Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяртай ярилцлаа.
-“Баялаг бүтээгч” төсөл хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ төслийг санаачлах болсон шалтгаан юу байв?
-Төсөл маш энгийн санаанаас эхэлсэн. Долларын ханш өсөж, уул уурхайн салбар эргэлтэнд орохгүй, эдийн засаг хямрах нь гэсэн ганц мессежнээс л энэ санаа төрсөн. Тэгээд бид яах ёстой вэ гэж олон иргэний адил бодсон. Хямралаас гарах хамгийн энгийн арга бол өөрсдийн үйлдвэрлээд байгаа тэр бүтээгдэхүүнээ ядаж өөрсдөө худалдаж авдаг байх. Ингээд байвал ядаж үйлдвэрлэлээ татаж босгоод, гадагшаа урсдаг мөнгө дотооддоо үлдэнэ. Яг л БНСУ хямралыг даван гарсан шиг. Энэ тухай олон хүн ярьдаг ч үүний төлөө алхам хийсэн нь цөөн байдаг. Мэдээж манайд үйлдвэрлэлээ хөгжүүлэх төрийн бодлого бий. Бид 2014 онд судалгаа хийсэн. Аль ч засгийн үед жижиг дунд үйлдвэрлэлд хандсан зээл өгч байжээ гэсэн дүн гарсан. Нэг аймагт тэрбум гаруй төгрөг гэхээр нэлээд мөнгө өгсөн байгаа юм. Гэтэл тэнд маркетингийн болон брэндингийн судалгаа маш бага хийгдсэн төдийгүй кластер ложистикийг харж өгөөгүй нь анзаарагдсан. Энэ бол төрийн ажил.
Харин бид юугаар тусалж чадах вэ. Манайх бол медиа агентлаг. Бидэнд телевиз, сэтгүүл, радио, сайт, сошиал ертөнцөд ажилладаг баг, радио байна. Энэ бол тэр чигтээ маркетингийн хэрэгсэл шүү дээ. Тэгээд л өөрт байгаа нөөц бололцоонд тулгуурлан үндэсний үйлдвэрлэгчдээ сурталчилж, дэмжихээр шийдээд эхлүүлсэн. 10 сар болж байна даа.
-Танай эфирийн ихэнх цагийг “Баялаг бүтээгчдийг дэмжинэ ” төсөл эзлээд байна уу даа?
-“Масс агентлаг” бол өөрийн гэсэн бодлого, чиглэлтэй байгууллага. Бидний таван жилийн стратегид үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэсэн гурван жилийн зорилт орсон. Тэгэхээр медиа агентлагт харьяалагдаж байгаа байгууллага бүр үүнийг бодлогодоо тусгадаг гэсэн үг. Тиймээс эфирийн тодорхой хувийг эзэлж байгаа. Тэр чигт нь бол биш шүү дээ. 20 цагийн эфирийн 20-30 хувь нь гэсэн үг л дээ. Өнөөдрийн байдлаар гэхэд Өвөрхангай аймгийн баялаг бүтээгчдийн нэвтрүүлгүүд гарч байна. Та ихэнх цагийг эзэлж байна уу гэж асуулаа. Энэ нэвтрүүлгийг үздэг үзэгчид олон болсон болохоор танд тэгж санагдсан байх. Хэвлэлийн салбарт нэг эерэг хандлагыг энэ төсөл авчирсан. Мэдээ, нэвтрүүлгээрээ дамжуулан бид болж бүтэж байгаа зүйлийг өдөр бүр харуулж байна. Энэ нь өөрөө том ололт. Манай сэтгүүлчдийн 60 хувь нь хөдөө орон нутагт ажиллаж байна. Тэд төслийн нэвтрүүлгийнхээ хажуугаар цаг үеийн мэдээ, мэдээллийг ч давхар түгээж байгаа.
Хэрвээ манай төслийн нэвтрүүлгийг үздэг бол нэг зүйлийг анзаарч болно. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нэгдсэн бодлого дутагдаж байгаа. Уул уурхайн том төсөл зогсоход уул уурхайг тойрсон бэлтгэн нийлүүлэгчид доголдоод, барилгын салбар, бусад аж ахуйн нэгжүүдэд нөлөөлж эхэлдэг юм байна. Тэр нөлөөлөл нь бараг бүх салбарт харилцан нөлөөлөл үүсгэж байна. Энэ олон үйлдвэрлэгчид тархай бутархай байдлаасаа салж, нэгдэж дуу хоолойгоо төрд хүргэж, төрөөс тааламжтай бодлого гаргуулж, зах зээлээ сайжруулах хэрэгтэй. Үүний тулд төслийн хажуугаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулсан. Мөн бараа бүтээгдэхүүнээ чанарын нэг түвшинд хийж, үнийг нь буулгах нэгдсэн бодлого барих шаардлага харагдаж байна.
