“Нисдэг данх” гэхээр “Шандын навтгар саарал байшин нүдэнд харагддаг юм даа” хэмээн Дорноговийн Сайншандад амьдарч байсан түрүү үеийнхэн ярьдаг байна.
Гэтэл түүнтэй адил төстэй юм ярьж, “Тэр бүгдийг даруулж, хариулга хийлгэхгүй бол хорлолд өртөөд байдаг юм билээ. Би бол хий гүйдлийн хорлолд өртсөн хүн шүү дээ. Намайг хүн сүхээр цохисон. Би зөрүүлээд жижиг модон сандлаар цохисон. Тэр хүн үхсэн. Гэтэл миний цохиулсан газар улайгаа ч үгүй. Ингээд би хүн алсан гэмт хэрэгтэн болсон. Одоо ч айдас төрөөд, учрыг огт олдоггүй юм. Хашаа, байшин солих, буурь сонгох, сэлгэхдээ маш анхааралтай байхгүй бол газрын догшин судал гүйдэл таарах юм бол аюултай юм гэдгийг л ойлгоод байна. Түүнээс биш бид хоёр хэрэлдээгүй. Зүв зүгээр юм яриад л сууж байсан хүмүүс шүү дээ…” хэмээн харамсан, халаглаж суугаа хүн ч байна.
Энэ жил 60 нас хүрсэн Надмид гэх хөгшин арван жилийн өмнө хорих ялаар шийтгүүлжээ. Гуч шахам жил ханилсан өвгөн нь хорвоогийн мөнх бусыг үзүүлснээс хойш Надмид гуайн бие чилээрхэж, нэг хэсэг эмнэлэгт хэвтсэн байна. Гурван хүү, хоёр охины ээж энэ хөгшин бага охиныхоо ууган охинтой хамт амьдардаг болохоор зээдээ санаа зовниж, эмчилгээгээ дуусгалгүй эмнэлгээс гарах нь энүүхэнд. Эх хүн болсон хойно эрвийж, дэрвийтэл өсөөд тусдаа гарсан хүүхдүүддээ хүртэл санаа зовнино. Бага охин Одгэрэл нь анхныхаа нөхрөөс салж, хоёр дахь амьдралаа зохион дахин хоёр хүүхэд төрүүлсэн боловч хүргэн Нямцэрэн нь тийм ч сайн хүн биш болохыг алхам тутамдаа анзаарч, охин болон бага насны хоёр зээдээ санаа зовох нь их байжээ. Надмид охин Одгэрэлийнхээ том охиныг “Хойд эцгийн царай харуулахгүй” гэсэндээ ч биш “Хүний хүүхдэд эцэг нь болж чадахгүй хүн” гэдгийг мэдэрсэн учраас өөр дээрээ авсан байна.
Уг нь Нямцэрэнг багаас нь сайн мэдэх, эх, эцэгтэй нь нэг нутгийнх учраас охинтойгоо суухад таагүй хандах учиргүй гэдгээ мэдэвч хүргэн болж ирсэн түүний зан авир Надмидын санаа, сэтгэлийг эхнээсээ зовоож байжээ. Нэг удаа эмнэлэгт сар гаруй хэвтэж эмчлүүлээд гарч иртэл:
– Танайх хэзээ нүүх гэж байна? Бид нар бас өдөр судраа харж, хүн амьтанд үзүүлж байгаад нүүж ирэх гэсэн юм. Тэгээд ч хашаа байшинд сэлбэж, засах юм их байна гэжээ. Бараг суудал дээрээ цус харвах дөхсөн Надмид гуай юу болсныг охинтойгоо ярьж ойлгосон байна.
– Нямка машинаа солих гээд мөнгө нь хүрэхгүй болохоор хашаа байшингаа зарсан. Байрлал сайтай, том хашаа, байшин учраас өндөр үнээр зараад, илүү гарснаар нь та хоёрт жижгэвтэр юм аваад өгье гэж бодсон юм. Ийм тайлбар сонсож, 10 сая төгрөгийг авсан Надмид,
– За яахав дээ, охин минь. Чамд хань болж, аятайхан байвал болох нь тэр. Үеийнхэн нь гял, цал болсон машин унаж давхиад явахаар тэр хүн ч бас унаа унахыг, сайхан явахыг бодолгүй яахав. Ээждээ эртхэн хэлж бай… хэмээн хэлсэн аж. Тэрбээр хадгаламжнаасаа мөнгө нэмэн байж бүр илүү том байшин, хашаа авчээ.
– Үзэхээ үзээд, хийхээ хийсэн би өөртөө зориулж тийм томыг сонгоогүй юм. Муу зээдээ үлдээх юм. Үнэтэй, гайгүй юм байг гэж бодсон. Ийм холыг бас үр хүүхдээ гэсэн энэрэл хайр дүүрэн сэтгэлээр Надмид гуайн сонгосон байшинг хүргэн Нямцэрэн нь хараад,
– Хумсаа нуусан муур шиг. Энэ том байшинд ясаа тавих гээгүй юм бол яадаг байна аа. Мөнгөө харамлаад, дараад хол явах байх даа… гэхчлэн элдвийн үгээр аашилж, загнан агсам тавьжээ. Энэ үед Надмид голдоо ортол гомдсон ч үг хэлэлгүй өнгөрсөн байна. Гэвч охин Одгэрэл нь ажил хийхгүй хоёр хүүхдээ харан гэртээ сууж, архины үйлдвэрт борлуулалтын менежер хийдэг гэх хүргэн нь ганган машин унаж, гоёж гоодон, архидаж давхиад байгаад сэтгэл зовдог байжээ.
