Аливаа амьд бодьгал бүхэн янз бүрээр амар амгаланг хүсэж байдаг бол оюун санааны өндөр түвшинд хөгжсөн хүмүүн төрөлхтөн туйлын аз жаргалыг хүсдэг билээ. Тэрхүү туйлын аз жаргал нь зайлшгүй хэрэгцээт ахуйн хэрэглээнээс чухам илүү дотоод сэтгэхүйн тогтвортой, амар тайван байдалд хүрэх явдал юм. Аз жаргалын үндэс нь хайр, эелдэг дотно сэтгэл, энэрэн нигүүлсэх, асран хайрлах сэтгэлд байдаг.
Тиймээс бид бүгдээрээ л аз жаргалтай байх бүрэн боломжтой. Нэг ёсондоо хүн төрөлхтөн төрөлхийн аз жаргалыг хүсэж, зовлонг хүсдэггүй бөгөөд үүний улмаас цаг үргэлж аз жаргалд хүрэх арга замыг эрэлхийлж байдаг тул хүссэндээ хүрэх боломж зайлшгүй байх ёстой. Гэтэл ихэнх маань туйлын аз жаргалыг зөвхөн гадаад материаллаг зүйлс болон бусад олон элдэв зүйлсээс олох юм шиг санаж багагүй цаг хугацаа, хүч хөдөлмөрөө үрсээр байна.
Орчин цагт эдийн засгийн өндөр хөгжилд аль хэдийнээ хүрсэн олон улс орон байгаа боловч ихэнх хүмүүс нь аз жаргалгүй амьдралыг туулж байна. Чамин тансаг бүхний цаана сэтгэл санааны тавгүй байдал, айдас түгшүүр, сэтгэл санааны гүн хямрал, стресс, харилцан нэг нэгнээ хууран мэхлэх, үзэн ядах явдал нуугдаж бүр эцэстээ эд материалаас болж өөрийн амиа егүүтгэх, бусдыг егүүтгэн хөнөөх зэрэг аймшигт хэргүүд ар араасаа цуварсаар байна. Тиймээс эд баялаг нь бидний хүсэн хүлээдэг аз жаргалын үндэс, бүрэн дүүрэн баталгаа болоход учир дутагдалтай билээ. Хэдий ийм боловч эд хөрөнгийг зөв зохистой хэрэглэх буюу бусдад зориулж чадсан тохиолдолд эд баялаг нь аз жаргалтай амьдралд хүрэхэд нөлөөлдөг нэмэлт хүчин зүйлсийн дотор багтаж болох юм. Ингээд бид аз жаргалд хүрэхийн тулд хэрхэх ёстой вэ?
Бурханы шашинд туйлын аз жаргалыг дотоод сэтгэлийн тогтвортой байдал хэмээн тодорхойлдог тул үүнд хүрэх арга замыг ч гагцхүү ухамсар, оюун санааны үүднээс тайлбарладаг. Тиймээс юуны түрүүнд бид өөрсдийн дотоод сэтгэлээ таниж, ухамсарлах явдал хамгаас чухал юм. Үүний тулд бидний өдөр тутмын амьдралд тохиолддог гадна, дотны олон шалтгаанаас үүдсэн хэрэгтэй, хэрэггүй сэтгэлийн олон хөдөлгөөнийг үнэн зөвөөр нь тодорхойлж сурах шаардлага өөрийн эрхгүй бий болно. Нэг ёсондоо “энэ сэтгэлийн хөдлөл нь надад болон нийгэмд хэрэгтэй юу, үгүй юу” гэдгийг тунгаан бодох явдал юм.
Бид сэтгэлийн хэрэггүй буюу сөрөг хөдөлгөөнийг олж таниад хувь хүн болон нийгэмд ямархуу хор хөнөөл тарьж болохыг ухамсарласан цагт сая нэг сэтгэлийн сөрөг хөдөлгөөнийг даван гарах хүсэл эрмэлзэл төрж эхэлдэг. Сэтгэлийн сөрөг хөдөлгөөнийг даван гарахын тулд өөрт болон нийгэмд хэрэгтэй эерэг сэтгэхүйг хөгжүүлэх явдал хамгаас чухал. Эерэг сэтгэхүйг хөгжүүлж чадах аваас бидний дотоод сэтгэлд өөрчлөлт гарч улмаар сэтгэлийн тогтвортой байдал буюу туйлын аз жаргал өөд тэмүүлсэн алхам эхэлж байна гэсэн үг юм. Товчхондоо бол уур уцаар, хүсэл шунал, атаа хорсол, үзэн ядалт тэргүүтэй сэтгэлийн сөрөг хөдөлгөөн нь биднийг тайван бус байдалд оруулдаг хүчтэй илрэл мөн тул сэтгэлийг тогтворгүй байдалд хүргэдэг ба асран хайрлах, энэрэн нигүүлсэх тэргүүтэй сэтгэлийн эерэг хөдөлгөөнөөс гагцхүү амар амгалан бий болдгоороо энэ нь сэтгэлийн тогтвортой байдалд хүргэх хүчин чадал болдог билээ. Тиймээс бид гадаад материаллаг эд зүйлсийг тус бүрчилэн нарийн шинжилж судалдаг шиг өөрийн дотоод сэтгэлийн төлөв байдал, тус бүрийг нарийвчлан судалж аз жаргалд хүргэх үү, үгүй юу гэдгийг нь тогтоох хэрэгтэй.
