“Урлаг дахь эмэгтэйчүүдийн хэвшмэл дүр”. Монголынхоо урлаг дахь эмэгтэйчүүдийн дүрийн тухай бодлоо. Хамгийн түрүүн кино урлаг санаанд оров. “Сэрэлт”-ийн Бумаа, “Мандухай сэцэн хатан”-ы Мандухай орж ирж байна. Дууриас “Учиртай гурван толгой”-н Нансалмаа. Балетаас ардын жүжигчин Ю.Оюуны тоглосон цагаан хун буюу Одетта гүнж, дүрслэх урлагаас ардын зураач Д.Амгалангийн “Ээж ээ, сайн байна уу” зураг орж ирж байна аа. Энэ бүхэн тухайн тухайн үеийнхээ үзэгч, олон нийтийн таашаалд нийцэхийн зэрэгцээ сэтгэлд нь хоногшиж өнөө хүртэл амнаас ам дамжин яригдаж, зарим нь домог болон мөнхрөх ч янзтай. Киноноос гэвэл Бумаа нэрээр мөнхөрч буй жүжигчин Т.Цэвээнжав агсны бүтээсэн дүр болгон сэтгэлд нэг л дулаахан, хайр хүргэм байдаг нь зохиолчийн ухаан, жүжигчний ур чадвар, найруулагчийн дүр сонголттой холбоотой биз ээ. Мандухай хатны дүр түүхийн тухай ойлголт өгдөг, кино адал явдал ихтэй, тэгээд ч зохиол, хөгжим зэргээрээ үзэгчдийн сэтгэлийг татдаг. Дуурийн Нансалмаа дурлалт хүндээ чин үнэнч монгол эмэгтэй. Болж өгвөл бүх монгол эмэгтэйчүүд Нансалмаа шиг хайр сэтгэлдээ үнэнч, журамт эмэгтэй байгаасай гэсэн хүсэл зорилгоор бий болгосон дүр гэж харагддаг. Тэгээд ч хэсэгтээ үүргээ гүйцэтгэсэн болов уу. “Хунт нуур” балетын бүтээгчид гадаад, сонгодог бүтээл ч гэлээ Монголын тайзнаа монгол уран бүтээлчид тавьснаас л хойш монгол бүтээлд тооцогдоно. Энэ балетын цагаан хун, Одетта гүнжид үе үед балетчид тоглосоор ирсэн ч бидний үеийнхний сэтгэлд Ю.Оюуны бүжиглэснээр хоногшсон. Одоо энэ дүрийг сайтар бүтээдэг балетчид байдаг ч илүү сайныг нь үзэж биширсэн үзэгчид өнөөх жүжигчнээ үгүйлээд, хүсэмжлээд байдаг юм байна. Ю.Оюун уг дүрийг Монголын тайзнаа ингэтэл зурж дархалжээ.
alhamсуварганЗа тэгвэл эдгээрээс хойшхи үеийн урлагийн ямар бүтээлээс эмэгтэйчүүдийн сэтгэл татам дүрийг нэрлэж болох вэ. Кино, дуурь, балет, драмын жүжиг, дүрслэх урлагийн аль алинаас. Сэтгэл татах гэдэгт дүр бүтээж буй жүжигчдийн сайхан царай, гоолиг бие огтоос хамаарахгүй билээ. Мэдээж урлагийн бүтээлд харагдах байдал чухал, гэхдээ түүнээс чухал нь өгүүлэмж, илэрхийлэл. Энэ үүднээс аваад үзэхэд социализмын үеийн үзэл суртал бүхий зарим киноны үзэл суртлыг нь авч хаяж байгаад харахад цөөн ч гэсэн аятайхан дүр бий. “Жаргал даахгүйн зовлон” киноны гэрийн эзэгтэй, “Хань” киноны жүжигчин Н.Сувдын тоглосон гэргий, “Анхны алхам”-ын жүжигчин Цэцэгбалжидын бүтээсэн оюутан агрономич, саяхан зурагтаар гарсан, тухайн үедээ үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө барьж чадаж байсан өдгөө ардын жүжигчин Д.Мэндбаяр Бадамлянхуа хатан болсон “Эдлэх ёсгүй эрх” теле жүжиг гээд нэрлээд байвал бас ч гэж бүтээлүүд байдаг.