– Миний охин, ажилд ор. Насаараа чи энэ хүний хараат явах хэрэг үү? Эсвэл эртхэн сал.
– Нямка хардаад бөөн юм болно. Хоёр хүүхдээ өстөл гэртээ байж л байя…
Ээж, охин хоёрын дунд байн байн ийм яриа өрнөдөг бөгөөд Нямцэрэнг жаахан өөлж, муу хэлбэл Одгэрэл уурлаж, түүнийг жигтэйхэн өмөөрдгийг мэдэх болсон Надмид,
– Надад тус дэм болох юм бага. Энэ муу охиноо нэг сургууль төгсгөөд мэргэжилтэй болгочих юмсан гэж бодох юм. Эмэгтэй хүн ажилгүй, анхиагүй байх тусмаа уруудаж, доройтдог юм шүү. Гэхдээ та хоёрыг би суулгаагүй. Тэгээд ч чи цаадхыгаа надаас дээгүүр тавьж өмөөрдөг учраас би юу хэлэх вэ. Өөрийгөө, хоёр хүүхдээ сайн бодоорой хэмээн охиндоо гоморхсондоо бас түүнийг хайрласандаа хэлдэг байжээ.
Шинээр авсан хашаа, байшингаа додомдож, улам тохилог болгоод зээ, эмээ хоёр хэвийн сайхан байтал:
– Наадахь чинь сүнстэй байшин. Чиний толгойг авна даа, харж л байгаарай. Яасан их мөнгөтэй, ямар их том тохилог байшин сонгодог амьтан бэ? Би энэ байшинд чинь эхнэр, хүүхдээ оруулахгүй. Энэ чинь муу ёрын байшин гэж ирээд согтуу ирж мөнгө нэхсэн хүргэн нь баахан элдвийн үг хэлжээ. Арайхийн Нямцэрэнг явуулчихаад Надмид хэлсэн үгнээс нь жаахан жийрхээд бас хэд хэдэн удаа хачин юм харснаа бодоод, сэтгэлээ засан сан тавьж ариулаад унтаж амарсан байна.
Тэгтэл тэр шөнө зээ нь:
– Би айгаад байна. Миний дэрний хажууд нэг данх хөдлөөд, дотор нь цай буцлаад ч байгаа юм шиг гэж яриад эмээгийнхээ өвөрт унтсан байна. Энэ байшинг сүнстэй, “хөдөлдөг” данхтай гэж ярьдаг юм. Худлаа шүү, манайхаас урьд нь байсан айлын хоёр хүүхэд ойрхон бурхан болсон юм гэсэн. Хүүхдүүдээ алдсан ээж нь сэтгэцийн өвчин тусаад:
– Би цангаад байна. Манай данхыг хулгайч аваад явчихаж. Цай өгөөч. Данхаа өгөөч гээд хүн хүнээс гуйдаг байсан юм. Манайд юу ч мэдэгдээгүй. Та тохитой, настай хүн болохоор амьдралын аар саар тиймэрхүү юмыг тоохгүй биз дээ хэмээн ярьсан нь Надмидад байн байн бодогдоод бас л тавгүйрхэн жийрхээд тухгүй хоножээ.
Маргааш нь лам залж, гэр орондоо сан тавиулж, ном уншуулсан байна. Тэр үед Надмид “Манай энэ байшинг сүнстэй гэж ярьдаг. Нэг удаа данхтай цай буцалж байгаа чимээ яах аргагүй сонсогдсон. Гэтэл манай зээ бас нэг хачин юм яриад…” хэмээн хэлж учир байдлыг асуутал лам:
– Зүгээр ээ. Жаахан гүйдэл байж. Тэр бүгд арилж, номхорсон байна. Ер нь хий гүйдэл бол хэрүүл тэмцэл ихтэй, олиггүй муу үг хэлж дагаж байдаг юм шүү. Амар тайван та хоёрт хий, гүйдэл учрахгүй. Учир нь, түүнийг дэврээх амилуулах муу юмгүй сайхан улс байна гэжээ. Надмид гуайн санаа амарч “Манай бага хүргэн энэ байшингийн тухай яаж мэддэг юм бол. Тэрнийг ирээд явахаар, агсам согтуу тавихаар шөнө нь заавал “юм ирээд байх шиг” байгаа юм. Зээ минь лав унтаж чаддаггүй…” гэх бодлоо хаяхыг хичээсэн байна.
