин Б. Дамдинсүрэнгийн дуртгал // Хүүхэд – Залуучуудын нэвтэрхий толь. II боть, Улаанбаатар: “Улсын Хэвлэлийн Газар”; Москва: “Прогресс” Хэвлэлийн Газар, 1986, x. 376.
- Батжаргал Б. “Учиртай гурван толгой” – н учрыг мөшгихүйд // Ардын эрх – Ням гариг, 1996.09.08. № 36 (131). Нүүр 4.
- Батсүрэн Д. Смирнов багш // Үнэн, 1982, № 243.
- Батсүрэн Д. Б. Смирновын монгол дахь өв // Соёл, 1982, № 3. x. 49-52.
- Дашдаваа Ч., Цэрэндорж Г. Анхны тоглолт, анхны шүүмж // Үнэн, 1988.05.11, № 113 (17016).
- Лебединский Л. Памяти Б. Ф. Смирнова // Музыка Народной Монголии. М., “Музыка”, 1975. c. 152-157.
- Лутбаяр Н. Орос хүн манай анхны дуурийн хөгжмийг зохиосон гэхэд эмзэглэх хэрэггүй // Ардын эрх, 1996.09.06. № 178 (1396).
- Смирнов Б. Ф. Музыка народной Монголии. М., 1975.
- Цэндорж Г. “Учиртай гурван толгой” дуурийн хөгжмийн зохиолч нь хэн бэ ? – Кто является автором музыки оперы “Среди трех печальных гор”. Улаанбаатар, 2003. 72 х.
- Энэбиш Ж. Б. Смирнов, монголын хөгжим // Соёл, 1982, №. 3. x. 46-49.
- Wu, Winston 1978. “The Three Sorrowing Hills, Mongolia’s First Opera: An Examination of Literacy and Musical Genre.” In North American Conference on Mongolian Studies, 1st. Bellingham, WA, pp. 41-53.
Эцэст өгүүлэхэд цааш ирээдүйд “урлаг соёл” – ын алив үйлээр “нүүрний тах – өөш” хийн олон ардыг цуглаан ирүүлж, өмнө нь цэцэрхэн донгодогч элдэв “эвэртэн,туурайтан” болон улс төрийн элдэв ашиг, хонжоо хайгч “атгаг өчүүхэн санаат хүмүүн” байх ахул юуны өмнө монгол соёл урлаг, урансайхны учир начрыг нь сайтар тунгаан анзаарч, утга явдлыг нь өөрт заяагдсан тархиар, эс барвал тэр зүгийн тандаач улсаар танан хянуулж байж ам ангайж, явдал үүсгэж байваас нэн зохилтой санагдана.
Мөн өргөн олныг хамарсан арга хэмжээнд оролцогч уран бүтээлчиддээ “төсөвийн өчүүхэн цалинд нь багтаан тооцуулж” залилан хийх бус, энэхүү урлагийн ажил нь авьяас, хөлс хүч нэн онцгой шаардсан үнэтэй ховор ажил байх тул уран бүтээлч хүн нэг бүрийн нэр, данс дээр “Сосорбарам шиг ардчилсан түмний халаасаар нүнжигтэй загнан” тусгайлан нэмүү хөлс, шан олгож хэвших болтугай хэмээн ерөөе !
Б. Батжаргал