Харин сүүлийн үед тайз, дэлгэцнээ тавигдаж, гарч буй жүжиг, кино зэргээс “Энэ яах аргагүй сайхан дүр болжээ” гэхээр нь олдохгүй. Харин ч эсрэгээрээ үзэгчид хүндэлдэг жүжигчдээ өмөөрч эгдүүцэх өнгө аяс илрэх болсон. Киноны хувьд тухайлбал дээр нэр дурьдсан ардын жүжигчин Д.Мэндбаяр, Урлагийн ажилтны холбооны тэргүүн гавьяат жүжигчин Б.Тунгалаг зэрэг уг нь ямар л бол ямар дүр бүтээхээр чадварлаг жүжигчдийг нэг бол уймарч сандарсан, үгүй бол яахаа алдталаа зовж зүдэрсэн эмэгтэйчүүд болгох болж. Эсвэл залуу, царайлаг бүсгүй жүжигчдийн гоо үзэмжээр үзэгчдийг татах гэсэн ойрын зорилгод хөтлөгдөж урлах гэж оролдсон дүр гэхэд хэцүү эмэгтэйчүүдээр дэлгэц дүүргэх болж. Драмын жүжигчин Б.Жаргалсайхан гавьяат нөхөр нь болж, олны танил жүжигчин шүдний эмч мэргэжилтэй эхнэр нь болж тоглодог кино байна. Үүнийг харж байхад гэргийн дүрийг товойлгох гэхээс илүү сайхан төрсөн жүжигчин бүсгүйн царай төрхийг бахдах гэсэн хүсэл давамгайлсан нь кадр бүрээс харагдана. Тийм мэдрэмжээр уг киног үзэх нь байтугай хурдхан суваг сольж байгаа юм. Ингэж дүрийг дүр биш болгосон жишээ олон. Нэг бол загвар өмсөгч зэрэг гоё хүүхнүүдийг тоглуулж элбэг дэлбэг мэт эрээн мяраан амьдрал сурталчилна. Энэ бүх оролдлогын алинд ч үзэгчдийн сэтгэлд хоногших дүр бүтэхгүй байгаа. Тэгэхээр өнөө үед лав дэлгэцийн бүтээлд нэг бол зовж зүдэрсэн, үгүй бол гоё ганган, эрвийж дэрвийсэн эмэгтэйчүүд дүр гээчийг бүтээсэн болж байна гэхэд хилсдэхгүй болов уу. Гэхдээ энэ нь тэр дүрд тоглох гэж уригдсан жүжигчид, загвар өмсөгчид, дуучдын буруу биш юм. Кино хийгчид, продюссер, найруулагчдын тархины шийдвэр билээ. Зөвхөн 2013-2014 онд Монголын киночид нийт 50-иад уран сайхны кино хийсэн, дэлгэцнээ гарсан, харин одоо тэднээс аль нь, юу нь үзэгчдийн сэтгэлд хоногшиж, дахин дахин үзэхийг хүссэн бүтээл болов. Бараг байхгүй.