Ер нь нэвтрүүлэгт оролцсон хүмүүсээс маш олон талархлын үгс ирдэг. Бараа бүтээгдэхүүнээ үнэгүй сурталчилсанд баярлалаа, та нарт яаж туслах вэ гэдэг. Бас үүсч байгаа бэрхшээлээ ярьдаг. Тэр үед нь холбооны үйл ажиллагаандаа сайн оролц гэдэг. Учир нь тэр хүнд тулгарч байгаа асуудал өөр хүнд ч бий. Төсөл, хөтөлбөр хөдөө орон нутаг, нийслэл, олон улс гэсэн гурван үе шаттай хэрэгжиж байгаа. Ингэж бид аль болох олон баялаг бүтээгчид хүрэхийг зорьж байна. Эндээс нэг дүгнэлт гарна. Үүнд тулгуурласан ажил хэрэгжинэ. Бас үр дүн ч гарна. Улсын хөгжил баг, сум, аймаг, нийслэлээсээ зэрэг явж байж Монгол Улс нийтээрээ хөгжинө. Үйлдвэр сэргэж байж улс сэргэнэ. Эдийн засгийн хямралыг нэгдэж, хамтарч байж давна.
-Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулагдаад багагүй хугацаа өнгөрсөн. Үйл ажиллагаа нь хэр жигдэрч байна?
-Төсөл, хөтөлбөр эхэлснээс хойш нийгмийн захиалга, үйлдвэрлэгчдийн хүсэлтээр Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулагдсан. Гуравдугаар сард байгуулагдаад тавдугаар сарын сүүлээр анхдугаар чуулганаа Төрийн ордонд хийсэн. Бага хурлаа хийж удирдах зөвлөлөө сонголоо. Миний хувьд ерөнхийлөгчөөр нь сонгогдон ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар бид хөдөө орон нутгийн салбар зөвлөлийн хурлуудаа хийгээд явж байна. Нийт 11 аймагт ажиллаад байгаа. Удахгүй үлдсэн аймгуудаараа явж үйлдвэрлэгчдээ нэгтгэж, тэдний дуу хоолойг сонсоно. Би зөвхөн энэ компанийн төлөө биш, нэгэнт холбоо байгуулагдаж, үүнийг удирдаж байгаа учраас үндэсний үйлдвэрлэгчдийн төлөө ажиллах үүрэг хүлээж байна. Хэдийгээр энэ холбоо гишүүддээ үйлчилдэг ч, зарим улсын жишээнээс харахад илүү амжилтад хүрэх ч боломж бий. Герман, Англид ийм төрлийн холбоо бүсээрээ, эсвэл төрлөөрөө нэгдэж хоршоо хэлбэрээр ажиллаж, дундын сан байгуулж, нэгнээ үе шаттай хөгжүүлж, гаргаж ирж, үр дүнд хүрсэн нь бий. Бид одоо бол төрийн институтээс илүү судалгааны материалтай болсон. Одоогоор холбоонд 890 гаруй үндэсний үйлдвэрлэгч элссэн. Гишүүд, дэмжигчдийн тоо 6000 хол давсан. Холбооны гишүүд хураамж төлж эхэлсэн. Ингээд тодорхой хэмжээгээр санхүүжилттэй болж байгаа учир хэнээс ч гуйхгүй, өөрсдөө нэгдээд ажиллаж эхэлсэн.
-Төсөл өнөөдрийг хүртэл үргэлжлээд ямар үр дүн гарсан бэ?
– Үзэгчид, нийт масс “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийг мэддэг болжээ. Баялаг бүтээгчдийн тухай ярьдаг ч болж байна. Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сонирхдог худалдан авдаг, эрж сурдаг болжээ. Төсөлд хамрагдсан баялаг бүтээгчид бие биетэйгээ холбоо тогтоож эхэлсэн байна. Энэ бол маш том үр дүн гэж бодож байна. Анх төслөө эхэлж байхдаа орон нутгийн 100 үйлдвэрийг сурталчилна гэж байсан бол бидэнд хөдөө орон нутгаас ар араасаа саналууд ирсээр байсан. Ингэсээр байгаад бид 660 гаруй нэвтрүүлгийг зөвхөн орон нутгаас бэлтгэсэн байна. Хөдөө орон нутагт ажиллахад байгууллагаас зардал гардаг. Урсгал зардлаа тодорхой хэмжээгээр авахгүй бол манайх өөрсдөө хүнд байдалд орж эхэлсэн. Сая есдүгээр сараас урсгал зардлаа авдаг болсон. Үйлдвэрлэгч нар үүнийг ойлгоод дэмжиж байгаа. Бид одоо л ажилтнуудаа урамшуулал өгч эхэлж байна. Бид хүнд үеийнхээ ард гарсан.