Туйлын аз жаргалд хүрэхийн тулд өдгөө биднийг ноёлсоор буй сэтгэлийн сөрөг талыг бүрэн дүүрэн өөрчлөх шаардлагатай. Ихэнх тохиолдолд сэтгэлийн муу зуршил, дадал нь дэндүү бат бөх байдаг тул ганц нэгхэн ойлголт, хүчин чармайлт төдийгөөр бус олон талын ойлголт, мэдлэг боловсрол, ялангуяа ертөнцийг үзэх үзэл, өөр бусад гадаад, дотоод олон хүчин зүйлсээр нэгэн зэрэг, тал бүрээс нь сэтгэлийн сөрөг байдалд нөлөөлөх хэрэгтэй.
Жишээлбэл бидний амар тайван, аз жаргалтай байдлыг эвдэн сүйтгэгч уурыг тухайлан авч үзэхдээ энэхүү уур нь хаанаас бий болов, уурлах ямар шалтгаан байв, энэ нь хэр бодитой шалтгаан бэ, аз жаргалд хүргэдэг гадаад шалтгаан болох сэтгэл ханамж үүнд хэрхэн нөлөөлж байна, дотоод шалтгаан болох ёс суртахуун хэр нөлөөлж байна гэх зэргээр тал бүрээс нь нягталж чадвал төд удалгүй өөрийг болон бусдыг зовоогч уршигт уур замхран үгүй болох нь дамжиггүй. Ингэж бид аз жаргалыг үгүй хийдэг хүчтэй дайснаа даван гарах болно. Тиймээс аз жаргал болон зовлонд юу хүргэдэг талаарх таны мэдлэгийн цар хүрээ хэдий өргөн байх тусам та аз жаргалд тэр хэмжээгээр түргэн хүрч чадна гэсэн үг юм. Тэгвэл энэхүү мэдлэг, боловсролыг хаанаас олох вэ?
Бурханы шашин дахь аз жаргалд хүргэх хүчин зүйлсийн талаарх судалгаа нь аль эртний Бурхан багшийн айлдсан гүн гүнзгий сургаал номлолд тулгуурлаж хэдэн мянган жилийн туршид нарийн судлагдаж ирсэн, дан ганц судлагдаад зогсохгүй бодит байдалд ч батлагдсан оновчтой арга юм. Үүнд суралцах боломж бидэнд бүрэн бий. Бид амьдралдаа олон удаа чухал чухал шийдвэр гаргах хэрэгтэй болдог ба эдгээр шийдвэрүүд амьдралд маань нэлээдгүй нөлөө, өөрчлөлт, ололт амжилтыг авчирсан байдаг.
Аз жаргалд хүрэхийг хүссэн чин хүсэл эрмэлзэл нь түүнд хүрэх ямар арга замыг сонгох чухал шийдвэр гаргахад хүргэдэг. Тиймээс аз жаргалын талаарх үнэн зөв ойлголт авах нь юу юуны түрүүнд чухал бөгөөд түүнийг мэдээлдэг эх сурвалж ч бас чухал юм. Гэвч эдгээр бүгдийг сонгох мэргэн сонголт хамгаас чухал билээ. Бүх шашинд аз жаргалтай амьдралд хүрэх арга замыг заасан байдаг ба шашингүй хүмүүст ч аз жаргалтай амьдрах арга зам гэж бий.
Дээр дурьдсанчлан бурханы шашинд аз жаргалыг ухамсар, оюун санаатай шууд холбон тайлбарладаг тул нэг ёсондоо цаг үргэлж аз жаргалыг эрж хайдаг хүмүүн төрөлхтнийг оюун санааных нь үүднээс гурав хувааснаар гурван ангилал бүхий аз жаргал хэмээх ойлголт гарч ирнэ. Нэгдүгээрх нь эрүүл саруул бие, урт нас, эд хөрөнгө, итгэлт анд нөхөд, эсвээс сайн хамтран зүтгэгч гэх мэт хүчин зүйлс бүрдэхийг аз жаргал гэх бөгөөд ихэнх хүмүүс энэ бүгдийг бүрдүүлснээр аз жаргалтай амьдрах болно гэж үздэг.
Хоёрдугаарт өөрийнхөө мөн чанарыг бүрэн гүйцэд судалсны үндсэн дээр хичнээн ядарч сульдсан ч, эсвээс эрүүл бус биетэй байсан ч дотоод сэтгэлийн тэнцвэрт байдлыг хадгалж чаддаг гагцхүү оюун санааны хүчин чадал, ямар ч тохиолдолд сэтгэлийн амар амгаланд оршиж чадахыг аз жаргал гэж үздэг бол гуравдугаарх нь өөрийн бурханлаг чанараа хөгжүүлж төгс гэгээрэлд хүрснээр аз жаргалтай амьдралын эцсийн төгс хэлбэрт шилжинэ гэж үздэг.
Бурханы шашинд хүмүүн төрөлхтөн энэ гурван ангилал бүхий аз жаргалын аль нэгийг эрж хайдаг хэмээн үздэг ба эдгээр гурав тус бүрд нь хэрхэн хүрэх үнэнхүү арга замыг ч таниулан тайлбарласан байдаг юм.
Эх сурвалж: Buddha.mn