Тэгэхээр үүнийг бичигч миний бие нэгэнт ийнхүү гоншигонож, гоочлох өнгөтэй дуугараад байгаагийнх тайз, дэлгэцийн бүтээлээс ямар дүр хүсээд байгаагаа хэлэх хэрэгтэй санагдана. Бусад үзэгч ч санал нийлэх байх. Урлагийн бүтээл гэдэг уран бүтээлчийн хийсвэр санаа, төсөөллөөс ургаж, ур ухаанаар бүтдэг ч шалтгаанд суурилж, шимтэй хөрсөнд ургавал үр шимээ сайн өгөх ёстой. Урлаг нийгмийнхээ түрүүнд явдаг, түүнийг нийт олноор хүлээн зөвшөөрөх, хүртэх албагүй гэдэг хүмүүс байдаг. Гэлээ гэхдээ үүнд дулдуйдаж кино ч бай, жүжиг ч бай, бүжгийг ч тэр тод томруун товойсон, нийгмийн байдлын тусгал, эсвэл урьтал болсон дүргүйгээр бүтээх гэх нь цаг, хөрөнгө барсан хэрэг болж, улмаар тэрхүү бүтээл гээч нь нэг, хоёрхон сарын настай байх ажгуу. Тэгвэл нийтэд хүртэж, оюун санаанд нь нөлөөлж, нийгмийг санаа алдуулах бүтээл, түүний дүрүүд ямар байх юм бэ. Монголчууд социализмын үеийн бүтээлүүдийн сайхан сэтгэлтэй, бусдын төлөө өөрийгөө золих өгөөмөр, хүлцэнгүй даруу эмэгтэйчүүд болон сүүлийн үеийн нэг бол түүхэн сэдэвт , эс бөгөөс өнгө мөнгө, элдэв маяг сурталчилсан хэт хөнгөн дүрүүдээс залхаж байна бус уу.
XXI зууны Монголын эмэгтэйчүүд бид юуны түрүүн урлагийн бүтээлээс өөрсдийгөө хармаар байна. Ажлаа ч хийгээд, амьдралаа ч аваад явж байгаа, бас ч гэж амжилтад хүрч, түүндээ сэтгэл хангалуун харц дээгүүр яваа хэрнээ сэтгэлийнхээ гүнд ямар нэг юмнаас болж сэм шаналж яваа, түүнийгээ сайтар нууж чаддаг дундаж амьдралтай өөрийн бодолтой эмэгтэйтэй дэлгэцээр, тайзаар уулзмаар байна.
Боловсролтой, соёлтой, өндөр мэдлэгтэй, ажил албандаа эрчүүдээс дутахгүй, байгууллага, компанийн ажлыг өрөөндөө ирэхтэй, үгүйтэй гүйцэтгэх захирлаас илүү нугалах хэрнээ магтаал сайшаалыг өнөөх захиралд алдаж дадсан өндөр чадвартай менежер эмэгтэйн дотоод сэтгэлийг дурандмаар байна. Зөвхөн менежер ч биш эмч, бүхий л шатны сургуулийн багш, эрдэм шинжилгээ, урлаг соёлын байгууллагын ажилтнууд гээд дурдаж болно. Энэ сэдвийг урлагийн ямар ч төрлөөр илэрхийлж болно.
Ажлын байрны төлөөх тэмцэл, тогтмол цалин, амьдралын баталгааны эргэн тойрон дахь асуудал эмэгтэйчүүдийг ил, далдаар туйлдуулж байна. Улс төр уруугаа харсан өнөө үед намын томилгоогоор төрийн, мэргэжлийн байгууллагуудыг зоргоор самрах мэргэжлийн бус, намын “бөгс долоож” амьдрагсдын бохир гарын хөлсийг жигшивч баталгаат цалингаасаа салчихгүйн тулд наашаа харж инээн, цаашаа харж уйлж яваа эмэгтэйчүүд олон байна. Бүсгүйчүүдийн энэ байдлыг тодруулж, дарамтлагсдыг илчилмээр байна. Ингээд бичээд байвал сэдэв бидний эргэн тойронд бэлээхэн байж байна.