Үйлдвэрлэгчид бие биетэйгээ холбоо тогтоож, хамтарч эхэлсэн тухай дээр хэлсэн. Бие биенээсээ зөвлөгөө сургалт авч эхэлсэн. Дорноговь аймагт байгуулагдсан “Эко бадрах” компани байна. Сайншандын хогийг цуглуулж бутлаад зардаг. Ганцхан эмэгтэй л түүнийг ажиллуулдаг. Тэр эмэгтэй туршлагаасаа хуваалцаж, олон аймагт очиж сургалт явуулсан. Бас нэг жишээ нь Сэлэнгэ аймгийн савхины үйлдвэр л гэхэд Орос руу савхиа гаргадаг юм байна лээ. Оросоос захиалга их авдаг гэнэ. Манай нэвтрүүлэгт орсноор захиалга нь нэмэгдэж, дахин нэг жижиг үйлдвэр байгуулсан. Өвөрхангайн иргэн өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд суран эдлэл хийдэг байсан бол төсөлд хамрагдсаны дараа Монгол орны өнцөг булан бүрээс захиалга авч эхэлсэн байна. Уяачид голдуу түүнд ханддаг болсон байна. Энэ мэт олон жишээ байна. Хамгийн гол нь баялаг бүтээгчдийн өсөж дэвжих, өргөжих хүсэл нэмэгдэж, төслөөр дамжуулж мэдээлэл олж авах, төр болон бусад байгууллагатай холбогдох гэх мэтээр шинэ түвшинд гарах боломжууд нээгдэж эхэлж байна. Дээр нь нийгэмд төсөл чамгүй нөлөөлсөн гэж бодож байна. Монголчууд баялаг бүтээгчдээрээ бахархаж эхэлж байна. Тэдний хийсэн бараа бүтээгдэхүүнийг 10 хүний нэг нь сонгодог байсан бол одоо таван хүний нэг нь худалдан авдаг болсон гэдэгт итгэлтэй байна. Бид бусадтай л адил энгийн амьдрал дунд, хүмүүсийн дунд аж төрж байгаа учир энэ хандлагыг мэдэрч байна.
–Төсөл хэрэгжсэнээс хойш дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн гэсэн үү?
-Хөрөнгийн бирж дээр “Баялаг бүтээгчдийн дэмжинэ” төсөл хэрэгжиж эхэлснээс хойш ДНБ 34.4 хувь өсөлттэй гарлаа гэсэн тайлбартай мэдээлэл гарсан гэсэн.
-Төсөл цаашид хэдэн жил үргэлжлэх вэ?
-Манай төсөл таван жил хэрэгжих юм. Таван жилийн дараагаас үйлдвэрүүд томрох боломжтой. Үйлдвэр байгуулаад шууд үр ашгаа өгдөггүй. Тодорхой хугацааны дараа ашиг өгнө. Тиймээс бид таван жилийн хөтөлбөр гаргасан. Энэ жил үйлдвэрлэгчээ сурталчлаад ирэх жилд бараа бүтээгдэхүүн нь худалдан авагч нарын санаанд нийцэж байна уу гэдгийг судалж ажиллая. Ингэж хэрэглэгчид эргээд үйлдвэрлэгчдэд шаардлага тавьж эхэлбэл мөн л урагшлахад нөлөөлнө. Төслийн гурав дахь шатны хугацаанд үндэсний сэтгэлгээ, худалдан авалтыг сайжруулах, үзэсгэлэн худалдаа гаргах зэрэг ажил руу орно. Мөн холбооны бодлогын том ажлуудаа эхлүүлнэ.
-Холбооны зүгээс цаашдаа ямар арга хэмжээ авч ажиллах нь уншигчдад сонирхолтой байх?
– Одоо бол гишүүд, дэмжигчид нийлээд 6000 гарсан байгаа. Холбооны гол зорилго бол дэлхийд Монголын брэндүүдийг гаргах. Тэднийг ажилтай байлгах. Мэдээж энэ бол хэтийн зорилго. Харин ойрын зорилго бол баялаг бүтээгчид нэгдэж, нэгдсэн бодлогоо тодорхойлох. Үүний тулд томоохон судалгааны ажлыг холбоо эхлүүлээд байна. Холбооны гишүүд яг юу үйлдвэрлээд, хэнд хандаад, ямар бэрхшээл тулгарч, ямар хэрэгцээ шаардлага байна гэдэг дээр судалгаагаа чиглүүлж байна.
Бас нөлөөллийн ажлууд хийж байна. Төр өөрөө худалдан авагч байх ёстой гээд бид төрийг шахаж ажиллана. Хэчнээн үнэтэй байсан ч үйлдвэрлэгчдээ дэмжиж байж тэд хөгжинө. Энэ талын заалт хуульд бий ч бодит байдал дээр хэрэгжиж байгаа эсэхийг хянах хэрэгтэй. Бас зарим нэг холбоо үйл ажиллагаагаа сул явуулдаг байснаас болоод холбоо өөрөө татвар хураамж авдаг байгууллага болж хувираад байгаа шүү дээ. Манай холбооны гишүүд жил бүр мөнгө төлөөд явах биш, холбоонд нэгдсэнээрээ асуудлаа шийдвэрлүүлж, бараагаа сурталчлуулж, захиалга авна. Тэгэхээр холбоо гэдэг бүрэн утгаараа ажиллах болно. Энэ мэтээр л хийх ажил их байна даа.
С.Ариун