Сэтгэлийг нь дагадаг юм уу, аль эсвэл үнэхээр дэвэрдэг юм уу. “Манайх их тайван сайхан байлаа”. Тэр янз бүрийн яриа шиг юу ч мэдэгдээгүй. Эхний үедээ эвгүй, бас ч хоосонгүй юм шиг байсан юм. Яахав дээ, “Намайг том сайхан байшинд орчихлоо” гээд хүргэн байнга давшилдаг, хэрүүл хийдэг байсан болоод тэр биз. Зээтэйгээ хоёул Цагаан сарын бэлтгэлээ базаагаад, гангар гунгар хийгээд сууж байлаа. Орой болсон хойно шөнийн 22 цаг өнгөрчихсөн байсан. Хашааны хаалга балбаж, нохой боргоод, миний нуруу руу ус асгасан юм шиг нойтон оргиод, хүйт сэнгэнээд явчихлаа. Тэгтэл намайг хувцсаа өмсч амжаагүй байтал хаалгыг минь зад тийрээд нөгөө Нямцэрэн ороод ирсэн. Хөргөгчний хаалга сөхөж, хамаг юм ийш тийш авч шидлээд л нөгөөх хүргэн маань яг араатан шиг. Тэгснээ миний зээг үсдэж аваад яах ийхийн зуургүй алгадаад унагачихлаа.
– Чи яаж байгаа юм бэ? Арай дэндэж байгаа юм биш үү гэж хашгираад Нямцэрэн рүү сарвалзтал нөгөөх чинь жижиг сүх гаргаж ирээд шууд далайсан. Би ч ингээд энэний гарт үхдэг юм байж гэж бодсон. Тэгтэл баруун мөрөн дээр тас буусан. Би жижиг модон сандлаар цохисон. Уйлаад, миний ард зогсож байсан зээ минь намайг чирч гадагш гарсан. Амьсгаа авч, мөрөө тэмтэрч үзтэл өвдөхгүй, цус нөж гарсан ч юм алга. Гайхаад зээгээрээ дахин харууллаа.
– Зүгээр байна. Хоёулаа явъя, эмээ. Наад аймаар юм чинь таныг алах гээд байна… Зээгээ ингэж гуйгаад байхаар нь нөмгөн мөртлөө хоёул хөтлөлцөж алхаад цагдаагийн хэсэг орж болсон явдлыг хэлсэн. Тэгээд цагдаатай хамт гэртээ очсон чинь тэр аль хэдийнэ үхсэн байсан. Цагдаа тэрний судсыг бариад “Үхчихсэн” гэснээ түргэн дуудсан. Ингээд би гэдэг хүн 49-нийхөө жил дээр хүн алсан гээд гэмт хэрэгтэн болсон доо хэмээн Надмид гуай ярив.
Түүний ярьж буйгаар бол тэр байшин үнэхээр хий үзэгдэл, гүйдэлтэй байжээ. Талийгаач Нямцэрэн дагавар охиноо буюу Надмид гуайн зээг барьж авч зодчихоод “хэдэн” үг хэлсэн хөгшин рүү гар далайх тэр мөчид “Сүх барьсан” хий юм харагдаад, баруун мөрөн дээр маш хүнд юмаар цохижээ. Амиа алдаагүйдээ баярлан, сандлаар цохисон чинь тэр муу юм хий үзэгдэл, сүнсийг дагуулагч хүргэн нь амиа алдсан байна. Ингээд хүргэнийхээ амийг егүүтгэсэн хадам ээж 20 жилийн хорих ялыг эдэлж байгаа ажээ.
– Өөрөө амьд үлдэж, зээ охиноо хамгаалсандаа баярлаж явдаг аа. Муу ч гэсэн хүн юм чинь, хайран. Яах гэж тэр орой хүрч ирсэн юм бэ? Ёстой өөрийнх нь хэлснээр тэр байшинд би биш тэр хүн ясаа тавих учиртай байж. Талийгаачийн алтан хайрцгийг нээж өгсөн юм надтай уулзсан. Тэгээд “Чи охиноо, өөрийгөө аварсан гэж бодоорой. Өөрийгөө битгий буруутгаарай гэж захисан. Би учрыг ойлгоогүй, их гайхаж байсан” хэмээн Надмид гуай ярьж байна.
Гэтэл талийгаач залуугийн сүнс аль хэдийнэ зайлж одсон учраас ойр дотныхондоо хатуу ширүүн хандаж, хүн авираа бүрэн гээсэн байж. Тиймээс сүнс нь зайлсан бие хий үзэгдэл болоод тэнэгч сүнстэй учирч, түүнд хорлогдох, тааралдах нь их байдаг байна. Тиймээс хий үзэгдэлтэй буюу “данх хөдөлдөг”, “цай буцлах чимээ гардаг” тэр байшинд очсон согтуу эр хадамдаа агсам тавьж, буруу үйлдэл хийхэд муу ёрын сүнс баярлаж “сүх харуулсан” бололтой. Надмидад сүх харагдсан, бас мөрөнд нь дохио өгсөн аж. Хий үзэгдэл хэзээ, хаана, хэнтэй учирдгийн учиг ийм ч байж болох юм.
Эх сурвалж www.wikimon.mn