Дэлхийд ч, Монголд ч эмэгтэйчүүд хүн амын тал хувийг эзэлдэг. Гэтэл тэгш эрх дэлхийн түвшинд 83 хувьтай. Энэ хувийг өндөрсгөж эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг нэг түвшинд аваачих аваас нийгмийн бүтээмж, эдийн засгийн хөгжил жигд өөдөлнө. Үүний тулд эмэгтэйчүүдийн нийгмийн амьдрал, шийдвэр гаргах түвшин, эдийн засагт оролцох боломжийг сайтар хангаж өгөх нь үр дүнтэй гэдгийг судалгааны дүн харуулсаар. Дэлхийн эдийн засгийн чуулганы тайланд уг байгууллагаас сүүлийн есэн жилийн турш явуулсан судалгааны дүн эмэгтэйчүүдийг яагаад эрэгтэйчүүдээс огт дутахааргүй үнэлэх, шийдвэр гаргах түвшинд ажиллах боломжоор хангах ёстой вэ гэдэгт хариу өгсөн байна. Юуны өмнө энэ судалгаагаар эмэгтэйчүүд оролцсон эдийн засаг илүү өгөөжтэй, өсөлттэй байгаа нь харагджээ. Удирдах албан тушаалд эмэгтэйчүүд ажиллаж байгаа компаниудын эдийн засгийн үзүүлэлт бусдаас сайн байсан нь үүнийг нотолно. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол амьдрах чадвараар илүү, насжилт удаан, хүн төрүүлж өсгөн бойжуулах төрөлхийн чадвараараа бусад бүх төрлийн ажлыг сайтар хийж чаддаг, энэ хэрээр нийгмийн амьдрал, шийдвэр гаргах түвшин, эдийн засагт өгөөжтэй, үр дүнтэй оролцдог аж. Тэгэхээр эдийн засаг, нийгэм, улс төрийн ч амьдралд хүйсийн тэгш эрхийг хангаж байх нь хөгжил дэвшил өөд чиглэх зөв зам. 2014 оны байдлаар манай улс хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах гэсэн үзүүлэлтээр дэлхийн 142 орноос TOP 50-д буюу 42 дугаар байрт орсон байна. Харин Ази, Номхон далайн бүсийн орнуудын хувьд TOP 4-т багтсан нь улс орны амьдралыг шийдэх аливаа асуудалд эмэгтэйчүүдээ оролцуулдаг байдлаар харьцангуй илүү гэдэг нь харагдаж байна. Улс орны эдийн засаг болоод бусад үнэт зүйлийн талаарх өөрчлөлт хэтдээ эерэг байх юм байна гэдэг нь ч харагдана. Гэхдээ Монгол Улс эдийн засаг, баялгийн хүртээмжтэй байдлаар 2010 оныхоос хойш ухарсан байдалтай байгааг тус судалгаа харуулжээ.
Энэ бүхнийг дурьдахын учир нь улс орны хөгжил гэдэг дан ганц эдийн засаг биш, нийгмийн бүхий л салбар, тэр дундаа соёл урлагийн салбарыг ч хамарна. Өөрөөр хэлбэл соёл урлагийн салбарт хөдөлгөгч хүч болсон уран бүтээлчид бүтээлч сэтгэлгээ бүхий шинэлэг, өөрчлөлт мэдрүүлсэн, ирээдүйд дуудсан чанартай уран бүтээлээрээ олон нийтэд нөлөөлж байх шаардлага буй. Тиймээс уран бүтээлчид маань үүнээс хойш тэнгэрийн хаяанаас цааш газар бий гэдгийг санаж уран бүтээлдээ өргөн санаагаар сонирхолтой шийдлээр хандаж, үзэж таашаасан хүмүүс, эмэгтэйчүүд “Энэ чинь би юм биш үү” гэж, чухам өөрийгөө хөндлөнгөөс харах мэт тод дүр бүтээж олны хүртээл болгож байгаасай. Тулга тойрсон санаанаас тулга тойрсон дүр л гарах буй за.
Р.Оюунжаргал